| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2026/0223/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/245 |
| Огноо | 2026-05-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | 320/2026/0215/Э |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ийн Ц-д холбогдох эрүүгийн 2638000000214 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овгийн Э-ийн Ц, 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ................ дугаар багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РУ93092813 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Э.Ц нь 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд хохирогч Ж.Б-тай холбогдон “...Б байна,...20 ширхэг хурга зарна...” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3 удаагийн гүйлгээгээр 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга)-н төгрөг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд.
Улсын яллагч хавтаст хэргээс: 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч хавтаст хэргээс: Судлуулах зүйл байхгүй гэв.
Хоёр.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд.
Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. 1,400,000 төгрөгийн хохирлоос хохирогчид эхлээд 1,000,000 төгрөг, дараа нь 300,000 төгрөгийн хохирол төлсөн.
Үлдсэн 100,000 төгрөгийг төлнө...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гурав.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд.
а.Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байтал 80629649 гэсэн дугаараас Б байна гэж залгаж орж ирээд та хурга авах юм уу гэхээр ах нь цөөхөн хэдэн хурга авч байгаа гэтэл тэгвэл дүү нь 20 ширхэг хурга зармаар байна. Та хэдэн төгрөгөөр авч байгаа юм гэхээр нь ах нь 1 ширхэг хурга 100,000 төгрөгөөр авч байгаа гэтэл за тэгвэл би танд эхний ээлжинд 10 ширхэг хурга өгч байя гэж байснаа би эхнэртэйгээ ярьж байгаад хэдэн хурга өгөхөө асуугаад буцаагаад залгая гээд утсаа салгаж байгаад хэсэг хугацааны дараа дахиж залгаад ах би нэг мөсөн 20 ширхэг хурга өгөхөөр боллоо, эхнэр зөвшөөрч байна. Та эхний ээлжинд надад 500,000 төгрөг өгчих гэхээр нь 5911118661 гэсэн хаан банкны Н-ы Ц гэсэн данс руу би явуулсан юм, тэгтэл 4 хоногийн дараа дахиж залгаад дүү нь Мөрөнд байна, дүүд нь хэдэн төгрөг хэрэг байна, эхнэр миний хажууд байна гэхээр нь 5890.................. гэсэн Хаан банкны Ч-ны Б гэдэг данс руу шилжүүлсэн. Тэгтэл нөгөө нөхөр 2 хоногийн дараа дахиж залгаад ах би Мөрөнгөөс гарах гэж байна. Одоо очоод хургаа туугаад, аваачиж өгье. Та одоо 400,000 төгрөг өгч байгаач, очиж байгаад үлдэгдэл мөнгөө өгье гэхээр нь дансаа явуулаарай гэтэл 5911................ гэсэн Хаан банкны Э овогтой Ч гэсэн данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд энэ нөхөр дахиж утсаа авахгүй алга болсон.
Аргаа бараад нөгөө яриад байсан залуугийндаа яваад очтол би танаас мөнгө аваагүй, манай ах миний нэрийг бариад танаас мөнгө авсан байна гэж хэлсэн.
Тэгээд би Э-ийн Ц гэх хүнд залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон,...Э овогтой Ц нь надад өгөх ёстой 1,4000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг өгсөн байгаа. Би тухайн 1,000,000 төгрөгийг өөрийнхөө данс руу авсан. Би үлдсэн мөнгө болох 400,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 10, 13 дугаар хуудас),
б.Гэрч Э.Ч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:
“…Э.Ц гэдэг манай хамаатны ах надаас банкны карт байгаа юу гэхээр нь байгаа гэсэн чинь ах нь ажил хийсэн цалингаа дансаар чинь аваад картыг чинь буцаагаад өгье гэхээр нь би дансны дугаараа өгтөл Ж.Б-аас 9426............гэсэн утгатай 400,000 төгрөг орж ирсэн. Тэгээд Ц миний картыг авч яваад Баян агт гэх дэлгүүрээс 400,000 төгрөг уншуулж авсан байсан. Тэгээд миний картыг авчирч өгөөд хөдөө явсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас),
в.Гэрч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай хамаатны хүн болох Э.Ц гэх хүн намайг надад дансаа өгөөч, би дансаар чинь мөнгө хийгээд авъя гэхээр нь юун мөнгө яах гэж байгаа мөнгө юм бэ, чи өөрийнхөө дансаар авч болохгүй байгаа юм уу гэж асуугаад миний данс болохгүй байгаа гэхээр нь тухайн үедээ нээх юм бодолгүй дансаа өгсөн чинь миний данс руу удалгүй 500.000 төгрөг Б 9429........... гэсэн мөнгө орж ирсэн. Тэгээд тэгээд маргааш нь гэрийн гадаа ирээд надаас бэлнээр нь аваад явсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байсан болохоор данснаас мөнгө гаргаж өгөлгүй байсан мөнгөө өгөөд явуулсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас),
г.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 дугаар хуудас),
д.Ж.Б-ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5895............. тоот дансны хуулга (04-06 дугаар тал),
ж.Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг лавлах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (25,26, 28-31 дүгээр хуудас) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ц-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Дөрөв. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт.
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч Э.Ц нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд хохирогч Ж.Б-тай холбогдон “...Б байна,...20 ширхэг хурга зарна...” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3 удаагийн гүйлгээгээр 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ж.Б-ын мэдүүлэг, гэрч н.Ч , н.Батмөнх нарын мэдүүлэг, хохирогч Ж.Б-ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5895............. тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй. Энэ талаар оролцогчоос ямар нэгэн гомдол санал гаргаагүй тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох хангалттай, хүрэлцэхүйц гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжээр илэрдэг. Үүнээс үзэхэд Э.Ц-ийн дээр үйлдэл нь нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн. Хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Иймд Э.Ц-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч мэдүүлэгтээ 1,000,000 төгрөгийг авсан, 400,000 төгрөг нэхэмжилж байгаа талаараа дурдсан.
Яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүгдэгч Э.Ц нь хохирогчид 300,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх банкны гүйлгээний зургийг ирүүлсэн тул хохирогч Ж.Б-д 100,000 төгрөгийг гаргуулан олгуулах...” гэх санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
5.1.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн хуульд заасан зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Ц нь бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Тодруулбал шүүгдэгч Э.Ц нь 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд хохирогч Ж.Б-тай утсаар холбогдон “...Б байна,...20 ширхэг хурга зарна...” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг шилжүүлэн авч “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, Э.Ч , А.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэг мөр, эргэлзээгүй нотлогдож байх ба шүүгдэгч Э.Ц-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, дээрх үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
5.2. Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг түүний обьектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч материаллаг болон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг.
Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддаг.
Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд "залилах" гэмт хэргийг хуульчлан тодорхойлж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг заасан ба “залилах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээ шаардахгүй, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байдаг.
Тухайлбал:хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг.
Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал:
“Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,
“Нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэг нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулахыг,
“Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэдэг нь дамдуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг,
“Зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгох” гэдэг нь эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг тус тус ойлгоно.
Үүнээс үзэхэд гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас “залилах” гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус зааж зохицуулсан.
Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.
Шүүгдэгч Э.Ц нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд хохирогч Ж.Б-тай холбогдон “...Б байна,...20 ширхэг хурга зарна...” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3 удаагийн гүйлгээгээр 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан байх ба тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба залилах гэмт хэргийг шүүгдэгч Э.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсонг тэмдэглэв.
5.3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор, уршиг:
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод хохирол учирсан байхыг шаарддаг.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Ц-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б д 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь “…Э овогтой Ц нь надад өгөх ёстой 1,4000,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгөөс 1,000,000 (нэг сая) төгрөг өгсөн байгаа. Би тухайн 1,000,000 (нэг сая) төгрөгийг өөрийнхөө данс руу авсан. Би үлдсэн мөнгө болох 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлгийг өгчээ. (хх-ийн 10, 13 дугаар хуудас),
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц нь “хохирогчид эхлээд 1,000,000 (нэг сая) төгрөг, дараа нь 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн хохирол төлсөн.
Үлдсэн 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг төлнө” гэх тайлбар, мэдүүлгийг өгч, хохирогчид 300,000 (гурван зуун мянга) төгрөг шилжүүлсэн гар утас дахь банкны аппликэйшний хуулбар зураг ирүүлжээ.
Гэвч дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна
Хохирол нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн үр дагавар болсон бодит алдагдал тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайн тогтоогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээдэг нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтсон жишиг юм.
Иймд дээр дурдсан хуулиудын зохицуулалт болон тогтсон жишгийг иш үндэс болгон шүүгдэгч Э.Ц-аас 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Б д олгохоор шийдвэрлэв.
Зургаа.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Ц нь “бусдыг хуурч,...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга)-н төгрөгийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт…хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…гэж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал, дүгнэлтдээ “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлгийн үеэр эрхэлсэн тодорхой ажилтай болсон гэх боловч энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт гаргаж өгөөгүй тул түүнийг эрхэлсэн тодорхой ажилтай гэж үзэх боломжгүй байна. Иймээс шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг хариуцах чадвартай, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохино гэж үзэж байна.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг дэвсгэрийн хилийн дээсээр тогтоох, мөн шүүгдэгч нь Хөвсгөл аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба энэхүү торгох ял биелэгдээгүй байх тул торгохын ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож 33 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил, 1 сар, 3 хоногийн хугацаагаар тогтоох саналыг гаргаж байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж байгааг дурдав.
Хавтаст хэргийн 25,26, 28-31 дүгээр хуудсанд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг лавлах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтаар шүүгдэгч Э.Ц нь ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 03 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Ц ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон.
Хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04/613 дугаартай: “Э.Ц-ийн ялын тооцоо хүргүүлэх” тухай албан бичигт “...Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Э-ийн Ц ийг 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Ялтан Э.Ц нь 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй байна. 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тасалбар болгон тооцов...” гэжээ.
Эндээс үзэхэд шүүгдэгч Э.Ц нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө буюу 2026 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрийн хооронд хохирогч Ж.Б-ыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдлоо.
Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар хууль тогтоогч хуульчилсан.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
“...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” хэмээн заасан ба энэ журмаар ял тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болохгүй бөгөөд шударга ёсны зарчмыг бодитоор хангахад чиглэгдсэн арга хэмжээ юм.
Мөн дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй байна.
Учир нь: Шүүх торгох ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзах бөгөөд торгох ял нь шүүгдэгчид санхүүгийн дарамт учруулах замаар төлөх боломжгүйд хүрч улмаар ял хүндрэх (хорих ялаар солигдох) эрсдэлтэй байдаг.
Шүүгдэгч Э.Ц нь ямар нэгэн орлого, хөрөнгөгүй, торгох ялыг төлөх санхүүгийн чадамжгүйгээс Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд торгох ял түүнд оногдуулах нь ял бодитой, биелэгдэхүйц байх зарчимд нийцэхгүй байна.
Нөгөө талаар эрүүгийн эрх зүйд эрүүгийн хариуцлага нь хүмүүнлэг энэрэнгүй байх, нийгмээс тусгаарлахгүй байхад анхаарч, хорих ял шийтгэхээс зайлсхийх чиг хандлага зонхилох болсон хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан урьд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг дараагийн нэг ижил төрлийн гэмт хэрэгт давтан оногдуулах, эсхүл өмнө нь оногдуулсан ялаас хөнгөн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг сулруулдаг сөрөг үр дагавартай.
Иймд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор буюу 33 (гучин гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 (зургаа) сар 33 (гучин гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг оногдуулсан ял дээр Хөвсгөл аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялын 15 (арван тав) нэгжийг нэг хоногоор тооцож, 33 (гучин гурав) хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тооцон нэмж нэгтгэн, нийт 1 (нэг) жил, 1 (нэг) сар, 3 (гурав) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах” ялын саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Хуульд торгох ялыг шүүх зөвхөн хорих ялаар сольж шийдвэрлэхээр зохицуулсан ба торгох ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл байхгүйг тэмдэглэв.
Долоо.Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З овгийн Э-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Ц ийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор буюу 33 (гучин гурав) хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 (зургаа) сар 33 (гучин гурав) хоногийн хугацаагаар хорих
тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д оногдуулсан 6 (долоо) сар 33 (гучин гурав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч Э.Ц-аас 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б д олгосугай.
6.Эрүүгийн 2638000000214 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ