Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/190

 

 

 

 

 

2026  05    01                                 2026/ШЦТ/...

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Нямзаяа,

 Улсын яллагч  Э.Гэрэлтуяа,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

 Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Д овгийн Г.Г, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр Хөвсгөл аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн .... сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн .... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, .... сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ..... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Хөвсгөл аймгийн ....  сумын ..... дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Д-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд.

Улсын яллагч хавтаст хэргээс: 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 113 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс: Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Г хавтаст хэргээс: Судлах баримт байхгүй гэв.

Хоёр.  Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд.

 2.1. Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа…” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гурав.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Д-ийн өгсөн: “…Би Г.Г гэдэг хүнтэй 2009 оноос хойш гэр бүлээ батлуулж ..... суманд ажиллаж амьдарч байгаа. ..... сумын .... дугаар багт дундаасаа ... насны ... хүүхэд төрүүлж одоог хүртэл амьдарч байна. ..... гэдэг хүн архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг хүн. Өмнө ..... оны .... дугаар сарын ...., мөн оны .... дүгээр сарын ....-ний өдөр тус тус Зөрчлийн тухай хуулиар ... удаа баривчилгаанд мөн 2025 онд 12 дугаар сард Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж шүүхээр шийтгүүлсэн. Тэгээд ..... дүгээр сарын ...-ны шөнө гэртээ согтуу орж ирээд хувцастайгаа орон дээр хэвтээд байхаар нь хувцсаа тайлаад ор руугаа орооч гэсэн. Босож ирээд миний толгой хэсэг рүү цохихоор нь гараа хаасан зүүн талын гарын шуу хэсэг рүү хоёр удаа цохисон. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний орой гэртээ байж байсан ...... гаднаас соггуу орж ирээд хэрүүл хийж сууж байгаад миний зүүн талын мөр тус газар нэг удаа гараараа цохиод, хийж өгсөн аягатай хоолоо өшиглөж асгаж хаячихаад гэрээс гарч яваад 3 хоног гэртээ ирээгүй.  

Маргааш нь .... дүгээр сарын .....-ний орой би тэмцээнд орж байгаад .... цаг болж байхад гэртээ ирсэн. ..... гэртээ ..... гэдэг хүнтэй согтуу унтаж байхаар нь би гэртээ ороод хүүхдүүдтэйгээ нэг оронд ороод унтаж байсан. Г сэрж ирээд миний хөнжлийг сөхөж байгаад баруун талын мөр тус газар 2 удаа нүцгэн хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Ю-тай хамт гараад явсан. Эргэж ганцаараа орж ирээд гуталтай хөлөөрөө миний нуруун тус газар нэг удаа өшиглөсөн. 2026 оны 02 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа явах гээд байж байсан Г гаднаас орж ирээд миний зүүн хөлийн булчин тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгээд би ажилдаа яваад орой гэртээ харихад Г гэртээ байж байсан. Намайг “чи яах гэж ирээв, зайл” гээд миний мөрөн тус газар гутлаараа нэг удаа цохиод хэрүүл хийгээд байж байсан. Би хоол хийгээд идэцгээсний дараа миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөөд гэртээ хоноод маргааш нь гэртээ ирэхгүй байхаар нь Г рүү залгасан чинь Мөрөнд байна гэж хэлсэн.

Тэгээд маргааш нь буюу 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг болж байхад би гэртээ харьсан байсан. Г ирээд “Мөрөн рүү хэнтэй явсан юм.

Энхбаяртайгаа яваа юу хэнтэй ирсэн юм” гэхээр нь “замын унаагаар яваад ирлээ” гэж хэлсэн. Г намайг янханыг ална гээд толгой, нуруу, гар, хөл, хэвлий гэх мэт биеийн бүх хэсэг рүү цохиж өшиглөсөн. Мөн хүүхдүүдээ зодоод байдаг. Тухайлбал 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр А, А, О нарыг хадам аавынд хөөж оруулж дээлийн ханцуйгаараа цохисон байсан. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр намайг зодож байхад нь өмөөрөөд дундуур орж ирэхээр А-ыг толгой мөр, рүү нь цохиж хөл рүү нь өшиглөсөн. Мөн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А-ыг гэртээ гал түлээд сууж байхад нь хөл рүү нь өшиглөж нүүрэн тус газар алгадсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-10 дугаар тал),

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч А-ын өгсөн:

 “...Манай аав, ээж хоёр маргалдаад аав ээжийг зодож л байсан яг хэдэн гэдгийг санахгүй байна. Тухайн оройхон бид нар гэртээ хоолоо идэж байсан аав надад утсаа өгч байсан. Тэгсэн Ц гэдэг хүний .... гэсэн дугаар залгахаар нь би аавд утсыг нь өгөх гэж байсан цаанаасаа тасалсан. Тэгсэн аав намайг утас салгасан гээд уурлаад байсан. Ингээд маргалдаад ээжийг цохиод аягатай хоолоо өшиглөж асгачхаад гараад явсан,...аав сэрж ирээд ээжийн нуруун тус газар өшиглөөд чихнээс нь татаад байсан,...би аймгаас ... дугаар сарын ...-ний шөнө гэртээ ирээд унтаад маргааш нь гэртээ унтаж байсан.  

Манай аав орж ирээд “миний орон дээр унтдаг яасан даварсан юм” гээд миний хөнжил хуу татсан. Тэгэхээр нь буцаагаад хөнжлөө аваад унтсан. Дүүгээ гал түлчих гэсэн аав “энэ гэрт гал түлэхгүй дүү бид хоёрыг зайл” гээд байсан. Тэгэхээр нь аавыг унтахгүй юм байхдаа гээд хараад суугаад байсан. Унтахгүй байхаар нь би босоод галаа түлэх гэсэн аав гал түлүүлэхгүй гээд түлхээд хөлөн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр би аавыг эргүүлээд түлхсэн цаашаа унасан. Тэгээд би галаа түлж байсан миний нүүрэн тус газар алгадсан,...надад ямар нэгэн гэмтэл, бэртэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг  (хх-ийн 13-15 дугаар тал),

3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Г.А-ын өгсөн: “...Тухайн өдөр оройхон бид нар гэртээ хоолоо идэж байсан. Аав эгчид утсаа өгч байсан. Тэгсэн утас нь дуугарсан. Эгч утсыг нь буцаагаад өгөх хооронд салсан.     

Аав эгчийг утас салгалаа гээд уурлаад байсан. Тэгсэн ээж “хэн чинь залгаад байгаа юм” гээд утсыг нь авах гэхэд аав уурлаад утсаа өгөхгүй, ээжийн гар руу нь цохиж хөл рүү нь өшиглөөд хэрүүл маргаан болоод аав гэрээсээ гараад явсан.  

            Тухайн үед ээжийн ажлын газар золголттой гээд өглөө дээлээ хайж байсан аав гаднаас орж ирээд дээлээ хэнийдээ хаячихаав гээд хэрүүл хийгээд байсан. Ээж дээлээ цүнхэндээ хийгээд куртикээ өмсөөд дүү А-ын малгайг авч явах гэсэн хүүхдийн малгай яах гээд байгаа юм гээд малгайг нь аваад шидээд ээжийг хөл рүү нь өшиглөсөн. Ээж аавыг зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Орон дээр дарж унагаагаад цохиод байсан. Тэгээд ээж, дүү, бид нар гэрээсээ гараад явцгаасан. Аав гэртээ үлдсэн. Ээжийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн рүү шүүхээс дуудаад байна гээд өглөө Мөрөн явна гээд гараад явсан. Тэгсэн аав 2 дүү бид гурвыг “хувцсаа аваад зайл” гэж хөөсөн. Тэгээд хувцсаа аваад өвөөгийнд орсон байсан. Орой 21 цаг өнгөрч байхад аав орж ирээд хоёр дүү бид гурвыг дээлийнхээ ханцуйгаар толгой руу нэг, нэг удаа ороолгосон. Өвөө босож ирээд “яах гээд хүүхэд зодоод байгаа юм" гээд түлхээд гэрээс гаргасан. Бид гурав өвөөгийн гэрт хоносон.

            Орой манай ээж суманд ирээд ааваас айгаад гэртээ ирээгүй ажлын газрынхаа эгчийнд хоносон. Маргааш нь би хичээлдээ яваад 12 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Аав ээжийг зодсон байсан. Ээж орон дээрээ уйлсан сууж байсан. Аав согтуу байсан. Аав “аймгаас хэнтэй ирсэн юм, хэнтэйгээ явсан юм, Энхбаяртайгаа яваа юу” гээд байсан. Ээж “чамд ямар хамаатай юм, шүүхээс дуудаад явсан" гэж байсан. Тэгээд ээж цагдаа руу залгаж байсан. Тэгсэн аав гараад явсан. Хэсэг байж байгаад аав орж ирээд яасан “Энхбаярыгаа дуудсан юм уу” гээд ээжийн хөл рүү нь өшиглөсөн. Толгой руу нь цохиод байхаар нь би боль гээд дундуур нь орсон миний толгой руу цохисон, хөл рүү өшиглөсөн. Гэртээ ирэхгүй байж байгаад 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би хичээлдээ яваад тараад орой 18 цаг өнгөрч байхад гэртээ орох гээд явж байсан. Өвөө намайг манайд ор гээд дуудахаар нь өвөөгийнд орсон. Эгч уйлсан сууж байсан. Яасан юм гэж асуусан. Аав миний нүүр рүү алгадсан гэж байсан. Орой нь аав гэртээ унтаж байгаад босож ирээд чи Агарын гэзэг Баттай буудлаас гараад явж байсан гэл үү гээд зодох гээд байсан. Тэгсэн А эгч аавыг түлхээд унагаасан. Аав гэрийн мөлхөө тавилга мөргөөд унасан. Тэгээд А эгч аавыг татаж босгох гэсэн нүүр рүү нь өшиглөсөн. А эгч уйлаад байсан. Тэгээд орой болоод бид унтах гээд ээж орондоо орсон байсан. Ээжийн нуруу руу нь 2-3 удаа цохисон. Надад ямар нэгэн гэмтэл, бэртэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-19 дүгээр тал),

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Г-ын өгсөн: “...Г.Г, Д.Д нар 2009 оноос хойш нэг гэрт орж дундаасаа 4 хүүхэд төрүүлэн ..... суманд амьдарч байгаа. Г эрхэлсэн тодорхой ажилгүй, Д хүүхдийн цэцэрлэгт бүлгийн багш хийдэг ажилтай. Г архи уугаад байгаа 2025 оноос хойш архи уух нь ихсээд гэр бүлийн асуудал үүсгээд хоорондоо маргалдаад байдаг хүмүүс байгаа юм.

2025 оны намар эхнэрээ зодоод шүүхээр орсон гэж сонссон, 2026 оны 2 дугаар сард эхнэрээ зодсон гэж асуудал үүсээд байгаа юм. Ойрд Г-ийг архи уухаар хүүхдүүд нь айгаад манайд орж ирж хоноод байгаа. Дшүүхээс дуудсан гээд Мөрөн явсан. Цагдаа дуудсан гээд хоёр удаа мөрөн яваад ирсэн. Приус-30 маркийн машин банк бусаар авсан. Ганц эхнэр нь ажил хийдэг болохоор төлбөрөө төлж чадахгүй машинаа хураалгасан асуудал байгаа. Г.Г, Д.Д нар хоорондоо ямар асуудал үүсээд байгаа талаар юмаа ярьдаггүй хүмүүс байгаа юм. Г архи уугаад хэд хоногоор яваад байгаа юм. Г.Гийг Д.Д-г зодож байхыг нь хараагүй би харж байсан бол юунд зодуулхав...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-24 дүгээр тал),

5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.У-ын өгсөн: “...Г.Г, Д.Д хоорондоо таарамж муутай байгаа. Г нь архи их уудаг хүн байгаа юм. Дгэр бүлийн хүчирхийлэлд өртөөд нөхөртөө зодуулсан талаар надад ярьж л байдаг. Нөхрөөсөө айж манайд нэг удаа хоносон. Тухайн үед нөхөр гэртээ байгаа гэж байсан. Хамгийн сүүлд 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манайд хонохдоо Г намайг зодсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар тал),

6.Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны .... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай: “...Д.Д-ийн биед баруун бугалга, баруун шуу, нуруу, зүүн гарын дунд хуруу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 41-42 дугаар тал),

7.Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 48-50 дугаар тал),

8.Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 51-60 дугаар тал),

9.Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 61-83 дугаар тал)

10.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4 дүгээр тал),

11.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

A.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 118-122-р тал) зэрэг нотлох баримтууд болно.

Дөрөв. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

4.1.Талуудын гаргасан санал, дүгнэлт

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:“...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлтуяа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Г-эд холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Г.Гнь Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Д-г 2026 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө толгой, зүүн талын гарын шуу хэсэг рүү нь цохисон, 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрөн тус газарт нь цохисон, 2026 оны 01 дүгээр сарын 24-нээс 25-нд шилжих шөнө мөр, нуруу руу нь өшиглөсөн, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зүүн хөл, мөр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн  хангаж байх ул гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт хэрэгт ирүүлээгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх саналдаа: “...Шүүгдэгч талаас гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэв.

Шүүгдэгч Г.Гнь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

4.2. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн хуульд заасан зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Гнь Хөвсгөл аймгийн Ц сумын.... дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Д-гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Тодруулбал шүүгдэгч Г.Гнь Хөвсгөл аймгийн Ц сумын .... дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Д-г 2026 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө толгой, зүүн талын гарын шуу хэсэг рүү нь цохисон, 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрөн тус газарт нь цохисон, 2026 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө мөр, нуруу руу нь өшиглөсөн, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зүүн хөл, мөр рүү нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, нуруу, зүүн гарын дунд хуруу, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4 дүгээр тал), хохирогч Д.Д-ийн өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 13-15 дугаар тал), насанд хүрээгүй гэрч Г.А-ынөгсөн мэдүүлэг (хх-ийн 17-19 дүгээр тал), гэрч Г.Г-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-24 дүгээр тал), гэрч Ч.У-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар тал), Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2026 оны .... дугаар сарын ....-ний өдрийн .... дугаартай дүгнэлт (хх-ийн 41-42 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 48-50 дугаар тал), гэр бүлийн нөхцөл байдпын үнэлгээ (хх-ийн 51-60 дугаар тал), хүүхдийн эрсдлийн нөхцөл байдпын үнэлгээ (хх-ийн 61-83 дугаар тал), шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 102-103 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нэг мөр, эргэлзээгүй нотлогдож байх ба шүүгдэгч Г.Гийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, дээрх үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

4.3.Эрх зүйн дүгнэлт:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг.

Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог.

Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь гэмт хэргийн шалтгаант холбоо байдаг.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь  материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаарддаг.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Д-ийн биед “баруун бугалга, баруун шуу, нуруу, зүүн гарын дунд хуруу, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Г-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн хууль тогтоогчоос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хүндрүүлэн зүйлчлэхээр зохицуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, эхнэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус заасан.

Хохирогч Д.Д нь шүүгдэгч Г.Г-ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч Г.Гнь эхнэр Д.Д-ийн биед халдан цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчирхийлсэн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрх үйлдэл тус бүрийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн” зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.   

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбодь болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Гнь хохирогч Д.Д-гг-эр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл давтагдаж даамжирсан, байнгын шинжтэй болсон нь тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход “байнга” гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгодог.

Мөн шүүгдэгч Г.Гнь эхнэр Д.Д-г 2026 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө  толгой, зүүн талын гарын шуу хэсэг рүү нь цохисон, 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрөн тус газарт нь цохисон, 2026 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө мөр, нуруу руу нь өшиглөсөн, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зүүн хөл, мөр рүү нь өшиглөсөн үйлдлүүдийн хоорондох хугацааны шалгуурыг Зөрчлийн тухай хуульд тогтоосон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаагаар тооцвол дээрх 4 (дөрөв) удаагийн үйлдэл хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй ба шүүгдэгчийн хохирогчийн биед хүч хэрэглэн халддаг хууль бус үйлдэл нь дахин давтагдах шинжтэй, нэг талын давамгайлсан харилцаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Г.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Д-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Д-ийн бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 4.4.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор, уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд хохирогч Д.Д нь  хохирол, хор уршигт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөр нэхэмжилж баримт ирүүлээгүй байх тул хохирогч нь эмчилгээ, оношилгоотой холбоотой гарсан зардлаа шүүгдэгч Г.Г-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т-ийг тогтоосон байна.

Хавтаст хэргийн 131 дугаар талд нэхэмжлэл гаргах тухай баримт хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гээс 172,260 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Тав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

       5.1.Талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны .... дүгээр сарын ....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар 5 хоногийн хорих ял оногдуулах саналтай...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Шүүгдэгч Г.Г нь гэм буруу дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны .... дүгээр сарын .....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар 5 хоногийн хорих ял оногдуулж өгнө үү…” гэв.  

Шүүгдэгч Г.Г-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны .... дүгээр сарын ....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 123-126-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоолоо.

Шүүгдэгч Г.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж байгааг дурдав.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 2 сарын хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар хорих ял дээр нэмж, нийт  ялыг 12 (арван хоёр)  сар буюу 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.   

Мөн шүүгдэгч Г.Г-ийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж, нийт эдлэх ялыг 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/562 дугаартай “Ялтны ялын тооцоо хүргүүлэх” тухай албан бичигт: “...Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Г-д 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хөвсгөл аймгийн Цсумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлаж шийдвэрлэсэн байна. Ялтан нь зорчих эрх хязгаарлах ялын эдэлбэл зохих 7 (долоо) сарын ялаас 1(нэг)  сар 25 (хорин тав) хоногийн ялыг эдэлж, 5 (тав) сар 5 (тав) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй...” гэжээ.

Үүнээс үзэхэд шүүгдэгч Д.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж дуусахаасаа өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар хууль тогтоогч хуульчилсан.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэгж, нэгтгэн оногдуулсан 1 жилийн  хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны ... дүгээр сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялын үлдэгдэл 5 (тав) сар 5 (тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийн хорих ялын нэг хоногоор буюу 5 (тав) сар 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 5 (тав) сар 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар.

Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Д овогт Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        2.Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  мөн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар  тус тус  шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч  Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, мөн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Г-ийн нийт ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Г.Г-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны ... дүгээр сарын ....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын үлдэгдэл 5 (тав) сар 5 (тав) хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн эдлэх нийт ялыг 1 (нэг) жил 5 (тав) сар 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

       5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-эд оногдуулсан 1 (нэг) жил 5 (тав) сар 5 (тав) хоногийн   хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Г-ээс 172,260 (нэг  зуун далан хоёр мянга хоёр зуун жар) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8.Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДАВААХҮҮ