| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/0137/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/151 |
| Огноо | 2026-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Зуунай,
Хохирогч Ц.Б,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2619000000090 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ... хамт ... аймгийн .... сумын ..... дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б.О /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.О нь 2025 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ц.Бт “үүдний өрөөний шкап, том өрөөний стик” зэргийг 3,000,000 төгрөгөөр хийж өгөхөөр тохиролцож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдчилгаа 2,200,000 төгрөгийг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х.Д-д “гал тогооны өрөөний тавилга” хийж өгөхөөр тохиролцож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар урьдчилгаа 2,800,000 төгрөгийг шилжүүлэн авч мөрийтэй тоглоом тоглож тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би буруу үйлдэл хийснээ ойлгож байгаа. Анх Ц.Бынхаас захиалга авахдаа хийлгэхээр бол эртхэн урьдчилгаагаа авч байж хийлгэж болно шүү тэгэхгүй бол өөр захиалга гарч ирнэ гэсэн. Тэгээд эднийхийг таг болчихоор нь эмнэлгийн хажуу талын эмийн сангийн ажлыг авсан. Тэгсэн Ц.Б гэнэт урьдчилгаагаа хийчихсэн шүү гэсэн. Өмнөх ажлаа хийж дуусаад эхний захиалгыг хийх болчихоод хугацаа алдсан. Д, Ц.Б нарын мөнгө зэрэг орж ирсэн. Тухайн үед байрны түрээс нэхэгдсэн, шүүхийн шийдвэрийн төлөлт, машин барьцаалсан зээл, эхнэрийн банк бусын зээл зэрэг нэхэгдэж, мөнгөний хэрэгцээ гарсан. Тэгээд тоглоод үзчихвэл яах юм бол гэж бодоод тоглосон, түүнээс анхнаасаа тоглох гэж мөнгө аваагүй. Одоогоор миний цех хэвийн ажиллаж байгаа. Санаатай тоглохоор мөнгө аваагүй, 2 сараас хойш ямар ч ажил орж ирээгүй, сая нэг найзтайгаа хамт айрагт барилгын ажилд орсон. Тухайн ажлаасаа урьдчилгаа аваад хохирлыг нь өгч болох уу...” гэв.
Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... ... төвийн хойд талын шинэ байранд нүүж ороод шинэ тавилга хийлгэхээр болсон. Тэгээд Х гэдэг хүнтэй ярьсан чинь захиалгаа дийлдэхгүй байна, энэ хүн найдвартай хийдэг гэж Б.Отай холбож өгсөн. Удалгүй Б.О над руу яриад захиалга авахаар болоод урьдчилгаа 2,000,000 хийж байж баталгааждаг гэсэн. Тухайн үед цалин ороогүй байсан болохоор цалин буунгуут 1,700,000 төгрөгийг хийсэн. Тэгсэн урьдчилгаа мөнгө чинь бага байна гэхээр нь 01 сарын урьдчилгаа цалин дээр үлдэгдэл төлбөр болох 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би ээлжээр ажилладаг болохоор захиалга хэзээ гарах вэ гэсэн чинь ирэхэд чинь гарчихна гэсэн. Манай байранд бас нэг тавилга зөөж байхаар нь энийгээ хийж дуусаад хийх юм байх гэж бодсон. Тэгээд ажлаас ирэхэд захиалга гараагүй байсан эргээд ажилдаа явахынхаа өмнө очиж уулзсан чинь материал татсан зүсэлт хийсэн зүйл байхгүй болохоор нь материалаа аваагүй бол захиалгаа больё, мөнгөө авъя гэсэн. Одоогоор нэг ч мөнгө эргүүлж аваагүй байна...” гэв.
Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр өдрөө манай гэрт ирээд тавилгын хэмжээ аваад үнэ хөлсөө тохиролцоод 14 хоногийн дотор хийж дуусгана гэж хэлээд Б.О урьдчилгаа 2,000,000 төгрөгөөр хийчих гэхээр нь би 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б.Оын явуулсан байсан Хаан банкны .... дугаартай данс явуулахаар нь би өөрийн Голомт банкны ..... дугаартай данснаас урьдчилгаа 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг Б.Оын явуулсан Б гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь Б.О над руу дахиж залгаад мөнгө чинь дутуу байна гэхээр нь би 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг өөрийн Голомт банкны данснаас Б.Оын явуулсан Хаан банкны Б гэсэн данс руу шилжүүлэг хийсэн. Тэрнээс хойш 2026 оны 01 дүгээр сарын 21-нд ажлаас ирээд Б.Отай уулзахад тавилгыг чинь хийх гээд материалаа захисан байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш дахиад 10 хоногийн дараа асуусан чинь хийж эхлээгүй байхаар нь тэгвэл тавилгаа хийлгэхээ больё мөнгө авъя гэсэн чинь одоохондоо мөнгө алга тэгж материалаа буцаагаад мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Б.О нь тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тавилга хийгээгүй мөнгө ч байхгүй намайг залилсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р ху/,
Хаан банкны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/5360/101 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д-ын Б-н эзэмшлийн ...... дугаартай дансны хуулга /хх-ийн 10-14-р ху/,
Дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15-16-р ху/,
Хохирогч Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ тавилга хийлгүүлэхээр авто тээврийн төвийн хажуу талын тавилга хийдэг газар очиж цагаан сараас өмнө гал тогооны өрөөндөө тавилга хийлгүүлэх санаатай бага хүү А-тай очиж захиалга өгсөн. Тэгээд 01 дүгээр сарын 07-ны өдөр манай гэрт ирж хэмжээ авчхаад явсан тэгээд урьдчилгаа 70 хувь хийж байж тавилга баталгаажна гэх хэлэхээр нь 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаартай данс руу Хаан банкны салбар дээр очиж байгаад 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Худалдаа хөгжлийн банк дээр очоод үлдэгдэл 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд тавилгын 2,800,000 төгрөгийг 100 хувь шилжүүлсэн. Тэгээд тавилгын мөнгө өгснөөс хойш 14 хоног дотор хийж эхлэх талаар хэлсэн. 14 хоногийн дараа манай охин Болормаа очиж уулзахад тавилга хийж эхлээгүй байсан. Манай охин 3 хоногийн дараа очиж тавилга асуухад эхлээгүй байсан. Тэрнээс хойш би охин Б-г дагуулж очиход хийж байгаа захиалгаа хийж дууссаны дараа хийнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш 1 сарын дараа болоход дахиад хийгээгүй болохоор нь одоо тавилга хийлгэхээ больё гэж хэлээд мөнгөө авъя гэтэл мөнгө ч байхгүй, тавилга ч байхгүй болсон... Одоо хийж байгаа, ажлаа хийж дуусгаад хийнэ гэж хэлдэг байсан. Одоо болтол мөнгө өгөөгүй, тавилга ч хийж өгөөгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р ху/,
Хохирогч Х.Д-мын Хаан банкны .... тоот дансны хуулга, Д.Б-гийн Хаан банкны ... тоот дансны хуулга, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 56-62-р ху/,
Яллагдагч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "... Би ... сумын ... дугаар багт байрлах гэрт нь очиж үүдний шкап зурагтын тавиур зэрэг хийлгэхээр болоод би гэрт нь очиж хэмжээ аваад урьдчилгаа 2,100,000 болох юм байна гэж хэлсэн. Тэгээд Ц.Б урьдчилгаа гэж эхлээд 1,700,000 төгрөг шилжүүлсэн дараа нь 500,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би тэр шилжүүлсэн мөнгөөр нь хүнд өртэй байсан болохоор онлайн покер тоглоом тоглож мөнгөө өгсөх санаатай тоглосон. Өсгөсөн мөнгөөрөө хүнээс авсан өрөө дарах зорилготой байсан. ...Би 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би хөдөө ..р аймагт явж байхад тавилга хийлгэхээр нэг хөгшин утас руу залгаад тавилга хийлгэхээр болсон байсан. Тэгээд гал тогооны тавилга хийлгэхээр 2,800,000 төгрөгөөр тохиролцсон байсан. Тэгээд тухайн мөнгийг захиалга өгснөөс хойш хэд хоногийн дараа гал тогооны тавилгын мөнгө гэж 2,800,000 төгрөгийг манай аавын Хаан банкны 4373044107 тоот дугаартай данс руу шилжүүлсэн байсан. Тухайн орсон мөнгөөр нь түрээсийн мөнгө өгсөн. Мөн мөнгөний хэрэг байсан болохоор өсгөх санаатай мөрийтэй тоглоом тоглосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 72-р ху/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.О нь 2025 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ц.Бт “үүдний өрөөний шкап, том өрөөний стик” зэргийг 3,000,000 төгрөгөөр хийж өгөхөөр тохиролцож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдчилгаа 2,200,000 төгрөгийг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х.Д-д “гал тогооны өрөөний тавилга” хийж өгөхөөр тохиролцож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар урьдчилгаа 2,800,000 төгрөгийг шилжүүлэн авч мөрийтэй тоглоом тоглож тус тус залилсан болох нь Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-р ху/, Хаан банкны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/5360/101 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д-ын Б-ийн эзэмшлийн ...... дугаартай дансны хуулга /хх-ийн 10-14-р ху/, Дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15-16-р ху/, Хохирогч Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52-р ху/, хохирогч Х.Д-ын Хаан банкны ... тоот дансны хуулга, Д.Б-ийн Хаан банкны .... тоот дансны хуулга, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 56-62-р ху/, яллагдагч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 9, 72-р ху/ зэрэг нотлох баримтууд болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэг тооцохоор заажээ.
Өөрөөр хэлбэл: Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг, Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг... зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Б.О нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч Ц.Бт 2,200,000 төгрөг, хохирогч Х.Д-д 2,800,000 төгрөгийн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р ху/-аар тогтоогдож байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн тэнсэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар... санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан тул шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Оаас нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж, 2,200,000 төгрөгийг хохирогч Ц.Бт, 2,800,000 төгрөгийг хохирогч Х.Д-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.О тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг ..... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж, 2,200,000 төгрөгийг хохирогч Ц.Бт, 2,800,000 төгрөгийг хохирогч Х.Дд тус тус олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.