Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сүрэнчимэг,

           улсын яллагчаар: хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2619001490145 дугаартай хэргийг 2026 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч 2026 оны 06 сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.Т /

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим ... аймгийн ... сумын ... дугаар баг ... боомтод үйл ажиллагаа явуулдаг Ханги өртөөний харуул хамгаалалтын ажилтан Ж.А-тай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь 13 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим ... аймгийн ... сумын ... дугаар баг ... боомтод үйл ажиллагаа явуулдаг Ханги өртөөний харуул хамгаалалтын ажилтан Ж.А-тай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь 13 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.А-гийн өгсөн: “...Би 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед ... сумын 3 дугаар баг ... үйл ажиллагаа явуулдаг ... өртөө гэх газар харуул хамгаалалтад ажилдаг юм. Тухайн өдөр би шөнийн ээлжтэй байсан юм. Тэгээд орой 21 цагийн үед намайг ажлаа хийж байхад хашааны гаднаас нэг машин ирсэн. Намайг очоод шалгахад Т.Т гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би драгер багаж үлээлгээдэх гэсэн чинь Т.Т нь нэг хүн буулгачихаад явлаа гэхээр нь би согтуу хүн оруулахгүй гэсэн. Тэгээд Т.Т нь уурлаад хаалганы тороос мөргөн тасдаад ороод яваад өгсөн юм. Тэгээд би Ханги өртөөний хаб-ын инженер лүү залгаад Т.Т нь согтуу хаалганы тор мөргөн тастаад ороод явчихлаа гэж хэлсэн. Манай хаб-ын инженер шууд хаалгаа хаагаад битгий гаргаарай гэж хэлсэн юм. Тэгээд би хаалгаа хаагаад байж байтал Т.Т нь буцаад гарах гээд хүрээд ирсэн юм. Тэгээд би таныг одоо гаргахгүй манай ажлын хаб ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд Т.Т нь уурлаад тэр хаб чинь хамаагүй гээд намайг нүүр лүү цохиж миний шилэн хүзүүнээс барьж доош харуулж байгаад миний нүүр лүү Өшиглөсөн юм. Тэгээд би цохиулсны улмаас миний нэг шүд хөдөлж нэг шүд унасан, мөн хиймэл шүд маань хугарсан юм. Тэгээд байж байтал манай хаб ирээд намайг амрах байрандаа очоод байж бай гэж хэлээд Т.Ттай уулзаад үлдсэн. Тэгээд маргааш өглөө 11 цагийн үед манай дарга дуудаад шуурхай хурал хийж Т.Тыг манай захирал Ж.А-ийн хохирлыг барагдуул гэж хэлсэн. Тэгээд Т.Т нь миний хохирлыг барагдуулан гэж хэлээд одоо хүртэл утас нь холбогдохгүй алга болсон юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10-р ху/,

            Гэрч Х.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... .. аймгийн ... сум ... дугаар баг ... боомтод байрлах ... өртөө гэх газар амрах байрандаа байж байтал 21 цагийн үед манай өрөөнд Т.Т нь У гэх хүнтэй хамт орж ирсэн юм. Тэгээд намайг машин бариад хүргээд өгчих гэсэн. Тухайн үед тэр хоёр согтуу байсан. Тэгээд би Т.Тын машиныг бариад суурьшлын бүсэд байрлах У гэх хүний гэрт нь хүргэж өгсөн юм. Надад хэлэхдээ хүргэж өгөөд машин аваад яваарай гэж хэлсэн байсан юм. Тэгээд тэр хоёрыг гэрт нь буулгачхаад буцаад явах гэтэл Т.Т нь за би чамайг хүргэж өгнө гээд Т.Т эргээд машиныхаа түлхүүрийг авсан. Тэгээд Ууганбаяр гэх хүнийг үлдээчхээд намайг ... өртөө дээр хүргэж өгсөн юм. .. өртөөгийн харуулын байранд ирээд бид ороход харуул нь машинтай оруулахгүй намайг алхаад орчих гэсэн. Тэгээд Т.Т нь би оруулж өгчхөөд гарна гээд шууд орсон юм. Тэгээд би гэртээ ороод унтсан өөр зүйл мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р ху/,

Гэрч Б.6-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... ... аймгийн ... сум ... дугаар баг ... боомтод байрлах ...-ны хабын инженер ажилтай юм. Тухайн үед би амрах байрандаа амрах гэж байхад 21 цагийн үед манай ажлын газрын харуул над руу залгасан юм. Тэгээд манай ажлын талбайн эрхлэгч болох Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирсэн байна гэж ярьсан. Тэгээд би харуулын байранд яваад очиход Ж.А-д Т.Т нь нэлээн агсан тавьсан байдалтай харуулын биед халдсан байсан юм. Тэгээд би Т. Т.Т дээр очиж шаардлага тавихад Т.Т нь миний өөдөөс эсэргүүцэж, хэрүүл маргаан үүсгэж ажлын байр луу нэвтэрхийг завдсан юм. Тэгээд би Т.Тд оруулахгүй гэж хэлээд хэрүүл хийгээд байхаар нь буцаад амралтын байр луу яваад өгсөн юм. Намайг явсны дараа Т.Т хашаанд дотор машинтайгаа хэд тойрч байгаад яваад өгсөн гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх- ийн 18-20-р ху/,

Сэжигтэн Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би тухайн үед ... сумын ... дугаар багт байрлах ...-нд талбайн эрхлэгч ажилтай байсан юм. Тэгээд тэр өдөр суурьшлын бүсэд байрлах найзындаа орой 20 цаг 30 минутын үед хоол идээд сууж байхад хуучин хамт ажиллаж байсан дүү Ц гэх хүн над руу залган ах би унаагүй болчихлоо намайг ... байранд хүргээд өгөөч гэж хэлсэн юм. Ц бас манай ажлын байранд байдаг юм. Тэгээд би Цэ-ийг Зааг дээр хүрээд ир хүргээд өгчие гэж хэлсэн юм. Тэгээд би Ц гэх хүнийг аваад ...-ны амралтын байр луу явсан юм. Манай ажлын байр үүдэндээ харуулын байртай юм. Тэгээд амралтын байр луу орох гээд харуулын байранд нь очин харуулд нь би жоохон ууцан байгаа юм гэж хэлээд би орж амрахгүй өөр газар очоод унтаад өгнө гээд харин 1 хүн оруулж өгчхөөд гараад явна гэж ажлынхаа харуулаас гуйсан юм. Тэгээд манай харуул намайг уусан байсан болохоор оруулахгүй гээд байхаар нь би гуйж гуйж байгаад орохоор болсон юм. Тэгээд нөгөө харуул хаалганыхаа уяаг буулгаж байхаар  нь би буулгачихлаа гэж бодон дээгүүр нь гараад явсан юм. Тухайн үед хаалгаар орж байхад нөгөө уян салаад унасан байна лээ. Тэгээд нөгөө харуул ирснээ чи машин барьж чадах юм уу гээд намайг оруулахгүй гэж хэлсэн юм. Тэгээд би нөгөө харуултай жоохон маргалдаж байгаад орохоор болоод явсан юм. Тэгээд би Ц-ийг амралтын байранд нь буулгачихаад эргээд иртэл манай ажлын хаб болох А гэх хүн ирсэн байсан юм. Тэгээд би харуулд чи ямар сонин гар вэ би чамаас зөндөө гуйгаа биз дээ гээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд би уурандаа зүүн гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан юм. Тэгээд хажуу талаас нь хаб ирээд намайг салгасан. Тэгээд би хабтай жоохон маргалдаж байгаад яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь А-тай уулзаад янз бүрийн асуудал байна уу гэж асуухад А нь миний хиймэл шүд хурагсан өөр асуудал байхгүй гэсэн юм. Тэгээд би Аг хамт аймаг орж хоёулаа эмнэлэгт үзүүлэн шинэ хиймэл шүд хийлгэж өгнө гэж хэлсэн юм.Тэгээд А нь би одоо ажилтай болохоор би өөрөө очоод дараа нь хийлгэе энэ гайгүй 160,000-170,000 төгрөг болдог юм гэж хэлсэн. Тэгээд би тэгвэл хийлгэхдээ надад хэлээрэй гээд бид хоёр хоорондоо ярилцаад салсан юм.Тухайн үед А залгана гээд залгаагүй. Би бас өөрийн дугаараа солиод холбогдож чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р ху/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-р ху/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Т.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.Тд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар бич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

            Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч А овогт Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.