| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00181/И |
| Дугаар | 156/ШШ2024/00194 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 156/ШШ2024/00194
2024 04 16 156/ШШ2024/00194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00181/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Боржигон овогт З.А нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:... Миний бие 1969 онд Хэнтий аймагт төрсөн. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1987 онд гэр бүлтэй болж 1988 онд охин О.Н-ийг төрүүлсэн. Хүүхдээ харж байгаад Хэнтий аймгийн Баянхутаг суманд гэр бүлийн хамт ирж 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд шуудан зөөгчөөр ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацаа маань баталгаажаагүй. Иймд намайг Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг хүртэл малчнаар, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд шуудан зөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.А нь 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дагаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд шуудан зөөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Боржигон овогт З.А-ийн ...-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3-р тал/,
2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ...З.А нь 1-р багийн иргэн гэх тодорхойлолт /хх-ийн 4-р тал/,
3. Лхамынхан овогт О.Н ...-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-р тал/,
4. Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 59 дугаартай албан бичиг /хх-ийн 6-р тал/,
5. 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэсэн З.А гийн нэр дээрх нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,
6. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны 8/35 дугаартай албан бичиг /хх-ийн 8-р тал/,
7. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 9-р тал/,
8. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 89 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-р тал/,
9. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай Хамуу өвчнийг эмчлэх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/,
10. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаартай Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-13 тал/,
11. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай Ээлжийн амралт олгох тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14-15 тал/,
12. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 8/132 дугаартай албан бичиг /хх-ийн 16-р тал/,
13. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 17-р тал/,
14. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай Ажилд томиолох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Иймд З.А нь 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд шуудан зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох бичгийн баримт байхгүй тул шүүхээс дээрх шаардлагуудыг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт З.А /РД.../-г 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд шуудан зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ