Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00834

 

                                                           Г.Оюун, М.Анударъяа нарын нэхэмжлэлтэй                                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00470 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 811 дүгээр магадлалтай,

Г.Оюун, М.Анударъяа нарын нэхэмжлэлтэй,

            М.Энхжаргал, “Траст капитал ББСБ” ХХК нарт холбогдох           

            Нэхэмжлэгч Г.Оюуны гэрээний үүрэгт 11.900.000 төгрөг гаргуулах, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тухай, нэхэмжлэгч М.Анударъяагийн 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагч М.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Энхжаргалын өмгөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

             Нэхэмжлэгч Г.Оюун, М.Анударъяа нарын нэхэмжлэл болон тайлбарт: “Би 2014 оны 04 дүгээр сард М.Энхжаргалыг “Траст капитал ББСБ” ХХК-иас зээл авахдаа өөрийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 56 дугаар байрны 28 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалуулахыг зөвшөөрч, итгэмжлэл болон өмчлөх эрхийн гэрчилгээгээ өгсөн. Би М.Энхжаргалтай уулзаж, зээл авсан өдрөөс эхлэн авсан зээлийн үнийн дүнгээс сарын 5 хувийн хүү авах, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд зээлээ төлж дуусган байр чөлөөлүүлэх тухай гэрээг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Миний бие М.Энхжаргал болон “Траст капитал ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн ЗГ14/27 тоот гэрээтэй танилцсан. Уг гэрээнд Банк бус санхүүгийн байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж, ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулна" гэсэн нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байх тул үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн гэрээ гэж тооцох үндэслэлтэй байна. 35 000 000 төгрөгийн зээлийн 5 хувиар тооцон хүү авахаар тохирч, гэрээ байгуулж, үүнийг нотариатаар гэрчлүүлсэн тул уг гэрээний дагуу түүнээс нийт 14 875 000 төгрөг нэхэмжилж байна. Миний өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 56-28 тоот 2 өрөө, 29 м.кв орон сууцыг барьцаа хөрөнгө гэж үзэж М.Энхжаргалд зээл олгожээ. Иймд М.Энхжаргал болон "Траст капитал ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Итгэмжлэлд зурсан гарын үсэг минийх мөн эсэх нь эргэлзээтэй тул шалгуулах хүсэлтэй байна. Итгэмжлэлд зурсан гарын үсэг минийх биш. Банкнаас хүмүүс ирж байрыг авна гээд байна гэхэд нь би мэдсэн. Байрыг барьцаанд тавьсан гэж бодоогүй. М.Энхжаргал нь манай орон сууцны гэрчилгээг баталгаа болгож өгье гэхэд нь би зөвшөөрч түүнд гэрчилгээгээ өгсөн нь үнэн. Би баталгаа гаргаж өгөхдөө нотариат дээр очоогүй. Хууль бус итгэмжлэлээр барьцааны гэрээ хийгдсэн. Иймд М.Энхжаргалтай байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу М.Энхжаргалаас 11 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. М.Энхжаргал болон “Траст капитал ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14/27 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ үү” гэжээ.

          Хариуцагч М.Энхжаргалын болон түүний өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан хариу тайлбарт: “2014 онд компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлага гарсны улмаас Г.Оюунаас "Банкны баталгаа гаргуулах, барьцаанд тавих зэрэгт байр чинь хэрэг болоод байна. Итгэмжлэл хийж өгөөч" гэхэд зөвшөөрсөн. Ингээд би "Траст капитал ББСБ” ХХК-иас зээл авахдаа түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 56 байр, 28 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж, 35 000 000 төгрөгийн зээл авсан. Г.Оюун нь надад өөрийн өмчлөлийн орон сууцаа зээлийн барьцаанд барьцаалах итгэмжлэл олгох үед эмнэлэгт хэвтэж байсан тул түүний гарын үсгийг зуруулах гэж хүн явуулсан бөгөөд нотариат дээр бид хамт гарын үсэг зураагүй, түүний гарын үсгээс өөр, зөрүүтэй байна. Би тус ББСБ-аас зээл авахдаа түүний байрыг барьцаалсан. Үүний дараа Г.Оюун бид хоёр хэлцэл хийсэн нь үнэн хэдий ч би түүнд 11 900 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Би түүнтэй анх ярилцахдаа түүнээс хөрөнгийн баталгаа гаргуулна гэхэд зөвшөөрсөн. Би түүнийг надад байраа барьцаалахыг зөвшөөрсөн гэж хэлж чадахгүй” гэжээ.

             Хариуцагч "Траст капитал ББСБ" XXК-ийн болон түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхамын тайлбарт: “Г.Оюун нь М.Энхжаргалд "Траст капитал ББСБ” ХХК-иас зээл авахдаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 56 дугаар байрны 28 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалуулахыг зөвшөөрч итгэмжлэл олгож, уг итгэмжлэлийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр М.Энхжаргал нь 35 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр хариуцахад татгалзахгүй болохоо илэрхийлэн хариуцагч М.Энхжаргалд барьцааны эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон итгэмжлэлийг 2014 оны 02 дугаар 12-ны өдөр Г.Оюун, М.Анударъяа нар олгосон байна. Эрх зүйн чадамжтай этгээдүүд хоорондоо итгэмжлэл олгосон байдаг бөгөөд энэ итгэмжлэл нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заасан шаардлага хангасан. Уг итгэмжлэлд өөрсдөө нөхцлөө тодорхой заасан. Уг байрыг барьцаалах, нэг жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон байдаг. Барьцааны гэрээг хийхдээ зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй гэж үзэх боломжгүй. Дээрх итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ хийгдсэн. Анх Г.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээл авахдаа барьцаалахыг зөвшөөрч М.Энхжаргалд итгэмжлэл болон гэрчилгээг өгсөн, М.Энхжаргал зээл авсан гэж хүлээн зөвшөөрсөн ба үүнийг хэрэгт авагдсан Г.Оюун, М.Анударъяа нарын орон сууцыг барьцаалж авсан зээлийн үнийн дүнгээс хүү тооцон нэхэмжлэгч Г.Оюунд төлөхөөр байгуулсан гэрээ болно. Г.Оюуны олгосон итгэмжлэлийг үндэслэн хариуцагч М.Энхжаргал, "Траст капитал ББСБ" ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хийгдсэн. Нэхэмжлэгч Г.Оюун, М.Анударъяа нар нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр хариуцахад татгалзахгүй гэдгээ илэрхийлж, М.Энхжаргалд барьцааны эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эдлүүлэхээр итгэмжлэлийг олгосон. Уг итгэмжлэлд үндэслэн "Траст капитал ББСБ" ХХК нь М.Энхжаргалтай зээлийн болон барьцааны гэрээг хийсэн. Нотариатч нь хэн нэгнийг байхгүйд нь гэрээ хийх, итгэмжлэл олгох боломжгүй. Хариуцагч М.Энхжаргал нь барьцаа хөрөнгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн итгэмжлэл авсан бол эрүүгийн журмаар шалгуулах ёстой байсан. Хариуцагч нарын гарын үсгийн шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т зааснаар гаргаж байна. Уг хүсэлтийг өмнө нь шүүх захирамжаараа шийдсэн тул дахин уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн гэрээ гэж үзэж, хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00470 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 64 дүгээр зүйлийн 64.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Борнууд овогт Мягмарын Энхжаргалаас 14 875 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баяуд овогт Гончигийн Оюунд олгож, нэхэмжлэлээс нэхэмжлэгч М.Анударъяагийн 1 000 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч М.Энхжаргал, "Траст капитал ББСБ" ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14/27 тоот Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 232 325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Оюунд олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 811 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Энхжаргалаас 14 875 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунд олгож...” гэснийг “...Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Энхжаргалаас 11 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунд олгосугай...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...232 325 төгрөг...” гэснийг “...205 350 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагч М.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 00470 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 811 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хариуцагч М.Энхжаргал надаас 11.900.000 төгрөг гаргуулан Г.Оюунд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Г.Оюунд 11.900.000 төгрөгийг бүрэн төлсөн учир Г.Оюунаас илүү төлсөн 9.000.000 төгрөгөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваагүй, мөн Г.Оюуны Хаан банкны дансны хуулгыг би авах боломжгүй тул шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлтээ гаргасныг мөн л хүлээж аваагүй. Энэхүү хүсэлтүүдийг анхан шатны шүүх хүлээж аваагүй байхад, давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй надаас 11.900.000 төгрөг гаруулж, төлсөн мөнгийг дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00470 дугаар шийдвэр, энэхүү шийдвэр өөрчлөлт оруулсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 811 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

           Нэхэмжлэгч Г.Оюун хариуцагч М.Энхжаргал болон “Траст капитал ББСБ” ХХК-д холбогдуулан 14 875 000 төгрөг гаргуулах, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 14/27 тоот Зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай, нэхэмжлэгч М.Анударъяа хариуцагч М.Энхжаргалд холбогдуулан амаар тохирсон 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг  зөвшөөрөөгүй байна.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Оюун хариуцагч М.Энхжаргалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 11 900 000 төгрөг гаргуулахаар, хариуцагч "Траст капитал ББСБ" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 14/27 тоот Барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай болгон өөрчилжээ.

           Г.Оюун, М.Анударъяа нараас хариуцагч М.Энхжаргалд олгосон итгэмжлэлд нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 56 дугаар байрны 28 тоот 2 өрөө орон сууцны байрыг барьцаанд тавих, барьцааны гэрээнд гарын үсэг зурах бүх эрхийг М.Энхжаргалд олгосон байна. /хх-178/

           2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч М.Энхжаргал нь "Траст капитал ББСБ" ХХК-тай 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, дээрх итгэмжлэлийг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 14/27 тоот барьцааны гэрээ байгуулахдаа Г.Оюун, М.Анударъяа нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан баримтууд хэрэгт авагджээ.  

Г.Оюун, М.Энхжаргал нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн гэрээгээр Г.Оюун өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа М.Энхжаргалын "Траст капитал ББСБ" ХХК-иас авсан 35 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Оюуны орон сууцыг барьцаанаас чөлөөлөх,  зээл авсан өдрөөс эхлэн зээлийн үнийн дүнгээс сар бүр 5 хувийн хүү болох 1 750 000 төгрөгийг орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөх хүртэл хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцжээ. /хх-7/

2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г.Оюунд хариуцагч М.Энхжаргалаас баталгаа гаргахдаа "Траст капитал ББСБ" ХХК-ийн барьцаанаас Г.Оюуны 2 өрөө орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж чадаагүй тул зээл авсан өдрөөс зээл төлөх хүртэл зээлийн үнийн дүнгийн 5 хувь 1 750 000 төгрөгийг сар бүр төлнө гэж тохирсныг анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн шаардах эрх зохигчдын хооронд хийгдсэн дээрх хоёр хэлцлээр тодорхойлогдож байх тул анхан шатны шүүх хариуцагч М.Энхжаргалаас 14 875 000 төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Оюун нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх тул энэ хэмжээгээр буюу хариуцагчаас 11 900 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн М.Анударъяагийн “хариуцагч М.Энхжаргал нь 1 000 000 төгрөгийг  М.Анударъяад өгөхөөр амаар тохирсон тул энэ мөнгийг гаргуулна” гэсэн шаардлага нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэн, шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм. 

          Нэхэмжлэгч Г.Оюун хариуцагч М.Энхжаргал болон “Траст капитал ББСБ” ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан  14/27 тоот барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг тогтоолгох тухай шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагч М.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 811 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч М.Энхжаргалын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 205.350 /хоёр зуун таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                                   ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН