Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Хохирогч Д.Н ,

Шүүгдэгч Ё.Б, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё-ийн Б-т холбогдох эрүүгийн 2638001540162 дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баатарууд овогт Ё-ийн Б, 1971 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа Цагаан-Уул зах дээр гар утасны худалдаа эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ……… дугаар баг ……………… тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЮ…………………. дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ё.Б  нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …… дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагаан-Уул захын “………….” нэртэй гар утас худалдааны төвийн нэг давхарт өөрийн нөхөр Д.Н г гэрлүүгээ авч явах зорилгоор дэлгүүрээс гаргахаар түлхэж унагасан болгоомжгүй үйлдлийн улмаас биед нь дагз ясны хугарал, зүүн талын зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн талын хажуугийн ховдол болон 3,4-р ховдолд цус хуралт, баруун чамархайн дэлбэн болон баруун бага тархинд няцрал, голтын бүрдлийн шилжилт, тархины хаван, тархи дарагдал бүхий хүнд хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд.   

1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Б-ын өгсөн: “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг, (шүүх хуралдааны тэмдэглэл),

         1.2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н гийн өгсөн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (шүүх хуралдааны тэмдэглэл),

1.3 Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2638001540162 дугаартай хэргээс:

а.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Н гийн хохирогчоор өгсөн: “...Би яг ямар шалтгааны улмаас толгойндоо гэмтэл авсан гэдгээ мэдэхгүй байна. Гэмтэл авахаас өмнө болсон үйл явдлыг ч гэсэн сайн санахгүй байгаа. Заримдаа өмнө болж байсан зүйлүүд санаанд орж гараад байгаа. Би бараг эмнэлэгт 10 гаруй хоног ухаангүй байж байгаад ухаан орсон. Одоогийн байдлаар хааяа нэг толгой өвдөж даралт ихсэж байгаа,надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 155-156-р тал),

б.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Н-ийн гэрчээр өгсөн:

“...2026 оны 01 дүгээр сарын 28-ны орой 17 цаг өнгөрч байхад би ажил дээрээ байсан. Тэгэхэд гаднаас мөн Цагаан-Уул захад гар утасны засварчин хийдэг Н  ороод ирсэн. Тухайн үед Н нэлээн согтуу байдалтай байсан. Тэгээд лангуун дээр сайн уу гэж надтай мэндлэхээр нь сайн, сайн уу яасан их согтуу явж байгаа юм бэ гэртээ харь гэж хэлсэн чинь удахгүй харина гэж хэлсэн. Тэгээд Н тэй ойр зуурын юм яриад гар утасны шилэн наалтаа наагаад байж байхад гаднаас Н гийн эхнэр Б  орж ирээд Н д хандаж чи яасан их архи уусан юм бэ гээд аваад үүд рүү чиглэлтэй хөдлөх шиг болсон. Тэгсэн чинь нээх удахгүй пид пад гэсэн чимээ гарахаар нь анзаараад харсан чинь Н  ах үүдний довжооны хажууд дээшээ хараад унасан байдалтай, хажууд нь Б  зогсож байсан.

Гэнэт л надаар үйлчлүүлж байсан хүмүүс бас Б т хандаж хүүе юу болов наад хүн чинь зүгээр үү гэж асуусан чинь Б  нь хүүе ээ гээд Н г сэрээх гээд зулгаасаар байгаад босгосон. Тэгээд босгож даахгүй байна гаднаас хүн дуудаад ирье гээд Б  гараад яваад өгсөн. Харин Н цонхны урд талд суугаад үлдсэн. Б-ыг гараад явсны дараа би манаач Баагийг дуудаад энэ хүнийг машинд нь дөхүүлээд өгчих гэж хэлсэн. Удалгүй гаднаас Б нь нэг хүн дагуулж орж ирээд манай манаачтай хамтарч Н-г тал талаас нь өргөөд дэлгүүрээс гарсан. Удалгүй манаач маань орж ирээд машинд нь суулгаад өгчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р тал),

 в.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Б-ийн гэрчээр өгсөн:

“...Өнөөдөр өдөр 15 цагийн орчимд Цагаан-Уул зах дотор би бас гар утас авч зардаг Т гэдэг залуутай, бас өөр зах дээр давс зардаг залуу Ч нартай байж байсан чинь Ч цагдаагаас дуудаж байна. Н  ахын талаар асууж байна гэсэн чинь Б  хажуу талаас нь Н  өчигдөр Ану дотор согтуу явж байхад эхнэр нь түлхэж паар луу унагаасан. Тэгээд босохгүй байхаар нь таксинд суулгаад өгч байсан гэж хэлж байсан. Тэгээд би ийм зүйл болсон юм байна гэдгийг нь Б ээс сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р тал),

г.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.С-ийн гэрчээр өгсөн: “...2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ану дэлгүүрийн хоёр давхарт байдаг лангуун дээрээ ажиллаж байгаад үдээс хойш 15 цагийн үед нэг давхар луу буугаад ирсэн чинь хаалганы хажуугийн паарыг түшээд нэг хүн хөлөө жийгээд сууж байхаар нь ямар архичин нь сууж байгаа юм бол гэж бодоод очоод харсан чинь Н  согтуу байхаар нь босож явж чадахаар байна уу гэсэн чинь Н  толгойгоо сэгсрэхээр нь за тэгвэл наанаа сууж бай, би эхнэрийг чинь олоод ирье гэж хэлээд дэлгүүрээс гараад Н , Б  эгч хоёрын ажиллуулдаг засварын газар нь яваад орсон чинь Б  эгч хоёр хүнтэй наймаа хийсэн сууж байсан. Тэгээд би Б эгчид та яав гэсэн чинь хүн олдохгүй байна, би хүн олоод яваад оръё гэж хэлэхээр нь за яах вэ та зүгээр ороод ир би хүн олоод байж байя гэж хэлээд засварын газраас нь гараад дэлгүүр лүүгээ явж байх замдаа манай нэг давхрын хажуугийн лангууг түрээсэлдэг хүний туслах залууг нь гуйгаад бас манаач Баагийд хэлээд энэ хоёроор сугадуулаад эхнэртэй нь хамт дэлгүүрээс гарсан. Тухайн үед Н гийн хөл нь унжаад байхаар нь би хөлөөс нь өргөсөн чинь Н “Сараа юу” гэж хэлэхээр нь тийм байна гэж хэлсэн чинь “уучлаарай Сараа” гэж хэлсэн. Тэгээд бид хэд Н г өргөөд таксинд эхнэртэй нь хамт суулгаж өгөөд буцаад ирсэн. Буцаад дэлгүүрт орж ирээд би Н эгчээс юу болсон юм бэ гэж асуухад “харин сая эхнэр нь түлхээд унагаачихлаа толгой тархи нь гайгүй юу” гэж асуухаар нь гайгүй юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р тал),

д.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д-ийн гэрчээр өгсөн:

“...Өчигдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 28-ны орой 17 цаг өнгөрч байхад Цагаан уул зах дээр утас зардаг хэсгийн хажуу талын засмал зам дээр таксинд явах гээд зогсож байсан чинь нэг эрэгтэй хүн ирээд эхнэртэйгээ хамт явахын байна. Ахын дүү хүргээд өгчих гэхээр нь наад хүн чинь арын такситай уулзаад байсан гэж хэлээд байж байсан чинь нэг согтуу бололтой эрэгтэй хүнийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хажуу талаас нь сугадаж ирээд миний машины ард суудал дээр суулгаад эрэгтэй нь яваад өгсөн. Нөгөө согтуу ахтай хамт явсан эгч арын суудалд хамт суугаад захын хойшоо өгсөөд Яргайт дэлгүүрийн арын гудамжаар ороод дунд хэсэгт очоод урд зүгт харсан ногоон хаалгатай хашааг заахаар нь очоод зогссон чинь эгч нь буулгаж чадахгүй байна, надад туслаач гэхээр нь би хөлнөөс нь өргөөд машинаас буулгасан чинь газар хөлөө жийгээд суусан, хаалга онгойлгоод өгөөч гэхээр хашааны хаалгыг нь онгойлгож өгөөд нөгөө ахыг өргөж босгоод эгч хажуу талаас нь сугадаад гэрлүүгээ чиглээд явахаар нь би хашааны хаалгыг нь хааж өгөөд машиндаа суугаад буцаад зах дээр ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р тал),

е.Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Х.Өлзийнарангийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №71 тоот дугаартай:

“...1.Д.Н н биед дагз ясны хугарал, зүүн талын зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн талын хажуугийн ховдол болон 3,4-р ховдолд цус хуралт, баруун чамархайн дэлбэн болон баруун бага тархинд няцрал, голтын бүрдлийн шилжилт, тархины хаван, тархи дарагдал, баруун, зүүн хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 болон 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 129-131-р тал),

ё.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Х.Өлзийнарангийн өгсөн:

“...Тухайн нөхцөлд ар дагз хэсгээрээ хатуу зүйл дээр унах үед дагз ясны хугарал үүсэж, улмаар тархины гэмтлүүд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 136-р тал),

ж.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б-ын өгсөн: “...Гэмтлийн талаар би мэдэхгүй байна. Ану дэлгүүр дотор болсон үйл явдал байсан.

Эхнэр, нөхөр хоёр хэрэлдээд л ийм зүйл болсон байх. Санаатай үйлдэл гэж би үзэхгүй байгаа. Аав, ээж хоёр маань хамт амьдраад 30 гаруй жил болж байгаа.

Аавын минь тухайд архи уухаараа олон юм яриад байдаг болохоос биш эрүүлдээ бол зүв зүгээр хүн. Аавыг архи уусан үед л энэ хоёр хэрэлдэж маргалдаад байдаг. Архинаас л энэ хэрүүл маргааны асуудал гардаг. Бусдаар бол зүгээр. Өдөр, шөнөгүй архи уугаад байхаар чинь ямар олиг байхав дээ. Уг нь аав маань гайгүй байсан. Сүүлийн 1-2 жил бүүр их архи уудаг болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 150-151-р хуудас),

з. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 39-46-р тал),

и. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2-р тал),

й.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 142-145-р хуудас) зэрэг нотлох баримтууд болно.   

Хоёр. Талуудын гаргасан санал, дүгнэлт.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунсанаа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон Ё.Б-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.

 Шүүгдэгч Ё.Б  нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагаан-Уул захын “Ану” нэртэй гар утас худалдааны төвийн нэг давхарт өөрийн нөхөр Д.Н г гэрлүүгээ авч явах зорилгоор дэлгүүрээс гаргахаар түлхэж унагасан болгоомжгүй үйлдлийн улмаас биед нь дагз ясны хугарал, зүүн талын зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн талын хажуугийн ховдол болон 3,4-р ховдолд цус хуралт, баруун чамархайн дэлбэн болон баруун бага тархинд няцрал, голтын бүрдлийн шилжилт, тархины хаван, тархи дарагдал бүхий хүнд хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх саналдаа: “...Монголын хуульч, өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Долгорсүрэн би өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ё.Б-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч болон миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Гагцхүү Ё.Б, Д.Н  нар нь албан ёсны гэрлэлтийн батлахгүй ч 30 жил хамт амьдарч эмээ, өвөө болсон хүмүүс байгаа юм. Хохирогч Д.Н гэмт хэрэг болсон тухай үед нэлээд согтолттой байсан нь хэргийн материалд авагдсан баримтуудаас нотлогддог ба шүүгдэгч нь нөхрөө гэртээ авч харих гэсэн санаа зорилготой байсан.

Түүнчлэн гэмт хэрэг гарсан цаг үеэс хойш эхнэр нь нөхрөө асарч, орлого нь зогсож, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөөгүй. Гэхдээ цаашдаа төлж барагдуулна...” гэв.

        Шүүгдэгч Ё.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

3.1.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар  шинжлэн  судлагдсан шүүгдэгч Ё.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 181-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл), хохирогч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 155-156-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл), гэрч Р.Н , Х.Б, Р.С, Б.Д, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (хх-ийн 21-22, 24-25, 27-28, 31-31, 150-151-р хуудас), шинжээч эмч Х.Өлзийнарангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 136-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №71  дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргийг нягтлан шалгахад:

Шүүгдэгч Ё.Б  нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагаан-Уул захын “Ану” нэртэй гар утас худалдааны төвийн нэг давхарт өөрийн нөхөр Д.Н-г гэрлүүгээ авч явах зорилгоор дэлгүүрээс гаргахаар түлхэж унагасан болгоомжгүй үйлдлийн улмаас биед нь дагз ясны хугарал, зүүн талын зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн талын хажуугийн ховдол болон 3,4-р ховдолд цус хуралт, баруун чамархайн дэлбэн болон баруун бага тархинд няцрал, голтын бүрдлийн шилжилт, тархины хаван, тархи дарагдал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах,...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх үзлээ.

3.2.Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчилсан.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг.

Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог.

Харин материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь гэмт хэргийн шалтгаант холбоо байдаг.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь  материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаарддаг.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Н гийн биед “дагз ясны хугарал, зүүн талын зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн талын хажуугийн ховдол болон 3,4-р ховдолд цус хуралт, баруун чамархайн дэлбэн болон баруун бага тархинд няцрал, голтын бүрдлийн шилжилт, тархины хаван, тархи дарагдал, баруун, зүүн хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт” бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ё.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг ойлгоно” хэмээн заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Ё.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Тодруулбал шүүгдэгч Ё.Б  нь өөрийн үйлдлийг хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах санаа зорилгогүйгээр буюу өөрийн хамтран амьдрагч Д.Н г согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед нь гэрлүүгээ авч явах зорилгоор дэлгүүрээс гаргахаар түлхэж унагасан болгоомжгүй үйлдлийн улмаас Д.Н  унах явцдаа хаалганы довжоо мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан ба шүүгдэгч Ё.Б ын гэм буруутай үйлдэл хохирогч Д.Н гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулахыг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ё.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

3.3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Ё.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н нь “...надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Ё.Б ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Д.Н д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Ж.Түвшинтөгсийг тогтоосон байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын сангаас Д.Н д тусламж үйлчилгээ үзүүлж 4,557,909 (дөрвөн сая таван зуун тавин долоон мянга есөн зуун ес) төгрөгийн зардал гарсныг гэм буруутай этгээдээс гаргуулна хэмээн нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Б  нь 4,557,909 (дөрвөн сая таван зуун тавин долоон мянга есөн зуун ес) төгрөг төлөхөө илэрхийлсэн.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ё.Б-аас 4,557,909 (дөрвөн сая таван зуун тавин долоон мянга есөн зуун ес) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Дөрөв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ё.Б ыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүйг дурдаад, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний үйлчлүүлэгчийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн байдлын хувьд урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Ё.Б нь нөхрөө хараад одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа тул торгох ял оногдуулахад биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх юм. Мөн улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал хувиараа гар утасны худалдаа эрхэлдэг хүнд зохимжгүй, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх хохирол төлбөрийг барагдуулахад саад болох үр дагавартай байна. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.  Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ё.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй”, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Хавтаст хэргийн 142-144 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….. дугаар баг …………….  тоотод оршин суудаг, хувиараа гар утасны худалдаа эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  6.8,  6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдлаа.      

Тав.Бусад асуудлын талаар.

      Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ё-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ё-ийн Б-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ё.Б-ын оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ё.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-аас 4,557,909 (дөрвөн сая таван зуун тавин долоон мянга есөн зуун ес) төгрөгийг төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ДАВААХҮҮ