| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00117/И |
| Дугаар | 156/ШШ2024/00196 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 156/ШШ2024/00196
2024 04 16 156/ШШ2024/00196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00117/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар У Ю.Б-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1969 онд төрсөн, мэргэжилгүй, бага боловсролтой, Хэнтий аймгийн Дадал суманд байдаг Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн Гурван нуур рашаан сувилалд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс галч, ногооны талбайн цэвэрлэгч, угаагч, туслах малчин зэрэг ажлыг хийж байгаад 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 50 тоот тушаалаар түрээсийн малчнаар томилогдон 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Түүнээс хойш Гурван нуурын амралт татан буугдаж, орон тооны цомхотголд орж чөлөөлөгдөөд хөдөлмөрийн нэгдэлд түр зуур түрээсийн мал харж байтал мал хувьчлагдсан, нэгдэл татан буугдсан тул хувиараа мал аж ахуй эрхэлж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаагаагүй болно. 1995-2000 оны хооронд ажилласан жил, шимтгэлийг нөхөн тооцуулаагүй. Хөдөлмөрийн дэвтэр байсан боловч үрэгдүүлсэн. Архиваас 1985 оны 1 сард томилсон болон 1992 онд чөлөөлсөн талаарх тушаал шийдвэр гараагүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд баримт дутуу тул нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох гэж зөвлөмж өгсөн гэжээ. ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Б нь 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын рашаан сувилалд галч, туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Ухаасай овогт Ю.Б /РД:... /-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/,
2. Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай албан бичиг /хх-ийн 5-р тал/,
3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 272 дугаартай Ю.Б ын нэр дээрх Дадал сумын Гурван нуур рашаан сувиллын цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 8/112 дугаартай албан бичиг /хх-ийн 7-р тал/,
5. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн Гурван нуурын рашаан сувиллын даргын 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай Ажилд томилох, өөрчлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/,
6. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн Гурван нуурын рашаан сувиллын даргын 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай Ажилд өөрчлөн томилох чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-р тал/,
7. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн Гурван нуурын рашаан сувиллын даргын 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаартай Ажил өөрчлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-р тал/,
8. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн Гурван нуурын рашаан сувиллын даргын 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 97 дугаартай Ажилд томилох ба өөрчлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/,
9. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн Гурван нуурын рашаан сувиллын даргын 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-р тал/,
10. 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 0074 дугаартай Ю.Б аас Ю.Х-д олгосон итгэмжлэл /хх-ийн 13-р тал/,
11. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 17-р тал/,
12. Гэрч Д.О-ын шүүхэд өгсөн ... Би Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуур рашаан сувилалд 1984 оноос 2007 оныг хүртэл тогооч, бэлтгэгчээр ажиллаж байсан. Дадал сумын Гурван нуур рашаан сувилал 2007 онд хувьд гарч байсан. Б нь 1985-1992 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуур рашаан сувилалд галч, малчнаар ажиллаж байсан. Б нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаагаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Иймд Ю.Б нь 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын рашаан сувилалд галч, туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ухаасай овогт Ю.Б /РД:... /-ыг 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын рашаан сувилалд галч, туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ