Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/01436

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/01436

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийн хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ЭВЭ хадгаламж зээлийн хоршоо /Хуулийн этгээдийн регистрийн дугаар/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Б овогт Д.Д /РД:/,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Х овогт Б.Б /РД:/ нарт холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 108,960,2007 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Хариуцагч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Д,

Хариуцагч Б.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:ЭВЭ ХЗХ нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Д.Д, Б.Ээ нартай 2111002 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээгээр 2021.11.22-нд 70,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 3%-ийн хүү тооцох нөхцөлөөр байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2021.12.28-2023.11.18-ны хооронд зээлдэгч авсан зээлээ төлөх үүрэг хүлээсэн. Мөн гэрээний 2.1.3-т зааснаар нэмэгдүүлсэн хүү 20% байхаар тохиролцсон болно. Гэвч зээлдэгч, хамтран зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа зээлээ төлөх график зөрчин сүүлдээ утсаа ч авахгүй боллоо. Хариуцагч нь 30,507,541.89 төгрөгийн хүү болон үндсэн зээл 70,000,000 төгрөг төлөх ёстой. Зээл төлсөн тухайд: 2021.12.20-нд 4,000,000 төгрөг, 2022.01.09-нд 3,750,000 төгрөг, 2022.06.15-нд 3,500,000 төгрөг, 2022.07.01-нд 3,000,000 төгрөг, 2022.03.20-нд 3,000,000 төгрөг, 2022.04.24-нд 1,000,000 төгрөг, нийт 18,250,000 төгрөг төлсөн. Энэ мөнгө нь үндсэн хүүнд 12,942,071 төгрөг төлөгдөж, үндсэн зээлээс 3,805,638 төгрөг хасагдсан. 

Улмаар нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2023.04.24-өөс тооцсон хүү 29,324,994 төгрөг, үндсэн зээл 66,194,364 төгрөгийг төлөөгүй байна. Нэмэгдүүлсэн хүү 1,087,432 төгрөг төлөх үүрэг үүссэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ., талуудын байгуулсан гэрээний 5.2.1 дэх хэсгийг үндэслэн хүү 29,771,009 төгрөг, үндсэн зээл 66,194,364 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,994,836 төгрөг, нийт 108,960,209 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ЭВЭ ХЗХ-оос гаргасан 96,606,790 төгрөг болон сүүлийн 2 удаа нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. ЭВЭ ХЗХ 2021 оны 11 дүгээр сараас эхлэн 2 жилийн хугацаатай 70,000,000 сая төгрөгийг Норд бенз ND4257B34J марк, Арлын LBZ446DA280567 дугаартай 1335УНА зүтгүүр, Shandong WQY9404XXYZ марк, Арлын LS9SZY738D1ZY1011 дугаартай 1335МЧ улсын дугаартай чиргүүлийн хамт худалдан авсан. Уг зээлийг төлөх баталгаа болгож худалдаж авсан дээрх тээврийн хэрэгслүүдийг Банк бусын нэр дээр шилжүүлсэн, мөн 0636 дугаартай тэдний зээлээр аваагүй манай хамаатны дүүгийн ниссан патрол маркийн машин тэргийг бүгдийг нэр дээр шилжүүлж авсан бөгөөд зээлээн төлөөд дуусахаар энэ машинуудыг нэр дээр чинь буцаагаад шилжүүлдэг учиртай гэсэн, дүүгийн хашаа байшингийн гэрчилгээг авчруулж гэрээнд гарын үсэг зуруулж байсан би зээл нэг их авдаггүй болохоор ямар учиртайг нь сайн ойлгоогүй тэгдэг юм байхдаа гэж ойлгоод тоогоогүй.

Миний зүгээс өөрийн дүү Д.Д д уг машиныг эзэмшүүлж зээлийн төлөөрэй гээд авч өгсөн би эхний хэдэн сарын төлбөрийг хөлөө олтол нь гэж бодоод төлбөр хийж байсан ба зээлээн төлөөрэй гэхээр нь дүүгээс асуухаар за дүү нь одоогоор мөнгө алга, ах та боломжоороо төлөөд өгөөч гэхээр нь цувуулж увуулаад хэдэн төгрөг хийдэг байсан. Тэгээд сүүлдээ банк бусаас над руу таны зээл хангалттай төлөгдөхгүй байна ирж уулз шүүх, цагдаадаа туллаа гэхээр нь дүүг яагаад зээлээн төлөхгүй байгаа талаар асууж машин тэрэг нь эвдэрсэн болсон юм уу юу нь болохгүй болоод зээлээ төлөөгүй юм бэ гэж асуусан зүгээрээ ах би төлнө гээд нэг хэсэг яваад байсан, сүүлдээ банк бус ч намайг шахаад байхаар нь машин чинь хаана байна нүдээрээ үзье гэхэд машин байхгүй байгаа гэдгийг 2023 оны 8 дугаар сард би мэдсэн, би банк бус руу утсаар машин алга болсон байна танай өмчлөл, нэр дээр байгаа юм чинь хамтраад цагдаагаар шалгуулъя гээд би хэлсэн банк бус бидэнд хамаагүй зээлээ төл өгөхгүй бол шүүхэд өгнө гэсэн хариу аваад би өөрийн нэрээр Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст тэр дор нь өргөдөл гаргаж шалгуулж байгаа. Миний зүгээс банк бусын машиныг олж өгөх санаатай хөөцөлдөөд л байна одоогоор чиргүүл авч явсан хүн олдсон чиргүүлээ ав гэсэн би банк бус руу залгаж чиргүүл хаана аваачиж тавих вэ гэж асуусан, чирэгч толгой хамтад нь аваад ир гэсэн, машин авч явсан хүнийг нь цагдаа олж шалгаж тогтоохоор ажиллаж байгаа машинаа олж аваад банк бусад хүлээлгэн өгөх бодолтой байгаа. Би нэхэмжилсэн зүйлийг ойлгохгүй байгаа учир хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

  3.Зохигч талуудаас шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ЭВЭ ХЗХ түүнийг төлөөлж захирал Н.Г, хариуцагч Д.Д, хариуцагч Б.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

1. Нэхэмжлэгч нь 108,960,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 11,960,207 төгрөгөөс татгалзаж байна.

2. Хариуцагч Д.Д, Б.Ээ нар нь 97,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учир 2024.04.03-ны өдрөөс хойш 2025.04.10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд дараах графикийн дагуу төлнө. Үүнд:

2.1. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 30,000,000 төгрөгт тооцож, 0636-УНЭ Nissan Patrol автомашиныг нэхэмжлэгч ЭВЭ ХЗХ-д өгнө.

2.2. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг,

2.3. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг,

2.4. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг,

2.5. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг тус тус төлнө.

3. Эхний удаагийн үүргийн зөрчил үүсэхэд шийдвэр гүйцэтгэлд хандахгүй. 2 ба түүнээс дээш удаа үүргээ зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Итгэмжлэл, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Гишүүний гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны Гишүүний гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн гэрээ, Итгэмжлэл, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Фидуцийн гэрээ, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч нараас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хариу тайлбар, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 19-ний хариу тайлбар зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЭВЭ ХЗХ нь хариуцагч Д.Д, Б.Э нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 108,960,2007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 11,960,207 төгрөгөөс татгалзаж, зохигчид 97,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Д.Д, Б.Э нар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 0636-УНЭ Nissan Patrol автомашиныг 30,000,000 төгрөгт тооцож, нэхэмжлэгч ЭВЭ ХЗХ-д өгөх, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, мөн зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зохицуулсан ба зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх хуульд зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-т заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 11,960,207 төгрөгөөс татгалзаж, зохигчид 97,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Д.Д, Б.Ээ нар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 0636-УНЭ Nissan Patrol автомашиныг 30,000,000 төгрөгт тооцож, нэхэмжлэгч ЭВЭ ХЗХ-д өгөх, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг,

2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 16,750,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 640,984 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 143,661 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 83,894 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 868,539 төгрөгийг хариуцагч Д.Д, Б.Э нараас гаргуулж, нэхэмжлэгч ЭВЭ ХЗХ-нд олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС