Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2024/00219

 

2024 05 03 156/ШШ2024/00219

 

  

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2024/00157/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Я.А

Хариуцагч: Г.О

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4 114 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.О нь 2023 оны 11-р сарын 26-ны өдрийн шөнийн 22 цаг 30 минутад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1-р хороо 48-р сургуулийн баруун талын зам дээр тоёота Приус 20 маркийн ... дугаартай ХЭҮ дугаартай автомашин жолоодон явах үедээ миний унаж явсан Тоёота Пробох маркийн ... УБТ дугаартай автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гаргасан. Бид өөрсдийн автомашины хохирлын үнэлгээг Сүлд үнэлгээ ХХК-аар хийлгэж нийт 2 740 000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан бөгөөд ослын дүгнэлтээр Г.О-ийг Замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчсөн гэм буруутайд тооцсон. Г.О нь өөрийнхөө машиныг зарж борлуулан миний хохирлыг заавал барагдуулна та хэргийг хааж өгөөч гэж гуйж уйлах нь холгүй байсан болохоор хохирол төлөх өргөдөл бичүүлж нотариатаар батлуулан авсан юм. Тус өргөдөл дээр Г.О 2024 оны 1 дүгээр сарын 20-ны дотор хохирол 3 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн. Гэтэл хэрэг хаагдсанаас хойш утсаа авахгүй сураггүй алга болсон одоо хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байна. Би осол гарсан өдөр О-н машины ачиж журмын хашаа хийсэн зардлыг төлөхөөс авхуулаад маш их зардал гаргасан өөрийнхөө машиныг хүнээс мөнгө зээлж засаж янзлуулж авсан. Авто ослын улмаас миний биед гэмтэл учирсан бөгөөд Шүүх шинжээчийн дүгнэлтээр цээжний баруун 5-р хавирганы хугарал гэмтэлтэй гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Эмнэлэгт эмчилгээ шинжилгээ хийлгэсэн зардлууд мөн гарсан. О-г хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулчхаад хохирлоо төлөх байх гэж хүлээсэн боловч зугтаж алга болсонд үнэхээр гомдолтой байна. Би оюутан хүүхэд байна мөнгөгүй гэхээр нь машиныг нь ачих зардлыг нь хүртэл төлсөн, тэгээд Цагдаатай нийлж гуйгаад байхаар нь за хохирлоо өгчих байх гэж бодоод өргөдлийг нь хүлээн зөвшөөрсөн. Иймд автомашины хохирол 3 000 000 төгрөг, автомашин ачуулсан зардал 120 000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн зардал 220 000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн зардал 174 000 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 600 000 төгрөг, нийт 4 114 000 төгрөгийг иргэн Г.О эс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд нэхэмжлэгч Я.А , хариуцагч Г.О эс автомашины хохирол нийт 4 114 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн үнийн дүнгээс 300 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 3 814 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Г.О би Я.А гаас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлага 3 814 000 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид гарах үр дагавыг ойлголоо гэжээ.

  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.А нь хариуцагч Г.О д холбогдуулан 4 114 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нь 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Г.О нь 3 814 000 төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 774 төгрөгийн 40 387 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 40 387 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 300 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Г.О нь 3 814 000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 774 төгрөгийн 40 387 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 40 387 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ