Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2024/00094/и |
Дугаар | 152/ШШ2024/00169 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2024/00169
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Галданбошигт хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ......, Ц ургийн овогт М-гийн Д-ын,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Галданбошигт хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Б-ийн Э-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр миний нөхрийн хувийн чат руу намайг гүтгэсэн ор үндэслэлгүй зүйл бичсэнээр манай гэр бүлийн амгалан тайван байдал алдагдаж, гэр бүл маань салах дээрээ тулж байна. Б.Э нь намайг нөхөртэйгөө хардаж нөхөрт маань танай эхнэр манай нөхөртэй холбоотой байсаар байна гэж бичсэн нь өмнө нь холбоотой байсан мэтээр намайг гүтгэн доромжилж нэр төрд минь халдаж нөхөрт минь буруугаар ойлгуулснаас болж миний бие 4 хүүхдийнхээ хамтаар 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс хойш гэрээсээ явж айлд амьдарч байна. Ор үндэслэлгүй зүйлээр намайг гүтгэн доромжилж миний нэр төр, сэтгэл санааг гүн хямралд оруулсан. Мөн 4 хүүхдийн минь сэтгэл зүй тогтворгүй болсон. Иймд энэ хугацаанд гарсан хохирлыг барагдуулж нэр төрийг минь сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гомдолтой танилцлаа. Миний хувьд нэхэмжлэгчийн нэр төрд халдсан, хохирол учруулсан зүйл байхгүй гэж үзэж байна. 2022 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан төгсөлтийн 20 жилийн уулзалтын үеэр иргэн М.Д нь намайг харж байхад миний нөхөртэй эрээ цээргүй харьцаж, биед нь хаа хамаагүй хүрч доромжилсон байдаг. Тухайн үед нөхөр маань 1-2 цагийн үед ирсэн ба согтуу байсан тул өглөө нь асуухад Ангийнхантайгаа уулзлаа. М.Д анхны хайр минь хамт зургаа авахуулъя, сүүлийн үед чамайг зүүдлээд байсан юм гээд болдоггүй гэсэн. Тэгээд явах гэхэд чи ямар авгайсаг залуу вэ? Жаахан хамт байгаач гээд дахин дахин хэлээд байхаар нь удчихлаа гэж тайлбарласан. Өмнө нь 10 жилийн сурагч байхдаа үерхдэг байсан гэдгээс өөр зүйл мэддэггүй байсан ба дээрх үйл явдлаас хойш манай гэр бүлд хэрүүл маргаан тасрахаа больсон. М.Д-ын энэ эрээ цээргүй үйлдэл нь улаан цайм манай нөхөрт сээтэгнэж байгаа нь ямар ч хүнд тодорхой харагдана. Тэдний хамт авахуулсан элдэв зургийг үзүүлж тэгэхэд юу болсон юм бэ? гэж асуух бүрт нөхөр маань уурлаж гэрийнхээ эд хогшлыг эвдэж хүүхдийнхээ дэргэд удаа дараа надад гар хүрч байсан. Асуудлыг гэр бүл дотроо чимээгүйхэн шийдье гэсэн боловч хэрүүл маргаан үргэлжилсээр байна. Энэ бүхнээс залхаж амиа хорлох оролдлого хийж байсан гэдгийг минь гэрчлэх олон хүмүүс байгаа. Ингээд би бүх асуудлыг нэг тийш нь шийдье, ойлголцъё гэж М.Дын нөхөрт хандсан. Уулзаж ярилцъя, асуудлаа шийдье гэж хоёуланд нь хэлсэн ч шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн. Энэ хугацаанд элдэв янзын мессэжээр дарамталж сэтгэцийн өвчтэй авгай, чиний халтар нөхрөөр яах юм гэх мэтээр доромжилсон байдаг. Өөрсдийн хийсэн үг үйлдэлдээ намайг буруутгаж гэр бүлийн асуудлаар шүүхэд дууда нэр хүндэд халдаж байна. Дахин хэлэхэд иргэн М.Д-ын нэр төрд халдаагүй, олон нийтийн дунд доромжлоогүй, ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна. Иргэн М.Д-ын энэ үйлдэл нь санаатайгаар бидний амьдралыг үймүүлсэн. Бүтэн жил хагас гэр бүлийн хүнд дарамтад байлаа. Харин ч гомдолтой хүн нь би байна гэжээ.
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хариуцагч тал болох Б.Э-тэй ойлголцож, эвлэрсэн тул энэхүү маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй. Иймд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Б.Э-т холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч М.Д нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч М.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч М.Д хариуцагч Б.Э-т холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч М.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ