Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх,  З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                     Х.Насанжаргал

Хохирогч                                                      *******

Шүүгдэгч                                                      *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.Солонго

Нарийн бичгийн дарга                                  Г.Чинзориг нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, 1987 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 23-10 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, (РД: *******); Урьд:

 Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын баривчлах ялаар,

 Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж байсан.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Захиргааны байрны хойд талд байрлах иргэн *******н эзэмшлийн байрны цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч монетон бөгж, монетон ээмэг, хар өнгөтэй индукцэн плитка, хөөрөг, виза карт зэрэг эд зүйлс хулгайлж 5 682 000 (таван сая зургаан зуун наян хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан, мөн байшингаас 1 200 000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн 2 хаалгатай, 160 см өндөртэй хөргөгчийг хулгайлахыг завдсан,

2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвийн хойно үйл ажиллагаа явуулах “Авто машины дугуйн худалдаа”-ны газраас хохирогч *******гийн “Huawei P-40” маркийн гар утсыг хулгайлж бусдад 900 000 (есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 5 062 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод оршин суух, хохирогч овогт //-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гуатуяад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Солонго нар давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1. Хохирогч ******* 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “Ингээд би цагдаа нарыг ирсний дараа гэртээ орж алга болсон эд зүйлийг бүртгэж үзэхэд модон авдар дотор байсан түрийвчний халаасанд байсан иргэний үнэмлэх, монетон ээмэг, монетон бөгж, хөргөгчин дээр байсан индукцэн плитка алга болчихсон байсан. Хөргөгчийг машинд ачсан байсан. Гэрийн бусад зүйл бүрэн байсан” гэж мэдүүлсэн атлаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “тухайн үед би авдар дотор байсан хөөргийг алга болсон талаар өмнөх мэдүүлэгтээ өгөөгүй байсан, учир нь би гэртээ ганцаараа болохоор гэрт хулгай орсноос хойш гэртээ орж чадахгүй айгаад хүүгээ ирэхээр нь хоёр хоногийн дараа гэртээ ороод эд зүйлээ бүртгэхэд авдар дотор байсан хөөрөг алга болсон талаар мэдсэн.” гэж зөрүүтэй мэдүүлсэн.

2. Хохирогч *******н нөхөр гэрчээр 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “08 дугаар сарын 05-ны орой эхнэр манай дарга руу яриад хөөрөг бусад зүйл алга болсон байна гэж ярьсан. Тухайн үед хөөрөг алдсан талаар мэдсэн.” гэжээ.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд нь хөөрөг алга болсон талаар 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн боловч 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хулгайн үйлдэл гарснаас хойш хоёр хоногийн дараа хүүтэйгээ гэртээ орж хөөрөг алга болсон талаар мэдсэн гэж зөрүүтэй мэдүүлсэн байхад шүүх уг зөрүүтэй мэдүүлгүүдэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нөгөө талаас гэх хүн гурван үе дамжсан халтар манан хөөрөгтэй байсан эсэх талаар ямар нэгэн гэрчээс асууж тодруулсан зүйл байхгүй, энэ талаар шалгаж тогтоолгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хөөрөг алдагдсан гэж үзэн ял сонсгосныг шүүх анхаарч үзээгүй.

Шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул энэхүү гомдлыг гаргасан.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах боловч анхан шатны шүүх эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдвол түүнийг нэг мөр болгосны эцэст хэргийг шүүхээр шийдвэрлэх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөөргөө алдсан нь үнэн. Хөөрөгнийхөө үнийн талыг ч гэсэн төлүүлмээр байна.” гэв.

Прокурор Х.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл  баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Хэрлэн сумын ЗДТГазрын байрны хойд талд байрлах иргэн *******н эзэмшлийн байрны цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч монетон бөгж, монетон ээмэг, хар өнгөтэй индукцэн плитка, хөөрөг, виза карт зэрэг эд зүйлс хулгайлж 5 682 000 (таван сая зургаан зуун наян хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан, мөн байрнаас 1 200 000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн 2 хаалгатай, 160 см өндөртэй хөргөгчийг хулгайлахыг завдсан,

2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвийн хойно үйл ажиллагаа явуулах “Авто машины дугуйн худалдаа”-ны газраас хохирогч *******гийн “Huawei P-40” маркийн гар утсыг хулгайлж бусдад 900 000 (есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг үндэслэн үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж дээрх гурван үйлдлийг нэгтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх нөхцөл байдал болох бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Тухайлбал, шүүгдэгч *******ийн “хохирогч *******н гэрээс нийт 6 882 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан” үйлдлийг /2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үйлдэл/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчилсэн нь зөв боловч өөр цаг хугацаанд, өөр объект руу халдсан хулгайн үйлдлийг /2021оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үйлдэл/ дээрх хэрэгт нэгтгэж нэг зүйл, хэсэг заалтаар шийдвэрлэж шүүгдэгчид ял оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй гэж үзнэ.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ХМШЗ/86 дугаар “Нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” шүүгчийн захирамжаар “...300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ******* овогт *******ийн эдлээгүй үлдсэн 108 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсэн” байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн шүүгдэгчийн биеийн байцаалтад шүүгдэгч *******ийн урьд ял шийтгүүлсэн байдлыг бичихдээ “300 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсэн” гэж буруу бичсэн байх тул цаашид анхаарч зөвтгөвөл зохино. /хх-ийн 134/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/367 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч *******ид холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                    ШҮҮГЧИД                                             О.БААТАРСҮХ

                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ