Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 298

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж

            Нарийн бичгийн дарга М.Бүжин

            Улсын яллагч Ц.Идэрмөнх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

            Шүүгдэгч Ц.Дашдаваа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэрэндашийн Дашдаваад холбогдох 1725000000037 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Боржигон овгийн Цэрэндашийн Дашдаваа, Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-20-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД: ФБ80102114            .

 Шүүгдэгч Ц.Дашдавааг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэнд-Амар” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талын туслах замын явган хүний гарц дээр 90-00 ОРО улсын дугаартай Мицүбиши Пажеро загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчиж 2010 онд төрсөн 6 нас 9 сартай эрэгтэй Баттулга овогтой Сүлдийг мөргөсний улмаас амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Ц.Дашдаваа нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэнд-Амар” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талын туслах замын явган хүний гарц дээр 90-00 ОРО улсын дугаартай Мицүбиши Пажеро загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. 3амын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар

яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө. 9.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс  баруун гар талаас гэнэт гүйж гарч ирсэн 6 нас 9 сартай Б.Сүлдийг мөргөсний улмаас амь нас хохирсон байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 3-8-р хуудас/

          -Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /х-ийн 9-10-р хуудас/

          -Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон фото зураг. /хх-ийн 11-12-р хуудас/

          -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг. /хх-ийн 13-15-р хуудас

           -Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 16-р хуудас/

-Хохирогч Б.Баттулгын . . . “Ослын талаар 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ээжээсээ мэдсэн. Осол болох үед яг юу болсон талаар би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

-Гэрч Л.Уранчимэгийн ......”5-1 дүгээр байрны төв зам руу гардаг уулзвараар “Мэнд-Амар” худалдааны төвөөс ойролцоогоор 5-6 настай эрэгтэй хүүхэд уулзвар нэвтрэн гүйж гарахад хөх саарал өнгийн машин гарч ирээд мөргөсөн. ...Машинд дайруулдаг хүүхэд “Мэнд-Амар” худалдааны төвөөс гүйж гарч ирээд замын уулзвараар гарах гэж байсан 90-00 ОРО улсын дугаартай автомашинд мөргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/

-Гэрч У.Отгонцэцэгийн ......”Удалгүй нөгөө хүүхэд нь “Мэнд-Амар”-аас ганцаараа гарч ирсэн ба зам руу гүйгээд гарах гэтэл хажуу талаас нь саарал өнгийн жийп машин гарч ирсэн. Тэгээд тэр хүүхэд тэр машины баруун талын урд хэсгийг мөргөөд унасан. ...Тэр хүүхэд машины ард талын дугуй хэсэгт нь орчихсон хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/

         -Гэрч Б.Нямдашийн......”Нэгжээ авчихаад гараад иртэл охин Энхцогзол маань ээжээ тэрийг хараач гээд орилсон. Тэгтэл “Мэнд-Амар” худалдааны төвийн зүүн талын туслах замын явган хүний гарц дээр хүү маань машинд мөргүүлээд доор нь орчихсон байхаар нь би гүйж очоод жолоочийг загнаж байхад хүргэн маань байна уу өөр хэн нэг нь байсан уу машин доороос талийгаачийг гаргаж ирээд газар хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/

-Гэрч Г.Батмөнхийн .......”5-1 дүгээр байр талдаа буюу туслах зам гараад дөнгөж цаахан талд эхнэр хүүхэдтэйгээ уулзах гээд байж байтал ард туслах зам дээр пид гэх чимээ гарсан. Эргээд хартал нэг машины доор хүүхэд орчихсон байхаар нь дөхөж очих гээд алхаж явтал цаанаас хадам ээж орилоод явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/

-Гэрч Б.Энхцогзолын . . . “Дэлгүүрийн зүүн талын зам дээр пид гэх чимээ гарсан, тэр зүг рүү хараад ээжийгээ нааш ир гээд дуудтал цаанаас ээж маань Сүлдээ дайруулчихсан байна шүү дээ гээд орилоод унасан. Тэгээд очтог талийгаач дүүг маань машин доороос гаргаад хажуухан талд хэвтүүлчихсэн амнаас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаартай:

Талийгаачид хүнхрээ ясны үйрч бяцарсан хатуу хальсыг гэмтээсэн хугарал, суурь ясны бүрэн салсан хугарал, их ба бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, нүүрний зүүн тал, эрүүний тал, хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн шагайн үений дотор тал шарх, зүүн мөр, иуруу, зүүн өгзөг, хэвлий, зүүн цавь, зүүн хөлийн гуяны ар доод тахим, шилбэ, тавхайн дотор хэсэг, баруун хөлийн шагайн гадна хэсэгт зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүдээс үзэхэд талийгаачийг босоо байрлалд байхад, зүүн талаас хүчтэй хүчээр, хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна.Талийгаачийн үхлийн шалтгаан нь хүнхрээ ясны үйрч бяцарсан. хатуу хальсыг гэмтээсэн хугарал, суурь ясны бүрэн салсан хугарал, их ба бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал болно гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/

-Замын цагдаагийн газрын Шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 114 дугаартай: ...Жолооч Ц.Дашдаваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5.3амын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 7.7.Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө. 9.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна. ...5...30 км/цагийн хурдтай явсан гэх дүгнэлт хх-ийн 72-73-р хуудас/

-Яллагдагч Ц.Дашдаваагийн . . . “Мэнд-Амар” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талын чулуун хашлаганы цаанаас гэнэт нэг хүүхэд гүйж гарч ирээд машины баруун урд талыг мөргөсөн. Би хүүхдийг харсан даруйдаа тормоз гишгэсэн боловч хүүхэд машинд мөргүүлж доогуур орсон гэх мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дашдаваагийн өгсөн: Гэм буруугаа ойлгож гэмшиж байна гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн.

Шүүх шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар, шүүгдэгч Ц.Дашдаваа нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэнд-Амар” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талын туслах замын явган хүний гарц дээр 90-00 ОРО улсын дугаартай Мицүбиши Пажеро загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5.3амын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 7.7.Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө. 9.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс  баруун гар талаас гэнэт гүйж гарч ирсэн 6 нас 9 сартай Б.Сүлдийг мөргөсний улмаас амь нас нь хохирсон болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэ болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул  Ц.Дашдаваад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсгээр түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй.

Шүүгдэгч Ц.Дашдаваа хохирогчид оршуулгын зардал 3,340,650 төгрөг,сэтгэл санааны хохиролд тооцож  4,000,000 төгрөг нийт 7,340,650 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ ирүүлсэн байна.

            Шүүгдэгч Ц.Дашдаваад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж хохирогчид туслалцаа үзүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

        1.Шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндашийн Дашдавааг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Дашдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дашдаваа тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

       4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйл,186 дугаар зүйлд зааснаар Ц.Дашдаваад оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлт, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дашдаваад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ