Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 253

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Д.Даваа,

хохирогч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н-ын М-д холбогдох эрүүгийн 1703000010026 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, “Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Н-ын М

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Биокомбинатын замд өөрийн эзэмшлийн ,,,, маркийн ,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км-с хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” мөн дүрмийн 2.3-д заасан жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, “Тээврийн хэрэгслийн тооромзны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, үзэгдэлт буюу хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Оыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Н.М-с: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй...” гэв

Хохирогч М.О-с: “...Би тухайн осол гардаг өдөр зам хөндлөн гарч байгаад машин дайруулсан. Түүнээс болж гэмтэл авсан. Миний эмчилгээний зардлыг баримтын дагуу Н.М төлсөн. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М.О: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд би “Шувуун фабрик”-аас гараад өөрийн мал малладаг “Булгийн тохой” орох гээд 1000 төгрөгний таксинд суугаад Биокомбинатын зам “МТ” колонкийн орчимд буугаад зам хөндлөн ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун хойшоогоо чиглэлтэй зам хөндлөн гарч явахад зүүн хойноос нилээн зайтай нэг машин ирж яваа харагдсан. Тэгээд би замаас гарч амжина гээд алхаад гарч бараг дуусах гэж байтал зүүн хойноосоо ирсэн машин нь нилээн хүчтэй тормолзлоод маш удаан сигналдаад яах ийхийн зуургүй л  ороод ирсэн. Тэгээд намайг машинаараа хүчтэй мөргөж унагаасан. Би хэсэг хугацаанд ухаан самуурсан. Тэгсэн жолооч намайг тоохгүй байсан. Тэгээд тэнд байсан нэг танихгүй эмэгтэй надад тусалж толгойноос гарсан цусыг тогтоож өгсөн. Удалгүй түргэн тусламж ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Мөргөсөн жолооч нилээн хурдтай ирж мөргөсөн. Маш хүчтэй тоормозны дуу гарсан. Би замаар гараад дуусах гэж байхад мөргөсөн  байгаа. Хүзүүний хугаралттай, аарцаг умдаг ясны хугаралтай, баруун хөлний шагайн үений хугаралтай, зүүн талын дух, чамархай хэсэгт оёдол тавиулсан, зулгаралт үүссэн, биеийн байдал өмнөхөө бодвол дээрдэж байна. Гэхдээ байнга хэвтрийн байдалтай байна. Ойр орчимд гарц гарам бол байхгүй. Би автобусны буудлын харалдаа зам хөндлөн гарч явсан, эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/

Гэрч З.Аын: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд Нисэхээс Шувуун фабрик орох 1000 төгрөгний таксинд охины хамт суусан. Тухайн машины жолооч М нь манай шувуунд амьдардаг зүс таних хүн байсан. Тэгээд би машины арын суудалд суугаад явж байхад машин дуут дохио өгөөд байхаар нь урагшаа хартал ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун урагшаагаа чиглэлтэй нэг эмэгтэй зам хөндлөн гэнэт гүйгээд цаашаагаа хараад ороод ирсэн. Тэгсэн манай машин нилээн дуут дохио өгөөд тоормоз гишгэсэн боловч амжилгүй машиныхаа урд хэсгээр явган зорчигчийг мөргөж унагасан. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/

Гэрч Д. Нийн: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Биокомбинатын замд байрлах ажлын байран дээрээ байж байтал гадаа зам дээр түс тас хийх хүчтэй чимээ гарсан. Тэгээд би цонхоороо хартал зам дээр нэг эмэгтэй нүүрнээс нь цус гарсан байдалтай босоод ирсэн. Тэгэхээр нь би эмийн сангаа аваад гараад иртэл машины урдхан талд нэг эмэгтэй нүүрнээс нь цус гарчихсан байсан. Тэгсэн мөргөсөн машины жолооч бололтой нэг залуу надад утас байдаггүй гэхээр нь би өөрийнхөө гар утсаараа 102, 103 дугаар луу залгаж дуудлага өгөөд гэмтсэн эмэгтэйг машинд нь суулгаад толгойг нь боож, гоожсон цусыг нь цэвэрлэж өгсөн. Удалгүй гэмтсэн хүнийг түргэн тусламж ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Замын цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар хуудас 22-ны өдрийн хохирогч М.Оын хохирлын тооцоо хийсэн баримт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №10087 дугаартай дүгнэлт. /хх-ийн 51 дүгээр хуудас/

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баян зүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн  17/45143 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн 374 дугаартай дүгнэлт /хх-ийн 71 дүгээр  хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Жолооны үнэмлэх хураан авсан тэмдэглэл /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 Шүүгдэгч Н.М мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэг: “... 2017оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд би өөрийнхөө эзэмшлийн ,,,, улсын дугаартай ,,,, маркийн автомашиныг жолоодон таксинд нисэхээс 4 зорчигч аваад Шувуун фабрик орох гээд Хан-Уул дүүргийн нутаг Биокомбинатын замаар ертөнцийн зүгээр зүүн хойноосоо баруун урагшаагаа чиглэлтэй зорчих хэсгээр ойролцоогоор 70 гаран км цагийн хурдтай явж байтал таван толгойн гүүрний уулзвар өнгөрөөд явж байхад баруун хойд талд хүүхэд замын хажууд сууж байхаар нь би машиныхаа дуут дохиог өгч анхааруулаад машиныхаа тоормосыг гишгэх тэр үед миний зүүн гар талд нэг эмэгтэй замынхаа хажуу талд зогсож байснаа гэнэт зүүн гар талаас нөгөө эмэгтэй ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун хойшоогоо чиглэлтэй гэнэт машины урдуур гүйгээд ороод ирсэн би тэр үед машиныхаа тоормосыг гишгэсэн чигээрээ явсаар байгаад явган зорчигчийг машиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөчихсөн. Би уг автомашиныг худалдан аваад удаагүй байсан. Бүрэн бус тээврийн хэрэгсэл гэдгийг нь мэдээгүй. Би хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар гарсан хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан байгаа”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 84 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 92 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/,

Ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Биокомбинатын замд өөрийн эзэмшлийн ,,,, маркийн ,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км-с хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” мөн дүрмийн 2.3-д заасан жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, “Тээврийн хэрэгслийн тооромзны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, үзэгдэлт буюу хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Оыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Оын мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/, гэрч З.А-ын мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/, гэрч Д.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Замын цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №10087 дугаартай

  1. М.Оын биед хүзүүний 4-5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун умдаг ясны дээд, доод салаа, баруун шаант ясны доод булууны гадна төвгөр баруун шагайн үений гадна, дотно хашлага ясны далд хугарал, зүүн нүдний гадна хэсгээс, зүүн чамархайг дайрч, зүүн зулай хүрсэн шарх, баруун 2-р хурууны шарх нүүр, доод мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 51 дүгээр худас/,

 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 17/45143 дугаартай   шинжээчийн 

         Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд ,,,,, улсын дугаартай ,,,,,маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. ,,,,,маркийн, цагаан өнгөтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн, ,,,,, улсын, ,,,,, арлын дугаартай цагаан өнгөтэй суудлын автомашиныг 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 1415  цагаас 1440 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003“Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шинжээчээр ажиллаа.

       Техникийн байдал иж бүрдлийн хувьд: Уг автомашины урд салхины шил (90х65см) хэмжээтэй бяцарч цөмөрсөн,капут нь (30х40см) хэмжээтэй хонхойсон, зүүн их гэрэл сууриараа мултарч дотогшоо орсон, урд буфер зүүн хэсгээрээ цуурсан байна.

Техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгахад:

Зүүн урд дугуйн тоормосны хүч 1,7кН, баруун урд дугуйн тоормосны хүч 2,1кН, тоормосны хүчний зөрүү нь 19,05% (Стандартаар 20%), зүүн хойд дугуйн тоормосны хүч 0,6кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 0,5кН, тоормосны хүчний зөрүү нь 16.5% /стандартаар 30%/-тай хойд тэнхлэгийн ажлын тоормос болон зогсоолын тоормос зогсохгүй нь стандартын шаардлага хангахгүй байна.

Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ -17.6мм/м /Стандартаар ±5/, зогсоолын тормосны хүч талдаа 0,8кН, баруун талдаа 0,5кН зогсоолын тоормос барихгүй гэрлийн тусгал нь зүүн холын гэрэл нь 0сd, баруун талын холын гэрэл нь 5400сd стандартаар /10000-225000cd/-тай, техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлтээр стандартын шаардлага хангахгүй байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

        Замын цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 374 дугаартай

             1.,,,,,маркийн ,,,,, улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гаднах замд цагт 80км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм, ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажилахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”-гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              2.Явган зорчигч М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

               3.,,,,, маркийн автомашины дугуйн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох    = ~71.7 км/цаг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71 дүгээр  хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

          Прокуророос шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.От гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

 

Иймд шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.О нь эмчилгээний зардал, хохиролд нийт 623.850 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.М нь 1.325.000 төгрөгийг төлсөн байна.

Хохирогч М.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1.Т овогт Н-ын М-ийг автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Н.М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            4.Хэрэгт хураагдсан Н.М-ийн 914477 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6.Хохирогч М.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ