Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
Хэргийн индекс | 182/2023/03527/И |
Дугаар | 182/ШШ2024/01434 |
Огноо | 2024-04-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/01434
2024 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 182/ШШ2024/01434 | Улаанбаатар хот |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: тоот хаягт оршин байрлах, А А ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 241,895,627 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т Е Ф ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг болно. А А ХХК нь тус ББСБ-гаас 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 5,196,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 42900166* тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 119,400,000 төгрөгийг А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 49504798* тоот дансанд, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 59,700,000 төгрөг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13,200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус зээлж, манай банк бус санхүүгийн байгууллагаас А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 49504798* тоот дансанд тус тус шилжүүлсэн. А А ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 6 удаагийн үйлдлээр нийт 232,496,000 төгрөгийг манай банк бус санхүүгийн байгууллага зээлсэн байдаг. Зээлийн гэрээг анх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 05/28022019/Z тоот гэрээ байгуулж байсан. Уг гэрээгээр 60,000,000 төгрөгийг А А ХХК-д зээлсэн ба 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 119,400,000 төгрөгийг уг компанийн дансанд төлсөн. Зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай сарын 2,8 хувийн хүүтэй байгуулж байсан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний барьцаанд иргэн Балжиннямын Алтантариагийн Лексус маркийн 4785 УБК улсын дугаартай автомашиныг барьцаалж фидуцийн гэрээ байгуулсан. Манай компани 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 60,000,000 төгрөгөөс гадна бусад зээлийг олгохдоо уг гэрээг үндэслэн нэмэлт гэрээ байгуулж байсан.
Зээлийн гэрээний дагуу хүүнд А А ХХК нь зээлийн гэрээний хүүнд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 7,000,000 төгрөг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөгийг, нийт 32,843,942 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хүүгээс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 69,435,627 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна. Харин үндсэн төлбөр болох 232,496,000 төгрөгөөс 2022 оны 06 дугаар сард фидуцийн гэрээний дагуу автомашиныг 60,000,000 төгрөгт тохиролцож, уг автомашиныг биет байдлаар хүлээн авсан. Энэ фидуцийн гэрээний дагуу зөвхөн 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр болох 60,000,000 төгрөгийг барагдуулсан ба нэмэлт бусад зээлийг төлж барагдуулаагүй юм. Иймээс бусад зээлийн төлбөр барагдаагүй учир шаардаж байна.
А А ХХК нь 2022 оны 06 дугаар сараас хойш зээл болон зээлийн хүүг төлөх талаар огт санаачилга гаргахгүй байгаа ба манай компанид өгсөн холбогдох дугаар нь тус компанийн холбогдох дугаар нь биш гэж хариу өгөх болсон.
2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөн нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй гэсэн үндэслэлээр татгалзсан. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөн Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж гаргасан боловч татгалзсан.
Иймд А А ХХК-иас үндсэн зээлд 172,460,000 төгрөг, хүү 69,435,627 төгрөг, нийт 241,895,627 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хүү болон зээлийн төлөлтийг дэлгэрэнгүйгээр хэрэгт хавсаргасан болно гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А А ХХК нь Т Е Ф ББСБ ХХК-иас 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 5,196,000 төгрөгийг зээлсэн. Энэ мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт зээлж шууд А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн байдаг. Нийгмийн даатгалынхаа шимтгэлийн өрийг мөн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 119,400,000 төгрөгийг А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 49504798* тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 59,700,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 13,200,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус зээлсэн байдаг. Энэ зээлүүдийг А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 49504798* тоот дансанд зээл гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. А А ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 6 удаагийн үйлдлээр нийт 232,396,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээг анх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 05/222 019/z тоот гэрээг байгуулж байсан. Уг гэрээгээр 60,000,000 төгрөгийг А А ХХК-д зээлсэн байдаг. Зээлийн гэрээг байгуулахдаа А А ХХК-ийн захирлын эхнэр н.Алтантариа байгуулсан байдаг. Энэ зээлийн гэрээний харилцаа дууссан. Үүнээс 60,000,000 төгрөгийг фидуцийн гэрээ байгуулсан байдаг. Фидуцийн гэрээндээ н.Алтантариагийн Лексус маркийн 4785-УБК гэсэн дугаартай автомашиныг барьцаалсан.
Тус фидуцийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгт Лексус маркийн автомашиныг авсан байдаг. Зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай 2,8 хувийн хүүгээр зээлж байсан, бусад зээлийн гэрээг 2,8 хувийн хүүтэйгээр тохиролцож зээлийн гэрээ байгуулаад уг зээлийн гэрээгээ А А ХХК болон гарын үсэг зураад аваад явсан боловч өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүй байдаг. Зээлийн гэрээний хүүд А А ХХК 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-нд 70,000,000 төгрөгийг, нийтдээ 32,843,942 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хүүгээс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 69,435,624.7 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
Үүнээс хойш зээлийн хүүг зогсоосон. А А ХХК 2022 оны 6 сараас хойш зээл болон зээлийн өр төлөх талаар санаачилга гаргахгүй байсан. Мөн А А ХХК 2020 онд түрээсэлж байсан оффисоосоо нүүсэн. Тэгээд зээлийн гэрээний үүргийн шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байсан. Тэгээд 2023 оны 1 сарын 9-ний өдөр бас гаргасан нэхэмжлэл 2023 оны 5 сарын 4-ний өдөр гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гээд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад 2023 оны 9 сарын 4-ний өдөр дахиж гаргасан байдаг. А А ХХК-иас зээлийн төлбөр 172,460,000 төгрөг, хүүд нь 69,435,327 төгрөг, нийт 241,895,627 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 69,435,627 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 172,460,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч Ю.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т Е Ф ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т болон А А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г нар хамтран ажилласан тухайд: А А ХХК нь авто зам барих тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байсан. 2018 оны 12 сард А А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г болон Т Е Ф ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нар нь Завхан аймгийн Тэлмэн сумаас Увс аймагтай холбогдох автозам дээр замын ажил гүйцэтгэж байгаа Хятад компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ЛЗ Монгол-1, ЛЗ Монгол-2 гэсэн компаниудад замын эрдэс нунтаг нийлүүлэхээр анх ярилцаж хамтран ажиллахаар болсон. Улмаар замын компаниудад эрдэс нунтаг нийлүүлэхээр шохойн чулуу тээрэмдэх тээрмийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас худалдаж авахаар Х.Г, Ц.Т нар хамт явсан. Бүгд Найрамдах Хятад Улс руу шохойн чулуу тээрэмдэх тээрмийг авахад А А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г өөрийн эхнэрийн нэр дээрх 4785 УБК рx450 маркийн автомашиныг Ц.Ттай харилцан тохиролцож 60 сая төгрөгөөр үнэлж Т Е Ф ББСБ-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ болон Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 60 сая төгрөгийн зээл авч шохойн чулуу тээрэмдэх тээрмийг худалдаж авахад зарцуулсан. Харин шохойн чулуу тээрэмдэх тээрмийг худалдаж авахад гарах бусад зардлыг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Ц.Т гаргахаар болсон. Ц.Т, Х.Г нар хамтарч ажиллахаар болсны дагуу дараах зүйлийг харилцан тохиролцсон байдаг. Тодруулбал Т Е Ф ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нь өөрийнхөө жолооч эхнэрийнхээ хамаатны ах болох Р овогтой Н ийн нэр дээр А А ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж авах, А А ХХК-ийн банктай харилцах зарлагын эрхийг шилжүүлж авах гэсэн нөхцөлүүдийг тавьсны дагуу Х.Г Р.Н руу А А ХХК-ийн 50 хувийн хувьцаа болон банкны зарлагын эрхийг өгсөн. Ийнхүү Р.Н нь А А ХХК-ийн харилцах данснаас гүйлгээ хийх эрхтэй болж Ц.Т Р.Н д мөнгө шилжүүлдэг киоск машин авч өгсөн байдаг. Ц.Т, Х.Г нар нь БНХАУ-с шохойн чулууны тээрэмдэх тээрэм үзэж 270,000 юанаар тээрмээ худалдаж авсан. Тус тээрмээ Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах Г.Б гэдэг хүний хашаанд 2019 оны 03 сараас 6 сар хүртэл угсарсан. Тус тээрмийг угсрах ажилд Баян-Өлгий аймгаас ажилчид авч ирж, угсруулсан. Г.Б гэдэг хүнд хашааг нь ашигласны төлбөр өгөхөөр болсны дагуу тээрэм ашиглаж олсон мөнгөө Ц.Т, Х.Г, Г.Б нар хувааж авахаар тохиролцсон. 2019 оны 06 сард Г.Бын эзэмшиж байсан газраас шохойн чулууг нь хашаанд нь авчирч тээрмээ ажиллуулж эхлүүлсэн. Т Е Ф ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т хятад хэлтэй учраас ЛЗ Монгол-1, ЛЗ Монгол-2 компаниудын захирлуудтай өөрөө уулзаад гэрээгээ хийдэг байсан. Тээрмийг ажиллуулж замын эрдэс нунтаг нийлүүлэлт хийж байсан хэдий ч тухайн захиалагч компанийн эрэлтийг хангаж дийлэхгүй байсан. Тээрмээс олсон орлого нь А А ХХК-ийн дансаар болон бэлнээр орсон мөнгийг Ц.Т Т Е Ф ББСБ-с авсан төлбөрөө төлж байна гээд авч захиран зарцуулдаг байсан.
Тээрмийн үйл ажиллагаа нь замын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Хятад компанид эрдэс нунтаг нийлүүлэх эрэлтийг хангаж дийлэхгүй асуудал үүсэж Ц.Т гэнэт тухайн үйл ажиллагаанд оролцохгүй, ямар нэгэн өглөг авлага байхгүй гээд цаашид тээрмийн үйл ажиллагааг Х.Г авч яв гээд больсон. Улмаар Х.Гын тухайд цааш нь тээрмийг үргэлжлүүлж ажиллуулахад ажилчдын цалин, цахилгаан, шатахуун, усны зардал гэх мэт их хэмжээний зардлуудыг төлж чадахгүй байсан тул тээрмийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Тээрмийн үйл ажиллагааг зогсоосноос хойш 2 жил гаруй болсон бөгөөд Завхан аймагт харах хүн байхгүй, эд анги нь хулгайд алдагдчих гээд байсан учир Х.Г Ц.Таас очиж авъя гэхэд та өөрөө шийд гэсэн байдаг. Х.Г нь Г.Бын хашааг ашигласан төлбөрт өөрийн нэр дээр байсан экскаваторыг Г.Бд өгч өөрийн зардлаар тээрмийг Улаанбаатар хотод авчирсан байдаг. Эдгээр үйл ажиллагааг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Ц.Т бүгдийг мэдэж байсан бөгөөд би улсын ажилтай оролцохгүй гэдэг байсан.
2-рт, А А ХХК, Т Е Ф ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй тухайд:
Энэхүү тайлбарын нэгдүгээрт хэсэгт дурдагдсан хамтран ажиллах ажлын хүрээнд шохойн чулуу тээрэмдэх тээрмийг харилцан хөрөнгө гаргаж худалдаж авах ажлын хүрээнд Х.Г өөрийн эхнэрийн нэр дээр Т Е Ф ББСБ-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ болон Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 60 сая төгрөгийн зээл авч зээл төлөлтийг автомашиныг шилжүүлснээр зээлийг төлж дуусгасан.
Харин бусад байдлаар А А ХХК нь Т Е Ф ББСБ-с зээл авч байгаагүй болно. Иймээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болон хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй
3-рт, Бусад байгууллагын данс болон А А ХХК-ийн харилцах дансанд Т Е Ф ББСБ-с орж ирсэн мөнгөний тухайд:
Худалдаа хөгжлийн банканд харилцах 429001668 тоот дансанд 2019 оны 02 сарын 27-ны өдөр 5,196,000 төгрөг шилжүүлсэн мөнгөний талаар: А А ХХК-нд Худалдаа хөгжлийн банканд харилцах 42900166* тоот данс байдаггүй болно. Харин Ц.Т ын хүсэлтийн дагуу А А ХХК-ийн 50 хувийн Р.Н д шилжүүлэхэд А А ХХК-нд ямар нэгэн өр төлбөр байхгүй байх шаардлага тавьсан учраас Ц.Т Чингэлтэй нийгмийн даатгалын хэлтэст 5,196,000 төгрөгийг төлсөн байдаг.
А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банканд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 03 сарын 01-ний өдөр 119,400,000 төгрөг шилжүүлсэн мөнгөний талаар:
Ц.Т, Х.Г нар нь БНХАУ-с шохойн чулуу тээрэмдэх тээрэм худалдаж авахад дараах мөнгийг оруулахаар болсон. Х.Г нь эхнэрийнхээ нэр дээр Т Е Ф ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг зээлж, харин Ц.Т нь өөрийн хувьцаа эзэмшдэг Т Е Ф ББСБ-с 119,400,000 төгрөгийг гаргаж Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн. Энэхүү шилжүүлж байгаа мөнгөн дүн нь А А ХХК зээл авч байгаа үйлдэл биш харин Ц.Т өөрт ногдох тээрмийн төлбөрөө гаргасан үйлдэл юм. Дансаар шилжүүлэхдээ Т Е Ф ББСБ нь тусгай зөвшөөрлийн хүрээнд зээлээс өөр утга бичиж болохгүй гээд Ц.Т нь тээрмийн мөнгийг шилжүүлэхдээ зээл гэж бичсэн болно. А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банканд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 03 сарын 13-ны өдөр 59700000 төгрөг шилжүүлсэн мөнгөний талаар:
Ц.Т нь энэхүү мөнгөнөөс Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах тээрмийн үйл ажиллагааг явуулах ахуйн хэрэгцээнд ашиглах зорилгоор бонго маркийн автомашиныг 12,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Ц.Т өөрөө 2019 оны 03 сарын 13-ны өдөр өөрийн Хаан банканд харилцах 513000972* тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж авсан. Ц.Т нь А А ХХК-ийн харилцах дансны зарлагын эрхийг эзэмшиж Р.Нийн эрхээс зарлагуудыг гаргаж байсан. Ц.Т, Х.Г нарын хамтран ажиллахаар болж Тээрэм худалдаж авсан тээрэм нь БНХАУ-д 2019 оны 03 сард ачигдаж ирсэн байдаг. Тус тээрмийг Х.Г очиж авахаар очсон байдаг. Ийнхүү 2019 оны 03 сарын 14-ны өдөр БНХАУ-ийн Эрээн хотод Тээрэм ачигдаж ирсэн байсан тул хятадын дотоодын тээвэр болон гаалийн хашаа, бичиг баримтын төлбөр болох 5,000,000 төгрөгийг Ц.Т нь Х.Гын данс руу шилжүүлж холбогдох татвар, төлбөрийг төлсөн. Ц.Т нь 2019 оны 03 сарын 16-ны өдөр 17,700,000 төгрөгийг Х.Гын данс руу шилжүүлж тээрмийг Монгол Улсын хилээр оруулахад гаалийн татварт төлсөн. Ц.Т нь 2019 оны 03 сарын 18-ны өдөр тээрмийг ажиллуулахад шаардагдах туузан дамжуургыг БНХАУ-н Эрээн хотоос 9,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Ц.Т нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах тээрмийн үйл ажиллагааг явуулахад ашиглах зорилгоор 2019 оны 03 сарын 26-ний өдөр 6,800,000 төгрөгийг Х.Гын данс руу шилжүүлж Нарантуул захаас 4 ширхэг гэр худалдаж авсан. Ц.Т нь 2019 оны 03 сарын 23-ний өдөр тээрмийг Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх тээврийн зардал 2,000,000 төгрөгийг Болд гэх хүний Хаан банкинд харилцах 5065144963 тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 03 сарын 23-ны өдөр 200,000 төгрөгийг Бат-Эрдэнэ гэх хүний Хаан банкинд харилцах 501252364* тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 03 сарын 20-ны өдөр 946,000 төгрөгийг Хос бэрс экологи ХХК-нд төмрийн төлбөр болгон шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 03 сарын 28-ны өдөр 2,200,000 төгрөгийг Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тээрмийг хүргэх тээврийн зардалд Х.Г ын дансаар Болд гэх хүний Хаан банкинд харилцах 506514496* тоот данс руу шилжүүлсэн байдаг.
А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 04 сарын 25-ны өдөр 13,200,000 төгрөг шилжүүлсэн мөнгөний талаар: Ц.Т Х.Г нар хамтран ажиллах ажил буюу Тээрэм угсрах, газар шорооны ажилд хүмүүс авч ажиллуулсан. Тус ажилчдадаа Ц.Т нь 2019 оны 04 сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөгийг Бат-Эрдэнэ гэх хүний Хаан банкинд харилцах 504252364* тоот дансанд, мөн өдрөө 11,700,000 төгрөгийг Мухар гэх хүний Хаан банкинд харилцах 519500150* тоот дансанд шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 04 сарын 29-ний өдөр 2000 000 төгрөгөөр ажилчдын хоол хүнс авсан. А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 05 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн мөнгөний талаар: Ц.Т нь 2019 оны 05 сарын 04-ны өдөр 473,000 төгрөгийг Бат-Эрдэнийн 504252364* тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 04-ны өдөр 1,834,000 төгрөгийг Эталон хэмжүүр ХХК-ийн Капитрон банкинд харилцах 3053002934 тоот данс руу шилжүүлж тавцан жин авсан байдаг. Ц.Т нь 2019 оны 05 сарын 04-ны өдөр 3 500 000 төгрөгийг Б гэх хүний Хаан банкинд харилцах 572086920* тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 04-ны өдөр 300,000 төгрөгийг Э гэх хүний Хаан банкинд харилцах 500510990* тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөгийг ажилчдын хоол хүнс гэж шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 06-ны өдөр 1,600,000 төгрөгийг А гэх хүний Хаан банкинд харилцах 502040901* тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 06-ны өдөр 230,000 төгрөгийг уут зөөх тээвэр гэх зориулалтаар Б Хаан банкинд 5042523640 тоот данс руу шилжүүлсэн. Мөн өдөр Ц.Т нь 6,480,000 төгрөгийг 1 тонн уутны мөнгө гэсэн зориулалтаар Г гэх хүний Хаан банкны харилцах 501304829* тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 06-ны өдөр 10,600,000 төгрөгийг экска түрээс, тээврийн хөлсний зориулалтаар О гэх хүний Хаан банкинд харилцах 500720094* тоот данс руу шилжүүлсэн.
А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 05 сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг шилжүүлсэн мөнгөний талаар: Ц.Т нь 2019 оны 05 сарын 08-ны өдөр 8,700,000 төгрөгийг экска түрээсийн зардал зориулалтаар Отгонбая* гэх хүний Хаан банкинд харилцах 500720094* тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр 1,020,000 төгрөгийг дизель түлшний зориулалтаар Босоо трейд ХХК-ийн Хаан банкинд харилцах 549831915* тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг хүнсний зардал гэж шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг буцаж буй 2 хүний мөнгө гээд М гэх хүний Хаан банкинд харилцах 519500150* тоот дан руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 19-ний өдөр 510,000 төгрөгийг аж ахуй бүтээлэг зориулалтаар А гэх хүний Хаан банкинд 501303787* тоот данс руу шилжүүлсэн. Ц.Т нь 2019 оны 05 сарын 21-ний өдөр 1,060,000 өөрийнхөө Хаан банкинд харилцах 513000972* тоот шилжүүлсэн. Иймд А А ХХК нь Т Е Ф ББСБ-с зээл аваагүй харин Ц.Т, Х.Г нарын хамтран ажиллах ажлынхаа хүрээнд үйл ажиллагаандаа зарцуулсан төлбөрүүд болно.
4-рт: Х.Г, Ц.Т нар хамтран ажиллах явцад А А ХХК-ийн дансанд орсон дараах орлогуудыг Т Е Ф ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нь захиран зарцуулсан тухайд: А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 6 сарын 6-ны өдөр 42,500,000 төгрөгийн орлого Монгол ЛЗ зам гүүр ХХК-с эрдэс нунтгийн төлбөр орсон. А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 495047983 тоот дансанд 2019 оны 6 сарын 10-ны өдөр 20,900,000 төгрөгийн орлого Шинжиан бейшин роуд энд бридж констракшн ХХК-с эрдэс нунтгийн төлбөр орсон. А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 6 сарын 18-ны өдөр 42,500,000 төгрөгийн орлого Монгол ЛЗ зам гүүр ХХК-с эрдэс нунтгийн төлбөр орсон. А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 8 сарын 26-ны өдөр 21,471,255 төгрөгийн орлого Монгол ЛЗ зам гүүр ХХК-с эрдэс нунтгийн төлбөр орсон. А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 8 сарын 27-ны өдөр 11,415,500 төгрөгийн орлого Монгол ЛЗ зам гүүр ХХК-с эрдэс нунтгийн төлбөр орсон. А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 8 сарын 28-ны өдөр 5,057,500 төгрөгийн орлого Монгол ЛЗ зам гүүр ХХК-с эрдэс нунтгийн төлбөр орсон. А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 9 сарын 4-ны өдөр 8,385,000 төгрөгийн орлого Монгол ЛЗ зам гүүр ХХК-с эрдэс нунтгийн төлбөр орсон. А А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд харилцах 49504798* тоот дансанд 2019 оны 9 сарын 20-ны өдөр 4,462,500 төгрөгийн орлого Монгол ЛЗ зам гүүр ХХК-с эрдэс нунтгийн төлбөр орсон. Дээрх орлого нь 156,691,755 төгрөг орсныг Т Е Ф ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нь бүгдийг нь авсан байдаг. Дансны хуулгыг дахин нягталж дэлгэрэнгүй авч үзвэл энэхүү орлого нэмэгдэх магадлалтай. Ц.Т нь хамтран ажиллаж, үйл ажиллагаанаас олсон бүх орлого авсан атлаа үндэслэлгүйгээр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин цаашид Ц.Т ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагчийн зүгээс түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргахаар бэлдэж байна гэв.
2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа тодорхой хэсгээс нь татгалзаж байна. Үлдсэн хэсгийг нь ч гэсэн бид нар хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа.
1-рт, А А ХХК Т Е Ф ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж зээлийн харилцаа үүсээгүй гэж маргаж байгаа. Эдгээр хүмүүс тухайн нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоотой асуудал дээр Иргэний хуулийн 476 дугаар зүйл буюу иргэд хооронд хамтарч ажиллаж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон холбогдох баримтууд нотлогдож байгаа гэж үзэж байгаа.
Яагаад зээлийн гэрээ байгуулагдаагүй талаарх асуудал үүснэ. Тэгэхээр Т Е Ф ББСБ ХХК Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 онд тусгай зөвшөөрөл авсан ба хавтаст хэрэгт авагдсан холбогдох бичиг баримтаас үзвэл үүнээс хойш тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан байна. Тус компанийн нэг хувьцаа эзэмшигч нь Ц.Т бөгөөд компанид олгосон хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн санг нь нэмэгдүүлж, тэмдэглэгээ хийгдсэн үйл баримт харагддаг.
Манай Иргэний хуулиар банк санхүүгийн байгууллагыг ямар хууль тогтоомжийн дагуу зээлийн харилцаа үүсгэх, энийг тусгай бүлэг болгон тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээс хойших харилцаанд зээлийн гэрээ байгуулагдах ийм үйл баримтыг тусгасан байгаа. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүд заавал зээлийн гэрээг бичгээр байгуулахыг шаардсан байгаа.
Тийм учраас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан үндсэн шаардлагыг нэхэмжлэгч талын яриад байгаа шиг ийм шаардлага, өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдсан гээд байгаа боловч талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, нэхэмжлэгч талаас ч энийг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч хэлэхдээ энэ компанитай хамтарч ажилласан учраас ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулъя гэдэг ийм үйл явдал болж байгаагүй гэдгийг илэрхийлдэг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.
2-рт, Иргэний хуулийн 75 дугаар зүйлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана гэж харж байгаа. Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, зээлийн гэрээтэй холбоотой үүссэн харилцаа гэж байгаа учраас энд холбогдох шаардлага гаргаж байгаа гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 3 жил байна гэж заасан байдаг. Тиймээс шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа буюу шаардлага гаргах хугацаа дууссан байна гэж харж байгаа. Тэгэхээр шаардлагатай холбоотой асуудал дээр гэрээний үүрэгтэй холбогдуулж шаардлага гаргаж байгаа шүүх энэ хэмжээнд шийдвэрлэх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр манай нэхэмжлэгчийн тухайд 2019 оны 2 сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 429166* тоот данс руу 5,196,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнээс үүдэлтэйгээр цаашид гэрээний харилцаа үүсээд 2019 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд мөнгө шилжүүлсэн байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримтыг хавтаст хэрэгт нотолсон ямар ч баримт байхгүй. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал дуусчихсан байгаа гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2022.12.20-ны өдрийн Итгэмжлэл, 2019.02.28-ны өдрийн Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ, 4785-УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2019.03.01-ний өдрийн 05/28022019/Z дугаартай Зээлийн гэрээн дээр нэмж олгосон зээлийн товьёг, 2019.05.08-ны өдрийн 05/28022019/Z дугаартай Зээлийн гэрээн дээр нэмж олгосон зээлийн товьёг, 2019.05.03-ны өдрийн 05/28022019/Z дугаартай Зээлийн гэрээн дээр нэмж олгосон зээлийн товьёг, 2019.04.25-ны өдрийн 05/28022019/Z дугаартай Зээлийн гэрээн дээр нэмж олгосон зээлийн товьёг,2019.02.02-ны өдрөөс 2019.05.10-ны хоорондох Дансны хуулга, 2019.02.28-ны өдрийн 05/28022019/Z дугаартай Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2022.07.31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.09-ний өдрийн 182/ШЗ2023/0070* дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2019.03.13-ны өдрийн 05/28022019/Z дугаартай Зээлийн гэрээн дээр нэмж олгосон зээлийн товьёг, 2019.04.25-ны өдрийн Зээлийн гэрээн дээр нэмж олгосон зээлийн товьёг, 2019.05.03-ны өдрийн Зээлийн гэрээн дээр нэмж олгосон зээлийн товьёг, 2019.05.08-ны өдрийн Зээлийн гэрээн дээр нэмж олгосон зээлийн товьёг, 2019.03.01-ний өдрийн Зээлийн гэрээн дээр нэмж олгосон зээлийн товьёг, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2023.12.12-ны өдрийн 7-411/775 тоот тодорхойлолт, А А ХХК-ийн банкны зарлагын хуудас, 2024.01.03-ны өдрийн 24/03 дугаартай итгэмжлэлийг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.11.22-ны өдрийн хариу тайлбар, А А ХХК-ийн 2019.01.01-ний өдрөөс 2020.03.01-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2023.12.04-ний өдрийн хариу тайлбар, Ашигт малтмал нунтаг эрдэс худалдах худалдан авах гэрээ, фото зургууд, тоног төхөөрөмжийн жагсаалт, бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
5.Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар 2024.01.03-ны өдрийн гэрчийн мэдүүлэг өгсөн тэмдэглэл, 2024.02.29-ний өдрийн гэрчийн мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Т Е Ф ББСБ ХХК нь А А ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 241,895,627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 69,435,627 төгрөгөөр багасгаж, нийт 172,460,000 төгрөг нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А А ХХК-д нийт 232,496,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээг 2019 онд 05/28022019/Z тоот гэрээ байгуулж байсан. Уг гэрээгээр 60,000,000 төгрөгийг А А ХХК-д зээлсэн ба 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 119,400,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 59,700,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13,200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг уг компанийн дансанд төлсөн. Зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай сарын 2,8 хувийн хүүтэй байгуулж байсан. Зээлийг олгохдоо уг гэрээг үндэслэн нэмэлт гэрээ байгуулж байсан. Зээлийн гэрээний хүүнд нийт 32,843,942 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хүүгээс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 69,435,627 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна.
Харин үндсэн төлбөр болох 232,496,000 төгрөгөөс 2022 оны 06 дугаар сард фидуцийн гэрээний дагуу автомашиныг 60,000,000 төгрөгт тохиролцож, уг автомашиныг биет байдлаар хүлээн авсан. Иймээс бусад зээлийн төлбөр барагдаагүй учир шаардаж байна.
А А ХХК нь 2022 оны 06 дугаар сараас хойш зээл болон зээлийн хүүг төлөх талаар огт санаачилга гаргахгүй байгаа...гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Т Е Ф ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т болон А А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г нар хамтран ажиллахаар болж, БНХАУ-с шохойн чулууны тээрэм 270,000 юаниар худалдаж авахад А А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г RX450 маркийн автомашиныг 60 сая төгрөгөөр үнэлж Т Е Ф ББСБ-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ болон Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, шохойн чулуу тээрэмдэх тээрмийг худалдаж авахад зарцуулсан.
Харин шохойн чулуу тээрэмдэх тээрмийг худалдаж авахад гарах бусад зардлыг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Ц.Т гаргахаар болсон.
Ц.Т нь ах Р.Нийн нэр дээр А А ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж авах, А А ХХК-ийн банктай харилцах зарлагын эрхийг шилжүүлж авах гэсэн нөхцөлүүдийг тавьсны дагуу А А ХХК-ийн 50 хувийн хувьцаа болон банкны зарлагын эрхийг өгсөн.
Тээрэм ашиглаж олсон мөнгөө Ц.Т, Х.Г, Г.Б нар хувааж авахаар тохиролцсон. Тээрмээс олсон орлого нь А А ХХК-ийн дансаар болон бэлнээр орсон мөнгийг Ц.Т Т Е Ф ББСБ-аас авсан төлбөрөө төлж байна гээд авч захиран зарцуулдаг байсан.
Тээрмийг үргэлжлүүлж ажиллуулахад ажилчдын цалин, цахилгаан, шатахуун, усны зардал гэх мэт их хэмжээний зардлуудыг төлж чадахгүй байсан тул тээрмийн үйл ажиллагааг зогсоосон.
А А ХХК нь Т Е Ф ББСБ-аас зээл авч байгаагүй, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болон хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
А А ХХК-нд ямар нэгэн өр төлбөр байхгүй байх шаардлага тавьсан учраас Ц.Т Чингэлтэй нийгмийн даатгалын хэлтэст 5,196,000 төгрөгийг төлсөн байдаг.
Ц.Т нь өөрийн хувьцаа эзэмшдэг Т Е Ф ББСБ-с 119,400,000 төгрөгийг гаргаж БНХАУ руу шилжүүлсэн. Энэхүү шилжүүлж байгаа мөнгөн дүн нь А А ХХК зээл авч байгаа үйлдэл биш харин Ц.Т өөрт ногдох тээрмийн төлбөрөө гаргасан үйлдэл юм.
Орлого нь 156,691,755 төгрөг орсныг Т Е Ф ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нь бүгдийг нь авсан байдаг.
Ц.Т нь хамтран ажиллаж, үйл ажиллагаанаас олсон бүх орлого авсан атлаа үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.
Т Е Ф ХХК, Б.А нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 05/28022019/Z дугаартай Зээлийн гэрээ байгуулагджээ.
Уг гэрээгээр Б.А д 60,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалттай, сарын 2,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулжээ.
Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр Б.А ийн өмчлөлийн 4785 УБК улсын дугаартай GYL102401163 дугаартай Lexus маркийн автомашиныг Т Е Ф ББСБ ХХК-д шилжүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг Т Е Ф ББСБ ХХК-иас А А ХХК-д шилжүүлсэн байх ба Б.А болон Т Е Ф ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт 47-85 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж, уг зээлийн гэрээний харилцаа дуусгавар болжээ. Зохигчид энэ талаар маргаагүй.
Хэрэгт авагдсан баримтуудаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 5,196,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 119,400,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 59,700,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13,200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 232,496,000 төгрөгийг Т Е Ф ББСБ ХХК-иас А А ХХК-д шилжүүлсэн байх ба дээрх шилжүүлсэн мөнгөнөөс 5,196,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст А А ХХК-ийн 2016-2017 оны нийгмийн даатгалын шимтгэлийн өр гэсэн утгатай шилжүүлэг хийгдсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгуудаар тогтоогдож байна.
Хариуцагч А А ХХК-ийн хувьд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10,825,000 төгрөг, нийт 33,825,000 төгрөгийг Т Е Ф ХХК-д төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд дээрх мөнгө шилжсэн талаар Т Е Ф ББСБ ХХК маргаагүй.
Нэхэмжлэгч Т Е Ф ББСБ ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн нэмэлт гэрээ байгуулж, нийтдээ 232,496,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлах ба хариуцагч А А ХХК талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, харин Т Е Ф ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т, А А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г нарын хооронд хамтран ажиллах хэлцэл хийгдсэн, тухайн хэлцлийн дагуу тээрэм худалдаж авахад дээрх мөнгийг зориулсан гэж тайлбарладаг.
Талуудын хооронд үүссэн харилцаа нь зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй байх ба харин хариуцагчийн тайлбар бусад баримтуудаар Т Е Ф ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т болон А А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г нарын хооронд харин хамтран ажиллах гэрээний шинжтэй хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Энэ нь гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан Ашигт малтмалын нунтаг эрдэс худалдах-худалдан авах гэрээ, тоног төхөөрөмжийн жагсаалт, тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэж тус тус зохицуулжээ.
Дээрхээс үзэхэд Т Е Ф ББСБ ХХК-иас А А ХХК-д шилжүүлсэн 232,496,000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, мөн бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч зээлийн хүү шаардах эрхгүй юм.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүсээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заажээ.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байх боловч нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид мөнгө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч А А ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх үзсэн.
Дээрх үндэслэлээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй боловч нэхэмжлэгч Т Е Ф ББСБ ХХК-иас хариуцагч А А ХХК-д 232,496,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул уг шилжүүлсэн мөнгөнөөс А А ХХК-ийн шилжүүлсэн 33,825,000 төгрөгийг хасаж, үлдэх 198,671,000 төгрөгийг Т Е Ф ББСБ ХХК шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо үндсэн зээл 172,460,000 төгрөг, хүүнд 69,435,627 төгрөг, нийт 241,895,627 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч А А ХХК 33,825,000 төгрөг төлсөн байх бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүнд нэхэмжилсэн 69,435,627 төгрөгөөр багасгасан тул хариуцагч А А ХХК-иас үлдэх 129,235,373 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т Е Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,825,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хариуцагч А А ХХК нь зохих этгээд холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А А ХХК-иас 129,235,373 төгрөгийг гаргуулж, Т Е Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,825,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Е Ф ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,367,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А А ХХК-иас 804,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т Е Ф ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС