| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/0138/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/152 |
| Огноо | 2026-06-05 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | С.О |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Оюунсувд,
Хохирогч Э.Б,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2619000000074 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.О
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дэлгүүрийн урд байрлах ... дэлгүүрийн гадна цагдаагийн ахлах ахлагч Э.Бийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, салаавч гарган, яах гээд байгаа пизда вэ, хувхай ал минь нохойн доодох минь гэж доромжилж, харааж, гараараа цохиж эсэргүүцсэн мөн тээврийн хэрэгсэлд суулгахад хөлөөрөө цээж хэсэгт нь өшиглөж, энгэрийн камерыг унагааж цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байхад ... дэлгүүрийн хажуудах .. тэнд хүмүүс хоорондоо маргалдаад байна гэсэн дуудлага ирүүлсний дагуу очсон. Очиход хоорондоо маргалдсан байдалтай байсан, юу болсон талаар нь тодруулахад “энэ хүн намайг үстээд машины дундуур чирээд хэрүүл маргаан үүсгэж зодолдоод байна” гэсэн. Б.О гэх иргэнээс юу болсон талаар тодруулахад “энэ хүмүүс намайг зодчихлоо, цагдаагийн байгууллага руугаа аваад яваарай” гэсэн. Тэгэхээр нь би “та машинд суучих, нөгөө хэд нь араас ирнэ” гэсэн. Б.Оийг суулгачихаад хэдэн хүн нэмж суулгах гэсэн чинь машины суудал дээр хэвтчихээд хөлөө гаргаад машины суудлаас хоёр гараараа барьчихаад хөдлөхгүй байсан. Тэгээд цаашаа суу бөөнд нь суулгахгүй бол багтахгүй гэсэн чинь эхнэр рүү тийрээд энгэрийн камер унагаад хэл амаар доромжилсон. Цагдаагийн газарт очиж жижүүрийнх нь мөрдөгчид хүлээлгэж өгсөн...” гэв.
Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу бүтэн сайн өдөр амралтын өдөр хуваарийн дагуу өглөөний 10 цаг 00 минутаас 16 цаг 00 минутын хооронд тус цагдаагийн газрын эргүүлийн цагдаа Н.Ү-ын хамт ... улсын дугаартай Киа маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед шанд-10 тусгай дугаараас 13 цагийн орчим ... дэлгүүрийн урд байх ... дэлгүүрийн гадна талд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгах гэж очиход 8-9 орчим хүн хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь миний бие очиж юу болов оо гэж асуухад нэг эмэгтэй хүн надад хандаж Б.О гэх эмэгтэйг заагаад энэ хүн намайг үсдэж мөн машиныг минь өшиглөсөн, мөн халзан толгойтой эрэгтэй хүн намайг бас энэ эмэгтэй цохисон гэж хэлсэн... Би тэр үед байнга цагдаагийн байгууллагад гэртээ архидан согтуурсан, хэрүүл маргаан үүсгэж гэж Дуудлагаар орж ирдэг Б.О гэх эмэгтэй дээр очиход согтуу нүүр нь улайчихсан, шүднээс нь цус гарчихсан байдалтай байхаар нь би асуухад эд нар намайг зодчихлоо цагдаа руугаа аваад яв гэж хэлсэн. Эхлээд Б.Оийг суулгаад нөгөө хүмүүсийг суулгатал буцаад нөгөө хүмүүс нь гараад ирсэн. Би буцаагаад суулгах гэтэл Б.О арын суудал дээр хэвтчихсэн байхаар нь та босоод шахаад суу өөр хүмүүс сууна гэж хэлтэл миний өөдөөс салаавч гаргаад намайг зодсон хүмүүсийг хамт аваад яв гээд цохих гээд гараараа далайгаад дайрахаар нь өөрийгөө хамгаалаад гараараа хааж байтал хөлөөрөө цээж орчим тийрэхэд миний энгэрийн бичлэг хийж байсан камер өшиглөх үед унасан. Камер унахаар нь би машины хаалгыг хаах гэсэн боловч хөлөө машины хаалганы гадна талд гаргачхаад хаалга хаалгуулахгүй хамт явж байсан 4 хүнээ суулгахгүй байсан. Тэгэхээр нь би татаж босгоод цааш нь түлхээд суулгасан. Суулгах хооронд хөл гар нь нүүр лүү цохих гээд байсан. Суулгасны дараа нөгөө хүмүүсийг нь суулгаад жоохон явж байтал энгэрийн камераа газар унагааснаа санаад буцаж ирж аваад ажил руу явж байх явцад 126 руу дуудлага өгнө, мөн за муу дутуу төрсөн янхан минь, пизда минь гэх мэтээр элдэв янзын хараалын үгээр харааж байсан. Ажил дээр авчраад жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Э-д хүлээлгэн өгсөн. Ажил руу явж байх замд камерын бичлэг хийгдэж байсан. Би тухайн эмэгтэйд гар хүрч цохисон зүйл байхгүй. Би машинд суулгасан байх үед харин намайг гараараа цохиж мөн цээжин тус газар хөлөөрөө тийрсэн. Мөн элдэв янзын хараалын үгээр доромжилж байсан. Эдгээр нь камерт бичигдсэн. Намайг очих үед их согтолттой нүүр нь улайсан, шүднээс нь цус гарсан, гадна хувцас нь газар унасан байдалтай тоос шороо болчихсон нэлээн согтолттой байсан. Харин дараа нь драгер үлээлгэсэн байсан. Миний биед гэмтэл учраагүй. Миний хувцсанд мөн урагдсан зүйл байхгүй. Харин энгэр орчим гутлын тоос тогтсон байсан... би тухайн үед нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглээгүй... Б.О гэх эмэгтэйд холбогдуулж ойр хавийн хүмүүс нь байнгын дуудлага өгдөг. Мөн гэр орондоо байнга хүмүүс цуглуулж архидан согтуурч очсон цагдаагийн алба хаагч болгонтой маргаан үүсгэж хэрүүл амаар доромжилж байдаг юм..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/,
Гэрч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... .... аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн ажлыг 2024 оноос хийж гүйцэтгэдэг. 24 цагаар үүрэг гүйцэтгэж 24 цаг амардаг. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эмчийн хамтаар ажилладаг. Тухайн үед саатуулах, эрүүлжүүлэх байранд хүнгүй байхад Б.О гэх хүнийг Эргүүлийн цагдаа ахлагч Э.Б, дэд ахлагч Д. Ү нар оруулж ирэхэд нь би согтуурал хэмжих багажаар согтуугийн зэргийг шалгатал "3.85" зэргийн согтолттой байсан. Согтуурлаа шалгуулсны дараа Б.О гэх драйгер багажийг гараараа цохиж унагаасан. Надад хандаж "Чамайг алаараа хавчиж ална", "пизда минь" гэх зэргээр харааж байсан. Тухайн үед жижүүрийн мөрдөгч ахлах дэслэгч Э.Э Б.Оийг саатуулахгүйгээр явуулсан. Учир нь хэвтрийн нөхөртэй асрах хүн байхгүй гэж байсан... Эргүүлийн цагдаа ахлах ахлагч Э.Бийн албаны хувцасны энгэр хэсэг нь шороо тоос болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р ху/,
Гэрч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.О нь согтуурлаа шалгуулсны дараа драйгер багажийг гараараа цохиж унагаасны улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Багаж хэвийн ажиллагаатай ажиллаж байгаа..." гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 25-р ху/,
Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн үед 13 цагийн орчим ... дэлгүүрийн урд байрлах ... дэлгүүрийн гадна талд хүмүүс маргалдаад зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн үед хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Э.Б, цагдаагийн дэд ахлагч Н.Ү нарт дуудлагыг дамжуулсан. Түүний дараа ажил дээр 13 цаг өнгөрч байхад Э.Б болон Ү нар нь маргалдсан гэх хүмүүсийг авчирсан. Тэр үед Б.О гэх хүн нь согтолт ихтэй цагдаагийн алба хаагч нар болон нөгөө хүмүүс рүү агсам согтуу тавьж харааж дайрсан байдалтай... Б.О гэх эмэгтэйд холбогдуулж иргэд дуудлага мэдээлэл их өгдөг, гэртээ байнга хүмүүс цуглуулж архидан согтуурч бусадтайгаа маргалддаг хүн байгаа юм. Тэр үед үүрэг гүйцэтгэж байсан Э.Б цагдааг хувцасны гол, мөн элдэв янзын хараалын үгээр харааж байсан. Үүдэнд орж ирээд хамт ирсэн хүмүүс рүү дайрч давшлаад байхаар нь саатуулах байр луу хүргэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р ху/,
Гэрч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгтэл 1 цагдаагийн машин өнгөрөөд явсны дараа муусайн төрийн цагдаа нар надад үйлчлэхгүй гээд орилоод байсан. Удалгүй хөдөлгөөнтийн цагдаа нар ирсний дараа нэг цагдаагийн элдэв үгээр доромжилж мөн хойд суудал дээр хэвтчихсэн босгох гэхээр цагдаа руу хөлөөрөө тийрээд байсан. Түүний дараа цагдаа дээр ирсний дараа цагдаагийн үүдний өрөөнд орилоод би энд чинь шээнэ гэх мэтээр хашхираад байсан. Б.О гэх эмэгтэйг би зүс танина. Хааяа гадуур таарахад архи уучихсан л явж байдаг. Тухайн үед үүссэн маргааны асуудлыг хэсгийн байцаагч Б.Ганчөдөр шалгаж байгаа, мөн энэ талаар мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р ху/,
Гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу амралтын өдөр цагдаагийн газрын жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм...Дуудлагын үед хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан, цагдаагийн ахлах ахлагч Э.Б, болон өөр танихгүй 4-5 орчим хүмүүстэй ирсэн. Б.От хүмүүс холбогдуулан байнга дуудлага мэдээлэл өгдөг юм. Дуудлагаар орж ирэхдээ байнга архидан согтуурсан, мөн хүмүүс цуглуулж архи уудаг гэх утгатай хүмүүс дуудлага мэдээлэл өгдөг юм. Тухайн үед ажил дээр орж ирэх үедээ согтуу, чанга орилж хүмүүс рүү хараалын үг урсгаж, эргүүлийн цагдаа Э.Бийг пизда гэх мэтээр харааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р ху/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Н-ийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ДОГ0726/164 дугаартай “...Э.Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-р ху/,
Б.Оийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгагч багажаар шалгасан бүртгэлийн хуулбар /хх-ийн 47-48-р ху/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дэлгүүрийн урд байрлах ... дэлгүүрийн гадна цагдаагийн ахлах ахлагч Э.Бийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, салаавч гарган, яах гээд байгаа пизда вэ, хухай ал минь нохойн доодох минь гэж доромжилж, харааж, гараараа цохиж эсэргүүцсэн мөн тээврийн хэрэгсэлд суулгахад хөлөөрөө цээж хэсэгт нь өшиглөж, энгэрийн камерыг унагааж цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч хууль сахиулагчийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг, “Албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн биед халдсаныг тус тус ойлгоно.
Хууль сахиулагч нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг тул гэмт этгээд, хууль зөрчсөн иргэдээс тэднийг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад хийж байгаа санаатай хэлбэрээр илэрдэг, хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.О нь ... аймгийн ... газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа Э.Бийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн салаавч гарган, яах гээд байгаа пизда вэ, хухай ал минь, нохойн доодох чинь гэж доромжлон харааж, гараараа цохиж эсэргүүцсэн мөн тээврийн хэрэгсэлд суулгахад хөлөөрөө цээж хэсэгт нь өшиглөж, энгэрийн камерыг унагаах зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн ба шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Б.Оийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.От тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг .... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.