| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00182/и |
| Дугаар | 152/ШШ2024/00167 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2024/00167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Ажилчны хороо ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Л ургийн овогт Ц-ийн Т-гийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би Хөвсгөл аймгийн ойн ТМС-ийг 1988 онд төгсөж ирээд Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ойжуулагчаар ажилд орсон ба 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа баримтаа бүрдүүлэхэд ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Миний бие 1990-2000 оны жилээ нөхөн тооцуулж авсан тул 1990 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй. Иймд миний Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд ойжуулагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 154 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар Ажилд авах тухай тушаал, 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт, 2 ширхэг фото зураг, баярын бичиг, талархал, гэрч М.Б, Б.Ц нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс М.Б, Б.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ц.Т-гийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Т-гийн 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Т-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Ц.Т-гийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Ц.Т-гийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд томилогдсон 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар тушаалын лавлагаа архиваас гарсан боловч хөдөлмөрийн дэвтэрт чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй, архиваас чөлөөлсөн тушаалын лавлагаа гараагүй тул ажилласан жил тооцох боломжгүй байна гэжээ.
4.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 154 дүгээр тодорхойлолтод: Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны тушаал, 1988-1990 оны цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй ба архивд ирүүлсэн 1988-1989 оны тушаалын баримтыг шүүн үзэхэд Ц-ийн Т-д холбогдох 1988 оны 7 дугаар сарын 22-нй өдрийн 75 дугаар, 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар тушаалууд тус тус гарсан болно гэжээ.
4.3. Ц.Т-гийн 220575 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ...1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн ойжуулагчийн ангид сурагчаар суралцуулав, 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцуулан ойжуулагч мэргэжил эзэмшүүлэн төгсгөж Увс аймгийн БОХГазрын мэдэлд шилжүүлэв, 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдөр БОХЯ-ны 69 тоот томилолтыг үндэслэн мод үржүүлгийн талбайд ойжуулагчаар авч ажиллуулав гэх бичилтүүд хийгдсэн байх ба тухайн бичилтүүд нь Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар Ажилд авах тухай тушаалтай тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.
4.4. Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар Ажилд авах тухай тушаал, 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалууд нь нэхэмжлэгч Ц.Т-гийн 1988-1990 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул эдгээр тушаалуудыг хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзэв.
4.5. БНМАУ-ын Хүн амын регистрийн 249 дүгээр картад: Овог, нэр Ц-ийн Т, регистрийн дугаар ........., ажилладаг байгууллага Байгаль орчныг хамгаалах газар, эрхэлдэг ажил ойжуулагч, эрхэлж эхэлсэн он 1988, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.10.18 гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдалтай хамраалтай мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой.
4.6. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 1988 онд авахуулж байсан гэх 2 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул фото зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Мөн баярын бичиг, талархалд шагнасан байгууллагын нэрийг бичсэн байх боловч тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байх тул эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
4.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч М.Б, Б.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Батжаргал Миний бие 1988 оноос 1992 хүртэл Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсан. Ц.Т бид хоёр Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийг суралцаж төгсөөд 1988 оноос Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажилд орж байсан. Ц.Т нь 1990 он хүртэл ойжуулагчаар ажилласан гэж, гэрч Б.Ц Миний бие Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд 1988 оноос 1990 он хүртэл Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсан. Ц.Т бид хоёр Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжпийн сургуулийг хамт суралцаж төгсөөд 1988 оноос хамт Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллахааар болж байсан. Би 1990 онд хөдөлмөрийн чадвараа алдаж групп тогтоолгон ажлаасаа гарсан. Ц.Т нь 1990 он гараад ойжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Ц.Т-гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар Ажилд авах тухай тушаал, 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт, БНМАУ-ын Хүн амын регистрийн 249 дүгээр карт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.
5. Иймд Ц.Т-гийн 220575 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар Ажилд авах тухай тушаал, 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт, БНМАУ-ын Хүн амын регистрийн 249 дүгээр карт, гэрч М.Б, Б.Ц нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л ургийн овогт Ц-ийн Т-гийн 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ламаанхан ургийн овогт Ц-ийн Т-гийн 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ