| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/0135/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/156 |
| Огноо | 2026-06-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж
нарийн бичгийн дарга Б.Сүрэнчимэг
улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2619000000121 дугаартай хэргийг 2026 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч 2026 оны 06 сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.М
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.М нь 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух Ц.Ц-аас лоом гуйсны дагуу түүнийг гэрийнхээ гадаа амбаарт лоом хайх хооронд гэрээс нь иргэний үнэмлэх, гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч, улмаар Ц.Ц-ын иргэний үнэмлэхийг ... банкны Киоск төхөөрөмжид уншуулан мэдээлэлтэй нь танилцаж 5,997,000 төгрөгийг тэтгэврийн зээл авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.М нь 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... аймгийн ... сумын ... дүгээр баг .. тоотод оршин суух Ц.Ц-аас лоом гуйсны дагуу түүнийг гэрийнхээ гадаа амбаарт лоом хайх хооронд гэрээс нь иргэний үнэмлэх, гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч, улмаар Ц.Ц-ын иргэний үнэмлэхийг ... банкны Киоск төхөөрөмжид уншуулан мэдээлэлтэй нь танилцаж 5,997,000 төгрөгийг тэтгэврийн зээл авсан болох нь хохирогч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р ху/, гэрч У.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р ху/, сэжигтэн Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р ху/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12-р ху/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21-22-р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Ц.Ц-ын эзэмшлийн ... банкны ... тоот дансны хуулга /хх-ийн 22-23, 25-р ху/, ... банкны Киос төхөөрөмжөөс мөнгө авч байгаа үеийн гэрэл зураг /хх-ийн 26-р ху/, хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хх-ийн 29-р ху/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-р ху/, ... банкны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26/5361/11 дугаартай албан бичиг /хх-ийн 48-р ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Г.Мгийн үйлдэл нь хохирогч Ц.Ц-ын эзэмшлийн гар утас, иргэний үнэмлэхийг ашиглан мөнгө авах зорилгоор санаатайгаар хариу төлбөргүйгээр, нууц аргаар буюу өөрт нь мэдэгдэлгүй шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бодит хохирол үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар цахим орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн аливаа идэвхтэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.М нь хохирогч Ц.Ц-ын гар утас, иргэний үнэмлэхийг ашиглан ... банкны Киос төхөөрөмжид уншуулан мэдээлэлтэй танилцан 5,997,000 төгрөгийн зээл авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Мг кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан, харин хохирогч Ц.Ц-ын эзэмшлийн иргэний үнэмлэх, гар утсыг өөрт нь мэдэгдэлгүйгээр авч 5,997,000 төгрөгийн зээл авч өөртөө хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан буюу хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч Г.М нь Ц.Цд 5.997,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.Мд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийд эдлэх ялын хэмжээг 1 жил, 06 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 33 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 07 сар, 03 хоногийн хугацаагаар тогтоох саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц нь шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Г.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийд эдлэх ялын хэмжээг 1 жил, 06 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 33 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 07 сар, 03 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр ... аймаг, ... сумаас гадагш зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.