Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00931

 

 

“М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00818 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 62 584 441 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Ц.Уртнасан нар нь 2017 оны 11 сарын 02-ны өдөр 1100002828 тоот зээлийн гэрээ, 1100002828 тоот барьцааны гэрээ байгуулж, манай байгууллагаас 50 000 000 төгрөгийг сарын 3,9 хувь, жилийн 46,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээл авахдаа Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31-38 тоотод байрлах Ү-1205020907 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 4 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг тухай бүр хийнэ гэсэн боловч зээлдэгч нар нь зээл төлөх хувиарыг зөрчиж, 2018 оны 5 сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн тасалдал үүсч эхэлсэн байгаа. Бидний зүгээс зээлийн төлөлтөө хийхийг шаардсан. Зээлдэгч нар мөнгийг зээлийн гэрээ дуусах хүртэл хугацаа олгохыг хүссэн. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа мөнгийг төлж дуусгана гэсэн боловч төлж дуусгаагүй. Зээлийн хувиар гаргахдаа хариуцагчийн зүгээс хүсэлт тавьсан. Эхний 6 сарын хугацаанд үндсэн зээлээс чөлөөлөгдөөд хүүгээ төлье гэсэн саналыг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу бид зээлийн графикийг гаргасан. 7 дахь сараас эхлээд сар бүр үндсэн зээл болон түүний хүүгийн хамт 9 508 000 төгрөгийг төлөхөөр график гаргасан. Зээлийн гэрээний хугацаанд нийт 7 удаагийн төлөлт хийсэн байгаа. Төлөх бүртээ 2 000 000 орчим төгрөгийг төлж байсан. Ингэхдээ үндсэн зээлээс 413 517 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Б-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нь нийт 62 584 441 төгрөг байгаагаас үндсэн зээл нь 49 586 482 мөнгө, үндсэн зээлд бодогдсон хүүгийн хүү нь 12 603 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 394 192 төгрөг байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3, Иргэний хуулийн 281.1, 454.1.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-т тус тус заасны дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Тиймээс хариуцагчаас 62 584 441 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэр дээр зээл авсан боловч энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулсан, хэрхэн төлсөн талаар би мэдэхгүй байна. Тоо баримт нь үнэн бодитой эсэхийг мэдэхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 55 590 957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 993 483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476 872 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 435 904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Б-ийн зээлийн үлдэгдлийг тооцооллыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний байдлаар тооцоолон гаргаж нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийн дүнг тодорхойлсон. Б.Б нь анх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус компанитай зээлийн гэрээ байгуулан сарын 3,9 хувь, жилийн 46,8 хувийн хүүтэйгээр 50 000 000 төгрөг зээлж авсан. Гэрээний дагуу эхний 6 сарын хугацаанд зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлөгдсөн ба тус хугацаанд зөвхөн хүүгийн эргэн төлөлт буюу сар бүр 2 сая орчим төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Харин 7 дахь сараас эхлэн зээлийн хүүг, үндсэн зээлийн төлөлттэй хамт төлөхөөр тохиролцон сар бүр 9 508 882 төгрөг төлөх хуваарь гарган гэрээнд хавсаргасан. Б.Б нь гэрээний хугацаанд нийтдээ 14 105 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 13 691 482 төгрөг нь эхний 6 сарын хүү, түүнд бодогдсон нэмэгдүүлсэн хүүнд тооцогдсон. Харин үлдэх 413 517 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Иймээс Б.Б-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 49 586 482 төгрөг, үндсэн зээлд бодогдсон хүү 12 603 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394 192 төгрөг буюу нийт 62 584 441 төгрөг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 993 483 төгрөгийн шаардлагыг огт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Учир нь хуульд зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг үндсэн зээл, түүнд бодогдсон хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Үүний дагуу хэдийгээр Б.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч түүний авсан зээлд хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдсон хэвээр байсан. Бидний зүгээс хариуцагчийн зээлийн нийт үлдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тооцож нэхэмжилсэн бөгөөд үүнээс хойшхи буюу шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжлээгүй болно. Харин шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хуваарьт тусгагдсан хүүгийн хэмжээнд үндэслэн тооцоолол гарган шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, тооцооллыг буруу хийсэн явдал бөгөөд түүнээс хойш хүү тооцох эрхийг хязгаарласан үйлдэл. Бидний зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Б.Б-ийн зээлийн дансны хуулгаас үзвэл 2018 оны 12 дугаар 04-ний өдрийн байдлаар түүнийн төлбөл зохих зээлийн үлдэгдэл нь 62 584 441 төгрөг болох нь тодорхой харагдана. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00818 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан тус компанийг зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй, миний эхнэр Уртнасан зээлийн мөнгийг захиран зарцуулсан болохоос би зарцуулаагүй, үүнийг ББСБ-хан бүгд мэдэж байгаа. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.Уртнасан мөн гарын үсэг зурсан. Тооцоог дахин сайн нягтлах шаардлагатай. 50 саяын үндсэн зээл, зээлийн хүүнд 18 сая, нийт 68 сая төгрөг төлөхөөс 7 удаа 2 саяар нийт 14 сая төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл үлдэгдэл 54 саяыг л төлөх үүрэгтэй. Иймээс илүү тооцсон 1.5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00818 дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийн 55 590 957 гэснээс 1,5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасны дагуу шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөхийг хүсье гэжээ.

                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 584 441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б, Ц.Уртнасан нартай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “М ББСБ” ХХК нь 50 000 000 төгрөгийг, жилийн 46,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлж, хариуцагч Б.Б нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 31-38 тоотод байрлах, 95,2 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7-13 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 49 586 482,53 төгрөг, зээлийн хүү 12 603 667,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394 192,15 төгрөг, нийт 62 584 441,8 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Гэвч талуудын байгуулсан уг зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь эхний 6 сар буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн хүүгийн төлбөрийг хариуцагчаас авахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9 дүгээр тал/

Иймд анхан шатны шүүх 2017 оны 12 сарын 01-ны өдрөөс 2018 оны 5 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчаас хүүд 11 603 833 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 12 105 000 төгрөгийг хасч үлдэх 501 167 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч, үндсэн зээлийн үлдэгдлийг 49 498 833 төгрөгөөр тооцжээ. 2018 оны 5 сарын 31-ны өдрөөс 2018 оны 11 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчаас хүүд 7 053 295 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 2 000 000 төгрөгийг хасч, үлдэх 5 053 295 төгрөгт нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцон 1 038 824 төгрөг, бүгд 55 590 957 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 42 дугаар тал/

Зээлийн мөнгөн хөрөнгийг би захиран зарцуулаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Тодруулбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Уртнасангаас татгалзаж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Б-нээс шаардсан нь хуульд нийцжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 850 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                            ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                              Г.ДАВААДОРЖ