Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 266/ШЦТ/2026

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

            Улсын яллагч Б.Ариунсанаа,

            Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын гайзраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-дхолбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, А овгийн Б.Э, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .... сумын ..... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ..... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Э нь 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ...  сумын ... дугаар багийн нутаг “Цахиурт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5.8 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан хууль бусаар бэлтгэж, ...  улсын дугаартай ..... загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас байгаль экологид 978,199 төгрөгийн шууд хохирол, 2,934,597 төгрөгийн шууд бус хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд.

Улсын яллагч: 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

        Шүүгдэгч: Шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд.

а.Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би өөрийн буруутай үйлдлээ мэдсэн, гэм буруу дээр маргахгүй, хохирол төлнө…” гэв.

Гурав.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд.

а. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р тал),

б.“Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 11-13-р тал),

в.“Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаартай зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/,

г.Иргэний нэхэмжлэгч Б.М-ийн мэдүүлэг (хх-ийн 22-23-р тал),

д.Гэрч Б.Э-ын мэдүүлэг (хх-ийн 26-27-р тал),

е.Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт (хх-ийн 31-32-р тал),

ё.Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 33-р тал),

ж.Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын шинжээч Г.Б-ийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №09 дугаартай дүгнэлт (хх-ийн 38-р тал),

з.“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ШД-526-916467 дугаартай “...Киа Бонго пронтер маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 3,850,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 43-47-р тал),

и. Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ШД-526/916464 дугаартай “...БНХАУ-д үйлдвэрлэсэн хөрөө зах зээлийн үнэлгээ 108,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 53-55-р тал),

й. Гэрэгэ Киоск ХХК-ний 2026 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн лавлагаа: “...нэр: Э , РД:...., машины дугаар: .... ХӨВ, Эзэмшигчийн бүртгэл...”  Авто тээврийн шилжилт хөдөлгөөн...” гэх И-баримт зэрэг болно.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Дөрөв. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судалснаар шүүгдэгч Б.Э-г 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ...  сумын ... дугаар багийн нутаг “Цахиурт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5.8 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан хууль бусаар бэлтгэж, 27-70ХӨВ улсын дугаартай Киа бонго пронтер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас байгаль экологид 978,199 төгрөгийн шууд хохирол, 2,934,597 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Тав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

    5.1.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:

    Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн хуульд заасан зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Б.Энь 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “Цахиурт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5.8 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан хууль бусаар бэлтгэж, .... улсын дугаартай Киа бонго пронтер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас байгаль экологид 978,199 төгрөгийн шууд хохирол, 2,934,597 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

       Энэ үйл баримт нь талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нэг мөр эргэлзээгүй нотлогдсон болно.Үүнд:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р тал),

2.Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 11-13-р тал),

3.Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаартай зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/,

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Иргэн Б.Энхтүвшингийн хууль бус үйлдлээс болж байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээ хохирлыг ... сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэдэг утгаар хохирлын төлбөрийг сум орон нутгийн орлогод оруулж өгвөл сайн байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р тал),

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Э-ын өгсөн: ”...Иргэн Б.Э нь 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мод ачиж явах үедээ ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй. Мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлдсэн талаараа хэлж ярьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р тал),

6.Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай “1. Иргэн Б.Э-ийн бэлтгэсэн мод нь хуурай, шинэс мод байв. 2. Иргэн Б.Э-ийн бэлтгэсэн мод нь түлшний зориулалтаар бэлтгэсэн хуурай мод байв. 3. Дээрхи модны экологи-эдийн засгийн үнэлгээг 978,199 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 31-32-р тал),

7.Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 33-р тал),

8.Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын шинжээч Г.Б-ийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №09 дугаартай “...Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 2,934,597 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 38-р тал),

9.Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ШД-526-916467 дугаартай “...Киа бонго пронтер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 3,850,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 43-47-р тал),

10.Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ШД-526/916464 дугаартай “...БНХАУ-д үйлдвэрлэсэн хөрөө зах зээлийн үнэлгээ 108,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 53-55-р тал),

11.Гэрэгэ Киоск ХХК-ний 2026 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн лавлагаа: “...нэр: Э, РД:.., машины дугаар: , Эзэмшигчийн бүртгэл...”  Авто тээврийн шилжилт хөдөлгөөн...” гэх И-баримт (хх-ийн .....-р тал) зэргээр тогтоогдлоо.   

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх уг баримтуудыг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

5.2. Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг түүний обьектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг.

Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог.

Харин материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддаг ба энэ нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь гэмт хэргийн шалтгаант холбоо юм.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Э нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд түүнийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Э-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой.

Тодруулбал шүүгдэгч Б.Э нь 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ...  сумын 2 дугаар багийн нутаг “Цахиурт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5.8 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан хууль бусаар бэлтгэж, .... улсын дугаартай Киа бонго пронтер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас байгаль экологид 978,199 төгрөгийн шууд хохирол, 2,934,597 төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан "Хууль бусаар мод бэлтгэх" гэмт хэрэг нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан идэвхтэй үйлдэл хийгдсэнээр төгссөнд тооцогддог бөгөөд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, эсхүл гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, мөн мод бэлтгэх эрхийн бичигт заасан зориулалт, төрөл, хэмжээ, хугацаа, байршлыг зөрчиж мод бэлтгэсэн үйлдэл нь өөрөө гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрдүүлдэг.

Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх шинжгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэв.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Б.Энь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсоныг тэмдэглэв.

5.3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор, уршиг:

Шүүгдэгч Б.Э нь экологи эдийн засагт 978,199 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж шүүгдэгчээс 2,934,597 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэв.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

      6.1.Талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч Б.Э нь  “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгчээс  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2,934,597 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах, Прокурорын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа бонго пронтер” загварын ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 5.8 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

       Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78-р хуудас)-аар тогтоогдсон ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэв.

       Шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 (таван зуун)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга)  төгрөгөөр  торгох ялыг 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Долоо. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг,...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж,...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан.

       Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 ширхэг, “Бонго пронтер” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Э-ийн өмчлөл, эзэмшлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мод бэлтгэхдээ ашигласан хөрөө, тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх...” гэх мэдүүлэг болон тээврийн шилжилт хөдөлгөөний лавлагаа И-баримт (хх-ийн ...-р тал)-аар нотлогдлоо.

Иймээс эрүүгийн 2638000000215 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай “…... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн...” тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Э-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,850,000 (гурван сая найман зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Киа бонго пронтер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Э-ээс гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн ... сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн 978,199 (есэн зуун далан найман мянга нэг зуун ерэн ес)  төгрөгийн үнэлгээ бүхий 5.8 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хурааж улсын орлогод оруулахыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 108,000 (нэг зуун найман мянга) төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 (нэг)  ширхэгийг улсын орлогод оруулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.   

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Киа бонго пронтер маркийн ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдав.

 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А овгийн Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г 500 (таван зуун)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 500 (таван зуун)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Э-ээс байгаль экологид учруулсан хохиролд 2,934,597 (хоёр сая есөн зуун гучин дөрвөн мянга таван зуун ерэн долоо) төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 3,850,000 (гурван сая найман зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “Киа бонго пронтер” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан 978,199 (есэн зуун далан найман мянга нэг зуун ерэн ес)  төгрөгийн үнэлгээ бүхий 5.8 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, 108,000 (нэг зуун найман мянга) төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 (нэг) ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       7.Хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Киа бонго пронтер маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       11.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Г.ДАВААХҮҮ