| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/05974/И |
| Дугаар | 102/ШШ2024/02232 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/02232
| 2024 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/02232 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Го-парк 107 дугаар байр, 92 тоотод оршин суух хаягтай, Бү
Хариуцагч: Баянгол дүүрэг, 30 дугаар хороо, 10 дугаар хороолол, 25 дугаар байр, 34 тоотод оршин суух хаягтай, Дай
Хариуцагч: Баянгол дүүрэг, 30 дугаар хороо, 10 дугаар хороолол, 25 дугаар байр, 34 тоотод оршин суух хаягтай, Да
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 18,098,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.
Хариуцагч М.Ч
Хариуцагч Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
/Нэхэмжлэгч болон иргэдийн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг эзгүйд хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч ЧЧ, ММ нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Миний бие ММ нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 56 дугаар сургууль дотор ЧЧт зодуулсны улмаас хөнгөн гэмтэл авсан. Миний хамрын яс цөмөрч, таславч далийсан ба тухайн гэмтлийг авснаас хойш 2 удаа хамрын хагалгаанд орсон болно. Үүнээс шалтгаалж амьсгалахад бэрхшээлтэй болж шөнө унтаж чадахаа больсон.
ЧЧийн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон ба уг үйлдлийн улмаас миний бие одоог хүртэл ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй, хүнд юм өргөж болохгүйг эмч зөвлөсөн. Мөн сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа болно.
Иймд ЧЧоос Номун эмнэлэгт хийлгэсэн хагалгааны ор хоногийн төлбөр 480,000 төгрөг, Мина эмнэлэгт хагалгаанд орохын өмнөх эмчилгээ болон шинжилгээний төлбөр 518,000 төгрөг, Мина эмнэлгийн мэс заслын төлбөр 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг, иргэний хэргийн өмгөөллийн зардалд 6,600,000 төгрөг, нийт 18,098,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс гэм буруугийн талаар маргахгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд нийт 3,560,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, энэ талаар маргахгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 6,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлоогүй, мөн уг асуудлыг өмнө нь эрүүгийн шүүхээс нэгэнт шийдвэрлэсэн байгаа гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх2/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2023/шцт/669 дугаар шийтгэх тогтоол /хх3-8/, НӨАТ-ын баримтууд /хх9-11/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх12-13/, Мина гоо сайхны мэс заслын эмнэлгийн тодорхойлолт /хх14/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх15/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх16-17/.
4. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх52/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2023/шцт/669 тоот шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч ЧЧийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авчээ.
2. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч ММ нь хариуцагч ЧЧ, ММ нарт холбогдуулж гэм хорын хохиролд дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:
1/ Эмчилгээний зардал 3,560,000 төгрөг;
2/ Сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг;
3/ Иргэний хэргийн өмгөөлөгчийн зардал 6,600,000 төгрөг, нийт 18,098,000 төгрөг.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ЧЧ насанд хүрсэн.
4. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас надад эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол учирсан, мөн бусдад буюу өмгөөлөгчид зардал гаргасан” гэсэн агуулгаар тайлбарласан.
5. Хариуцагчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нэхэмжлэлийн шаардлагаас “...эмчилгээний зардал 3,560,000 төгрөг гаргуулах” хэсгийг зөвшөөрсөн. Харин “сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 6,600,000 төгрөг”-т холбогдох хэсгийг “...эрүүгийн шүүхээр шийдвэрлэгдсэн, баримтаар нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр зөвшөөрөөгүй.
Хоёр.
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
2. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
3. Нэгэнт хариуцагч тал гэм буруугийн талаар маргаагүй учраас нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрх хуулийн дагуу үүссэн байна. Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой.
4. Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулж үзээд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бус зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
а/ Эмчилгээний зардал 3,560,000 төгрөг:
Дээр дурдсанчлан хариуцагч талаас гэм буруугийн талаар болон эмчилгээнд зарцуулагдсан зардал, түүний хэмжээн дээр маргаагүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ЧЧоос эмчилгээний зардал 3,560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
б/ Өмгөөлөгчийн зардал 6,600,000 төгрөг:
Иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бусдаас хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигчийн эдлэх эрх буюу боломж учир уг эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс өмгөөллийн зардалд 6,600,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар өөрийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
в/ Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлдөг бөгөөд мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэжээ.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг, туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлнэ. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа нотлоогүй, энэ талаар шүүхэд хүсэлт, баримт гаргаж өгөөгүй учир энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
г/ Нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцах этгээдийн хувьд:
Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд нь ЧЧ байх тул хариуцагч ММт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ЧЧоос 3,560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ММд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ММ болон 14,538,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 71,910 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ А.САРАНТУЯА