Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

Д.Ганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                                 Э.Хосбаяр

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                                         Д.Галтогтох

Шүүгдэгч                                                                 Д.Ганбаяр

                                                                                  Ш.Бямбасүрэн

                                                                                   Ц.Насанбат

                                                                                    Б.Баярхүү

Шүүгдэгч Ш.Бямбасүрэн, Ц.Насанбат,

Б.Баярхүү нарын өмгөөлөгч                                  Ө.Батболд        

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/61 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ганбаярын өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Ш.Бямбасүрэн, Ц.Насанбат, Б.Баярхүү нарын өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Ганбаяр, Ш.Бямбасүрэн, Ц.Насанбат, Б.Баярхүү, Ш.Идэр нарт холбогдох эрүүгийн 2021003150168 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Заяазаяахан овогт Даваахүүгийн Ганбаяр, 1978 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Бумбатын 48Б-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:ЖЯ78061116/. Урьд:

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Бүргэд овогт Шинэбаярын Бямбасүрэн, 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Найнги” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЖЯ88043096/ 

 

Шинэчүүд овогт Цолмонгийн Насанбат, 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Талын ат” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 48А-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ДА85062412/

 

Хатгин овогт Батхуягийн Баярхүү, 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой” ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хотонт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЖЬ85010677/  

 

Монгол овогт Шатарын Идэр, 1967 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Адуунчулуун” ХК-д дэд захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Залуус 2-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: ШЮ67070813/

 

Шүүгдэгч Д.Ганбаяр, Ц.Насанбат, Б.Баярхүү нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг цахилгаан гар дриллээр хагалж 934 250 /есөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун тавин мянга/ төгрөгийн, 11-03 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуйг цахилгаан гар дриллээр хагалж 6787 500 /зургаан сая долоон зуун наян долоон мянга/ төгрөгийн, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас нийт 9192 750 /есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ганбаяр нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хашааны гадна зогсож байсан “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг төмрөөр хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ганбаяр, Ш.Бямбасүрэн нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” ХК-ийн нүүрс тээвэрлэдэг шороон зам дээр “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн “BEIBEN” маркийн, 78-92 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 686 812 /зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван хоёр/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ганбаяр нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “МАК”-ийн зам дээр хохирогч Ш.Идэртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.Идэр нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “МАК”-ийн зам дээр Д.Ганбаяртай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гар чийдэнгээр цохиж Д.Ганбаярын биед тархи доргилт, хуйхны баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ганбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Насанбат, Б.Баярхүү, Бямбасүрэн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Идэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Д.Ганбаяр, Ш.Бямбасүрэн, Б.Баярхүү, Ц.Насанбат, Ш.Идэр нарт  холбогдох 2021003150168 дугаартай хэргийг “...Шүүгдэгч Д.Ганбаяр, Ш.Бямбасүрэн, Б.Баярхүү, Ц.Насанбат, Ш.Идэр нарт холбогдох хэргийн ...үйл баримтууд тогтоогдсон байна.

...Шүүгдэгч нарын “Адуунчулуун” ХК-ийн нүүрс тээвэрлэдэг машинуудын дугуйг  цахилгаан гар дриллээр хагалсан, машины цонхыг хагалсан, нүүрс тээвэрлэдэг зам дээр шороо асгасан, “Адуунчулуун” ХК-ийн грашийн хаалга хааж зогссон үйл баримтууд  хэрэгт авагдсан байхад гэмт хэргийн бодит байдал буюу гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн ямар үүрэг оролцоотой оролцсон зэргийг зөв тогтоож чадаагүй ба дээрх асуудлыг дахин нарийвчлан шалгах, мөн шүүгдэгч Д.Ганбаяр, Ш.Бямбасүрэн, Ц.Насанбат, Б.Баярхүү нарын үйлдэл оролцоонд “нийтийн хэв журмыг бүлэглэн” зөрчсөн, “аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан”, “энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн үйлдэл байгаа эсэхийг дахин нарийвчлан шалгаж, тохирох зүйл ангиар зүйлчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Мөн прокурор Э.Хосбаярын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4/293 дугаар прокурорын тогтоолоор яллагдагч Ш.Мягмарсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэх, гомдол гаргах эрхээр оролцогчдыг хангасан эсэх талаар холбогдох ажиллагааг дахин хийх зайлшгүй шаардлагатай байна. ... гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ганбаярын өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдолдоо: “...

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Шүүгчийн захирамж 2021003150168 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг  мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах талаар дурдсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг нь бусдад хүч хэрэглэх замаар үйлдэгддэг гэмт хэрэг.

Шүүгдэгч Д.Ганбаяр хохирогчоор тогтоогдсон “Адуунчулуун” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Баясгалан нар хоорондоо урьдын харилцаатай байсан этгээдүүд байсан ба шүүгдэгч Д.Ганбаяр нь “Адуунчулуун” ХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан байдаг. Мөн шүүгдэгч Д.Ганбаяр нь “Адуунчулуун” ХК-ийн хувьцааг эзэмшдэг ба Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох талаар хуульчилсан байдаг.

Энэ үүднээс авч үзэхэд шүүгдэгч Д.Ганбаяр нь “Адуунчулуун” ХК-ийн нэг хөрөнгө оруулагч урьдын харилцаа хамааралтай этгээд мөн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “бусад” гэх шинжид хамаарахгүй шүүгдэгч юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинж нь гэнэт үүссэн санаагаар, бусдыг үл тоомсорлох басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрдэг гэмт хэрэг билээ.

Гэтэл тус шалгагдаж байгаа асуудлын хувьд гэнэт үүсээгүй буюу гэмт хэрэг болсон гэх тухайн үед үүсээгүй ба 2-3 жилийн өмнөөс үүссэн маргаантай асуудал байсан төдийгүй өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалах зорилгоор Компанийнн тухай хуулийн дагуу тавьсан шаардлагуудыг үл биелүүлээд байсан учраас өөрийнхөө өмчийг хамгаалах арга хэмжээ авсан явдал юм.

Нөгөөтэйгүүр 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР дугаар бүхий тээврийн хэрэгслүүд “Адуунчулуун” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дундын эд хөрөнгө ба шүүгдэгч Д.Ганбаярын хувьцаа эзэмшигчийн хувьд түүний хувьцаа худалдаж авсан хэмжээгээр түүний хөрөнгө “Адуунчулуун” ХК-д багтаж байгаа болно. Нөгөө талаас авч үзэхэд Д.Ганбаяр өөрөө өөрийнхөө эд хөрөнгийг устгаж гэмтээсэн шинжтэй өөрөө бас хохирогч болох утгагүй нөхцөл байдал үүсч байгаа юм.

Шүүгдэгч Д.Ганбаяр өмнө нь “Адуунчулуун” ХК-д ажиллаж байсан мөн өнөөдрийг хүртэл тус компанийн хувьцааг эзэмшиж байгаа нөхцөл байдлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, болсон үйл явдалтай харьцуулан шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байгаа нь илэрхий юм.

Захирамжид заасан хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн хувьд:

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үүрэг оролцоо, гэмт хэргийн бодит байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгааныг зөв тогтоож чадаагүй гэх үндэслэлийг дурдсан байна.

Болсон үйл явдлыг харахад “Адуунчулуун” ХК нь 2020.04.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийж 2019 оны санхүүгийн жилд санхүүгийн үйл ажиллагааны тайлангаа тавихад “Адуунчулуун” ХК нь 1.300.000.000 төгрөгийн алдагдалтай ажилласан талаар тайлангаа тавьсан байдаг.

Улмаар Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д заасны дагуу санхүүгийн тусгай мэдлэгтэй Аккаунт Транс Аудит ХХК-ийг хөлслөн гэрээ байгуулан “Адуунчулуун” ХК-ийн 2018, 2019 оны санхүүгийн баримт аудит, санхүүгийн шалгалт хийлгэх зорилгоор Улаанбаатар хотоос Дорнод аймагт аудиторуудыг авч ирэхэд “Адуунчулуун” ХК-ийн зүгээс санхүүгийн баримтуудыг хууль бусаар гаргаж өгөхгүй байсаар нийт 9 хоног хүлээгээд Улаанбаатар хот руу буцсан байдаг.

Үүний дараа Компанийнн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан Компанийн санхүүгийн байдалд аудит оруулж чадаагүй хувьцаа эзэмшигчид хуульд заасан дараагийн аргаар буюу Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар компани хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй талаар хуульчилсан байдаг ба хуульд заасан үүргээ биелүүлж хувьцаагаа буцаан худалдаж авах талаар “Адуунчулуун” ХК-ийн удирдлагуудаас шаардахад мөн л “Адуунчулуун” ХК-иас хууль бусаар татгалзсан хариуг хувьцаа эзэмшигчдэд удаа дараа өгсөн байдаг.

Шалгагдаж байгаа асуудлыг нэг жил гаруй хугацаанд шалгаж байгаа ба хэргийг тал бүрээс нь хангалттай шалгасан байдаг. Гэмт хэрэг гарсан гэх нөхцөл шалтгааны хувьд “Адуунчулуун” ХК 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж хувьцаа эзэмших замаар хөрөнгө оруулсан хөрөнгийг хууль бусаар завшиж байгаа үйлдлээс дээрх нөхцөл байдлууд үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон, харагдаж тогтоогддог болно.

“Адуунчулуун” ХК бол нийт хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалтыг зүй зохистой зарцуулж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах, ашгийн төлөө аж ахуйн нэгж юм.

Гэтэл үндсэн зорилгоо умартан ногдол ашиг тараах битгий хэл нэг тонн нүүрсийг 20.000 төгрөгөөр олборлочихоод эргээд зах зээлд 12 600 төгрөгөөр борлуулж алдагдалтай ажиллаж байгаа нь компанийг улам алдагдалтай ажиллуулж дампуурах, аж ахуйн нэгж татан буугдах нөхцөл байдал руу улам гүн оруулж байгааг хувьцаа эзэмшигчид эсэргүүцсэн үйл явдал юм.

“Адуунчулуун” ХК-ийн удирдлагууд хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг зүй бусаар зарцуулж, хүйтэн хөндий хандсаны улмаас зах зээлд зарагдаж байсан хувьцааны үнэ 3 дахин унаж, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө өдөр ирэх тусам багасаж, үнэгүйдэж байгааг хараад суух нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Хувьцаа эзэмшигч нарын хөрөнгийг “Адуунчулуун” ХК-ийн удирдлагууд хууль бусаар зарцуулснаас үүдэн гарсан маш тодорхой үйл баримтыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээс гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгааныг тогтоогоогүй байна гэх хууль бус үндэслэлгүй дүгнэлтийг захирамжиндаа тусгасан байгаа юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлахаар хуульчилсан байдаг.

Энэ үүднээс аваад үзэхэд Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.” байхаар хуульчилсан байдаг.

Тус гэмт хэрэг болсон гэх асуудал нь хувьцаа эзэмшигчид хуульд заасны дагуу өөртөө тусалсан, өөрийнхөө өмчийг хамгаалсан үйлдэл хийсэн байдаг нь ямар ч гэмт хэргийн шинжгүй ба Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг ба мөн тус гэмт хэргийн шинжгүй юм.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь прокурорт шууд чиглэл өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлээр шалгаж, буцаад хэргийг шүүхэд шилжүүлэх талаах чиглэл өгсөн байгаа нь шүүхийн хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байх хууль зүйн үр дагаварт хүргэж байгаа ба нөгөөтэйгүүр дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн хөндлөнгийн байх зарчим алдагдсан байх тул захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна.” гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэн, Ц.Насанбат, Б.Баярхүү нарын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарын хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх агуулгатай шүүгчийн захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ш.Бямбасүрэнгийн тухайд “Найнги” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Адуунчулуун” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч төдийгүй тус компанийн ТУЗ-ын гишүүн, дэд захирлаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохоос гадна “Адуунчулуун” ХК нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийж 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласанаа зарлан тайлангаа тавьсан байдаг.

Улмаар Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д заасны дагуу санхүүгийн тусгай мэдлэгтэй Аккаунт Транс Аудит ХХК-ийг хөлслөн гэрээ байгуулан “Адуунчулуун” ХК-ийн 2018, 2019 оны санхүүгийн баримтад аудит, санхүүгийн шалгалт хийлгэх зорилгоор Улаанбаатар хотоос авч ирэхэд уг компани санхүүгийн баримтуудыг хууль бусаар гаргаж өгөхгүй байсаар нийт 9 хоног хүлээгээд Улаанбаатар хот руу буцсан байдаг.

Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар компани хувьцаагаа худалдан авахыг шаардах эрхтэй бөгөөд энэ талаар шаардахад мөн л татгалзсан бөгөөд тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нөхцөл байдал байгаа бөгөөд цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах гарцаагүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч Сайнтуяагийн хууль ёсны эрх ашиг сонирхол зайлшгүй дордох нөхцөл байдал үүссэн байна. Үүнтэй холбоотой миний үйлчлүүлэгч Ш.Бямбасүрэнд үүсдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлий 4 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлахаар хуульчилжээ.

Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.” байхаар хуульчилсан байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.” гэсэн зохицуулалт байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинж нь гэнэт үүссэн санаагаар, бусдыг үл тоомсорлох басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрдэг гэмт хэрэг билээ.

Гэтэл шалгагдаж байгаа асуудлын хувьд дээрх шинжүүдийг хангахгүйгээс гадна асар олон асуудлаар өөр хоорондоо харилцан үл ойлголцол, мөн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаанд болон өмнө нь болж байсан удаа дараагийн маргаануудад хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс анхан шатны шүүх алдаатай шийдвэр гаргасан гэж үзэх бүрэн үндэслэл тогтоодож байна.

Шүүгдэгч У.Насанбат, Б.Баярхүү нарын хувьд гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.” гэх үндэслэл тогтоогдож байгааг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн хөндлөнгийн байх зарчим алдагдсан байх тул тус захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах саналыг гаргаж оролцсон. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зарим нэг үйлдэл дээр мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн гэж үзсэн. Энэ хэргийн хувьд хувьцаа эзэмшигчдийн маргаантай холбоотой үүссэн гэмт хэрэг юм. Шөнийн цагаар нүүрс тээвэрлэх машины зам дээр шороо асгаж, явах замыг хаасан байдаг. Мөн тээврийн хэрэгслийн грашийн үүдэнд том оврын тээврийн хэрэгсэл тавьж байршуулсан. Цагдаагийн газраас шалгасан боловч 6, 7 хоногийн хугацаа өнгөрсөн тул арга буюу өөрийн грашийг эвдэж машин механизмыг гаргасан. Гэтэл ингээд зогсохгүй тээврийн хэрэгслийн дугуйг хагалах үйлдэл гаргасан байдаг. Ингээд хувьцааг худалдан авах шийдвэр гарснаар энэ үйлдлээ зогсоосон байдаг. Энэ хугацаанд 20 орчим хоног тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Тээврийн хэрэгслийн жолооч нар дугуйгаа хагалуулсан учраас дахин тээвэрт явж чадахгүй болсон. Бидэнд халдах вий гэж айж, эмээсэн. Энэ бүх нөхцөл байдлаас болж ажлаа зогсоосон. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байна. Дорнод аймгийн прокурорын газраас зам хаасан, грашийн үүд тагласан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яваад сүүлд больсон байдаг. Шороо асгасан үйлдэл нь гэмт хэрэг юм уу эсвэл зөрчил юм уу гэдгийг тогтоогоогүй. Мөн зам хаасан үйлдэл гаргасан байдаг. Тэгвэл яг хэн ямар үйлдэл гаргаж зогсоосон нь тодорхой бус. Том оврын тээврийн хэрэгсэл нь “Найнги” ХХК-ийн эзэмшлийн машин болох нь тогтоогдсон. Тэгвэл хэний даалгавраар хэн, тухайн тээврийн хэрэгслийг байршуулсан болох нь тодорхой бус байна. Мөн энэ хэрэгт Мягмарсүрэн гэж хүний нэр оролцсон байсан. Гэтэл сүүлд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна лээ. Энэ хүний хувьд бусдад үүрэг даалгавар өгөөд яваад байсан хүн байгаа шүү дээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Дахин шалган тогтоох нь зүйтэй гэв.

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэн, Ц.Насанбат, Б.Баярхүү нарын өмгөөлөгч Ө.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн хувьд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамж нь хуульд заасан үндэслэл бүхий байх гэдэгтэй нийцэхгүй байна. Хэргийг хүндрүүлэн буцааж байгаа нь зохимжгүй юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл оролцоо нь тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашигласан, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон эсэхийг шалга гэсэн байна. Хэргийг хүндрүүлж ирүүлэх даалгавар өгч байгаа нь хууль ёсны бус үндэслэлгүй шийдвэр юм. Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын актыг дагаж мөрдөхөөр заасан байгаа. Бидний одоо хэлэлцэж байгаа асуудал хэдэн зуун мянган төгрөг биш, тэрбум гаран төгрөгний асуудлаас үүсэлтэй маргаан юм. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Танхайрах гэж байсан бол Ж.Сайнтуяагаас итгэмжлэл авах хэрэг байхгүй. Мөн Баясгалан захиралтай ярилцах шаардлага байхгүй байсан. Энэ хүмүүсийн хувьд алдагдал бага хүлээхийн тулд энэнээс өөр арга байхгүй юм байна гэж үзэж үйлдэл гаргасан. Энэ үйлдлийнх нь улмаас хувьцаагаа компанид худалдсан байгаа шүү дээ. Энэ үед мөн 300 гаруй сая төгрөгөөр хохирсон байсан. Ийм үйлдэл гаргаагүй бол өшөө 800 гаруй сая төгрөгөөр иргэн, хувьцаа эзэмшигч Ж.Сайнтуяа хохирох байсан шүү дээ. Тусгайлан бэлтгэсэн зэвсэг байхгүй. Тухайн хэрэгслийг анхны байдлаас нь өөрчилж хурцалж, ирэлж, уртасгасан зүйл байхгүй. Энэ хэргийн хувьд өршөөлд хамрагдах боломжтой байсан. Прокурор хэргийг мухарлаж шийдвэрлэсэн. Гэтэл дахин шалга гээд байгаа нь зохимжгүй юм. Ш.Бямбасүрэнгийн хувьд “Адуунчулуун” ХК-д ажиллаж байсан. Д.Ганбаярын хувьд ч гэсэн тухайн компанийн хүний нөөцөөр ажиллаж байсан. Ш.Мягмарсүрэн энэ хэрэгт хамааралгүй шүү дээ. “Адуунчулуун” ХК-ийн жолооч түүний машиныг мөргөсөн.” гэв.

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Илтгэгч шүүгчийн хувьд маш тодорхой хэллээ. Олон жил үргэлжилж байгаа иргэний хэргийн маргаан байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан байсан. Жижиг хувьцаа эзэмшигч нарын хувьд том хувьцаа эзэмшигч нарын эрхэд халдсан үйлдлийг гаргаж ирсэн. Энэ бүхэн нэг л өдөр үүссэн асуудал биш юм. Эхний жил 700 сая төгрөгийн,  дараагийн жил нь 1,3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа. Ингэхээр бидний эд хөрөнгө үнэгүй болж эхэлсэн. 20 000 төгрөгөөр ухаж гаргасан нүүрсээ 12 600 төгрөгөөр зарсан. Ингээд мөн автомашинаар зөөвөрлөсөн байгаа. Ингэхдээ нэг бүрт 100 гаруй мянган төгрөг алдаж байсан. Энэ бүхний ард хувьцаа эзэмшигч нар алдагдал хүлээх болохоос компанийн захирал хариуцлага хүлээхгүй юм. Бид ингэж арга хэмжээ авахаас өөр арга байгаагүй. Би өөрөө тухайн компанийн хувьцаа эзэмшигч хүн. Би өрөөлийн компанийн үйл ажиллагааг зогсоосон зүйл байхгүй. Би бусад ажилчдыг айдаст автуулсан зүйл байхгүй. Бүгдээрээ мөн миний ажилчид юм. Бид ажилчиддаа хувьцаа эзэмшигчдийн маргаанд битгий оролц гэж хэлсэн. Бид хувьцаагаа зарснаас хойш хувьцааны ханш дахин 800 төгрөгөөр унасан. Ингэснээр дахин 400 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээх байсан. Бид харин ч үр бүтээлтэй арга хэмжээ авсан гэж үзэж байна. “Адуунчулуун” ХК-ийн хувьд ажилчиддаа маш их турхирдаг байсан. Миний үгэнд орлоо гэж загнаж байсныг нь мэдэж байна. Батжаргал шүүгчийн хувьд “энэ хэрэг иргэний хэрэг биш. Гаргасан үйлдэл чинь эрүүгийн шинжтэй үйлдэл мөн” гэж хэлсэн. Энэ бол буруу шийдвэр юм.” гэв.

Шүүгдэгч Д.Ганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаан дээр бид хэргийн нөхцөл байдлын талаар хангалттай хэлэлцсэн. Гэмт хэрэг мөн биш эсэхийг шүүлгэх гэж орсон гэж ойлгосон. Гэтэл шүүгч нь иргэний асуудлыг энд ярихгүй гэж хэлсэн. Одоо ял шийтгэл л ярина гэж ойлгуулсан. Гэмт хэрэг гэж хэлээд байгаа зүйлсийн гарч байгаа шалтгаан нөхцлийг тайлбарлаж хэлсэн. Зөвхөн яллана гэж хандаж байгаагаа илэрхийлсэн. Энийгээ баталж байгаа юм шиг прокурорт хэргийг хүндрүүлэх даалгавар өгч байгаа юм. Илэрхий Ганбаяр, Бямбасүрэн нарыг яллаад өгье гэсэн. Одоо шүүхэд итгэх итгэл алга. Шоронд явах ёстой юм байна гэж бодож байна. Энэ бол иргэний хэргээс үүсэлтэй маргаан гэдэг нь ойлгомжтой. Давж заалдах шатны шүүхээс энэ байдлыг сайн мэдэж байгаа. Өнөөдөр өмгөөлөгчөөр оролцож байгаа Д.Галтогтохын хувьд хувьцаа эзэмшигч болчихсон хуралд нь суугаад явж байгаа шүү дээ. Ш.Бямбасүрэнг хувьцаа эзэмшигчээс хууль бусаар хассан байгаа. Бид станцын нүүрсийг тасалдуулаагүй. “Адуунчулуун” ХК-ийн ажилчдын хувьд авах ёстой цалингаа авч явсан. Ямар нэг гомдол гаргасан зүйл байхгүй. Биднийг аль болох ял авахуулж явуулах хүсэлтэй байх шиг байна. Тийм зүйл гэж байхгүй. Шударга Улсын Дээд шүүх гэж байгаа. Шударга иргэд гэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Шороо асгасан үйлдлийн хувьд “Найнги” ХК өөрийн эзэмшлийн талбайд шороо асгасан. “Адуунчулуун” ХК зөвшөөрөлгүйгээр бидний эзэмшлийн газрыг ашиглаж байсан. Өөрийн газартаа шороо асгасан. Одоо бас Мягмарсүрэнг хамтран татан оролцуулж шоронд хийх санаатай байгаа юм байна. Энэ бол ямар ч хамааралгүй хүн. Машин дотор сууж явсан болох нь харагддаг. Өөр зөрчил байхгүй. Прокурор хэрэгт тохирсон зүйлчлэлээр зүйлчилсэн гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна.” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ганбаяр, Ц.Насанбат, Б.Баярхүү нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг цахилгаан гар дриллээр хагалж 934 250 /есөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун тавин мянга/ төгрөгийн, 11-03 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуйг цахилгаан гар дриллээр хагалж 6 787 500 /зургаан сая долоон зуун наян долоон мянга/ төгрөгийн, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас нийт 9 192 750 /есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ганбаяр нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хашааны гадна зогсож байсан “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг төмрөөр хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 360 000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ганбаяр, Ш.Бямбасүрэн нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” ХК-ийн нүүрс тээвэрлэдэг шороон зам дээр “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн “BEIBEN” маркийн, 78-92 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 686 812 /зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван хоёр/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ганбаяр нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “МАК”-ийн зам дээр хохирогч Ш.Идэртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.Идэр нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “МАК”-ийн зам дээр Д.Ганбаяртай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гар чийдэнгээр цохиж Д.Ганбаярын биед тархи доргилт, хуйхны баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” бөгөөд анхан шатны шүүх  мөн хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу тухайн шүүгдэгч нарын хэргийг шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаараас хальж яллах дүгнэлтэд бичигдээгүй, “шүүгдэгч Д.Ганбаяр нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Адуунчулуун” ХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, байгууллагын автомашиныг явуулахгүйн тулд зам хааж шороо асгасан, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Адуунчулуун” ХК-ийн автомашинуудыг гаргахгүй гэж грашийн хаалгыг “Найнги” ХК-ийн автомашинаар хааж зогссон.” үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байна.

Мөн прокурорын хяналтын шатанд Ш.Мягмарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэх, гомдол гаргах эрхээр оролцогчдыг хангасан эсэх талаар холбогдох ажиллагааг дахин хийх зайлшгүй шаардлагатай” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

Харин шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, энэ гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн эсэхийг нарийвчлан шалгаж, тохирох зүйл хэсгээр зүйлчлэн ирүүлэх  тухай хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд прокуророос бичиж ирүүлсэн яллах дүгнэлтээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүгдэгч Д.Ганбаярын өмгөөлөгч Очбадрал, Ш.Бямбасүрэн, Ц.Насанбат, Б.Баярхүү нарын өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 61 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Ганбаярын өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Ш.Бямбасүрэн, Ц.Насанбат, Б.Баярхүү нарын өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2022/ШЗ/61 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Ганбаяр, Ш.Бямбасүрэн, Ц.Насанбат, Б.Баярхүү, Ш.Идэр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                                ШҮҮГЧИД                                             О.БААТАРСҮХ

                                                                                              З.ЭНХЦЭЦЭГ