Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 117/ШШ2021/0013

 

                     

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдуулан “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Ж.Аад холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

                Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын ахлах байцаагч Т.С нь холбогдогч Ж.Аад шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулж байгаа нь мэдүүлэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэсэн боловч мэдүүлгээр зөрчил нь хангалттай тогтоогдоогүй, холбогдогчийн харьяалах улс, хуулийн этгээдийн нэр хүний овог, нэр, регистрийг бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 50.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан, зөрчлийн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн эсэхийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн.

                Улсын ахлах байцаагч Т.Снь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ж.Аад “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан...” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн А хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр холбогдогч Ж.Ад ... дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Ж.А нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус бүрт нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ж.Ад шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

2021.02.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг, материалыг шалгаж шийтгэлийн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдох  “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Ж.Ад холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Бхяналтын улсын ахлах байцаагч Т.С надад хариуцуулан 2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ж.Ад шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсний дагуу миний бие 2020 оны 12 сарын 28-ны өдөр прокурорын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөх хариу тайлбарыг хүргүүлж байсан.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү 2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ж.Ад холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3 дахь заалтыг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэх шаардлагыг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Дундговь аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  Б  хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст  хариуцуулан “Ж.Ад  холбогдох 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг[2] (нэхэмжлэл) гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  2.1 дүгээр  зүйлийн 2“...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2дугаар зүйлийн 1.4  “...прокурор бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”,  Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, 52 дугаар зүйлийн 1т  “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргана”, Прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т “...баталсан удирдамжийн дагуу шалгана” гэж зааснаар  шалгаж тэмдэглэл[3] хөтөлж уг шалгалтаас хойш 30 хоногт багтаан нэхэмжлэлээ ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй.  

       2. Хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс зөрчилд холбогдогч  нь  уг зөрчлийн  торгуулийг буюу 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... тоот  актыг биелүүлж, 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ХААН банкны шилжүүлгийн баримтаар[4] төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага өөрчилж бичгээр[5] ирүүлсэн болно. Нэхэмжлэгчээс улсын байцаагч Н.Бын 2020.08.26-ны өдрийн ... дугаартай Ж.Аад  холбогдох шийтгэлийн хуудаст[6] маргаагүй.

3.Хариуцагчийн 2020.12.28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт[7] Ж.Аыг ...УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэхээр Эрдэнэс таван толгой ХХК-руу явж байсан жолооч “зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж, олон салаа зам гаргаж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж хөрсийг доройтуулсан[8] гэх зөрчлийг  холбогдогчийн мэдүүлгээр[9] нотолж  зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар 50,000 төгрөгөөр торгосон. Прокурорын актыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох хууль дүрэм журмыг баримталж ажилласан. Иймд  дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэжээ. 

4. Нэхэмжлэгчээс  2021 оны 2 сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэнд хуульд заасан холбогдох ажиллагааг шүүх хэрэгжүүлж[10] хариуцагчаас авсан тайлбарт[11] “нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, зөрчил бол үйлдэгдсэн, гагцхүү нотлох баримт болон хууль хэрэглээний хувьд  алдаа гаргасан байна. Өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна шүүгчийн захирамжийн үр дагаврыг ойлголоо”гэх  болон  шийтгэлийн хуудаст хуулийн нэрийг бүрэн гүйцэд бичээгүй /ЗТХ/, маршрутын бус замаар тээвэрлэлт хийсэн, олон салаа зам гаргасан, малын бэлчээр сүйтгэсэн, хөрсийг элэгдэл эвдрэлд оруулсан зэрэг зөрчлийн чухам аль үндэслэлээр зөрчилд тооцсон болох нь ойлгомжгүй, хуулийн зүйл заалтыг гүйцэд бичээгүй, гараар засварласан, оногдуулсан торгуулийг нэгжээр заагаагүй, шийтгэлийн хуудаст дан мэдүүлгээр нотолсон зэрэг зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч   илэрхийлсэн тул шүүх гуравдагч этгээд таталгүйгээр  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  үндэслэлтэй. 

Зөрчилд холбогдогч төлбөрийг төлсөн, хуулиар тогтоосон хугацаанд акт шийдвэрт хариуцагчид холбогдуулан маргаагүй гэх хариуцагчийн тайлбар[12] зэрэгт үндэслэн  хариуцагчийн зөвшөөрлийг батлахад зөрчилд холбогдогчийн болон  өөр бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгчид танилцуулж мэдэгдсэн тул хуульд харшлахгүй. 

Иймээс  хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, хууль хэрэглээний хувьд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг үндэслэн хариуцагчийг улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийг  чөлөөлж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1, 69-р зүйлийн 69.2т заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар  зүйлд 67.1т заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  М.Үийн нэхэмжлэлтэй,аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Ст хариуцагдах “2020 оны 08-р сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудас  хууль бус байсан болохыг тогтоох” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 49дүгээр зүйл,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1т заасныг  тус тус баримтлан  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурьдаж, хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
  3. Энэ захирамжид давж заалдах гомдол гаргахгүй, энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүйг тус тус тайлбарласугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.С

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 7 талд

[2] Хэргийн 1-2 талд

[3] Хэргийн 18-20 талд 

[4] Хэргийн 8 талд

[5] Хэргийн 37 талд

[6] Хэргийн 13 талд

[7] Хэргийн 27-28 талд

[8] Хэргийн 7 талд /01522265 дугаар шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт/ 

[9] Хэргийн 6 талд

[10] Хэргийн 38 талд

[11] Хэргийн 39-40 талд

[12] Хэргийн 40 талд