Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/02264

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр

       Дугаар 102/ШШ2024/02264

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, МҮИС-ийн оюутны байр, 25 тоотод оршин суух хаягтай, Р/ГПД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Монголын Үндэсний их сургуулийн хичээлийн 2 дугаар байранд байрлах, “Мм” НҮТББ /РД: /

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,912,243 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч “Мм” НҮТББ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

ОХУ-ын иргэн Рнь Улаан-Үд хотод амьдарч байхдаа тус хотод ирсэн “Мм” НҮТББ-ийг “М” хэмээн эндүүрч, тус сургуульд суралцахаар 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлж, суралцах эрхийн бичиг авсан.

Тухайн үед МҮИС-ийн элсэлтийн комиссын багш, ажилтнууд Улаан-Үд хотод ирж тус сургуулийг Монгол Улсад цор ганц байдаг улсын сургууль хэмээн итгүүлж, улмаар Рнь “М” хэмээн ойлгосон.

Улмаар Рзүгээс 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус сургуулийн оюутны дотуур байр болон бүтэн 1 жилийн сургалтын төлбөрт нийт 10,220 юань буюу 4,912,243 төгрөгийг Хаан банкин дахь тус сургуулийн эзэмшлийн 5099002609 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн.

Тэрээр 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр сургуульдаа суралцахаар Улаанбаатар хотод анх ирж, МҮИС-ийн дотуур байранд амьдарч байх хугацаандаа сургуулиа эндүүрч сонгосон, мөн МҮИС-иас гадна МУИС гэж Монгол Улсад байдаг тухай, тэр нь өөрийнх нь сонгохоор төлөвлөж байсан сургууль болохыг бусад оюутнуудаас болон сургуулийн орчин нөхцөлөөс өөрийн биеэр ойлгож мэдсэн. Ийнхүү өөрийгөө сургуулиа андуурч орж ирснээ мэдсэн даруйдаа энэ талаар сургуулийн холбогдох багш, ажилтнуудад мэдэгдэн сургуулийн дотоод дүрэм, журам, танилцуулга зэрэгтэй сайтар танилцах, мөн оюутан, суралцагчийн ямар гэрээ байгуулах эсэх талаар лавлахад “байж бай” гэхээс өөр хариу огт өгөхгүй байсан.

Ийм ч учраас Рнь тус сургуулийн дотуур байранд амьдрах хугацаандаа хичээл сонголт огт хийгээгүй, хичээл сургалтад ер хамрагдаагүй бөгөөд сургалтын төлбөр болон байрны төлбөрөө буцаан авч дотуур байрнаас гарах талаар холбогдох багш нартаа өөрийн биеэр удаа дараа хандсан боловч “төлбөрийг буцаахгүй” гэх хариу өгч байсан. Тэрээр нэгэнт буруу сургуулиа сонгон ирсэн байсан тул арга буюу 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ руу нутаг буцсан.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нь Монголын үндэсний их сургуулийг Мтай эндүүрч бүртгүүлсэн байх ба өөрийн хүсэл зоригоо МУИС-д хандан илэрхийлж байна гэж бодсон боловч МҮИС, түүний хуулийн этгээдийн нэр томьёо болон “Монголын хамгийн том Мм” гэх сурталчилгаа, элсэлт авч буй мэргэжлийн чиглэл зэрэг гадаад шинж байдалд нь ноцтой төөрөгдсөний улмаас “Мм” НҮТББ-д төлбөр төлсөн байна.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх заалтад заасны дагуу ОХУ-ын иргэн Р“Мм” НҮТББ-тай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, сургалтын болон оюутны дотуур байрны төлбөрт төлсөн 4,912,243 төгрөгийг “Мм” НҮТББ-аас гаргуулж өгнө үү.

Ер нь нэхэмжлэгч угаасаа МҮИС-д суралцахгүй гэдгээ илэрхийлсэн, хариуцагч байгууллагын ямар ч сургалт, хөтөлбөрт хамрагдаагүй учир төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй, үйлчилгээ үзүүлээгүй учир хариуцагч нь сургалтын төлбөрийг үндэслэлгүйгээр авч үлдэх эрхгүй гэж үзэж байгаа. Гол нь төлсөн мөнгөө л буцааж авах нь нэхэмжлэгчийн хүсэл зориг гэдгийг анхаарч үзнэ үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ОХУ-ын иргэн Рнь манай Ммд 2023 оны 7 дугаар сарын 18-ны  өдөр элсэн суралцсан бөгөөд 2023 оны хичээлийн жилийн сургалтад үндэслэлгүйгээр хамрагдахаас татгалзаж хичээлийн байр, оюутны дотуур байрыг 2023 сарын 9 дүгээр сарын 21-ний өдөр орхин явсан тул байгууллагын дотоод журмыг үндэслэн сургалтын төлбөр болон оюутны байрны төлбөр болох 4,912,243 төгрөгийг буцаан олгохгүй өөрт нь мэдэгдсэн. ОХУ-ын иргэн О нь Ммтай бүрэн танилцсаны үндсэн дээр төлбөрийн хөнгөлөлт эдэлж суралцсан тул төөрөгдсөн хэлцэл биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4/, нотариатчийн тэмдэглэл /хх5/, төлбөрийн даалгавар орчуулгын хамт /хх6-7/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх14,19,23/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх22/, оюутны шилжилт хөдөлгөөний журмын хуулбар /хх35-36/, суралцах эрхийн бичгийн загвар /хх37/, орчуулга /хх41/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: үзлэгийн тэмдэглэл /хх58-69/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Рнь хариуцагч  “МҮИС” НҮТББ-д холбогдуулж 4,912,243 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

2. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч МҮИС нь өөрийн сургуулийг МУИС мэтээр танилцуулсан учир сургуульд анх элсэхдээ төөрөгдсөн, ..2023 оны 9 дүгээр сард хичээл сонголт хийгээгүй, ...оюутны дотуур байранд нь 20 хоног амьдарч байгаад нутаг буцсан, ...түүнчлэн хэлцлийг төөрөгдөж хийснээс үл хамаарч нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар нэг үйлчилгээ аваагүй, суралцаагүй учир төлбөрөө буцааж авна, ...гадаад оюутны байр үнэгүй учир дотуур байрны төлбөр төлөхгүй” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...суралцагч нь хаана ямар чиглэлээр суралцах гэж байгаагаа анхнаасаа мэдэж байсан учир түүнийг төөрөгдсөн гэж үзэхгүй, ...хичээл сонголтоо өөрөө санаатайгаар хийгээгүй, сургуулиа хаяж явсан, суралцаагүй явдалд бид буруугүй” гэж тайлбарлаж байна.

 

Хоёр.

 

1. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байх боломжтой. 

 

2. Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг судлаад нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “МҮИС” НҮТББ-аас суралцах эрхийн бичгийг хүлээн авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь сургалтын төлбөр төлсөн хэдий ч зохих үйлчилгээг аваагүй гэх үндэслэлээр гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож, төлсөн мөнгөө буцаан гаргуулахыг хүссэн байна.

 

4. Аливаа гэрээг талууд байгуулж, талууд өөрсдөө дуусгавар болгоно. Харин шүүх цуцалсан, татгалзсан үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх ба Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч шүүхэд хандахдаа өөрийн шаардлагын нэг үндэслэлээ “...хичээл сонголт огт хийгээгүй, хичээл сургалтад огт хамрагдаагүй, ...төлбөрөө буцаан авч дотуур байрнаас гарах талаар холбогдох багш нарт өөрийн биеэр удаа дараа хандсан боловч төлбөрийг буцаахгүй’ гэх хариу өгч байсан тул …арга буюу 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ руу буцсан” гэж тайлбарласан.

 

6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан ба хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгчийг гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох, төлбөр буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн буюу мэдэгдсэн гэж үзнэ.   

 

7. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэрэгт зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, холбогдох баримтуудыг шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэг хүлээнэ. 

 

8. Хариуцагч өөрийн “...нэхэмжлэгч үндэслэлгүйгээр суралцахгүй, ...хаяад явсан” гэх татгалзлаа нотлох үүднээс хэрэгт “МҮИС” НҮТББ-ын “Оюутны шилжилт хөдөлгөөний журам”-ыг хавсарган өгсөн. Уг журмын 4.4-т “Үндэслэлгүйгээр суралцахаас татгалзсан тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй” гэжээ.

 

9. Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх баримтыг үгүйсгэж хариуцагч “МҮИС” НҮТББ-ын онголын Үндэсний Их Сургуулийн цахим хаягт байршигдсан “Дүрэм, журам” хэсгийн “Оюутны шилжилт хөдөлгөөний журам”-ын 4.4 дэх заалтад үзлэг хийлгэсэн. Үзлэг хийхэд 4.4 дэх заалтад “Тооцоо дууссан оюутны бичиг баримтыг архиваас өөрийн бичиг баримтыг нь үндэслэн олгоно” гэж зөрүүтэй байдлаар тусгагдсан байна.

 

10. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Р/ГПД: /-ийн оюутны хувийн хэрэгт авагдсан баримтууд, “Мм” НҮТББ-ын оюутан /гадаад оюутан/ элсүүлэх журам, 2023-2024 хичээлийн жилийн “Мм” НҮТББ-ын оюутны төлбөрийн задаргаа /сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр/ зэргийг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн боловч хариуцагчийн зүгээс “...эдгээр баримтууд байхгүй” гэсэн хариуг тус шүүхэд өгсөн.

 

11. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухайгаа зохих байдлаар мэдэгдсэн, хариуцагчаас үйлчилгээ аваагүй, хариуцагчийн “...нэхэмжлэгч үндэслэлгүйгээр суралцахаас татгалзсан” гэх татгалзал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. 

 

12. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүхээс үзлээ.

 

Гурав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,545.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93,545.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Мм” НҮТББ-аас 4,912,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч р олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,545.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93,545.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ