Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/MA2017/0365

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

 

 

Дугаар0221/МА2017/0365

 

 

Улаанбаатар хот

С.Ганбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлоор С.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Ганбаатар 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн С.Ганбаатарыг сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх тухай Б/06, Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Мөнхжаргалыг томилох тухай Б/07 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, С.Ганбаатарыг тус аймгийн Айраг сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ201/0006 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 32 дугаар зүйлийн 32.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ганбаатарыг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргаар томилохыг тус аймгийн Засаг даргад даалгаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбаатар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн “Засаг дарга түүнийг томилох” гэсэн тус хуулийн 26 дугаар зүйлд иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас Засаг даргад нэр дэвшигчийг томилох тодорхой хугацаа заагаагүй.

Хариуцагч нэхэмжлэгчийг сумын Засаг даргад томилох, мөн томилохоос татгалзсан тухай шийдвэр гаргаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүлээж аваад хариуг албан ёсоор, бичгээр өгөөгүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх “...нэхэмжлэгч С.Ганбаатар аймгийн Засаг дарга Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Туулайхүү, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг, Н.Бүрэнбат нартай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уулзаж ярилцсан асуудлыг Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшсэн С.Ганбаатарыг томилохоос татгалзсан, өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд амаар татгалзсан хариу өгсөн” гэж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэгч С.Ганбаатарыг Айраг сумын Засаг даргаар томилуулахыг Дорноговь аймгийн Засаг даргад даалгаж гаргасан шийдвэр нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

Эрх зүйн үр дагаврын хувьд аймгийн Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолд зайлшгүй албан бичгээр хариу өгөх бөгөөд сумын Засаг даргад нэр дэвшигчийг томилох, татгалзах эсэх шийдвэрийг амаар гаргах хуулийн үндэслэлгүй энэхүү захирамжилсан үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт захиргааны актыг амаар эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргахаар заасан 4 тохиолдол хамаарахгүй болно.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0006 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн “...Дорноговь аймгийн Засаг даргын Айраг сумын Засаг даргаар С.Ганбаатарыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд” гэсэн хэсгийг тогтоох хэсгийн “нэхэмжлэгч С.Ганбаатарыг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргаар томилохыг тус аймгийн Засаг даргад даалгасугай” гэснийг тус тус хүчингүй болгуулах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн сумын Хурлаас нэр дэвшүүлж, харьяалах аймгийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно”, 3 дахь хэсэгт “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж тус тус заажээ.

2016 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд төлөөлөгчдийн 71.4 хувийн саналаар нэхэмжлэгч С.Ганбаатарыг томилуулахаар 01/04 дүгээр тогтоол гаргаж, үүнээс 1 хоногийн дараа аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан бичгийн тайлбар, давж заалдах гомдлын агуулга, мөн гэрч Айраг сумын Хурлын дарга Б.Туулайхүү, Хурлын Тэргүүлэгч Н.Бүрэнбат нарын мэдүүлгээс үзэхэд дээрх тогтоолыг хүлээн авсаны дараа аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс нэхэмжлэгч болон Хурлын даргыг дуудаж, Айраг сумын Засаг даргаар томилох боломжгүй болохоо амаар мэдэгдсэн болох нь тогтоогдох бөгөөд үүний дараа Хурлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хоёрдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцэж, нэхэмжлэгч С.Ганбаатарыг томилуулахаар 02/29 дүгээр тогтоол гаргасан байна.

Гэвч өмнөх өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй тул энэ удаагийн Хурлын тогтоолыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2055 дугаар албан бичгээр Айраг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд хүргүүлсэн атлаа 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр С.Ганбаатарыг Засаг даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/07 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлээгүй Л.Мөнхжаргалыг үүрэгт гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн агуулгаас үзэхэд зохих шатны Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг эрх бүхий албан тушаалтан нэг удаа татгалзах эрхтэй, харин дахин нэр дэвшүүлсэн тохиолдолд түүнийг шууд томилох үүрэгтэй байхаар зохицуулсан, энэ тохиолдолд хэдийгээр нэхэмжлэгч С.Ганбаатарыг эхний удаа нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан бичгээр татгалзсан хариу өгөөгүй ч үүнийгээ хариуцагч амаар илэрхийлсэн байгаагаас гадна Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Мөнхжаргалын томилсон нь С.Ганбаатарыг томилохоос татгалзаж буйгаа илэрхийлэх хангалттай нотолгоо болно.

Нэгэнт хариуцагчаас хуульд заасан эрхээ эдэлж, эхний удаад нэр дэвшигчийг томилохоос татгалзсан, иймд Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаар дахин хэлэлцэгдэж, олонхийн санал авсан С.Ганбаатарыг тус сумын Засаг даргаар томилох нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу үүрэг гүйцэтгэгч бус харин Засаг дарга томилогдох хүртэл өмнөх Засаг даргын бүрэн эрх хэвээр хадгалагдах учиртай.

Өөрөөр хэлбэл Засаг даргыг хуульд заасан журмын дагуу томилоогүй атлаа бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр С.Ганбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус, үндсэндээ С.Ганбаатарын сумын Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дараагийн Засаг даргын томилох хүртэл үргэлжлэх байхад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр энэхүү хугацааг дууссан мэтээр анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу боловч шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөвхөн хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Засаг даргад эхний удаа нэр дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх тодорхой хугацаа заагаагүй ч, энэ тохиолдлын тухайд хуулийн 26.4-т заасан буюу Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас С.Ганбаатарыг дахин Айраг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/09 дүгээр тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох үүрэгтэй болохоос бус 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2055 дугаар албан бичгээр тогтоолыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгөх эрхгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээс маргаантай харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн холбогдох заалтыг бүрэн баримтлаагүй атлаа маргаанд үл хамаарах Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг тогтоох хэсэгт баримталсан нь буруу болжээ.

Тухайлбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “сумын Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн нь одоогийн маргаанд шууд хамааралтай зохицуулалт байна.

Өөрөөр хэлбэл хуулийн энэхүү шаардлагыг нэхэмжлэгч бүрэн хангасан, харин гуравдагч этгээд Л.Мөнхжаргалын хувьд огт хангагдаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 32 дугаар зүйлийн 32.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т...” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4 дэх хэсэгт...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН