Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/214

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-,

      Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт А-ийн Б-ад холбогдох эрүүгийн 2613000000264 дугаартай хэргийг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 51 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ...... дүгээр сарын .........-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн ..... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх үүрэг хүлээлгэж байсан, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан, мөн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхий хасуулж, 3200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б- нь 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлах РС тоглоомын газарт хохирогч Л.А-той тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж биед баруун хөмсөгний няцарсан шарх, дээд уруулд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Д.А-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч А.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”  гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа.”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2613000000264 дугаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, улсын яллагчаас:

4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

5. Хохирогч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/,

6. Гэрч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,

7. Гэрч Л.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.К-ийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БӨА0726/366 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

9. Яллагдагч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  /хавтаст хэргийн 36 дахь тал/,

10. Хохирогч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

11. Шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Т.Б- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

          

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 Хэргийн үйл баримт:

14. Шүүгдэгч А.Б- нь 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлах РС тоглоомын газарт хохирогч Л.А-той тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж биед баруун хөмсөгний няцарсан шарх, дээд уруулд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

15. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

16. Хохирогч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Өлгий сумын 5 дугаар багт эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг. 2026 оны 5 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед найз болох С- бид хоёр манай гэрээс гарч Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах РС тоглоомын газарт очиж тоглож байгаад 22 цагийн үед гарсан. Тэгээд явах гэж машин руу явж байхад тус РС тоглоомын газраас гарсан Б- гэх залуу ирж хэрүүл маргаан гаргаж надтай зодолдох уу гэх мэтээр хэрүүл маргаан гаргаж миний толгой тус газар хоёр удаа цохиход Б-ын хажууд байсан залуу салгаж авч явсан. Тэр үед би шууд цагдаагийн газарт дуудлага өгсөн ба Б- зугтаж явсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн таарамжгүй асуудал байхгүй. Толгой өвдөж байна. Гараараа миний баруун талын нүд рүү 2 удаа цохисон. А.Б-ын амнаас архи үнэртэж байсан. Харин би эрүүл байсан. Миний хажууд С- байсан, Б-ын хажууд үл таних нэг залуу байсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/,

17. Гэрч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Өлгий сумын 12 дугаар багт аав, эжийн хамт амьдардаг. 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед найз болох Л.А-той тааралдаж бид хоёр Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Берди” нэртэй РС тоглоомын газарт очиж тоглож сууж байгаад 22 цагийн үед гарсан. Тэр үед тус тоглоомын газарт Б-, А- нар тоглож байсан ба бид нартай хамт гарч Б- гэх залуу Л.А-той маргалдаж байхаар нь Л.А- араас ирэх байх гэж бодож машинд ирж дотор сууж байгаад дахиж очиход Л.А-ын баруун талын хөмсөг нь зулгарч цус гарсан байсан. Би очих үед Б- Л.А-ын уруул руу нэг удаа цохиход Б-ын хажууд А- салгаж авсан ба Л.А- цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үед Б- зугтаж явсан. Б- согтуу байсан. Харин Л.А- эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,

18. Гэрч Л.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... А.Б-, А.С-, Л.А- гурав тоглоод сууж байсан. Тэгэхэд би нэмэгдэж дөрвүүлээ 22 цаг хүртэл тоглож дуусаад гадна гараад зогсож байхад А.Б-, Л.А- хоёр хоорондоо үл ойлголцох асуудлаас болж хэрүүл маргаан гарсан. Тэгээд хоорондоо маргаж зогсож байхад А.Б- хоёр гараараа Л.А-ын толгой тус газарт хэд хэдэн удаа цохиж улмаар аман тус газарт цохиход Л.А-ын аман тус газар цус гарсан тэгж байхаар нь найз А.С- бид хоёр салгаж аваад хоёр тийшээ явцгаасан. Болсон асуудал ийм л байна. Ямар нэгэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Хоёр гарын нударга хэсгээр Л.А-ын нүүрэн тус газарт цохиж байхад нь салгаж авсан. Бид нарын хажууд өөр ямар нэгэн хүн байгаагүй дөрвүүлээ байсан. Хэрүүл маргаан болоход А.Б- Л.А-ын нүүрэн тус газарт цохиж байхад Л.А- өөрийгөө хамгаалж дошоогоо тонгойж байсан хариу үйлдэл үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

19. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.К-ийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БӨА0726/366 дугаартай “...иргэн Л.А-ын биед баруун хөмсөгний няцарсан шарх, дээд уруулд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын “хөнгөн” зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

20. Яллагдагч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Берд” нэртэй РС тоглоомын газарт найз Е.А-, А.С-, Л.А- нарын хамт очиж 2 цаг тоглоод цаг дууссаны дараа гэр лүүгээ явахаар гараад гадна зогсож байхад найз Л.А-той тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй, тэр өдөр бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэрнээс болж ийм гэмт хэрэгт холбогдсон юм. Тухайн өдөр найз Л.А- хуулийн байгууллагад гомдол гаргасны дараа очоод уучлалт гуйсан. Бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй асуудал байхгүй, тэр намайг уучилсан гэж хэлсэн. Тухайн үед үүссэн асуудлаас болж баруун гарын нударгаа атгаж байгаад хүчтэй аман тус газарт нь цохиж авсан. Тухайн үед Л.А- надад хариу үйлдэл үзүүлээгүй. Би цохиж 3 авахад аман тус газрыг дарж доошоо хараад суусан. Миний биед халдсан асуудал болоогүй. Бид хоёр РС тоглоод сууж байхад тэр хожигдсон, тэрнээс болж бид хоёр гадна гараад зогсож байхад ийм л асуудал болсон. Би өмгөөлөгчийн хамт танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 36 дахь тал/,

21. Хохирогч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан байгаа ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Бид хоёр найзууд учраас хоорондоо эвлэрсэн байгаа. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, гомдол санал байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Ямар нэгэн гаргаж өгөх баримт бичиг байхгүй. Шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

22. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

23. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

24. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

25. Шүүгдэгч А.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу нүүрэн тус газар цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

26. Шүүгдэгч А.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Л.А-ын биед  баруун хөмсөгний няцарсан шарх, дээд уруулд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх ба Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан тушаалаар баталсан “Хүний эрүүл мэндэд үүссэн хохирлын зэрэг тогтоолгох” журмын 3.1.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 3.1.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10%-аар тогтонги алдагдсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

27. Шүүгдэгч А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

28. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

29. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

30. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заажээ.

31. Шүүгдэгч А.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Л.А-ын биед хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч Л.А- нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

32. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Д.А-ээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

33. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

34. Шүүгдэгч А.Б-аас: “Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэж амлаж байна” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

35. Шүүгдэгч А.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

37. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

38. Шүүгдэгч А.Б- нь хувийн байдлын хувьд 24 настай, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, мөн урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тус тус холбогдож ял шийтгүүлж байсан болох нь хэргийн 46 дахь талд авагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, 48-58 дахь талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

39. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, урьд 3 удаа гэмт хэрэгт холбогдсон, прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

40. Шүүгдэгч А.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэж, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Б-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг шийтгэлээ эдэлж дуусаагүй байхад дахин гэмт хэрэгт холбогджээ.

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Б-ад Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/316 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б-ад оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулав.

45. Шүүгдэгч А.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.

46. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Б-ад Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/316 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б-ад оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

6. Шүүгдэгч А.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч А.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК