| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/0143/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/157 |
| Огноо | 2026-06-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Б.Сүрэнчимэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Хохирогч М.С, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А овогт М.Т /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Т нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ... аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод М.Стай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн цусан хураа, тархины эдийн няцрал, суурь ясны хугарал, зулай ясны хугарал, дагз ясны хугарал, эрүү ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, нүүр дух, хүзүүний хэсгийн зулгаралт гэмтэл бүхийн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Т нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ... аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод М.Стай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн цусан хураа, тархины эдийн няцрал, суурь ясны хугарал, зулай ясны хугарал, дагз ясны хугарал, эрүү ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, нүүр дух, хүзүүний хэсгийн зулгаралт гэмтэл бүхийн хүнд хохирол санаатай учруулсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаартай “1. М.Сын биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн цусан хураа, тархины эдийн няцрал, суурь ясны хугарал, зулай ясны хугарал, дагз ясны хугарал, эрүү ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, нүүр, дух, хүзүүний хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. М.Сын биед учирсан суурь ясны хугарал, зулай ясны хугарал, дагз ясны хугарал гэмтлүүд нь нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг, тархины эдийн цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. М.Сын биед учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. М.Сын биед учирсан баруун нүдний зовхины цус хуралт, нүүр, дух, хүзүүний хэсгийн зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 7. Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-94-р ху/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-26-р ху/, гэрч Ш.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Манай дүү М.Стай хамт ажилладаг ковшийн ахлах ажилтай Б гэх хүн Д... сумын эмнэлэг дээр намайг очиход байсан ба надад хэлэхдээ 2025 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цаг 30 минутын орчимд би зам дээрээс юм тосох гэж явахдаа М.Сыг хань татаж авч гарсан. Би М.Сыг дагуулаад Х, Т, Б-тэй хамт тавуулаа архи уусан. Би тасарсан байсан. Намайг сэрэхэд Т, Б 2 М.Сааг зодож байхаар нь хүүхэд аллаа гэж хэлээд салгасан. М.Саа ухаан алдаад унахаар нь эмнэлэгт хүргэсэн гэж хэлсэн. ... Мөн Х өөрийнхөө өмссөн хамгаалалтын төмөртэй гутал руу заагаад ийм гутлаар хүн өшиглөхөөр яаж гэмтэхгүй байх вэ гэж ярьсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р ху/, гэрч Н.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Манайд Х, О, Т гурав 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Манай ээж бас байсан. Ээж архи уугаагүй. Гэрт ирээд байж байхад Х ажлынхаа газрын Б, М.Саа гэдэг 2 залууг дуудсан. Б, М.Саа 2 манайд 2,5 литрийн 2 ширхэг пивотой ирсэн. Тухайн пивыг ууж байхад Х, М.Т 2 хоорондоо маргалдаад байсан. ...Б бид 2 салгаад байж байхад М.С, М.Т рүү Т-гийн утсыг авч шидээд нүүр рүү нь гараараа цохисон. М.Т М.Сыг барьж аваад хавсраад унагаасан. М.С унаад таталт өгөөд ... түргэн тусламж дуудсан.... М.Т, М.Саа хоёр заамдалцаад эхлэхээр нь би "Та хоёр архи уучхаад яах гэж ингэж байдаг юм гэж хэлсэн" удалгүй түс тас хийх чимээ гарч эхэлсэн. Би гал тогооноос гараад яачхав аа, юу болов оо гээд том өрөөнд очиход М.Т М.Саагийн дээр хоёр өвдгөөрөө өвдөглөөд суучихсан М.Саа дээшээ хараад хоёр гар нь дээшээ дэлгэгдээд татсан байдалтай байсан. М.Тг би татаж босгоод Б миний араас орж ирсэн. Би М.Саагийн цамцыг тайлж хоёр гараараа цээжин дээр нь хоёр удаагийн давтамжтай цээж шахалт хийсэн. Б намайг цээж шахалт хийж байхад М.Саагийн дээрээс ус цацсан. Хэн нь хэнийг яаж цохисон талаар хараагүй...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36, 38-р ху/, гэрч Х.Х-ийн “...Архи ууж байхдаа би М.Ттэй маргалдсан юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Б М.Т бид хоёрыг салгаж нэг, нэг алгадсан. Би уурандаа гарч яваад хадмын цонхыг нь гараараа хага цохисон. Тэгээд би байрандаа очиж амарсан. Өглөө сэрэхэд М.Сааг зодчихсон байна гэж сонсоод эмнэлэг дээр ирсэн. М.Саагийн ар гэрийнхэн ирчихсэн ухаан орохгүй байна гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р ху/, гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... М.С пиво уусан. М.С архи уугаагүй. Архийг М.Т, Х, Б бид 4 уусан. Би бас пиво уусан. М.Т, Х 2 нэг хүүхнээс болж муудаад байсан. Манай ажлын нэг залуу Чойрт хоригдож байгаа эхнэр рүү нь битгий ойртоорой гэж Х хэлсэн. Муухай шүү гээд хэлэхэд М.Т өөдөөс нь муудалцаад маргалдсан. Б бид 2 салгасан. Х нүцгэн гараад явахаар нь би М.Сыг араас нь фулволк цамцыг нь хүргэж өг хэлээд М.Сыг явуулсан. М.Т, Б бид 3 үлдсэн. Х М.Сын утсаар над руу залгаад миний утсыг авчхаарай гэхээр нь утсыг нь аваад гарах гэж байхад Х, М.С 2 ороод ирсэн. М.Т, Х 2 хоорондоо муудаж байгаа учраа олоод байж байгаад дахин пивоо ууж эхэлсэн. М.С, Х бид 3 сууж байсан Б М.Т 2 гадаа тамхилчхаад М.Т орж ирээд та нар яахаараа инээгээд сууж байдаг юм гээд агсрах шинжтэй байсан. Б-ээ, Х, М.Т 3 хоорондоо маргаан үүсээд Билгүүн, М.Т, Х хоёрыг алгадсан. Х уурлаад гараад явсан. Байшингийн жижиг цонхийг хага цохичхоод яваад өгсөн. Бид нар үргэлжлүүлэн пивоо уусан. Би том өрөөнд нь тасарсан. Хүн чарлаад байхаар нь сэрээд харахад М.Т, М.Саагийн дээр гарчихсан байсан та нар арай ч дээ гэж хэлэхэд М.Т, Б 2 гараад явсан. М.С ухаан алдсан байдалтай байсан. Би дээрээс нь баллонтой ус асгахад М.С амьсгал нь муур шиг дуугарч байсан. Ярьж чадахгүй байсан. М.Т Б 2 буцаж орж ирээгүй. Би түргэн рүү залгахад утсаа аваагүй ажлынхаа А руу / бүтэн нэрийг нь мэдэхгүй/ залгаад зодооны асуудал болсон хүрээд ирээ гэсэн. А эхнэр нь Т эгчтэй хамт ирээд А бид 2 М.Сыг дамжилж өргөөд машинд хойд талын суудал дээр миний өвөр дээр хэвтүүлээд бид хэд М.Сыг аваад ... эмнэлгийн үүдэнд ирэхэд М.С амьсгал нь тасалдаж намайг сандаргасан. Эмч нар гарч ирээд эмнэлэг рүү аваад орсон. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р ху/, сэжигтэн М.Тгийн “...Би Б-ээ ах Б-той ирсэн залуу бид 3 үлдсэн. Бид 3 гал тогооны өрөөнд байхад би ширээний хажууд сандал дээр сууж байхад Болдоотой ирсэн залуу миний утсыг шидээд зүүн нүд рүү цохисон. Би сандал дээрээс босоод тухайн залууг нүүр рүү нь баруун гараараа 2 удаа цохисон. Хөлөөрөө зүүн хөл рүү нь хавсарч унагаасан. Тухайн залуу газарт унаад таталт өгөөд алгадсан чинь ухаан алдсан. Тэгээд би айгаад цээжин дээр нь дарсан. Хиймэл амьсгаа хийсэн. Хэрэг болсон өдөр М.Сыг өөр хүн зодоогүй. ...М.Стай би маргалдаж зодоон болсон. Өөр хүн М.Стай маргалдаагүй. Хэн ч М.Сын толгой руу өшиглөж, дэвсээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р ху/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 428 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-р ху/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4488 дугаартай “1.М.Сын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан тархи доргилтын дараах хам шинж илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-66-р ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Дорноговь аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ДОГ0726/127 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Сын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тогтоосон ба энэ нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч М.Тгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Дашдондогийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч нь хохирогч М.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч М.С нь нотлох баримтаар 10,300,359 төгрөгийг нэхэмжилснийг хангаж, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 хувьтай тэнцэх буюу /22,99*792,000/=18,208,080 төгрөг, нийт 28,508,439 төгрөгийг шүүгдэгч М.Тгээс гаргуулж хохирогч М.Ст олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.Тд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч М.Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тгээс эмчилгээний зардал 10,300,359 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 18,208,080 төгрөгийг нийт 28,508,439 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ст олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.