Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2026/ШЦТ/164

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сүрэнчимэг,

           улсын яллагчаар: хяналтын прокурор Д.Зуунай,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2619000000138 дугаартай хэргийг 2026 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн авч 2026 оны 06 сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Б

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... аймгийн ... сумын ... дугаар баг ... гадна 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Д.Дг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... аймгийн ... сумын ... дугаар баг ... гадна 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Д.Дг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Дгийн өгсөн: “...2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд... хорооллын мах худалдаалах цэгийн үүдэнд найзынхаа машины дотор найзыгаа хүлээгээд жолоо дээр сууж байтал үл таних согтуу хүн машин дотор орж ирж зорчигчийн суудал дээр суугаад машины салон хэсэг рүү шүлсээ хаяад миний шилэн хүзүүнээс татаж аваад нэг шил архи аваад өгчих гэхээр нь би цаашаа гээд цээжнээс нь түлхээд өөрөөсөө холдуултал чи намайг мэдэхгүй л байна даа гээд миний өөдөөс хуруугаараа чичиж байгаад ам руу хуруугаа хийхээр нь дахиад цээж хэсгээс нь түлхтэл миний нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохисон санагдаж байна. Тэгээд болихгүй юм шиг санагдаад заамдаж барьж аваад жаахан боосон чинь амьсгал нь давчдаад байхаар нь би тавьчихсан тэгээд тэр согтуу хүн ч гайгүй болчихсон. ... Тэр согтуу залуу бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үйл явдал машин дотор болсон болохоор хажуугаар явж байсан хүмүүс анзаараагүй. ...Миний үүдэн хоёр шүдний паалан унасан. Үүдэн шүдний баруун талын шүд хөдөлсөн..." гэсэн мэдүүлэг /hх-ийн 4-5-р ху/,

            Гэрч У.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Залуус хорооллын мах худалдааны цэгт мах зарж байгаад дундуур нь гадагшаа гараад ирэхэд миний эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр хоёр хүн зодолдож байхаар нь жолоочийн эсрэг талаар хүрч очоод хаалганы нээгээд юу болоод байгаа юм гэсэн чинь танихгүй ах манай найз Д.Дтэй зодолдож байсан. Тэгэхээр нь та юун хүн бэ та буу гээд хэлсэн чинь нөгөө танихгүй ах чамд хамаагүй би дүүтэйгээ юм ярьж байна чи цаашаа яв гэхээр нь гайхаад нээрээ Д.Дгийн ах нь юм байхдаа гэж бодоод нөгөө танихгүй ахыг дахиад та машинаас буу наад чинь миний машин ярих юм байгаа бол миний машинаас буугаад ярьчих гээд татаад буулгасан чинь нөгөө ах надаас зуураад над руу би танай аав ээжийг чинь танина чи чинь нээрээ худлаа үнэн ноцолддог билүү танай аав чинь балинч лам байсан биз дээ гээд дайраад байсан чинь Д.Д хажуугаас болилоо би цагдаа дуудчихсан байгаа гээд хэлээд дуустал цагдаа хүрч ирсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29-р ху/,

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны ДОГ0726/242 дугаартай шинжээчийн "...Д.Дгийн биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. ... Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих механизмаар үүсгэгдсэн байх боломжтой. Д.Дгийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна....." гэсэн дүгнэлт /хх-ийн 9-р ху/,  

Яллагдагч М.Б-гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэр өдөр залуус хорооллын байранд танихгүй нэг ах хүүтэй хамт 2 шил нэрийн мэдэхгүй Орос архи 0.75 литрийг хувааж уусан. Тэгээд тэндээсээ гарч яваад замдаа мах худалдаалах төвийн гадуур ороод гэр рүүгээ ганцаараа явган явж байгаад машин дотор ганцаараа сууж байсан нэг танихгүй дүүтэй таараад машин дотор нь орж суугаад маргалдсанаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн нөгөө танихгүй дүүтэй машин дотор нь муудалцаад намайг боогоод байхаар нь би тэр дүүгийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. ...Архи уучихсан байсан болохоор зарим үйлдлээ санаж байна. Машин дотор сууж байсан дүүтэй маргалдаад байснаа санаад байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р ху/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол төлбөрийнхөө талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар бич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

            Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Г овогт М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.