| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/05208/И |
| Дугаар | 102/ШШ2024/02123 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/02123
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/02123 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 79 дүгээр байр, 6 тоотод оршин суух хаягтай, Б
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байр, 65 тоотод оршин суух хаягтай, Ос
Нэхэмжлэлийн шаардлага: 28,087,266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Ц.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ня
Хариуцагчийн өмгөөлөгч А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч УУ холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Нэхэмжлэгч ББ би 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хариуцагч УУтай амаар харилцан тохиролцсоны дагуу түүнд олон удаа мөнгө зээлдүүлж байсан. Тэрээр авсан зээлээ эргэн төлөөгүй өдий хүрч байгаа нь миний хувьд энэ нэхэмжлэлийг гаргах үндэслэл болсон юм.
Хариуцагч УУ нь 2019 оны 10 дугаар сарын эхээр бэлнээр 850,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын эхээр бэлнээр 600,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын эхээр бэлнээр 500,000 төгрөг нийт 1,950,000 төгрөг надаас бэлнээр авч, Төрийн банк дахь өөрийн 102400413109 тоот данс руу шилжүүлсэн.
Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Хаан банк дах өөрийн 5003329446 тоот данснаас нийт 73 удаагийн гүйлгээгээр 17,928,600 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Хаан банк дах өөрийн 5653108267 тоот данснаас нийт 7 удаагийн гүйлгээгээр 1,542,000 төгрөгийг тус тус хариуцагч УУгийн Хаан банк дахь 5029758921 тоот данс руу болон түүний хэлсэн данс руу шилжүүлсэн.
Ийнхүү би хариуцагч УУ бэлнээр 1,950,000 төгрөг, бэлэн бусаар буюу дансаар 19,470,600 төгрөг, нийт 21,420,600 төгрөг зээлдүүлсэн боловч хариуцагч УУ нь авсан зээлээ өгөөгүй өдий хүрч байгаа тул хариуцагчаас 21,420,600 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Түүнчлэн ББ миний УУтай 2019 оны 10 дугаар сард танилцаж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний охин Б.Бу нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн. Харин миний зүгээс тус шүүхэд нэхэмжлэл гарган 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө биш гэж үзэж нэхэмжлээгүй.
УУ нь “Жи би си си ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ хийж 82-98 УБЭ улсын дугаартай “Приус 30” маркийн автомашин худалдаж авсан. Миний зүгээс “Жи би си си ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5134054902 тоот данс руу өөрийн Хаан банк дах 5003329446 тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 680,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 680,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 680,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 700,000 төгрөг, 5653108267 тоот данснаас 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 680,000 төгрөг тус тус шилжүүлэн гэрлэлтээ бүртгүүлснээс хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш уг машины зээл төлөлт дуусаж УУгийн нэр дээр болгосон. Энэ нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө юм. Урд нь гэрлэлт цуцлуулах үед дээрх машин барьцаанд буюу “Жи би си си ББСБ” ХХК-ийн нэр дээр байсан гэж ойлгож гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаан үүсгээгүй.
Иймд 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй 82-98 УБЭ улсын дугаартай, “Приус 30” маркийн автомашин нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө тул уг эд хөрөнгөөс ББт оногдох 6,666,666 төгрөгийг хариуцагч УУгаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ББтай 2016 онд анх танилцсан. Энэ хугацаанд бид байнга уулзаж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Б.Буг төрсөн. Гэвч бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас бид 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2023/00908 дугаартай шүүхийн шийдвэр гарсан.
Гэтэл ББ нь энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа гэр бүл, үр хүүхэдтэй байсан гэдгээ огт дурдаагүй байна. Бид хамт амьдрах хугацаандаа бууз, банш үйлдвэрлэх чиглэлээр жижиг цех ажиллуулж байсан бөгөөд өөрсдийн биеэр үйл ажиллагаагаа явуулж, ажиллах орон тоог үүсгэж ажилтан авч ажиллуулсан. Өөрсдийн дундаас үүсгэсэн хөрөнгө мөнгөөрөө “Мөнхийн хүнс” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж ирсэн. ББ нь өөрийн 5003329446 тоот данснаас УУ миний Хаан банкны 5029758921 тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 сарын 24-ний өдрийн хооронд 4,920,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 11 сарын 10-ны өдрийн хооронд 3,590,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 150,000 төгрөг, нийт 8,660,000 төгрөг шилжүүлсэн байна. Миний төрийн банкны 102400413109 тоот данс руу ББаас шилжүүлсэн гүйлгээ байхгүй.
Мөн ББын Хаан банкны 5003329446 тоот данс руу УУ миний зүгээс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 1,090,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 4,260,000 төгрөг, нийт 5,350,000 төгрөг шилжүүлсэн. Эдгээр шилжүүлсэн гэх мөнгө нь тухайн үедээ гэр бүл болон хүүхдийн хэрэгцээ, мөн цехийн үйл ажиллагаанд хүнсний материал худалдан авах, ажилчдын цалин хөлсөнд зарцуулагдсан урсгал зардал юм. ББ нь гэр бүлийн дундаас үүссэн мөнгөн хөрөнгийг УУ надад зээлийн гэрээний үндсэн дээр зээлүүлсэн гэж 21,420,600 төгрөг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн 82-98УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн хөрөнгө гэж үзэн ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь уг тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн хуваарьт хөрөнгө, өөрөө төлбөрийг төлж авсан. Гэрлэхээс өмнө үүссэн хөрөнгө тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх4/, зээлийн тооцоо /хх5-8/, Хаан банкны дансны хуулга /хх9-62/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх165/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/шш2023/00908 дугаар шийдвэрийн хуулбар /хх74-81/, итгэмжлэл /хх84/, Төрийн банкны дансны хуулга /хх88-91/, Хаан банкны дансны хуулга /хх92-140/.
5. Талуудын хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: “Төрийн банк” ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12/167 тоот албан бичиг, хавсралт /хх153-154/, “Жи Би Си Си ББСБ” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 24/151 тоот албан бичиг, хавсралт /хх181-194/, “Авто тээврийн Үндэсний төв”-ийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №10 тоот лавлагаа, хавсралт /хх195-202/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/шш2023/00908 дугаар шийдвэрээр ББын нэхэмжлэлтэй, хариуцагч УУ холбогдох гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэжээ.
2. Дээрх шийдвэрээр ББ, УУ нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Булганчимэгийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулан хүүхдэд олгож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 36,696,053 төгрөгийг ББаас гаргуулан УУ олгож шийдвэрлэсэн ба уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ББ нь хариуцагч УУ холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 21,420,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр өөрийн шаардлагыг 6,666,666 төгрөгөөр ихэсгэсэн. Нэхэмжлэгч 21,420,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ “...удаа дараа зээлсэн мөнгөө буцааж нэхэмжилнэ” гэж, 6,666,666 төгрөгийн шаардлагын үндэслэлээ “...гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулна” гэсэн агуулгаар тус тус тайлбарлав.
5. Хариуцагч 21,420,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа “...талуудын хооронд ямар ч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, гэрлэлттэй буюу хамтран амьдарч байх хугацаандаа өөр хоорондоо шилжүүлсэн, дэлгүүрийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн хөрөнгийг зээл гэж үзэх боломжгүй” гэж, 6,666,666 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа “...автомашиныг гэрлэхээс өмнө олж авсан хуваарьт хөрөнгө” гэж тайлбарласан.
Хоёр.
1. Зээлийн гэрээний үүрэгт 21,420,000 төгрөг гаргуулах тухай шаардлага:
1.1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.
1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
1.3. Хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас өгсөн, мөн зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн дансны хуулгууд авагдсан. Уг дансны хуулгууд, мөнгөн шилжүүлгийн утгаас үзэхэд ББ болон УУ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Эсрэгээрээ талууд гэр бүлийн харилцаатай, хамтын амьдралтай байх хугацаандаа хоорондоо шилжүүлсэн, гэр бүлийн хэрэгцээнд хамтдаа захиран зарцуулсан мөнгөн хөрөнгө гэж үзэхээр байна.
1.4. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
2. 6,666,666 төгрөг гаргуулах тухай шаардлага:
2.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлага, агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулахад шийдвэрлэгдээгүй үлдсэн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар маргасан гэж үзэхээр байна.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.
2.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/шш2023/00908 дугаар шийдвэрт гэрлэгчид буюу ББ болон УУ нар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон талаар дүгнэжээ.
2.4. Дээрх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан УУгийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Жи би си си ББСБ” ХХК-тай байгуулсан 12,040,000 төгрөгийн зээлийн болон фидуцийн гэрээ, мөн өдрийн “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”, Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн 82-98УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувийн хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “8298 ube” утгатай шилжүүлсэн 680,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “8298 УБЭ 91910506” утгаар шилжүүлсэн 680,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “8298 ube” утгаар шилжүүлсэн 680,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “8298 ube 91910506” утгаар шилжүүлсэн 700,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “8298 ube 91910506” утгаар шилжүүлсэн 680,000 төгрөгийн гүйлгээнүүдтэй харьцуулан судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна. Үүнд:
а/ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба 82-98 УБЭ улсын дугаартай, “Тоёота приус” маркын тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзнэ.
2.5. Гэрлэлт цуцлах үед гэрлэгчийн хэн нэгний гаргасан шаардлагаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахаар Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасан ба талуудын хооронд эд хөрөнгө хуваах талаар маргаан гарсан тохиолдолд шүүх тухайн хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тогтоож, гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж, аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгохоор мөн хуулийн 130.3 дахь хэсэгт заажээ.
2.6. Түүнчлэн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.
2.7. Зохигчид дээрх тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн эзэмшилд байгаа талаар маргаагүй ба хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг нь 4,013,333 төгрөг тул хариуцагчаас уг мөнгөн дүнг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор байна.
2.8. Тээврийн хэрэгслийн үнэлгээг УУгийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Жи би си си ББСБ” ХХК-тай тээврийн хэрэгслийг худалдан авахад зориулж авсан зээлийн гэрээний үнэлгээ буюу 12,040,000 төгрөгөөр тооцсон болно.
Гурав.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 387,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч УУгаас 4,013,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,073,933 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 386,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ