Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 117/ШШ2021/0014

 

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдуулан “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Х.М холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын ахлах байцаагч Т.С нь холбогдогч Х.Мд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулж байгаа нь мэдүүлэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэсэн боловч мэдүүлгээр зөрчил нь хангалттай тогтоогдоогүй, холбогдогчийн харьяалах улс, хуулийн этгээдийн нэр хүний овог, нэр, регистрийг бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 50.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан, зөрчлийн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн эсэхийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл,  7.2 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан.

Улсын ахлах байцаагч Т.С нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Х.Мд “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан...” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн А хяналтын улсын байцаагч Н.Б2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр холбогдогч Х.Мд ... дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Х.М нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус бүрт нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Х.Мд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

2021.02.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг, материалыг шалгаж шийтгэлийн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдох “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Х.Мд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.С надад хариуцуулан 2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Х.Мд шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсний дагуу миний бие 2020 оны 12 сарын 28-ны өдөр прокурорын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөх хариу тайлбарыг хүргүүлж байсан.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү 2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Х.Мд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3 дахь заалтыг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэх бичгийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Дундговь аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  Б  хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст хариуцуулан “Х.Мд холбогдох 2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг[2] /нэхэмжлэл/гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...прокурор бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”,  Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, Прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т “...баталсан удирдамжийн дагуу шалгана “ заасныг үндэслэн шалгаж тэмдэглэл[3] хөтөлснөөр энэхүү шалгалтаас хойш 30 хоногт багтаан  нэхэмжлэлээ ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг болон шүүхийн харьяаллыг  зөрчөөгүй.  

2. Холбогдогч нь уг зөрчлийн торгуулийг буюу 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... тоот актыг биелүүлж, 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ХААН банкны  шилжүүлгийн баримтаар[4] төлсөн байх тул  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж бичгээр[5]  ирүүлсэн  болно. Улсын байцаагч Н.Бын /хариуцагч өөр/ гаргасан 2020.08.26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудаст[6] маргаагүй.

3. Хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбарт[7]  Х.Мд  “зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж, олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж, хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан[8] гэх зөрчилд холбогдогчийн мэдүүлсэн мэдүүлгээр[9] нотолж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар 50,000 төгрөгөөр торгосон. Прокурорын актыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох хууль журмыг баримталж ажилласан. Иймд дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэжээ. 

4.Нэхэмжлэгчээс  2021 оны 2 сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэнд хуульд заасан холбогдох ажиллагааг шүүх хэрэгжүүлж[10] хариуцагчаас авсан тайлбарт[11] “нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хамгийн гол нь прокурор хяналтыг хуулийн хугацаанд хийхгүй гэнэт энэ мэт байдлаар хандаж байгаад гомдолтой, зөрчил бол үйлдэгдсэн, гагцхүү нотлох баримтын болон хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ойлголоо” гэх  болон шийтгэлийн хуудаст хуулийн нэрийг бүрэн гүйцэд бичээгүй /ЗТХ/, маршрутын бус замаар тээвэрлэлт хийсэн, олон салаа зам гаргасан, малын бэлчээр сүйтгэсэн, хөрсийг элэгдэл эвдрэлд оруулсан зэрэг зөрчлийн чухам алинаар зөрчилд тооцсон болох нь ойлгомжгүй, хуулийн зүйл заалтыг гүйцэд бичээгүй, оногдуулсан торгуулийг нэгжээр заагаагүй, шийтгэлийн хуудаст дан мэдүүлгээр нотолсон зэрэг зөрчил гаргаснаа  хүлээн зөвшөөрч илэрхийлсэн тул шүүх гуравдагч этгээд таталгүйгээр  хариуцагчийн зөвшөөрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй. 

 Улмаар зөрчилд холбогдогч төлбөрийг төлж барагдуулсан, тэрбээр хуулиар тогтоосон хугацаанд акт шийдвэрт хариуцагчид холбогдуулан маргаагүй гэх тайлбар[12] зэрэгт үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг батлахад  зөрчилд холбогдогчийн  болон  өөр бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгчид танилцуулж мэдэгдсэн тул хуульд харшлахгүй гэж шүүх үзэв. 

5.Иймээс  хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, хууль хэрэглээний хувьд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг үндэслэн хариуцагчийг улсын тэмдэгтийн  тэмдэгтийн хураамжийг чөлөөлж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр  зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар  зүйлийн 67.1т заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  М.Үийн нэхэмжлэлтэй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст хариуцагдах  “2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 49 дүгээр зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.4, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурьдаж, хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
  3. Энэ захирамжид давж заалдах гомдол гаргахгүй, энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүйг тус тус тайлбарласугай.

 

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.С

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 7 талд

[2] Хэргийн 1-2 талд

[3] Хэргийн 18-20 талд 

[4] Хэргийн 8 талд

[5] Хэргийн 37 талд

[6] Хэргийн 13 талд,

[7] Хэргийн 27-28 талд

[8] Хэргийн 7 талд /0152261 дугаар шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт/

[9] Хэргийн 5 тал арын нүүрэнд

[10] Хэргийн 38 талд

[11] Хэргийн 39-40 талд

[12] Хэргийн 40 талд