Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2024/00139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын ..... багт оршин суух, регистрийн дугаар .........., Г ургийн овогт Б-гийн Л-гийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1984 онд төрсөн, 56 настай. Би 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ажилчнаар ажиллах болсон. Улмаар 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдан яваад 1988 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Сангийн аж ахуйд ажилтнаар ажилд орсон. Дараа нь 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Цэнхэр Мандал ХК-д үтрэмийн ажилчнаар ажиллаж байсан. Мөн 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шинээр үүсэж байгуулагдсан Улаан сан ХК-д үтрэмийн сахиул, худгийн моторчноор ажилд ороод ажиллаж байгаад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаан сан ХК-д малчнаар ажилласан. 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа архиваас авсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн баримт бичиг бүрдүүлэхэд 1995-2000 онд Улаан сан ХК-д малчнаар ажиллаж байсныг нотлох ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Баруунтуруун сумын Улаан сан ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар зөвлөмжийн хуудас, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 44 дүгээр тодорхойлолт, Улаан сан ХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, рашаан эмчилгээний дэвтэр, гэрч Т.Ц, О.Э нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Б.Л-гийн гэрлэснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Л-гийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Улаан сан ХК-д малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Л-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Б.Л-гийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар зөвлөмжийн хуудсанд: Б.Л-гийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал авхиваас гараагүй тул ажилласан жил тооцох боломжгүй байна гэжээ.

4.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 44 дүгээр тодорхойлолтод: Увс аймгийн Баруунтуруун сумын Улаан сан ХК-ийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул Б-гийн Л-д холбогдох баримтыг гаргах боломжгүй болно гэжээ.

4.3. Б.Л-гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт түүний 1984-1992 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуй, Цэнхэр мандал ХК-д ажиллаж байсан байдлын талаар бичигдсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийг нэхэмжлэгчийн 1995-2000 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хамааралгүй гэж үзлээ.

4.4. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд Б.Л-гийн 1995 оны 1 сараас 2000 оны 12 сарыг дуустал Улаан сан ХК-д ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийг дээрх онуудад Улаан сан ХК-д ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

4.5. Улаан сан ХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтод: Б.Л нь 1995 оноос 2000 он хүртэл 6 жил Улаан сан ХК-д мал малладаг хоньчин байсан нь үнэн болно гэжээ.

4.6. Рашаан эмчилгээний дэвтэрт: Овог, нэр Б-гийн Л, нас - 28, амрах эрхийн бичгийн хугацаа ирсэн 1996.07.15, явсан 1996.07.22, 7 хоног, тэмдэглэл хэсэгт - Улаан сан ХК-ийн малчин Б.Лг рашаан сувилалд явуулав гэжээ. Улаан сан ХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, рашаан эмчилгээний дэвтэрт бичигдсэн байдлаар нэхэмжлэгч Б.Л Улаан сан ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4.7. Б.Л-гийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн байх ба анкетад нэхэмжлэгчийн 1989 оны хувийн мэдээлэл болон тухайн үед эрхэлж байсан ажлын талаар бичигдсэн байх тул баримтыг нэхэмжлэгчийн 1995-2000 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хамааралгүй гэж үзэв.

4.8. Нэхэмжлэгч өмнө нь ажиллаж байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1357 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол гэж үзэн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. Тус иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Цэндсүрэн, О.Эрдэнэтогтох нарыг гэрчээр оролцуулсан бөгөөд нэхэмжлэгчээс уг иргэний хэрэгт авагдсан гэрч Т.Цэндсүрэн, О.Эрдэнэтогтох нарын мэдүүлгийн нотлох баримтаар ирүүлсэн байх ба Т.Цэндсүрэн Миний бие 1990 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Улаан сан ХК-д малчнаар ажилд орсон. Б.Л мөн 1995 онд тус компанид малчнаар ажилд орж байсан. 2004 онд Улаан сан ХК хувьчлагдахад бид ажлаас гарсан. Би Б.Лтэй 1995-2004 онд Улаан сан ХК-д малчнаар хамт ажиллаж байсан нь үнэн гэж, гэрч О.Э Миний бие 1990 онд Увс аймгийн Баруунтуруун мын Улаан сан ХК-д тракторчноор ажилд орсон. Б.Л 1992 онд тус компанид моторчноор ажилд орж байсан ба 1995 оноос малчнаар ажиллаж эхэлсэн. Би 1998 онд ажлаас гарсан. Харин Б.Л нь Улаан сан ХК хувьчлагдах хүртэл ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Улаан сан ХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, рашаан эмчилгээний дэвтрээр тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

5. Иймд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Улаан сан ХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, рашаан эмчилгээний дэвтэр, гэрч Т.Ц, О.Э нарын мэдүүлгийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г ургийн овогт Б-гийн Л-гийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Улаан сан ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г ургийн овогт Б-гийн Л-гийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Улаан сан ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ