| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 168/2018/0426/Э |
| Дугаар | 567 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 567
П.Б, Б.П нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр магадлалтай, П.Б-, Б.П- нарт холбогдох 1821003190201 дугаартай эрүүгийн хэргийг Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт П-н Б,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Б-н П.
П.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй пабад иргэн Д.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.П- нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй пабад иргэн П.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-ы давж заалдах гомдол, прокурор Б.Догмиддоржийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж гаргасан эсэргүүцэлдээ “ ... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ хавтаст хэрэгт цугларсан хэргийн байдлыг бодитойгоор тогтоолгүй дүгнэлт хийсэн. П.Б-гийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бусдад ял завших боломж бий болгосон. Учир нь хохирогч Б.П- болон түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд “...Шүүх хурал дээр П.Б- болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, мөн хохирогч Д.Г-ын мэдүүлэг зэргээр П.Б-гийн гэм буруутай үйлдэл нь нотлогдож байхад анхан, болон давж заалдах шатны шүүхээс хохирогч Д.Г-ын мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй, дан ганц камерын бичлэгт тулгуурлан шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шалгаж шинжлэн судлаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан, П.Б- нь Д.Г-ыг зодож хөнгөн хохирол учруулаагүй талаар тогтоолдоо тодорхой үндэслэлээ зааж өгөөгүй байна.
Хохирогч Д.Г-т мөрдөн шалгах болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хууль сануулж мэдүүлэг авахад “шар үстэй эмэгтэй” өөрийг нь зодсон талаар тогтвортой мэдүүлж, эх сурвалжаа шууд өөрөө зааж байхад анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан шийдвэрлэхдээ зарим заалтад огт дүгнэлт хийгээгүй, мөн П.Б-гийн түүний зүүн хацар руу нэг удаа алгадсан үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдоогүй гэж хийсвэрээр дүгнэж, энэ дүгнэлтээ өөрийн дотоод итгэл мэтээр бусдад ойлгуулж шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4-т заасныг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байх тул прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч М.Энхтуяа хэлсэн саналдаа “Миний бие прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч Д.Г-т П.Б- гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн байдаг. Камерын бичлэгийг анхан шатны шүүх хурал дээр хоёр удаа маш нарийн үзсэн. Д.Г-ын хацрын зүүн талд халцарсан, зулгарсан гэмтэл учирсан байгаа. Зүүн гарын бугалга, шуунд учирсан гэмтлийг П.А гэх хүн Д.Г-, П.Б- нарыг салгах гэж цамцных нь ханцуйгаар базаж хананд шахан зогсох үед учирсан гэдэг нь тогтоогдсон. Гэмтлийн зэрэг тогтоох хэмжээнд гэмтэл аваагүй учраас анхан болон давж заалдах шатны шүүх ийм дүгнэлт хийсэн нь хууль буруу хэрэглээгүй гэж үзэж байна” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч П.Б-, Б.П- нарын зодоон үйлчилгээний зал, текний хажууд, гадаа үүдэнд гэсэн 3 газарт үргэлжилж, П.Б- нь хохирогч Д.Г-ыг зодож, Б.П-тай харилцан зодолдож байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байхад шүүх П.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, зүүн тохойн орчим, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хохирогч Д.Г-ын биед учирсан хөнгөн хохирол нь П.Б-гийн үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдохгүй гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн П.Б-, Б.П- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй пабад иргэн Д.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.П- нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй пабад иргэн П.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар шалгавал зохих асуудлыг гүйцэд шалгаагүй, бүрэн дүүрэн хөдөлбөргүй, нотлогдоогүй байхад шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.
Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэлт, дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Гэтэл хэргийн бодит байдал буюу гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэрүүл маргааныг хэн өдүүлсэн, хэн ямар байдлаар оролцсон зэргийг зөв тогтоож чадаагүйн улмаас П.Б-гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин түүний хууль бус үйлдлийн эсрэг үйлдэл хийж буй Б.П-ыг гэм буруутай гэж явцуу байдлаар дүгнэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь үнэлэлгүй, хэсэгчлэн түүвэрлэн авч буруу тайлбарлан хэргийн үйл баримтыг тогтоосон нь учир дутагдалтай болжээ.
Энэхүү хэргийн хувьд онцгой ач холбогдол бүхий мэдүүлэг өгч, хэргийн үйл баримтыг шууд гэрчилж буй хохирогч Д.Г-, шүүгдэгч Б.П-, бусад гэрчүүдийн мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгтэй харьцуулан судалж, болсон үйл баримтад Эрүүгийн хуулийн агуулгад нийцсэн хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болно.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Б- өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтуурсан үедээ хамт согтуурсан хүмүүсийн хамтаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж өөрт нь зүй ёсны шаардлага тавьсан “***” үйлчилгээний газрын эзэмшигч, Д.Г-, тус газрын ажилтан Б.П- нарын эсрэг хууль бус үйлдэл хийж тэдгээрийн эрх чөлөөнд халдаж, хүний халдашгүй чөлөөтэй байх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж буй үйлдэлд хууль зүйн үнэлэлт өгч, мөн уг үйлдлийн эсрэг хийгдэж буй үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэх талаар холбогдох ажиллагааг шалгаж, тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” 1.4 “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” байхад анхаарч үзэлгүй орхигдуулсан гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН