| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0067/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/202 |
| Огноо | 2026-05-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2026/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Л.Л (цахим),
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О овгийн Б.Б, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймгийн ....суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .......мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., ээж, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .... сумын ...... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ....дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны.... дугаар сарын .....-ны өдөр Хөвсгөл аймгийн .....сумын .... дугаар багт байрлах ...... гадна иргэн Л.Л-ыг зодож биед нь зүүн төмсөг зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Улсын яллагч: 2026 оны .... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч хавтаст хэргээс: Судлах баримтгүй гэв.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд:
2.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
“…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас Л.Л-ын тусламж үйлчилгээ авсан зардал 157,800 төгрөгийг төлнө…” гэв.
(шүүх хуралдааны тэмдэглэл),
2.2. Хохирогч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
“…Б.Б эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг өгөхөөр болсон тул гомдол санал байхгүй…” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гурав.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Л-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2025 оны .... сарын .....-ны орой манай баз хүргэн болох Б түүний найз Б нарын хамт ......-р хороонд гэрийн ойролцоо биллиард тоглоод нэг пиво уусан. Тэндээс гараад бид гурав ........ орсон тэнд бид гурав ууж байгаад ...... гадаа тамхи татаад байж байхад намайг танихгүй хүн мөрлөөд эргээд харсан чинь шууд намайг цохиод авсан. Тэр үед Б баарнаас гарч ирж таараад найзыг яагаад цохичихвоо гэсэн чинь нөгөө залуу Б-г бас цохиод авсан. Тэнд байсан хүмүүсээс нэг ах гарч ирээд бид нарыг болиулаад нөгөө хүмүүсээс уучлал гуйлгаад бид нар баарнаас гараад Б, Б болоод Б-ийн найз бид дөрөв ...... цаад үзүүрт байж байхад Б шууд намайг эмзэг эрхтэн рүү нэг удаа өшиглөөд авсан.Тэгээд би доошоо газарт унаад өвдөөд нэг хэсэг босож чадахгүй газарт хэвтсэн. Өвдөлт арай гайгүй болохоор нь босож ирээд Бийг чи яагаад намайг цохичихвоо гээд заамдаж авсан. Би өөрөө нэлээн согтуу байсан. Нэг ухаан ороход .......... хажуугийн нийтийн байр болох ....................... шалан дээр хэвтэж байсан. Тэгээд ухаан ороод эхнэр рүүгээ гуйж залгасан...” гэх мэдүүлэг (хх 10-11 дүгээр тал),
3.2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Т-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Л.Л нь 2025 оны ...... сарын ..........-ны өдрөөс хойш 157,800 төгрөгний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл (хх-ийн 33 дугаар тал),
3.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны .........дүгээр сарын ......-ны өдрийн ........ дугаартай:
“...Л.Л-ын биед зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 16-17 дугаар тал),
3.4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б-гийн сэжигтнээр өгсөн: ‘‘...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдэл болохоор үнэхээр харамсаж байна. Би Л-ыг эмнэлгээр 2 удаа дагуулж явж үзүүлсэн. Одоо нэхэмжлэх хохирлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-56 дугаар тал)
3.5.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6 дугаар тал),
3.7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
A.Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41-43, 45 дугаар тал) зэрэг болно.
Дөрөв. Талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч “шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, эрх зүйн дүгнэлт.
5.1.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн хуульд заасан зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багт байрлах Доргио баарны гадна иргэн Л.Л-ыг зодож биед нь зүүн төмсөг зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Тодруулбал дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлэг, хохирогч Л.Л-ынмэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны ..... дүгээр сарын ....-ны өдрийн .... дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нэг мөр, эргэлзээгүй нотлогдож байх ба шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, дээрх үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт буюу нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
5.2.Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан.
Мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг.
Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог.
Харин материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддаг ба энэ нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь гэмт хэргийн шалтгаант холбоо юм.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 488 дугаартай дүгнэлтээр “...хохирогч Л.Л-ын биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл...” гэсэн байх ба дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Үүнээс дүгнэхэд хохирогч Л.Л-ын биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Бдалайгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Тодруулбал шүүгдэгч Б.Б гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Л.Л-тай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүй, ёс суртахууны мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзлээ.
5.3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хэргийн улмаас хохирогч Л.Л-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Л.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Б нь эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон...” хэмээн мэдүүлсэн ба шүүгдэгч Б.Бнь хохирогч Л.Л-д эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг өгөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Бдалайгаас 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Л-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.
Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т-ийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 157,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б төлөхөө илэрхийлж байх тул түүнээс 157,800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгов.
Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн 41-43, 45 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч нь ам бүл 3, ээж, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон.
Иймээс шүүгдэгч Б.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндийн байдал, гомдол саналгүй байдал), шүүгдэгчийн хувийн (гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн) байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд учруулсан хор уршгийг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Долоо.Бусад асуудлын талаар.
Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О ургийн овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар шүүгдэгч Б-с 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Л-д, 157,800 (нэг зуун тавин долоон мянга найман зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
6.Хэрэгт хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ