Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Х.Одбаяр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 201726030093 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Л.Цэндсүрэн, иргэдийн төлөөлөгч Г.Саруул, хохирогч Ц.Б, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, иргэний нэхэмжлэгч Ч.А, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Болормаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, одоо ам бүл ганцаараа амьдарч байгаа гэх, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ,,,, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З овогт Ц-ийн Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хурд” хорооллын голын автомашины замаар өөрийн эзэмшлийн ,,,, улсын дугаартай ,,,, загварын автомашинаар үл таних эмэгтэйн хамт 20-30 км/цаг орчим хурдтай явж байхад нь түүний эхнэр Ц.Б авто машиныг зогсоох зорилгоор урдуур нь орж, улмаар автомашины хамар дээр тэгнэгдэн зүүгдэж 200 орчим метр газар явж огцом зогсох үед унаж, замын хашлага мөргөж, тархиндаа хүнд гэмтэл авсан ба Ц.Б нь бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад

                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“...Би болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Тухайн хэрэг гардаг өдөр Б, бид хоёр амраад ажилгүй байсан учраас гэртээ 8,9 пиво хувааж уусан байсан. Тухайн үед байрны гаднаас намайг машинтайгаа хөдлөх үед Б баруун талын супермаркетаас гараад ирсэн.  Тэр үед нь би автомашины хурдаа сааруулаад, машинд миний хажуугийн суудал дээр надаар ажил хийлгэх гэж байсан эмэгтэй суугаад явж байсан юм. Гэтэл Б тэр хүүхнийг харчихаад “наадах чинь юун хүүхэн юм бэ” гээд орилж чарлах үед нь би машиныхаа хурдыг сааруулаад байж байтал Б миний баруун талаар машины хамар дээр үсрээд гараад ирсэн. Тэгэхээр нь цонхоо онгойлгоод “чи буу л даа, саяны утсаар ярьсан хүн шүү дээ” гээд Б-дэй маргалдаж байгаад зогссон.

Тэр үед хороолол доторхи замд 20 км/цагийн хурдтай, 100 гаруй метр хиртээ явсан. Б машины хамар дээрээс араараа унах шиг болохоор нь зогсож машинд суулгасан. Тухайн үед бэлэн мөнгө байгаагүй учир тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд ломбарданд тавьж, мөнгөөр нь эхнэрийн эмчилгээний зардалд зарцуулсан. Тоёота ,,,, маркийн ,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг ломбарданд 2.500.000 төгрөгөөр барьцаанд тавьж, Б-ийн эмчилгээний зардалд төлсөн. Тэгээд зээлээ төлж чадаагүй байхад ломбардны газраас машиныг худалдан борлуулахаар болж, энэ А гэдэг хүн авсан байсан. Машин зарагдах үед цагдаа, прокурорын байгууллагаас албан ёсоор худалдан борлуулж болохгүй гэж хэлээгүй. Харин байцаагч нь амаар “тээврийн хэрэгслээ зарж борлуулвал хэлээрэй” гэж хэлж байсан тул би байцаагчид хэлж байсан. Над руу ломбарднаас яриад “машиныг чинь авъя гэсэн хүн байна, зарлаа” гэж мэдэгдсэн. Тоёота ,,,, маркийн ,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг  иргэний нэхэмжлэгч А-д шилжүүлэхэд маргаан байхгүй. Хохирогчид машинаараа мөргөж, хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Ц.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн:

“...Би шүүгдэгч Ц.Б-д хариуцлага хүлээлгэхийг хүсэхгүй байна. Би Б-ийг үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлээсэй гэж л өдийг хүртэл явсан юм. Тэр хэрэг гардаг өдөр хорооллын “Цэнгэлдэх” нэртэй супермаркетын салаа замаар Б өөрийн машинтайгаа гарч ирсэн. Б өөрөө машинаа жолоодчихсон, хажуугийн суудал дээр М гэх эмэгтэй суусан явж байсан. Тэгэхээр нь би машиныг нь зогсоох зорилгоор машины урдуур орсон. Тэгээд намайг урдуур нь ороод зогсоход, Б харчихаад зогсох шинжгүй чигээрээ яваад байхаар нь би машины урд талын хамар дээрээс нь дээшээ зүтгэж, амиа хамгаалахын тулд гупер дээрээс нь хоёр гараараа Б-ийн өөдөөс хараад зүүгдсэн. Байрны хурд сааруулагч хүртэл би “зогс, хажуудаа байгаа Мг гаргаад ир” гэж хэлж байсан. Тэгээд бүр хурдаа нэмэхээр нь би ухаан санаа балартаад ухаан алдсан. Яаж унаад, гэртээ яаж орсон, эмнэлэгт яаж очсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Намайг зүүгдэх үед цаашаа 20 км/цаг орчим хурдтай яваад байхаар нь би “чи хүн алах нь уу, зогсооч” гэж хэлэхэд зогсохгүй байсан. Би 6-11 насны хоёр охинтой, Ц.Б бид хоёр гэр бүл болоод 13 жил болж байна. Гэрлэлтээ албан ёсоор шүүхээр орж цуцлуулсан хэдий ч хамтран амьдарч байсан юм. Бид хоёрын амьдралд Б-ийн ар гэрийнхэн асар их ордог байсан. Миний гаргасан хамгийн том алдаа бол тэр үед Б-ийг тэр чигт нь явуулах нь яав даа, машиных нь урдуур орж зүүгдсэн үйлдэл хийхгүй байх байж дээ гэж боддог. Тэгсэн бол ийм хэрэг маргаан гарахгүй байх байсан.  Миний хувьд одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Хамгийн гол нь Б-д би хайртай, хоёр хүүхдийнхээ аавыг хорих ял эдлээд явахыг нь хүсэхгүй байна. Ц.Б “намайг шатнаас унасан, архи уусан байсан” гэж ярьсан учраас л үнэн зөв байдлыг нь хүлээлгэхийн тулд шүүхийн шат хүртэл явсан юм. Миний эмчилгээний зардлыг Б гаргасан. Эмч намайг маш тайван байх ёстой гэсэн. Одоогоор хийлгэж байгаа эмчилгээ байхгүй, эмчийн хяналтанд ороогүй байна. Миний зүгээс Б-д  гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Иргэний нэхэмжлэгч Ч.А-с шүүх хуралдаанд өгсөн:

“...Тоёота ,,,, маркийн ,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр Ц овогтой Б гэж хүнээс 6.0 сая төгрөгөөр худалдаж авсан. Одоо ,,,, маркийн ,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр шилжсэн, миний өмчлөлд байгаа. Цагаан сараас нилээн хойно энэ Б гэх хүнтэй таарч зарж болохгүй машин гэдгийг мэдсэн. Би уг автомашинаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг талаар огт мэдээгүй. Би ломбардны зээлэнд 3.000.000 гаруй төгрөг төлөөд, зөрүү мөнгийг нь Б-д өөрт нь өгсөн. Миний хувьд одоо машинаа авмаар байна. Машиныг буцаах боломжгүй бол мөнгөө олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг

 

   Эрүүгийн 201726030093 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажилгүй гээд гэртээ амарч байсан юм. Манай хоёр охин хичээлдээ явчихсан байсан. Тэр үед хамтран амьдрагч Ц.Б-ийн хамт ХУД-н 15-р хороо, ,,, тоотод байж байсан. Б 4 ширхэг пиво гаднаас авч орж ирээд, надад нэгийг нь өгөхөөр нь би уугаагүй. Би архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Ингээд тухайн өдрийн 13:00 цагийн орчим манай хоёр охин хичээлээсээ ирээд, Б хоёр охиндоо хоол ундыг нь хийж өгчихөөд аваад гарах шиг болсон.

Би тухайн үед унтаж байсан. Ингээд 15:00 цагийн орчим Б хоёр охиноо дагуулаад эргээд ороод ирсэн. Тэгээд Б гаднаас орж ирээд нойлын өрөөнд ороод утсаар яриад байх шиг байсан. Хэнтэй юу гэж ярьсан талаар нь би мэдэхгүй байна. Удалгүй Б гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би Б-ийн утас руу залгахад “би гадаа байна” гэж хэлсэн. Ингээд 3-4 минутын дараа дахин залгахад Б-ийн утас нь холбогдохгүй болсон байсан. Тэгэхээр нь би хэсэг хугацааны дараа хоёр охиноо дагуулаад дэлгүүрээс ундаа авахаар гарсан. Ингээд гарах үед Б ,,,, улсын дугаартай автомашинаа байрны гадна талын зогсоолд байрлуулчихсан байхаар нь Б-ийг ойрхон байгаа юм байна, эсвэл пиво уучихсан болохоор машинаа орхиод явсан юм байна гэж ойлгосон.

Тэгээд дэлгүүр орж ундаа авчихаад явж байхад 30 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд нь байрлуулсан байсан Б-ийн машин хөдлөх шиг болсон. Тэгэхээр нь би Б-ийн машины урдуур нь тосох зорилгоор замыг нь амдаж гүйсэн. Тэгээд удалгүй “Цэнгэлдэх” нэртэй супермаркетын салаа замаар Б-ийн машин гарч ирсэн. Тэгэхэд Б машинаа жолоодчихсон, хажуугийн суудал дээр нь М гэх эмэгтэйг суулгачихсан байсан. Тэгэхээр нь би машиныг зогсоох зорилгоор машины урдуур орсон.

Тухайн үед автомашин нилээн бага хурдтай явж байх шиг байсан. Тэгээд би урдуур нь ороход Б харчихаад зогсохгүй чигээрээ яваад байсан ба тэр үед нь би машины урд талын хамар дээр гараад, гупер дээрээс нь хоёр гараараа Б-ийн өөдөөс хараад зүүгдсэн. Тэгээд зүүгдэх үед Б машиныхаа хурдыг нэмээд яваад байсан. Энэ байдлаар 23 дугаар байрны хурд сааруулагч хүртэл явсан. Тэгээд бүр хурдаа нэмэхээр нь би ухаан санаа балартаад ухаан алдсан. Яаж унаад, гэртээ яаж орсон, эмнэлэгт яаж очсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Гэмтлийн эмнэлэгт би ухаангүй 4, 5 хоног байсан. Тухайн үед Б намайг сахиж байсан болохоор Гэмтлийн эмнэлгийн Цагдаад шатнаас унасан гэж хэлсэн байсан. Дараа нь эмнэлгээс гарсны дараа ХУД-н Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч Наранбаатар гэж хүн ирж, манай гэрт надаас мэдүүлэг авсан. Тухайн үед би хүнд гэмтэлтэй, бие муу, Б миний хажууд байсан болохоор нь айгаад шатнаас унасан гэж мэдүүлэг өгсөн юм. Манай охин М надад дараа нь Б намайг гэрт оруулж ирэхдээ өөрийн куртикээрээ ороочихсон, тухайн үед өмсөж байсан цагаан нэхмэл ноосон цамц огт байхгүй, дээгүүрээ цээж нүцгэн байсан талаар ярьж байсан. Уг цамц одоо хүртэл олдохгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 75-76х/,

 

2. Гэрч А.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Ц.Б нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 50 минутад манай эмнэлэгт ирсэн. Ирэхдээ Ц.Б-ийн биеийн байдал нь хүнд, ухаантай, орчиндоо харьцаатай, зовиур шаналгаа ихтэй, байрлал албадмал, босож явж чадахгүй, бөөлжиж байсан. Ингээд толгойн компьютерийн шинжилгээ хийхэд гавал тархины хүнд хэлбэрийн няцрал, баруун талын дагзны ясны хугарал, зүүн талын тархины зулайн чамархайн тархины эдийн няцрал, баруун талын духны хэсгийн няцрал, бага тархины хоёр талын няцарсан, цус хуралт болон тархины их хэмжээний хавантай байсан.

Ц.Б нь тархины гэмтлийн үед гэмтэл авахаас өмнөх буюу гэмтэл авснаас хойшхи зүйлийг санахгүй тохиолдол байдаг. Ухаангүй биш боловч гэмтэл авснаас хойшхи тохиолдлыг санахгүй байх тохиолдол юм. Нөхөр нь тухайн үед цуг ирээд, Ц.Б нь шат мөргөөд уначихсан гэж байсан. Харин Ц.Б нь өөрөө “нөхөр Ц.Б нь намайг машинаар дайрсан” гэж хэлсэн. Ингээд гэрээс нь ээж нь ирэхэд би юу болсон талаар тодруулж асуухад, ээж нь “нөхөр нь урьд нь зоддог байсан, машинаар дайрсан” гэж хэлсэн. Тухайн үед ээж нь “нөхрөөр нь сахиулмааргүй байна” гэсний дагуу нөхрийг хөөх үед явахгүй байгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 77-78х/,

 

3. Гэрч Ш.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би өөрийн нөхөр болох Ц.Г болон нэг хүүхдийнхээ хамт Улаанбаатар хот руу нөхөр Г-ыг эмчлүүлэхээр эмчилгээнд явсан. Бид нар Улаанбаатар хотод 2016 оны 10 сарын 04-нд очоод манай нөхрийн дүү Б-ийн гэрт байрлаж байсан. Нөхөр, охин, бид гурав 2016 оны 10 сарын 17-ны шөнө Б-ийн гэрт хоноод, маргааш өглөө нь буюу 2016 оны 10 сарын 18-ны 07:00 цаг өнгөрч байхад нөхөр Г болон охин П нарын хамт Б-ийнхөөс гарч явсан.

Бид гурав миний төрсөн ах У-ийн гэрт байж байтал 10:00 цаг өнгөрч байхад над руу манай бэр Б залгаад “та нар хаана явна, Б бид хоёр өнөөдөр ажилгүй гэртээ пиво ууж байна, та хоёр хүрээд ир” гэж ярьсан. Тэгэхээр нь би Б-д “одоо та хоёр болио, ах, эгч хоёр нь энд ажилтай байна, очиж чадахгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 14:00 цагийн орчим манай бэр Б над руу дахин залгаад “Б гэрээс гараад явчихлаа, утас нь холбогдохгүй байна, та нартай ярьсан уу” гэж асуухаар нь “яриагүй” гээд тасалсан. Тэгээд нөхөр, охин, бид гурав оройны 22:00 цаг өнгөрч байхад Б-ийн гэрт нь очиход манай хадам дүү Б босч байрны хаалгаа онгойлгож өгсөн бөгөөд тухайн үед Б халамцуу байсан. Бид гурав Б-ийн гэрт ороход Б, эхнэр, 2 хүүхдийнхээ хамт унтлагын өрөөнд унтаж байсан. Тэгэхээр нь нөхөр, охин, бид гурав том өрөө рүү ороход манай бэр Б орон дээрээ согтуу бөөлжөөд байсан. Тэгээд нөхөр бид хоёр, Б, Б нартай юм ярилгүйгээр унтацгаасан. Маргааш нь нөхөр, охин, бид гурав Дархан хот руу явсан бөгөөд бид нарыг Б 08:00 цаг өнгөрч байхад өөрийнхөө машинаар Вокзал хүргэж өгсөн. Тэгээд бид гурав Дархан хот руу яваад 2016 оны 10 сарын 20-ны өдөр буцаад ирж явтал над руу бэр Б-ийн ээж нь залгаад “Б, Б-г дайрчихсан байна шүү дээ, та нар хажууд нь байсан мөртлөө яагаад хэлдэггүй юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би Б-ийн ээжид “нөхөр бид хоёр тухайн үед байгаагүй, юу болсныг мэдэхгүй байна, очиж байгаад байдлыг хараад мэдэгдье” гэж хэлсэн. 2016 оны 10 сарын 20-ны орой 19:20 цагт Дарханаас Улаанбаатарт ирээд шууд Б-ийн гэрт очиж, хадам эгч Н рүү утсаар ярьж дуудаад, би нөхөр болон хадам эгч Н-ийн хамт Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очсон. Бид гурвыг очиход Б-ийн эгч, дүү нар ирчихсэн байсан. Манай нөхөр Б-дэй уулзахаар орсон, би ороогүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 94-95х/,

 

4. Гэрч Ч.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Ц.Б гэж хүнийг танина. Манай гэрийн урд талд амьдардаг хөрш байгаа юм. Б-тэй 2015 оны 10 дугаар сард танилцаад тэрнээс хойш уулзаж учирдаг, ээжийнх нь даралтыг үздэг, хөрш айлын харилцаатай байсан. 2016 оны 4 сард эхнэр нь гээд Б гэж хүн гарч ирээд чи гэр бүл салгасан, гэр бүл үймүүлсэн гээд над руу учир утгагүй дайрч дарамталж эхэлсэн. Би Б-ийг эхнэр 2 хүүхэдтэй гэдгийг нь мэднэ 3 жилийн өмнө салсан гэдгийг бас мэднэ. Тэр явдлаас болж би Б-тэй одоог хүртэл уулзаагүй. 2016 оны 08 сараас хойш утсаа унтраагаад 2016 оны 12 сард нээсэн.

Би Б-тэй 2016 оны 10 сарын 18-ны өдөр уулзаагүй. Б-тэй 2016 оны 5 сараас эхлэн огт уулзаагүй, утасных нь дугаарыг ч мэдэхгүй. Б нь Б-ийн эхнэр гэдгийг сүүлд мэдсэн. Тэр хүн намайг 2016 оны 5 сард Б-тэй хардаж зодсон. Тэгээд би энэ асуудлаа СХД-н цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгуулж байгаа. Би Б Б-ийн ,,,, улсын дугаартай автомашинаар дайрч хүнд гэмтэл учруулсан асуудлыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 103-104х/,

 

5. Гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Б нь миний төрсөн дүү байгаа юм. ... 2016 оны 10 сарын 10-ны үед Увс аймгаас миний төрсөн дүү Г, эхнэр А-ийн хамт Улаанбаатар хотод эмчилгээнд ирээд, дүү Б-ийн гэр болох ,,, тоотод 10 гаруй хоносон. 2016 оны 10 сарын 18-ны өглөө 10:00 цагийн орчим Б-ийн хамтран амьдрагч Б нь Г, А нар луу утсаар яриад “хурдан хүрээд ир, би пиво уугаад сууж байна” гээд согтуу ярьсан тухай Г, А нар надад хэлж байсан. Тэгэхээр нь Б-г согтуу байсан учраас санаа зовоод Б-д архи өгөөд цагдаад урьд өмнө бариулаад байдаг байсан болохоор Год тухайн өдрийн орой очоод надтай утсаар яриарай гэж хэлсэн. 2016 оны 10 сарын 18-ны өдөр дүү Г “Б-ийн гэрт нь ирчихлээ” гэж над руу 19:00 цагийн орчим ярьсан. Тэгэхээр нь би Г-с “өглөөнөөс хойш чамайг пиво ууя гээд утсаар дууд байсан, наад хоёр яаж байна” гэж асуухад “Б унтаж байна, Б зурагт үзээд сууж байна”, бид хэд нэг хоол хийж идэх гээд сууж байна гэхээр нь би аан за за гээд орхисон.

Тэгээд 2016 оны 10 сарын 19-ний өглөө 10:00 цагт Г, А хоёр Дархан явна гээд Б-р Драгон төв рүү хүргүүлсэн. Тэгээд 2016 оны 10 сарын 20-ны 18:00 цагийн үед Дарханаас Г, А хоёр ирээд Б-ийн гэрт ороход таньж мэдэхгүй 20 орчим насны хоёр охин, хоёр хүүхдийг нь хараад гэрт нь байж байсан. Тэгэхээр нь “энэ хоёр хаашаа явсан юм бэ” гэж тэр хоёроос асуухад “Гэмтэл дээр байгаа, Б ах Б-г машинаар дайрсан гэсэн, юу болсон талаар мэдэхгүй байна” гэсэн гээд над руу Г утсаар ярьсан. Тэгэхээр нь шууд Гэмтлийн эмнэлэг дээр Г, А нартай хамт очоод Г-ыг “чи Б-ийн ах нь юм чинь орж уулзаа, би Б-г харахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Г, Б-ийн хэвтэж байсан өрөөнд нь орж уулзсан. Тэгэхэд Г эргэж гарч ирээд “Б танай дүү Б чинь намайг машинаар дайрсан” гэж хэрүүл хийсэн гэсэн. Тэгээд Б-с юу болсон талаар нь асуухад “би Цэнгэлдэх супермаркетийн машины зогсоол дээр машинаа байрлуулчихсан, дэлгүүр ороод гарч ирээд машиндаа суусан чинь Б нь согтуу, машины урдуур гараа даллаад, би чамайг явуулахгүй гээд машинд мөргөгдөөд, согтуу байсан болохоор халтирч унасан” гэж надад хэлсэн. Би мөргөсөн асуудал байхгүй гэж надад ярьсан. Б “би чиний дүүг шоронд өгнө, би чаддаг хүн, чи хараарай” гэх зэргээр ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 105-106х/,

 

6. Мэдүүлгийн газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 153-157х/,

 

7. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын  тогтоол /хэргийн 49х, 73х/,

 

8. Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хэргийн 63х/,

 

9.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1276 тоот дүгнэлтэд:

1. Ц.Б-н биед зүүн чамархайн тархины эдийн няцрал, дагз ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” гэсэн дүгнэлт /хэргийн 17х/,

 

10. Хохирогч Ц.Б-ийн өвчний түүх /хэргийн 23-32х/,

 

11. Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Ц.Б-д учирсан гэмтэл нь 2016 оны 10 сарын 18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Учир нь ГССҮТ-н 26096 тоот өвчний түүхээс үзэхэд Ц.Б нь 2016 оны 10 сарын 20-ноос 2016 оны 11 сарын 04-ний өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн байсан. Ц.Б-ийн биед зүүн чамархайн тархины эдийн няцрал, дагз ясны хугарал гэмтэл учирсан. Уг гэмтлийг явж буй машинаас дүүжлэгдсэн байгаад унах үед үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь унах, цохиулж зодуулах гэх зэргээр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

12. Иргэний нэхэмжлэгч Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ц-ийн Б-с бэлэн 6.0 сая төгрөгөөр ,,,, улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота ,,,, маркийн автомашиныг худалдаж авсан. Уг автомашин нь одоо миний өмч юм. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд уг автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг гэж үзэн 2017 оны 04 сарын 20-ны өдөр хураан авсан. Тиймээс би уг автомашинаа эргүүлэн авах хүсэлтэй байна.

Энэ автомашинд 4 дугуй 700.000 төгрөгөөр худалдан авч тавьсан. Мөн масло, тос болон бусад бүх үйлчилгээг нь 320.000 төгрөгөөр хийлгэсэн. 4 ширхэг амортизатор 640.000 төгрөгөөр авч тавьсан. Би өөрөө автомашин худалдан борлуулдаг, уг автомашиныг битүүмжилсэн учраас зарж чадахгүй 2 сар болсон. Иймд орлогын эх үүсвэр алдагдаж, өөрийн байрны лизингийн мөнгөө төлж чадахгүйд хүрч байна. Тийм учраас миний худалдан авсан ,,,, улсын дугаартай автомашиныг надад эргүүлэн гаргаж өгөхийг хүсэж байна. Би энэ машиныг “Сайн ломбард” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын хашаанаас очиж авсан. Алдангид орчихсон, машинаа зарж байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 152х/,

 

13. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар  /хэргийн 34-38х, 47х, 71х/,

 

14. Эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн тогтоол, тэмдэглэл, Эд хөрөнгө хураан авах 2017 оны 04 сарын 18-ны өдрийн тогтоол, тэмдэглэл /хэргийн 69-70х, 141х, 148-149х/, 

 

15. Хохирогч Ц.Б-ийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 153-156х/,

 

16. Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэртээ буюу ХУД-н 15-р хороо ,,, тоотод хамтран амьдрагч Ц.Б-ийн хамт амарч байсан. Тэгээд 10:00 цагийн үед Ц.Б-дэй хамт пиво уухаар болоод, дэлгүүрээс 6 ширхэгээр 3 удаа авчирч Ц.Б-ийн хамт уусан. Ингээд пиво уугаад сууж байхад нэрийг нь мэдэхгүй нэг утсаар барилгын ажлын санал тавьж байсан. Бид хоёр, хүний 18 ширхэг пиво уусан. Б тухайн үед нилээн согтчихсон байсан.

Тэгээд тухайн өдөр хоёр охин хичээлтэй байсан болохоор хичээл нь 13:00 цагийн орчим тараад гэртээ ирэхээр нь би даалгаврыг нь хийлгээд 16:00 цаг хүртэл гэртээ байж байгаад хоёр охиноо тоглоомын талбай дээр тоглуулах гээд гарсан. Тэгээд эргэж гэртээ орж ирээд байж байхад ажлын санал тавьсан хүн эргэж яриад “би цэнгэлдэх супермаркетын үүдэнд байна”  гэхээр нь би “за за би гараад очъё” гээд гарсан. Тэгэхэд Б унтаж байсан. Тэгээд би машинаа асааж, тэр хүн дээр очоод тэр хүн машины урд талын суудал дээр суугаад дөнгөж мэндлээд, “нөгөө утсаар ярьсан хүн мөн үү” гээд уулзаад байж байхад Б амандаа юм яриад гүйгээд урдаас хүрээд ирсэн. Машинаа асаагаад дөнгөж хөдлөх гээд зогсож байхад Б машинд хүрч ирээд “наад хүүхэн чинь юун хүүхэн юм бэ” гээд орилоод машины хамар дээр гараад ирсэн. Тэгээд миний хажууд сууж байсан хүүхэн айгаад буугаад гүйчихсэн.

Би машинаасаа буугаад Б-д “чи мэдрэл юм уу, өглөөний  ажлын санал тавьсан хүн шүү дээ” гээд загнасан. Тэгээд машиндаа суугаад байрныхаа орцны үүдэнд ирсэн. Тэгээд машины зогсоол байхгүй болохоор нь явган замд дээр мордуулаад хайсанд шахаад машинаа тавьсан. Тухайн үед Б хойд талын сандалд суусан байсан. Тэгээд машинаас буугаад,  машины урдуур тойроод машины хойд талд очсон чинь Б дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь босгосон. Тухайн үед Б “ёо ёо толгой” гээд ухаантай босоод ирсэн. Тэгээд сугадаад гэр лүүгээ 4-лээ орсон. Ороод удалгүй Б унтаад өгсөн.

Тэгээд шөнөжин бөөлжөөд байхаар нь маргааш өглөө нь тархи толгой нь доргисон байх гээд бариачид очиж үзүүлсэн чинь бариач “шууд барихгүй, зургийг нь авхуулаад ир” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр шууд Гэмтэл рүү явсан. Тэгээд тэнд үзүүлэхэд “шууд хэвт” гээд хэвтүүлсэн. Дагзандаа цус хуралттай байна гэж байсан. Цус шимэгдүүлэх эмчилгээ хийлгэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлынхаа газрын Дулмаа, Малика нарыг гэртээ аваачаад хоёр охиноо харуулаад үлдээсэн. Ингээд би 14 хоног бүтэн сахиад эмчлүүлсэн. Би Б-г машинаар дайрсан зүйл огт байхгүй. Яагаад Б ингэж мэдүүлэг өгсөн талаар мэдэхгүй байна. Бид хоёрыг харилцаа муутай болохоор Б-ийн гэр бүл нь надад их дургүй байдаг, тэгээд намайг дайрсан гээд байгаа байх.

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр надтай зарын дагуу уулзсан хүнийг одоо хэн гэдгийг нь мэдэхгүй, залгасан утасны дугаарыг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 112-113х, 115-116х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 129х/, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 132х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 118х/, СХД-ийн 24-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 119х/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 133х/ нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх ба тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хурд” хорооллын голын автомашины замаар өөрийн эзэмшлийн ,,,, улсын дугаартай ,,,, загварын автомашинаар үл таних эмэгтэйн хамт 20-30 км/цаг орчим хурдтай явж байхад түүний эхнэр Ц.Б нь авто машиныг зогсоох зорилгоор урдуур нь орж, улмаар автомашины хамар дээр тэгнэгдэн зүүгдэж 200 орчим метр газар яваад, огцом зогсох үед нь унахдаа замын хашлага мөргөснөөс Ц.Б-ийн биед “...зүүн чамархайн тархины эдийн няцрал, дагз ясны хугарал” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан, уг учирсан гэмтэл нь хохирогч Ц.Б нь өөрийн нөхөр Ц.Б-ийг “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэлээ, мөн хажуудаа эмэгтэй хүн суулгаад явж байна, явуулахгүй гэж хардан“ машины урдуур орж зогсоох оролдлого хийх үед нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолгүй үргэлжлүүлсэн шүүгдэгч Ц.Б-ийн шууд санаатай, гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:

- хохирогч Ц.Б-ийн “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажилгүй гээд хамтран амьдрагч Ц.Б-ийн хамт ХУД-н 15-р хороо ,,, тоотод амарч байсан. Б 4 ширхэг пиво гаднаас авч орж ирээд надад нэгийг нь өгөхөөр нь би уугаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ингээд тухайн өдрийн 13:00 цагийн орчим манай хоёр охин хичээлээсээ ирсэн. Б хоёр охиндоо хоол унд өгчихөөд аваад гарах шиг болсон. Би тухайн үед унтаж байсан. Ингээд 15:00 цагийн орчим Б хоёр охиноо дагуулаад эргээд ороод ирсэн. Тэгээд Б гаднаас орж ирээд нойлын өрөөнд ороод утсаар яриад байх шиг байсан. Гэхдээ хэнтэй юу ярьсан талаар нь би мэдэхгүй байна. Удалгүй Б гэрээс гараад явчихсан. ...Тэгээд би хэсэг хугацааны дараа хоёр охиноо дагуулаад дэлгүүрээс ундаа авахаар гарсан.

...Тэгээд дэлгүүр орж ундаа авчихаад явж байхад 30 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд нь байрлуулсан байсан Б-ийн машин хөдлөх шиг болсон. Тэгэхээр нь би Б-ийн машины урдуур нь тосох зорилгоор замыг нь амдаж гүйсэн. Удалгүй “Цэнгэлдэх” нэртэй супермаркетын салаа замаар...Б машинаа жолоодчихсон, хажуугийн суудал дээр нь М гэх эмэгтэйг суулгачихсан гарч ирэхэд ...нь би машиныг зогсоох зорилгоор машины урдуур орсон. Тухайн үед автомашин нилээн бага хурдтай явж байх шиг байсан. Тэгээд би урдуур нь ороход Б харчихаад, зогсохгүй чигээрээ яваад байсан, тэгэхэд нь би машины урд талын хамар дээр гараад, гупер дээрээс нь хоёр гараараа Б-ийн өөдөөс хараад зүүгдсэн. Тэгээд зүүгдэх үед Б машиныхаа хурдыг нэмээд яваад байсан. Энэ байдлаар 23 дугаар байрны хурд сааруулагч хүртэл явсан. Тэгээд бүр хурдаа нэмэхээр нь би ухаан санаа балартаад ухаан алдсан. Яаж унаад, гэртээ яаж орсон, эмнэлэгт яаж очсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 75-76х/,

- гэрч А.Ч-ийн “...Ц.Б нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 50 минутад манай эмнэлэгт ирсэн. Ирэхдээ Ц.Б-ийн биеийн байдал нь хүнд, ухаантай орчиндоо харьцаатай, зовиур шаналгаа ихтэй, байрлан албадмал босож явж чадахгүй, бөөлжиж байсан. Ингээд толгойн компьютерийн шинжилгээ хийхэд гавал тархины хүнд хэлбэрийн няцрал, баруун талын дагзны ясны хугарал, зүүн талын тархины зулайн чамархайн тархины эдийн няцрал, баруун талын духны хэсгийн няцрал, бага тархины 2 талын дахь няцарсан, цус хуралт болон тархины их хэмжээний хавантай байсан. ... Ц.Б нь өөрөө нөхөр Ц.Б нь намайг машинаар дайрсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 77-78х/,

- шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Ц.Б-д учирсан гэмтэл нь 2016 оны 10 сарын 18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Учир нь ГССҮТ-н 26096 тоот өвчний түүхээс үзэхэд Ц.Б нь 2016 оны 10 сарын 20-ноос 2016 оны 11 сарын 04-ний өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн байсан. Ц.Б-ийн биед зүүн чамархайн тархины эдийн няцрал, дагз ясны хугарал гэмтэл учирсан. Уг гэмтлийг явж буй машинаас дүүжлэгдсэн байгаад унах үед үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь унах цохиулж зодуулах гэх зэргээр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1276 тоот актын “...Ц.Б-н биед зүүн чамархайн тархины эдийн няцрал, дагз ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” гэсэн дүгнэлт /хэргийн 17х/, хохирогч Ц.Б-ийн өвчний түүх /хэргийн 23-32х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 153-156х/, гэрч Ш.А, Ц.Н нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, хураасан тухай тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас түүний гэм буруутай дээрх үйлдэлд “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна. 

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэх” хуулийн үндэслэл үүссэн.

 

2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт оногдуулвал зохих ял шийтгэлийн төрөл, хэмжээ хөнгөрсөн гэж үзэхээр байна.  

 

Иймд Ц.Б-ийн хохирогч Ц.Б-ийн бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн хохирогч Ц.Б-ийн “явж байсан машиныг зогсоох гэж урдуур нь орж, улмаар машины хамар дээр тэгнэгдэн гарч өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахуйц хэтэрхий болгоомжгүй, зүй бус үйлдэл” тухайн гэмт хэрэг гарахад шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Ц.Б нь баримт бүхий, мөнгөн дүнгээр илэрхийлж шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй ба “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тул шүүгдэгч Ц.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

 

Шүүх, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хэтэрхий болгоомжгүй, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь  тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн “хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх”-ээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт нөхөн төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, энэ хэрэгт битүүмжлэгдэж, хураагдсан ,,,, улсын дугаартай /арлын дугаар ACU100013911/ цагаан өнгийн Тоёото ,,,, маркийн автомашин нь уг тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэх /Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг 2017 оны 03 сарын 07-ны өдөр гүйцэтгэсэн хэргийн 70х/ болон хураан авах ажиллагааг /Хураан авах тогтоолыг 2017 оны 04 сарын 18-ны өдөр үйлдсэн хэргийн 141х/ гүйцэтгэхээс өмнө буюу 2017 оны 02 сарын 15-ны өдөр хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч-ын А-ийн эзэмшил өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон /хэргийн 71х/ баримттай, иргэний нэхэмжлэгч нь уг автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт шүүгдэгч Ц.Б-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байсныг түүний өмнөөс зээлийн төлбөр тооцоог хийж, барьцаанаас чөлөөлж худалдан авах үедээ уг автомашин нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон тул Ч.А-г тухайн тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэх хуулийн үндэслэлтэй.  

 

Иймд ,,,, улсын дугаартай /арлын дугаар ACU100013911/ цагаан өнгийн Тоёото ,,,, маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх, 2017 оны 04 сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг /хэргийн 70х, 141х/ тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ч.А-ийн эзэмшил өмчлөлд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                           ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ц.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

2. З овогт Ц-ийн Б-ийг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /2015 оны шинэчилсэн найруулга/ зааснаар Ц.Б-ийг 15.000 /арван таван мянга/ тооцох нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг /2015 оны шинэчлэн найруулга/ баримтлан Ц.Б-д оногдуулсан 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, ялтан Ц.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Энэ хэрэгт Ц.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.А-ийн эзэмшил өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн ,,,, улсын дугаартай /арлын дугаар ,,,,,,/ цагаан өнгийн Тоёото ,,,, маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх, 2017 оны 04 сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ч.А-ийн эзэмшил өмчлөлд нь хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглож хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД

          ШҮҮГЧИД                                       Х.ОДБАЯР

                                                                 П.ТУЯАТ