Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 404

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч: Д.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан, /1956/

иргэний хариуцагч: М.Өнөбаяр,

шүүгдэгч: Б , түүний өмгөөлөгч Б.Чинбат /0053/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхнасангийн Б д холбогдох эрүүгийн 2017 2400 0209 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт суух, ял шийтгэлгүй, Б .

Шүүгдэгч Б  нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний шөнийн 03 цаг 18 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн уулзварын зүүн талын замд “Тоёота карина” маркийн, 26-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а, мөн дүрмийн 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эрдэнэбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах 2 дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б  мэдүүлэхдээ:

2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр би Хүүхдийн 100-д байдаг хоолны газар найз охин, түүний найзуудтай нь хамт хоол идсэн. Тэгээд найз охинтойгоо хамт 03 цагт 21 дүгээр хороолол руу явах замд 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр ногоон гэрэл асаж байсан. Тэр үед замын эсрэг талын урсгалд зүүн хойд талаас хүн гарч ирсэн. Уг зам явган хүний гарцгүй газар байсан болохоор тэр хүнийг зам руу гарч ирнэ гэж би бодоогүй. Гэтэл тэр хүн миний машины урдуур гүйж орж ирээд мөргөгдсөн. Би машинаасаа бууж очоод “зүгээр үү” гээд тонгойход тэр хүнээс архи үнэртэж байсан. Тэгээд цагдаа болон түргэн дуудсан. Хохиролд нийт 4 925 000 төгрөг өгсөн. Үүнээс 2 843 660 төгрөг нь эмчилгээний зардал, 2 081 340 төгрөг нь бусад зардалд өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотойгоор хохирогчтой хэлцэл хийсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 25-ны дотор 500 000 төгрөг өгөхөөр, 11 дүгээр сард 1 000 000 төгрөг өгөхөөр, 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор 1 500 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Хохирогч цаашид эмчилгээний зардалтай холбоотой баримтаа өгвөл төлнө. Энэ хэрэг гарахад миний буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, гэм буруугаа хүлээж байна. Мөн хохирогчийн гарцгүй газраар зам хөндлөн гарсан үйлдэл осол гарахад нөлөөлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Эрдэнэбат мэдүүлэхдээ:

Би “Таван толгой” ХХК-д ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод ирсэн. 3 дугаар сарын 07-ны өдөр Хятад улс руу явах гэж хөдөөнөөс ирсэн. Хамт явах Хатанбаатар надаас 3 дугаар сарын 08-ны өдөр “илүү гар утас байна уу” гэхээр нь “ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд орой 23 цаг болж байхад тэр над дээр ирсэн. Бид хоёр билльярд орж, 2 цаг тоглоод гарч ирэхэд 02 цаг болж байсан. Хатанбаатарын гэр баруун 4 замд байдаг. Би түүнийг алхаж харина гэхээр нь хүргэж өгөхөөр хамт явсан. Тэгээд Төмөр замын байрны ард талын сааданд 40 минут орчим ярьж, сууж байгаад салж явсан. Би 25 дугаар эмийн сангийн замын хойд талын байрны урдаас зүүнээс баруун тийшээ зам хөндлөн гарсан. Миний зам хөндлөн гарсан хэсгээс 30 орчим метрийн зайд явган хүний гарц байсан. Замаар гарахад машин байхгүй байхаар нь би зам хөндлөн гарсан. Замын эхний 3 эгнээг харахад машин зайтай харагдахаар нь амжаад гарчих юм байна гэж бодоод 2 дахь эгнээд ороод 2 алхтал машины гэрэл тусаад намайг мөргөсөн. Би ухаан алдаад 2 хоног ухаангүй байж байгаад 3 дахь хоногоос ухаан орсон. Гэмтлийн эмнэлэгт 20 хоног хэвтсэн. Хэрэг гарснаас хойш 1 сар 10 хоногийн дараа Б тай холбоо барьж уулзсан. Би нийт 7 900 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би Б аас 3 000 000 төгрөг авсан. 1 000 000 төгрөгийг манай эхнэрийн данс руу шилжүүлсэн. Мөн 500 000 төгрөг авсан. Сэлэнгэ аймгийн мэдрэлийн эмчид үзүүлэхэд тархины хагалгаанд орохгүй бол унаж тусдаг болно гэсэн. Одоо миний 3 толгой байнга өвддөг. Б  надад нийт 4 500 000 төгрөг өгсөн. 3 000 000 төгрөгийг 7 дугаар сарын 25-ны дотор өгнө гэж хэлцэл хийгээд нотариатаар батлуулсан ч мөнгөө өгөөгүй. Өнөөдрийн хуралдаанд Б , түүний ах иргэний хариуцагч М.Өнөбаяр нар надад 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг төлнө гэж байгааг хүлээн зөвшөөрч, тохиролцож байна. Энэ хүмүүс мөнгөө төлбөл надад гомдол, санал хойшид нэхэмжлэх зүйлгүй. Гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан нь миний буруу. Гэхдээ энэ хэрэг гарахад хэн хэнийх нь буруу байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч- М.Өнөбаяр мэдүүлэхдээ:

Би шүүгдэгч Б ын төрсөн ах нь юм. Тухайн осол болоход Б ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх ба энэ автомашиныг би 2011 оноос хойш эзэмшиж байгаа. Би машинаа цаг тухайд нь оношлогоонд оруулаад тэнцдэг учраас ямар нэгэн эвдрэл байгааг мэдээгүй. Хамгийн сүүлд би 2016 оны 3 дугаар сарын 20-нд оношлогоонд орсон. Би тухайн тээврийн хэрэгсэлийг байнга жолооддог бөгөөд ямар нэгэн доголдол мэдэгдэж байгаагүй. Хохирогч эмчилгээ хийлгэсэн зардлын талаар баримт гаргаж өгвөл 3 000 000 төгрөг өгнө гэж хоорондоо гэрээ байгуулсан. Гэтэл ямар нэгэн эмчилгээний зардлын баримт гаргаж өгөөгүй тул төлөөгүй. Одоо манай дүү бид 2 хохирогч Д.Эрдэнэбатын эмчилгээний зардалд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг төлнө гэв.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3646 тоот дүгнэлтэд:

1. Д.Эрдэнэбатын биед гавлын суман заадас, зүүн чамархай ясны хугарал, зүүн гайморын хөндийд урд, хажуу, дотор хана, зүүн нүдний ухархайн доод болон гадна хана, хамар ясны хугарал, зүүн зулайн орой хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хамар, нүдний гадна доод хэсэг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 87 дугаар хуудас)

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

Уг тээврийн хэрэгслийн хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.10 кН, баруун талдаа 0,10 кН, тоормосны хүчний зөрүү нь 90,91% (стандарт <30%), тоног төхөөрөмжин дээр баруун гар талын хойд дугуйн тоормос зогсоогүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Баруун гар талын хойд тоормосны 4 аппаратан дээр тоормос гишгэх үед шингэний даралт ирэхгүй байгаа зэрэг эвдрэл гэмтлүүд илэрсэн. Тоормосны шингэн удирдлагатай, АВS системтэй бөгөөд тоормосны АВS систем ажиллахгүй байна. АВS системтэй үед автомашины тоормос гишгэхэд замын нөхцөл автомашины хурдаас шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсэх боломжтой. АВS тоормосны систем ажиллахгүй тохиолдолд ердийн шингэн удирдлагатай тоормосны системээр ажилладаг тул тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ. (хэргийн 96-103 дугаар хуудас)

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтэд:

1. 26-51 УБД улсын дугаартай, “Тоёота карина” маркийн автомашины жолооч Мөнхнасангийн Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй болон үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Д.Эрдэнэбат нь “3.4. явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, “3.9. явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэстэй байна.

3. Авто тээврийн үндэсний төвийн Баянгол дүүргийн тээврийн хяналтын үзлэгийн төвийн 45 тоот дүгнэлтийн “нэг дүгээр хариултад ...тоног төхөөрөмжин дээр баруун гар талын хойд дугуйн тоормос зогсоогүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна гэж дүгнэлтийг гаргасан байна. Автомашины тоормос бүрэн бус байгаа нь жолооч тоормос гишгэх үед автомашины бүрэн зогсолтын зай уртсах байдлаар нөлөөлнө. 4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна гэжээ. (хэргийн 125 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2590 дугаартай дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн “Одоогоор хэн болох нь тодорхойгүй, 45-50 орчим насны эрэгтэй хүний гэх цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. (хэргийн 82 дугаар хуудас) 5 Си ди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Бичлэгийн Си ди нь цагаан өнгийн дугуй хэлбэртэй, Уг Си ди-г “Асеr” маркийн компьютерийн Си ди-ний уншигчид хийж уншуулж бичлэг эхлүүлэхэд бичлэгт үзэгдэх орчин харанхуй, замын хөдөлгөөн хоёр талдаа сийрэг байх бөгөөд, бичлэг 21 секунд үргэлжлэх бөгөөд, бичлэгийн цаг минут байхгүй байв. Бичлэг эхлүүлээд 6 секунд болж байхад хар бараан өнгийн хувцастай хүн замын тусгаарлах зурвасаас зам хөндлөн гарч байхад зорчих хэсгийн голын эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл мөргөж унагааж байв. Автомашин мөргөхөөс өмнө автомашины арын тоормосны гэрэл асч байгаа нь тодорч харагдаж байв гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 139 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Б  нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний шөнийн 03 цаг 18 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн уулзварын зүүн талын замд “Тоёота карина” маркийн, 26-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а, мөн дүрмийн 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эрдэнэбатыг мөргөж, эрүүл мэндэд нь гавлын суман заадас, зүүн чамархай ясны хугарал, зүүн гайморын хөндийд урд, хажуу, дотор хана, зүүн нүдний ухархайн доод болон гадна хана, хамар ясны хугарал, зүүн зулайн орой хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хамар, нүдний гадна доод хэсэг, зүүн хацарт зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэбатын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3646 тоот дүгнэлт, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Си ди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 02295 тоот өвчний түүхийн хуулбар, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. 6 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний шөнө тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдөж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Энэ заалтаар хорих ялын доод хэмжээг 6 сар гэж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул Тээврийн прокурорын газраас Б ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид 4 904 400 төгрөгийн хохирол төлжээ.

Түүнчлэн шүүгдэгч Б  нь хохирогчид 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор эмчилгээний зардалд 3 000 000 төгрөг төлөхөөр төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулсан хэдий ч шүүхийн хэлэлцүүлэг хүртэл төлөөгүй байна. Харин өнөөдрийн хуралдаанд шүүгдэгч Б , иргэний хариуцагч М.Өнөбаяр нар хохирогч Эрдэнэбатад гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 2017оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг төлөхөө илэрхийлснийг хохирогч хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид 3 000 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй. 7 Д.Эрдэнэбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-т заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. Мөн дүрмийн 3.9-д заасан “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2590 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг гарахад хохирогчийн дээрх буруутай байдал нөлөөлснийг харгалзан шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөрийн хэмжээг шүүх багасгах үндэстэй боловч шүүгдэгч болон иргэний хариуцагч хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч төлсөн, хойшид 3 000 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Си ди-г хэрэгт хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар Б  нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг хохирогчид төлөх, оршин суух газраа өөрчилсөн бол 8 хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг түүнд хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, Б ын 871551 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай. 9 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН