| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00350/И |
| Дугаар | 130/ШШ2024/00359 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2024/00359
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Н ХХК, Хаяг:У хот, Х дүүрэг, 20-р хороо, Н 7 давхарт үйл ажиллагаа явуулах,
Хариуцагч: Б, Хаяг: Б аймаг, Ө сум 5 дугаар баг, 1-36 гудамж, 320 тоотод оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Бараа бүтээгдэхүүний үнэ 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б д холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч “Н " ХХК нь хариуцагч Б тай 2023 оны 5 сарын 09-ний өдөр ТШ/23/1527 дугаартай “Дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг.
1.2 Нэхэмжлэгч нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан боловч хариуцагч нь гэрээний 6.1 дахь хэсэгт “Худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн сарын 25-ны өдрийн дотор худалдагч талын эзэмшлийн Х банк дахь 000 тоот дансанд шилжүүлнэ" гэж заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй буюу барааны үнэ болох 3,000,000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй болно.
1.3 Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь алданги тооцон авах эрхтэй бөгөөд 2023 оны 6 сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан төлбөрийг төлөөгүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж болох алдангийн хэмжээ 1,500,000 төгрөг болж байна.
1.4 Иймд хариуцагч Б Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 3,000,000 төгрөг, алдангид 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч Б ийн тайлбар, зөвшөөрөл нь:
2.1 Миний бие Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би тус компанийн надаас нэхэмжилж байгаа нийт 4,500,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.
2.2 Иймд энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б нь бараа бүтээгдэхүүний үнэ 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н ХХК-нд төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч Б ээс нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,050 төгрөгийн тал нь болох 43,525 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 43,525 төгрөг, мөн хариуцагч Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 43,525 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б нь бараа бүтээгдэхүүний үнэ 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,050 төгрөгийн тал нь болох 43,525 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 43,525 төгрөг, мөн хариуцагч Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 43,525 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ