Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 152/ШШ2024/00194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн Завхан сумын ... дүгээр баг, ......... тоотод оршин суух, регистрийн дугаар ............, Г ургийн овогт Н-ын Ц-ийн,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчин, тэмээчнээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болж тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Ийм учраас архивын лавлагаа болон бусад бичиг баримтыг үндэслэн 1985 оноос 1989 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, гэрч М.У, Н.Э нарын иргэний үнэмлэхийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс М.У, Н.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Н.Цийн гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Цийн 1985 оноос 1989 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Н.Цийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Н.Ц-ийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Н.Ц нь Завхан сумын Сандалай нэгдэлд 1985-1989 онд ажиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул уг жилийг тэтгэврийн жил дээр нэмж тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

 

4.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Нямын Цийн 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээчнээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.

 

4.3. Н.Ц-ийн гэрлэснийг бүртгэх 01 дүгээр анкетад: Овог, нэр Нямын Ц, ажилладаг байгууллага Сандалай хувьцаат компани, эрхэлдэг ажил малчин, гэрлэсэн он, сар, өдөр 1992.01.26 гэж бүртгэгдсэн байна. Тухайн баримтад нэхэмжлэгчийн Сандалай хувьцаат компанид ажиллаж байх үеийн мэдээлэл бичигдсэн байх тул баримтыг Н.Ц-ийн Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааралгүй гэж үзсэн болно.

 

4.4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч М.У, Н.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.У Миний бие 1985 онд 10 дугаар анги төгсөөд илгээлтээр Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн Айраг нуур бригадад малчнаар ажиллах болсон ба 1989 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Н.Ц нь 1985 оноос 1989 оныг дуустал тус нэгдлийн 1 дүгээр бригадад аав, ээжийн хамт тэмээчнээр ажиллаж байсан. Н.Ц хэдэн онд цэргийн алба хаасныг мэдэхгүй байна гэж, гэрч Н.Э Миний бие 1982 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 он хүртэл ажилласан. Н.Ц нь 1985 онд тус нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээчнээр ажилд орсон бөгөөд 1989 оныг дуустал Сандалай нэгдэлд тэмээчнээр ажилласан. Н.Ц хэдэн онд цэргийн албанд татагдсныг сайн мэдэхгүй байна. Харин 1991 онд цэргээс халагдан ирж байсан гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүврээр тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

 

5. Иймд Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, гэрч М.У, Н.Э нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г ургийн овогт Н-ын Ц-ийн 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г ургийн овогт Н-ын Ц-ийн 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ