Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 204

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

            Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

            Улсын яллагч Б.Жавхлантуяа  

            Хохирогч Б.Э

            Хохирогчийн өмгөөлөгч О.Ц

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д

            Гэрч Э.А

            Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1., 216 дугаар зүйлийн 216.2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У-д холбогдох 201614000*** дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт. 

1. Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

1. Шүүгдэгч Д.У нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-20 дугаар байрны баруун урд байх уулзварт Тоёота Ланд крузер-200 загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас чигээрээ яваа хохирогч Б.Эрдэнэбаярын жолоодож явсан Сузуки Свифт загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэсэн, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан Б.Эрдэнэбаярын хөлийг дайрч хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, дээрх зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.   Үүнд:1. Хохирогч Б.Э-ын . . . Хүрэнбулаг багийн 4 дүгээр хороолол 20 дугаар байр руу эргэдэг уулзвар дээр би чигээрээ явсаар иртэл эсрэг урсгалаас чигээрээ явж байсан хар өнгийн “Тоёота Ланд Крузер-200” маркийн **-** улсын дугаартай машин гэнэт хойшоо чигээрээ явсан туслах зам руу гэнэт эргээд миний машины урд талыг мөргөөд зогссон. Би машинаа зогсоогоод буугаад очтол тэр машины жолооч машинтайгаа ухраад байсан. Би буугаад очтол жолооч нь машиныхаа цонхыг онгойлгохгүй байсан. Ар талд нь суусан байсан залуу нь цонхоо нээгээд “хөгшөөн сүртэй юм болоогүй байна шүү дээ, цаана чинь гараад зохицъё” гээд байсан. Би жолоочийн цонхыг тогштол нээхгүй байхаар нь хаалгыг татаад нээхэд жолооч нь илтэд согтуу хүн байсан. Тэгэхээр нь би та нар архи дарс уучихаад машин тэрэг барьж болохгүй шүү дээ гэхэд хойно суусан байсан залуу нь зохицчихъё гээд байсан. Би цагдаа ирээд учрыг нь олоод журмаар нь шийдэх биз гээд байж байтал уг тээврийн хэрэгслийн хойд талд суусан байсан залуу нь архи уучихсан юмаа учраа олъё гээд байсан. Тэгээд би машины урд талд нь гараад зогстол машинтайгаа урагшлаад байхаар нь юмыг яаж мэдэх вэ гээд хажуу тал руу нь гартал миний баруун хөлийг машиныхаа урд хойд дугуйгаараа дайраад явчихсан. Би тухайн үед хөл дайрахаар нь өвдөөд толийг нь цохисон юм. Тэгсэн намайг дайрчихаад урагшаа зугтаад явчихсан гэсэн мэдүүлэг. /1-р хавтсын 32/

            4. Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 708 дугаартай дүгнэлт. /1-р хавтсын 50/

            Дүгнэлт: 1.Б.Э-ын биед баруун шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэ, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт үүсчээ. ...4.Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

            5. “Лэндс” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ОЦ/17/34 дугаартай дүгнэлт. 1-р хавтсын 247-оос 2-р хавтсын 3/

            Сузуки Свифт загварын 76-78 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гуферийг засах засварын зардал 160.000 төгрөг.

            6. Гэрч Э.А-гийн . . . 4 дүгээр хорооллын 20 дугаар байр руу эргэдэг уулзвар дээр 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал урдаас хар өнгийн “Тоёота Ланд Крузер-200” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт урдуур эргэсэн. Уг нь чигээрээ яваа машиныг өнгөрөөж эргэх ёстой байтал шууд урдуур эргээд манай машинтай шүргэлдээд нөхөр маань машинаа зогсоотол тэр машины жолооч шууд ухраад явчихсан. Манай нөхөр Эрдэнэбаяр машинаасаа буугаад очтол тэр машины араас нэг залуу бууж ирээд /сүүлд Ганбаяр гэдэг залуу болохыг нь мэдсэн/ хүн төрөх гээд яараад уучлаарай гэсэн. Манай нөхөр жолоочтой чинь уулзъя гэхэд жолооч нь хаалгаа нээхгүй байсан. Тэгээд Ганбаярыг буухад хаалга нь нээгдээд жолооч дээр нь очоод аймар согтуу байна гэхээр нь би буугаад очиход жолооч нь өөрийгөө ч авч явж чадахааргүй согтуу байсан. ...Тэгээд нөхөр маань таныг ийм согтуу байдалтай явуулахгүй гээд урд талд зогссон. ...Тэгтэл нөгөө жолооч нь шууд нөхрийн маань хөлөн дээгүүр дайраад нөхөр маань ёооё гээд тохойгоороо толин дээр нь дараад толь нь гэмтсан байх. Тэгээд шууд арын дугуйгаараа дахиж хөлөн дээгүүр нь дайраад зугтаасан гэсэн мэдүүлэг. /1-р хавтсын 67/

            1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг. /1-р хавтсын 11-14/

            2. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон схем зураг, фото зураг. /1-р хавтсын 16-24/

            Гэрч С.Ч-ын . . . Ингээд төв замаар явж байхад Спортын ордны зүгээс өөдөөс ирж явсан хар өнгийн Ланд маркийн машины манай машины зүүн гар талын урдаас ирээд мөргөөд зогссон юм. Манай машин зогсож машин барьж явсан Ариунтүвшингийн нөхөр нь буугаад нөгөө Ланд маркийн машины жолоочтой уулзсан юм. Тэгснээ түүнийг согтуу байна гэж хэлж байсан. Тэгсэн чинь нөгөө машин нь хойш ухраад урагшлахдаа манай жолоочийг машинаараа мөргөчихөөд зүүн тийш зугтаасан юм гэсэн мэдүүлэг. /1-р хавтсын 68/

            ...Тухайн үед тэр хар өнгийн Ланд машин нь миний сууж явсан машины зүүн урд талаас мөргөөд зогссон юм. Тэгэхдээ их хүчтэй тас гэж мөргөөгүй, хөнгөхөн мөргөсөн. Манай машиныг барьж явсан жолооч Эрдэнэбаяр баруун тийшээ дарж зайлуулаагүй бол хүчтэй мөргөх байсан. ...Тэр хар машины жолооч анхнаасаа зугтаж явах гээд байхаар нь Эрдэнэбаяр урд талд нь гарч зогсоод явуулахгүй гэж байсан гэсэн мэдүүлэг. 2-р хавтсын 7/

            8. Гэрч Д.Х-ын . . . Орой 19 цагийн орчимд урд цагааны урдуур баруун тийш явж байгаад гэнэт сууж явсан машин огцом зогссон. Тэгээд хартал жолоочийн талаас бараан өнгийн жип машин ирээд сууж явсан машиныг шүргэчих шиг болоод зогссон. ...манай сууж явсан машин гэнэт зогсоод хажуу тийшээ болсон байсан. ...Тухайн үед огцом зогсоод чимээ гарахаар нь би шүргэсэн гэж ойлгосон гэсэн мэдүүлэг. /1-р хавтсын 69/

            ...Тэр хэрэг гардаг өдөр миний сууж явсан машины зүүн урд талаас бараан өнгийн жип машин ирээд мөргөөд зогссон юм. Одоо би сайн санаж байгаагаар “тарр” гэсэн чимээ гараад мөргөсөн. Гэхдээ хүчтэй тас гэж мөргөөгүй. Ямар ч байсан машин бага зэрэг доргиод “тарр” гэсэн чимээ гарсан гэсэн мэдүүлэг. /2-р хавтсын 8/

            9. Гэрч Д.М-йн . . . 4 дүгээр микрийн 20 дугаар байр руу эргэдэг уулзвар дээр баруун тийш хараад зогсчихсон байсан. Зогсохдоо 2 дугаар эгнээнд зогсчихсон, эсрэг талд нь бараан өнгийн жип эсрэг урсгал руугаа буюу зүүн тийшээ хараад урсгал руугаа орчихсон зогсож байсан. ...Би цагаан машины хажуугаар гарахад нэг залуу жипний гадаа зогсоод жипний урд талын хагас онгойсон цонхоор нь маргаж байгаа бололтой зогсож байсан. ...би цаашаа өнгөрөөд явтал ард юм шажигнаад “түг” гэх чимээ гарахаар нь би машиныхаа толинд харахад жипний гадна зогсож байсан залуу зам дээр унаад жип нь цаашаа явсан юм. Тэгэхээр нь би буцаж эргээд жип машиныг дагасан. Нөгөө залуу зам дээр хэвтээд үлдсэн байсан. Энэ үед би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд жип машины араас нь дагахад жип машин урагшаа уулзвараар эргээд “Эврика” дэлгүүрийн орчимд зогссон. Би хэтэрч зогсоод ухраад эсрэг талын зогсоол дээр зогсоод харахад жолооч талаас нэг эрэгтэй хүн буугаад осол болсон уулзвар руу явсан. Мөн хоёр эмэгтэй бууж ирээд миний машинд суусан юм. ...Миний машинд суусан хоёр эмэгтэй жаахан суугаадахъя гэсэн юм. ... 4 дүгээр микр рүү хүргүүлье гээд 18 билүү 20 дугаар байр руу хүргүүлсэн. Би буцаад нөгөө уулзвар дээр ирэхэд цагаан машин нь байж байсан. Тэгээд би эргээд ирэхэд хар өнгийн жип машин нь Эврика төвийн арын хашаа руу орсон. ...Харин машинд маань суусан хоёр эмэгтэйгээс архи үнэртэж байсан гэсэн мэдүүлэг. /1-р хавтсын 70/

            10. Гэрч П.Б-ы . . . 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн орой миний хэвтэж байсан тасагт авто осолд орсон гээд Эрдэнэбаяр гэж залуу хэвтсэн. ...өөрийг нь дайрсан гэх халимаг үстэй давхраатай нүдтэй 40 гаруй насы ах ирж уулзаж байсан. Миний сонссоноор – ах нь одоо яах вэ, яаж туслах уу миний зүгээс дэмжлэг туслалцаа юу байна. Тухайн үед би согтуу байсан болохоор аль ч учраа олоогүй, согтуудаа бантаад явчихсан юм гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг. /1-р хавтсын 201/

            11. Шинжээч Б.Батцэнгэл, Я.Ганболд, Д.Доржсүрэн нарын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт. /1-р хавтсын 100/

            Дүгнэлт: ...6.Жолооч Д.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10 заалтыг зөрчсөнөөс осол гарахад шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна гэж дүгнэлтийг гаргав.

            12. Шүүхийн шинжилгээнийн үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 411 дугаартай дүгнэлт. /1-р хавтсын 176-178/

            Дүгнэлт: ...4. /7-р асуултын хариулт/ Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хөдөлгөөн үйлдэж байсан Toyota Land Criuser – 200 Маркийн 07-97 УНЕ улсын дугаартай автомашин нь уулзварт зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ өөдөөс чигээрээ яваа буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш хөдөлгөөн үйлдэж байсан Suzuki Swift маркийн **-** улсын дугаартай автомашинд зам тавьж өнгөрүүлээгүй нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна.

            13. ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн шинжээчдийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 11/21 дугаартай дүгнэлт. /1-р хавтсын 229-231/

            Дүгнэлт: Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан материалууд, 19, 22 дугаар хуудсанд байгаа нөхөн үзлэгийн тэмдэглэлийн схемүүд, 24 дүгээр хуудсанд авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс харахад дээрх тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна. “Тоёота Ланд Круйзер-200” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Дашбалжирын Уламдэлгэр нь Монгол Улсын Замөн хөдөлгөөний дүрмийн 12.10-р заалт “Жолооч зүүн гар тийш ... эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах үндэс болсон байна. Мөн жолооч Дашбалжирын Уламдэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”, 2.5а заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг ... тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5в “зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүний үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байна.

            ...Хариулт 3. Жолооч Б.Э-ын осол болсны дараа өөрийн тээврийн хэрэгслээс бууж жолооч Д.У-ийн тээврийн хэрэгсэл дээр ирж байгаа болон түүний урд талд нь гарч зогсож байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл болохгүй. Харин Б.Эрдэнэбаяр нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5в заалт” зам тээврийн осолд  холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: ...осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг баримтлан эд мөрийн баримтын зүйлийг хамгаалах гэсэн үйлдэл хийсэн байна. Энэ тохиолдолд жолооч Б.Эрдэнэбаяр тээврийн хэрэгслээс бууж, замаар яваа явган зорчигч болно.

            Хариулт 4. Жолооч Б.Э-ыг өөрийн тээврийн хэрэгслээс бууж ирсний дараа Д.Уламдэлгэр нь хөлийг дайрч биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 заалт” Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн үйлдэл ба зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирсон учир энэ нь зам тээврийн осол болно.

            ...Хариулт 11. Жолооч Д.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5а-р заалт “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг ... тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэснийг баримтлан тээврийн хэрэгслийг хөдөлгөх, хэргийн газрыг орхихгүй байх ёстой учир энэ тохиолдолд хэргийн газрыг санаатай орхин явсан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.У хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих, хүний бие эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.У-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

 

3.Шүүгдэгч Д.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүгдэгч Д.Уламдэлгэрийн торгох ял биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Хохирогч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс, амралтын төлбөр, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.  

 

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС