2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1407

 

 

 

 

 

 

 

 

2026         05          14                                2026/ШЦТ/1407

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

улсын яллагч Х.Билгүүн,

шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт Д-гийн Үд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2511 01339 1984 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************* тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

*********** овогт Д-ийн Ү /регистрийн дугаар: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Д.Ү нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Агийн эзэмшлийн ****УНО улсын дугаартай “Тоёота алпард” маркийн тээврийн хэрэгслийн ODBII залгуурт G500M5799234 /IМЕI:867232055799234/ дугаартай газар зүйн байршил тогтоогч төхөөрөмжийг суурилуулж, Б.Аг мөрдөн мөшгөсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Үг хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2511 01339 1984 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 20, 115-116-р хуудас/,

Гэрч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24, 110-111-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0225/980 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-41-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 42-р хуудас/,

Юнител ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12-01/5523 дугаартай тоот /80******* дугаартай эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа/ /хх-ийн 93-94-р хуудас/,

Шинжээч М.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 120-121-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, жолоочийн лавлааг, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Х.Билгүүн: “...шүүгдэгч Д.Ү нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Агийн эзэмшлийн ****УНО улсын дугаартай “Тоёота алпард” маркийн тээврийн хэрэгслийн ODBII залгуурт G500M5799234 /IМЕI:867232055799234/ дугаартай газар зүйн байршил тогтоогч төхөөрөмжийг суурилуулж, Б.Аг мөрдөн мөшгөсөн гэмт хэрийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч нар: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй...” гэх тайлбар, мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай салсан нөхөр болох Д.Ү нь миний өөрийн эзэмшлийн ****УНО улсын дугаартай “Тоёота алпард” загварын тээврийн хэрэгсэлд байршил илрүүлэгч буюу GPS суурилуулсан байхаар нь би Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан... тухайн төхөөрөмжийг 7 хоногийн өмнө суурилуулсан гэж бодож байна... Манай салсан нөхөр фэйсбүүк дээр байршил тогтоогч төхөөрөмж худалдаж авна гэх зар байршуулсан байсан... Ts Tsгэх хаяг ашигладаг... 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр машинтайгаа явж байгаад нэгдүгээр хорооллын арын зам дээр байдаг авто засварын газарт очоод машинаа үзүүлж байсан юм... хянах самбар дээр байдаг бүхий л улаан, шар гэрэлнүүд нь асаад доголдоод байсан... тэгээд засварчинд машинаа үзүүлж байсан чинь компьютер залгуурт нь GPS залгаатай байсан... дотроо Юнителийн гар утасны симтэй байсан... фэйсбүүк хаягнаас хайж үзсэн чинь гадуур 250,000 төгрөгийн үнэтэй зардаг эд зүйл байсан... Би яг тэр үед нь хэзээ, яаж миний машинд яаж GPS тавьсан эсэхийг нь мэдэхгүй байна... 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр миний машины суудал дээр болон шалан дээр нь баахан давс асгасан байсан ба бас шар өнгийн алчуур тавьчихсан байсан... миний машины 1 ширхэг түлхүүр нь Үд байж байсан... тэрнээс хойш би машиныхаа түлхүүрийг сольчихсон. Тухайн төхөөрөмжид Юнител группийн 80******* гэсэн дугаар байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2025 оны 1 дүгээр сарын эхнэр нөхөр хоёр таарч тохирохгүй байдлаасаа болоод салсан... тэрнээс хойш нэлээн удаж байгаад миний охин Б.Агийн унаж явсан ****УНО Алпард маркийн автомашинд нь GPS чагнах төхөөрөмж,... дуу хураагууртай, дагагчтай, чагнах төхөөрөмжтэй эд зүйлийг тавьсан байсныг бид нар 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр машинаа засуулах гэж засварын газарт очоод мэдэж авсан... машин нь 2 түлхүүртэй байсан. Нэг нь охинд... нөгөөх нь Үд байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0225/980 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн G500M5799234 /IМЕI:867232055799234/ дугаартай төхөөрөмжийг тээврийн хэрэгслийн ODBII залгуурт залгасан үед үүрэн холбооны GSM 2G, 3G сүлжээ ашиглан байршлаа www.gps2828.com/gps16888.com/ цахим хуудас уруу илгээх зориулалттай газарзүйн байршил тогтоогч төхөөрөмж байна... Уг төхөөрөмж нь хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сарын 02-ний 15 цаг 50 минут 07 секундэд зогсож 16 цаг 58 минут 13 секунд хүртэл ажиллаж унтарсан /салгасан/ байна. Төхөөрөмжийн сим картын үүрэнд ***********************дугаартай UNITEL гэсэн ногоон бичиг, шошготой цагаан өнгийн сим карт суурилуулсан байна... Уг төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд залгаж цахилгаан тэжээл авч ажиллан тухайн тээврийн хэрэгслийн байршил /зөвхөн үсэг тоон утга/-ыг 2G, 3G үүрэн холбооны сүлжээ ашиглан www.gps2828.com/gps16888.com/ цахим хуудсанд илгээн үүлэн технологид хадгалдаг байна...” гэх дүгнэлт,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

Юнител ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12-01/5523 дугаартай тоот /80******* дугаартай эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа/,

Шинжээч М.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Дээрх төхөөрөмжийн зургаар интернэтээс хайлт лавлагаа хийхэд байршил тогтоодог VS-CY01 загварын төхөөрөмж байсан... Дээрх төхөөрөмж нь тээврийн хэрэгслийн ODBII залгуурт залгагдаж тэжээл авч ажилладаг. Уг төхөөрөмжид биет сим карт хийж IMEI дугаараар сервер дээр мэдээллийг хадгалдаг. Тэр хадгалсан мэдээллийг www.gps2828.com цахим хуудсанд нэвтрэн орж байршлуудын жагсаалт, хадгалагдсан мэдээллүүдийг харах боломжтой. Шинжээчийн дүгнэлт дээр байршил тогтоогч төхөөрөмж хамгийн анх ажиллуулсан, сүүлд ажилласан байршлыг заасан цаг хугацааны мэдээллийг харуулсан. Би дээрх төхөөрөмжийг ажиллаж байгаа эсэхийг тээврийн хэрэгслийн ODBII залгуурт залгаж тээврийн хэрэгслийг асаахад цэнхэр өнгийн гэрэл асан ажиллаж байсан... www.gps2828.com сайт руу орж GPS төхөөрөмжийн IMEI дугаарыг хийж тухайн хадгалагдсан мэдээллүүдийг харах боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч Д.Ү нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Агийн эзэмшлийн ****УНО улсын дугаартай “Тоёота алпард” маркийн тээврийн хэрэгслийн ODBII залгуурт G500M5799234 /IМЕI:867232055799234/ дугаартай газар зүйн байршил тогтоогч төхөөрөмжийг суурилуулж, Б.Аг мөрдөн мөшгөсөн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” байхыг шаарддаг ба уг гэмт хэрэг нь бусдыг мөрдөн мөшгөсөн үеэс төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.

 

Шүүгдэгч Д.Ү  нь хохирогч Б.Агийн эзэмшлийн ****УНО улсын дугаартай “Тоёота алпард” маркийн тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байрлуулснаар гэмт хэрэг бүрэн төгссөн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-д “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.” гэж заасан байдаг.

 

Шүүгдэгч Д.Ү  болон хохирогч Б.А  нарын хооронд гэр бүлийн таарамжгүй харилцаа байсан бөгөөд үүний улмаас хохирогчийн Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах сэдэлт зорилго бүхий үйлдлийг хийсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоосон байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнээд, шүүгдэгч Д.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Үгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Б.А нь өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг хавтаст хэрэгт гаргаж бэхжүүлээгүй тэрээр “гомдол саналгүй” талаарх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Д.Үг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч “... Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэх дүгнэлтийг,

           

Шүүгдэгч Д.Ү: “...Хэлэх зүйлгүй...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Түүний холбогдсон хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг. Миний үйлчлүүлэгч нь эрх зүйн мэдлэггүй улмаас болж гэмт хэрэгт холбогджээ. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг харгалзан үзэх боломжтой. Миний үйлчлүүлэгч нь тогтсон ажилтай. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “Зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Үд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч, өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Д.Үг чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Тодруулбал хохирогч Б.Агийн шүүгдэгчид ял оногдуулж өгөхгүй байх, шүүгдэгч Д.Үгийн ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс олж гэр бүлээ тэжээн тэтгэх нөхцөл байдал зэрэг хувийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн GPS гэх төхөөрөмжийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Үд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогт Д-гийн Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Д.Үг чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг “GPS” гэх төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Үд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР