Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 223

 

“Э С и” ХХК, “Т з” хоршоо, “Ф Э” ХХК, “А м” ХХК-иудын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:                  Г.Банзрагч

                                 Б.Мөнхтуяа

                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 485 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 410 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтад “идээ” гэж оруулсан нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ШШ2018/0001 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид:  

“Э С и” ХХК, “Т з” хоршоо, “Ф э” ХХК-иудын захирал Б.С, “Э С и” ХХК, “Т з” хоршоо, “Ф э” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, нэхэмжлэгч “А м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, өмгөөлөгч Т.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч “Э С и” ХХК-ийн захирал Б.С, “А м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б, “А м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 2, Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, 17 дугаар зүйлийн 4, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг баримтлан “Э С и” ХХК, “Т з” ХХК, “Ф э” ХХК, “А м” ХХК-уудын гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1, 2 дугаар заалтад “идээ” гэж оруулсан нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, “Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 485 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Нэхэмжлэгч “Э С И” ХХК-ийн захирал Б.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Э С И” ХХК, “Т з” ХХК, “Ф э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №410 дугаар “тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1, 2 дугаар заалтад “идээ” гэж оруулсан нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ШШ2018/0001 дүгээр шүүхийн шийдвэрээр шүүх “Засгийн газрын тогтоолуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосныг” эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

3. Нэг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Шүүх хэрэгт хамаарал бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр гаргах нь хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр байдаг.

4. Нэхэмжлэгч Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар “тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын нэг, хоёрдугаар заалтад “идээ” гэж оруулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуш модны самрын идээ нь ургамал биш хүнсний бүтээгдэхүүн болохыг нотолсон мэргэжлийн байгууллагын тайлбар, тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр “хуш модны самрын идээ нь цаашид соёолон ургах чадваргүй, гагцхүү хүнсэнд шууд хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн” гэх хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно. Гэтэл хариуцагч талаас “хуш модны самрын идээ” нь хүнсний бүтээгдэхүүн биш ургамал мөн гэх нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй байхад шүүх нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэснийг, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн.

5. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Үндсэн Хууль, Олон Улсын гэрээ конвенци, Хүнсний тухай хууль тогтоомж зөрчсөн эрх зүйн үр дагавар бүхий тогтоол гаргасан нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм.

6. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “хүнс” гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг” хэлнэ, Байгалийн ургамлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т “байгалийн ургамал гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйлийг” хэлнэ гэж тус тус заасан.

7. Мөн Хүнсний бүтээгдэхүүн болох талаар Монгол Улсын дараах мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтээр батлагддаг. Тухайлбал Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газар, стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2006 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “MNS 5693:2006 хушны самрын идээ, техникийн шаардлага” үндэсний стандартын 3.1-д хушны самрын идээг хүнсэнд шууд хэрэглэх, эсвэл бусад зориулалтаар түүхий эд болгон ашиглах, яс хальснаас нь салгаж цэвэрлэсэн бүтээгдэхүүн” гэж, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгээс 2015 оны 01 сарын 23-ны өдрийн 1/14 тоот албан бичгээр “самрын идээ нь ургамал биш, ойн дагалт баялагт хамаарах бөгөөд Монгол Улсын MNS 5693:2006 стандартын дагуу шууд боловсруулсан уг идээ нь цаашид соёолж ургах чадваргүй, гагцхүү хүнсний зориулалтаар шууд хэрэглэж болохыг тодорхойлсон байдаг.

8. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт /27 дахь хуудас/ Монгол Улсын Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална гэсний дагуу хуш модны самрын идээг ховор ургамлын жагсаалтад оруулсан нь үндэслэлтэй гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч бид Засгийн газар тогтоол гаргасан нь буруу гэж маргаагүй, тогтоол гаргахдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт, саналыг аваагүй, Үндсэн Хууль, Олон Улсын гэрээ конвенци, ердийн хууль тогтоомж зөрчсөн гэж маргасан.

9. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно”, Монгол Улсын Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.7-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр /цаашид “шийдвэр” гэх/ нь дараахь шаардлагыг хангасан байна”

  1. Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Улсын Их Хурлын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцсэн байх;
  2. Тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заавал дурдсан байх;
  3. хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээнд нийцэж байх;
  4. хууль тогтоомжийн зүйл, заалтыг хуулбарлан давхардуулаагүй байх, шаардлагатай гэж үзвэл ишлэл хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;
  5. шийдвэрийн заалт нь хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх;
  6. хуульд заагаагүй үүргийг шинээр бий болгохгүй байх;
  7. хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх;
  8. шийдвэрийг батлан гаргасан байгууллага, албан тушаалтны болон шийдвэрийн нэр, огноо, дугаарыг тодорхой заасан байх;
  9. Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;
  10. хэл найруулга нь товч тодорхой, монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу хоёрдмол утгагүй, ойлгоход хялбар байдлаар бичигдсэн, “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-т заасан баримт бичиг зохион бүрдүүлэх шаардлагыг хангасан байх;
  11. тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг заавал тусгасан байх гэх шаардлагыг хангаагүй.

10. Хоёр: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ....захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл баримт, шинжээчийн дүгнэлт, ....зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан.

11. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн /29 дэх хуудас/ “хавтаст хэрэгт авагдсан Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/293 дугаар албан бичгийн хавсралт тодорхойлолт, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс 2017 оны 12 дугаар сарын 01-ны 01/312 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, академич Ч.Дугаржавын “... үр гэдэг ойлголтод самар орно. Самар бол гадуураа хальстай дотроо идээтэй үржлийн эрхтэнг үр гэнэ. Үүнээс цухуйж соёолж гараад том мод болно ...” гэх мэдүүлэг зэргээс үзвэл хушны самар нь яс хальстай байх үедээ хуш модыг урган төлжүүлэх чадавхи бүхий үр болохтой, түүнчлэн хариуцагчийн “Монгол оронд ургадаг нарсны төрлийн мод, тэр дундаа хуш мод, хушин ойн нөөц бага гэх” тайлбартай хэргийн оролцогчид маргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь захиргааны хэрэг үүссэнээс эхлэн нэхэмжлэгч хуш модны самрын идээ нь ховор ургамал биш, хүнсний бүтээгдэхүүн мөн гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй боловч харин энэ талаар нотлох баримтуудыг огт гаргаж өгөөгүй нь Шүүх Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтад үндэслэгдэнэ гэснийг зөрчиж хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан болно.

12. Мөн “нэхэмжлэгч нар нь уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хууль бус захиргааны хэм хэмжээний актын улмаас Төр үндэслэлгүйгээр татвар хураамж ногдуулж эдийн засаг, санхүүгийн дарамт учруулж буй нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байгаа болно. Үндсэн хуулийн “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсний зөрчиж байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд нэхэмжлэгчийн эрхийн зөрчлийг биш хуулийн зөрчлийг үндэслэн шийдвэрлэдэг.

14. Гурав: Шүүх нотлох зарчмыг зөрчиж, нотлох баримтгүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргасан: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Үүний дагуу захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Монгол Улсын Засгийн газарт 2015 оны 10 дугаар сарын 19-ний 410 дугаар тогтоолтой холбоотой нотлох баримтуудыг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсныг хариуцагч биелүүлээгүй. Энэ нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг албан байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байхад шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэх шүүх нотлох зарчмыг зөрчсөн нь хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв, нотлох баримтад тулгуурласан шийдвэр гаргаагүй болно.

16. Тиймээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 221/ШШ2018/0001 шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

17. Нэхэмжлэгч “А м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ШШ2018/0001 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

18. Нэг. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: Монгол Улсын Үндсэн хуулийн заалтаар ... ой, ургамал нь төрийн өмч байна... Монгол Улсын Засгийн газраас төрийн өмч болох ой, түүний бүрэлдэхүүнд багтах ургамлын төрөл зүйл болох ... 410 дугаар тогтоолоор сибирь хушны үр идээг ховор ургамлын жагсаалтад тодотгож, оруулж өөрчилсөн..., мөн 485 дугаар тогтоолоор ... сибирь хушны үр самар гэж өөрчлөлт оруулсан нь ... Засгийн газраас хуш модны самрын үр, идээг ховор ургамлын жагсаалтад оруулсан, мөн улсын хилээр лицензтэй нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад оруулж нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргасан нь тус тус Засгийн газарт тухайн асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхийг олгосон Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, мөн тухайн салбарын харилцааг тусгайлан зохицуулсан хуульд тус тус нийцсэн байна... гэжээ.

19. Нэхэмжлэгч талаас ой, ургамал нь төрийн өмч эсэх тал дээр маргаагүй. Төрийн өмч учраас төр нь эрх хэмжээнийхээ хүрээнд хэм хэмжээний акт гаргасан нь хууль зөрчөөгүй гэж шүүхээс дүгнэсэн байна. Төр эрх хэмжээнийхээ хүрээнд акт гаргах нь төрийн хэрэг. Төр өөрийнхөө өмчийг хамгаалж байгаа бол хуулиндаа нийцүүлж, хэм хэмжээний актаа гарган хамгаалалтаа зөв шударгаар хийх ёстой.

20. Дээрх хэсэгт Маргаан бүхий тогтоолын аль заалтад идээ гэж оруулсныг тодорхой дурдаагүй, хоёр тогтоолын эхний заалтыг хальт дурдсанаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой харагдахгүй байна гэж дүгнэж болохоор байна. Засгийн газрын 410 тоот тогтоолын 1-д: Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын 355-д заасан “Нарсны төрлийн модны үр” гэснийг “ойн нарс, одой нарс, сибирь, хушны үр, идээ” гэж өөрчилсүгэй, Засгийн газрын 410 тоот тогтоолын 2-д: Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт заасан “Нарсны төрлийн модны үр” гэснийг “ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ” гэж өөрчилсүгэй гэж заасан боловч “Нарсны төрлийн модны үр” гэснийг өөрчлөөгүй, харин “ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ” гэснийг нэмж оруулсан байгаа.

21. Тухайн салбарын харилцааг тусгайлан зохицуулсан гэх Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д: Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно гэж заасан. Эцсийн бүтээгдэхүүн гэж юу вэ гэдгийг хариуцагчийн төлөөлөгч О шүүх хуралдааны асуултын үеэр тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл хуралд эд мөрийн баримтаар авч ирсэн боргоцой, самар, самрын идээ гурав дээр харьцуулалт хийж тодорхой тайлбараа өгсөн. Боргоцой, самар хоёр нь байгальд нөхөн төлжиж, ургах чадвартай бүтээгдэхүүн, харин идээ нь үйлдвэрт хүнсний зориулалтаар боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. /шүүх хуралдааны 2-р бичлэг/

22. Хоёр. Шийдвэрийн Үндэслэх хэсэг: ...”самрын идээ нь хүнсний бүтээгдэхүүн тул түүнд улсын тэмдэгтийн хураамж ногдохгүй, Засгийн газрын маргаан бүхий тогтоолын улмаас улсын тэмдэгтийн хураамж төлөх болж, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн агуулгаар маргасан байх боловч маргаан бүхий тогтоолуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.13, Засгийн газрын 2011 оны Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай” 199 дүгээр тогтоолын хавсралтын 11.1.12-д...заасны дагуу хуш модны самрыг эцсийн бүтээгдэхүүн болгосон эсэхээс үл хамааран ховор ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх нь хувьд тэмдэгтийн хураамж авах боломжтой байх тул Засгийн газрын 410, 485 дугаар тогтоолуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл самар нь ургамал биш гэх нэхэмжлэгч нарын маргасан үндэслэлээр маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлгүй...гэжээ...

23. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.13: ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 1200-3000 төгрөг, Засгийн газрын 2011 оны “Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай” 199 дүгээр тогтоолын хавсралтын 11.1.12: ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүний эд, тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3000 төгрөг гэж заасан байна. “...Түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад...” гэж тодорхойлж зааж өгсөн байхад шүүхээс ховор ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн гэдэг дээр анхаарлаа хандуулж, тайлбарлаад дүгнээд байгаа нь учир дутагдалтай.

24. Давж заалдах шатны шүүхээс ...хуш модны самрыг эцсийн бүтээгдэхүүн болгосон эсэхээс үл хамааран ховор ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх нь хувьд тэмдэгтийн хураамж авах боломжтой байх тул... гэж хуулийг өөрийнхөө ойлголтоор тайлбарлах боломжгүй гэж үзэж байна.

25. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-д: “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг ойлгоно гэж заасан байна.

26. 38.7-д: Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно гэж зааснаар самрыг боловсруулж хүнсний бүтээгдэхүүн болгосноор улсын тэмдэгтийн хураамж ховор ургамал гэдгээр төлөх ёсгүй болно.

27. Нөгөө талаар нэхэмжлэгч талаас самрыг ургамал биш мөн гэж маргаагүй, харин самрын идээ нь ургамал мөн үү биш үү, улсын тэмдэгтийн хураамж төлж байгаа нь хуульд нийцэж байна уу үгүй юу гэдэг асуудал дээр маргасан.

28. Самрын идээ нь ховор ургамлын гаралтай бүтээгдэхүүн гэдэг утгаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр хуульчилсан боловч “яс хальснаас нь салгаж боловсруулсан хуш модны самрын идээ нь ургамал биш хүнсний бүтээгдэхүүн болох” талаар Барааг тодорхойлох кодолсон уялдуулсан систем /8 дугаар бүлэгт хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад 0802.90.20 кодтой Сибирь хуш (Pinus sibirica)-ны самрын идээ орсон/, Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 05-ны h-1 /1945 тоот албан бичиг болон 1 дүгээр хх-80, 158, 164, 229, 2 дугаар хх-н 1-9, 49-56-д байгаа нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно.

29. Ховор ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг ямар зориулалтаар нь ангилж гадаадад гаргахад улсын тэмдэгтийн хураамж авах талаар маш тодорхой хуульчилсан байхад хүнсний бүтээгдэхүүн гэдгийг мэдсээр байж, мөн үйлдвэрлэлийн зориулалтаар гадагш гаргахгүй гэсэн заалт байсаар байхад ойлгомжгүй дүгнэлт гаргасан. Үүнээс болж нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдөж, хууль бусаар улсад их хэмжээний төлбөр төлж, төр үндэслэлгүйгээр санхүүжиж байгааг тайлбарлаад нотлоод байхад шүүх хүлээж авахгүй байгаад гомдолтой байна.

30. Гурав. Хариуцагч тал шүүхэд хангалтай тайлбарыг бичгээр болон амаар гаргасан боловч тайлбараа нотлох баримтаар нотлоогүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар 36.1 дэх заалтыг зөрчсөн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний 2/2325 тоот захирамж биелэгдээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Үүнтэй холбоотойгоор шүүхээс хэргийн оролцогчийн нэг талд буюу төрд үйлчилж, бичгийн ямар ч нотлох баримтыг үнэлж дүгнэлгүй, үндэслэлгүйгээр зөвхөн хамааралгүй хуулийн заалтуудыг дурдаж үндэслэх хэсэгтээ дүгнэлт хийж, шийдвэр гаргасан.

31. Дөрөв. Хэм хэмжээний актууд 2015 оны 10, 12 дугаар сард гарсан. Эдгээр актууд гарахаас өмнө самрын идээ нь хүнсний бүтээгдэхүүн гэдгийг нотолсон энэ гомдлын 2.2-д дурдсан баримт, шийдвэрүүд гарсан байсан. Гэтэл Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний 119 тоот “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4.5, 2.4.1-д заасны дагуу маргаан бүхий актууд гарсан эсэх талаар баримт ирээгүй. Шүүхээс захирамж гарсан ч биелэгдээгүй. 2010 оны 119 тоот тогтоол нь маргаан бүхий акт гарч байх үед хүчин төгөлдөр үйлчилж байгаад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны Ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр хүчингүй болсон.

32. Хариуцагчаас маргаан бүхий актууд нь эрх зүйн хэм хэмжээ тогтоогоогүй, тодотгол нэмэлт тайлбар оруулсан акт гэж тайлбарласан. Гэтэл тус актууд нь өөрчлөлт оруулах тухай акт болно.

33. Тав. Хуш мод, самар, самрын идээг ховор ургамлын жагсаалтад оруулсан мөртлөө орон нутгийн төсөвт элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож кг тутамд 800 төгрөгийн хураамж авдаг, хилээр гаргахдаа хүнсний бүтээгдэхүүнээр гаалийн бүрдүүлэлт хийдэг асуудал нь хуультайгаа зөрчилдөөд, үүнээс болж төлбөр хураамжийн асуудал дээр маргаан гараад байгаа болно. Харин энэ талын нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай болно.

34. Иймээс Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

35. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.4-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ШШ2018/0001 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

36. Нэхэмжлэгч “А м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ШШ2018/0001 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдол гаргаж байна. Үүнд: Маргаан бүхий шийдвэрт Засгийн газрын тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол шууд зөрчигдөөгүй гэж дүгнэсэн.

37. Монгол Улсын Засгийн газар нь самрыг элбэг ургасан жилд нь түүж бэлтгэх зөвшөөрлийг бусад этгээдэд олгодог билээ. Ийнхүү түүж бэлтгэхэд элбэг ургамлын нөөц ашигласны төлбөрийг буюу 1 кг тутамд 800 төгрөгөөр тооцож төлүүлэн орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг юм. /хурлын тэмдэглэлээс үзнэ үү/ Гэтэл тухайн хуш модны самрын идээг үйлдвэрийн аргаар боловсруулан нэмүү өртөг шингэсний дараагаар гадаадад гаргах гэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яам нь ховор ургамлын улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг шаарддаг. Ийнхүү төлүүлж буй үндэслэлээ маргаан бүхий Засгийн газрын 2 тогтоолыг нэрлэн заадаг.

38. Хурааж авсан боргоцойн 30 хувь нь л чөмөг болдог. 460 кг самрын идээг бэлтгэхийн тулд 1,5 тонн боргоцойг боловсруулагддаг. Гэтэл чөмөгний хуурай жингийн 1 кг тутамд 3000 төгрөгийг ховор ургамлын улсын тэмдэгтийн хураамж төлүүлж буй нь уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа манай байгууллагын хувьд эдийн засгийн маш том дарамт учруулж байна.

39. Энэ асуудал шүүх хуралдааны процесст яригдаж, хариуцагч тал дээрхи нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үндэслэл бүхий хариу тайлбар өгөгдөөгүй атал тухайн зөрчилд шүүх дүгнэлт хийсэнгүй.

40. Маргаан бүхий шийдвэрийн 32 дугаар хуудсанд “...самрын идээг гадаадад гаргахад тэмдэгтийн хураамж авах болсон үндэслэл нь хушны самрын идээг ховор ургамлын жагсаалтанд түүнийг оруулсантай холбоотой байна..” гэж дүгнэсэн атлаа яагаад самрын идээг боловсруулан гадаадад гаргах үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг манай ойн мэргэжлийн байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзээд байгаа юм бэ.

41. Байгалийн ургамлын тухай хуулийн 17.1-д зааснаар Байгаль орчин аялал жуулчлалын яам нь ургамлыг гадаадад гаргахад зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага билээ. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын яам нь ховор ургамлын улсын тэмдэгтийн хураамжийг авахын тулд л ховор ургамлын жагсаалтанд хүнсний бүтээгдэхүүнийг оруулуулж батлуулсан ийм л үйл явдал болоод байна.

42. Өөр нэг анзаарагдаад байгаа нөхцөл байдал бол гол эрх зүйн эх сурвалж Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудад ойн дагалтад баялаг, ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь өөр өөр байдлаар тогтоогдсон, тус тусдаа ялгамжтай байдлаар зохицуулагдсан байдаг.

43. Ховор ургамлын үндсэн шинж нь өөрөө байгалийн жамаар нөхөн сэргээгдэх чадвар хязгаарлагдмал, харин хуш модны самрын хувьд нэг л модноос гэхэд дунджаар 80-120 ширхэг, ургац сайтай жилд 250 ширхэг боргоцой түүх боломжтой, нэг шуудайнаас /1 шуудайнд 350-500 ширхэг боргоцой ордог/ 7-10 кг самар гарган авдаг, хуш модондоо хүрдэггүй учир олон дахин давтамжтайгаар баялаг нь хүртээмжтэй онцлог бүхий тул ховор гэдэг үгтэй дүйцэхгүй. Иймээс ч Байгалийн ургамлын тухай хуулийн зорилтот хэсэгт ойн харилцааг уг хуулиар зохицуулахгүй гэж хаалт тавьсан байдаг. Маргаан бүхий шийдвэрт хуулийн заалтуудыг баримтлаагүй, хэрэгсээгүй, тоосонгүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

44. 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт батлах тухай Засгийн газрын Тогтоолын 5-д зааснаар уг жагсаалтанд заагдаагүй боловч төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч байхаар холбогдох хууль тогтоомжид заасан барааг улсын хилээр нэвтрүүлэх өөр журмыг батлан мөрдүүлэхээр байна. Иймд самрын идээ бүхий хүнсийг хүчээр ховор ургамлын жагсаалтад оруулж, ховор ургамлын гэдэг ангиллаар лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтад оруулах бус харин тусад нь журамлах учиртай байжээ. Учир нь стратегийн хүнсийг л гадаадад гаргахад лиценз шаарддаг бөгөөд бусад Монгол Улсын хуулийн этгээдийн хүнсний хувьд үндэсний тохирлын гэрчилгээ, олон улсын чанарын менежментийн болон байгаль орчны аюулгүй байдлын стандарт хангасан ISO гэрчилгээтэй байхад саадгүй хилээр нэвтрүүлэх журамтай. Гэтэл захиргаа нь хууль тогтоомж зөрчин барин байж, өндөр татвар хураамжийн төлөө дээрх үйл ажиллагааг явуулж байна.

45. Уул нь бид шүүхэд хандахдаа захиргааны хууль нийцэхгүй байгаа үйл ажиллагаа, зөрчлийн зангилааг тайлж өгнө, үндэслэл бүхий шийдвэр гарна гэж найдсан.

46. Монгол Улсын Үндсэн хуулийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн... хөгжлийн хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэжээ. Хууль тогтоомжидоо нийцэхгүй, холбогдохгүй, уялдахгүй, Засгийн газрын тогтоол, түүнийг хэрэгжүүлж буй яамны үйл ажиллагаа хувийн хэвшлийн хөгжлийг хангах бус харин унагаах хэрэглүүр, эдийн засгийн дарамт хөшүүрэг болж байна.

47. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

48. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ШШ2018/0001 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

49. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

50. Нэхэмжлэгч нараас “Сибирь хушны самрын идээг ховор ургамлын төрлийн жагсаалтад оруулсан нь самрын идээг олон улсад экспортлоход улсын тэмдэгтийн хураамж төлөх асуудал үүссэн...хушны самрын идээ нь ургамал биш хүнсний бүтээгдэхүүн, Монгол Улсад ургаж байгаа хуш модны самар болон цайруулсан самрын идээ нь ховор ургамлын зүйлд багтаагүй” гэж, хариуцагчаас “Монгол орны хувьд хушин ой нөөц, талбайн хэмжээ харьцангуй багатай...манай орны хушин ой нь дэлхийн хуш модны нөөцийн 1,8 хувь, Монгол Улсын байгалийн ойн талбайн 5,5 хувийг эзэлдэг...Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” ...Уг тогтоолын хавсралтын 274 дэх хэсэгт “Сибирь хуш” гэж зааж, сибирь хушийг ховор ургамлын жагсаалтад оруулсан...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.13 дахь заалтад ... “Ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 1200-3000 төгрөг,...” гэж заасны дагуу холбогдох төлбөрийн хэмжээг хуулиар тогтоосон” гэж тус тус маргажээ.

51. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 410 дугаар тогтоолоор сибирь хушны үр, идээг ховор ургамлын жагсаалтад оруулсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 485 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт”-д “сибирь хушны үр-самар” гэж өөрчилсөн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “...Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно”, Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална”, 17 дугаар зүйлийн 17.4-т “нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно” гэж тус тус заасантай нийцсэн, өөрөөр хэлбэл, Засгийн газраас хуш модны самрын үр, идээг ховор ургамлын жагсаалтад, мөн улсын хилээр лицензтэй нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад тус тус оруулсан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон тухайн салбарын харилцааг тусгайлан зохицуулсан хуулиудыг зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

52. Байгалын ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилах бөгөөд мөн хуулийн 3.4-д “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.”, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-ын 274-т “Сибирь хуш” гэж заасан байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.13-д “ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 1200-3000 төгрөг...” заасан байх тул нэхэмжлэгч компаниуд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр байна.    

53. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч “Э С и” ХХК-ийн захирал Б.С, “А м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б, “А м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э С и” ХХК-ийн захирал Б.С, “А м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б, “А м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Э С и” ХХК, нэхэмжлэгч “А м” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б нараас тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                              Х.БАТСҮРЭН