| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00188/и |
| Дугаар | 152/ШШ2024/00195 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр баг, Гиваан гудамжны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., З ургийн овогт Б-гийн М-гийн,
Ц.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц.Бтэй 2009 онд гэр бүлж дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Миний 2 хүүхэд Ц.Бээр овоглодог ба эцгээсээ тэтгэмж авдаггүй. 2019 оноос хойш миний бие 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Одоо эцгийн хариуцлагыг хүлээлгэж 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргах гэсэн. Гэвч 2017 оноос хойш нөхөр Ц.Б-тэй холбоо харилцаагүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Ц.Б-ийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаар тодорхойлолт, Ц.Б, Б.М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б-ийн У, М нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Ц.Б-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М-гийн Ц.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.М, Ц.Б нар 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2010 онд хүү Б.Ууганбаяр, 2011 онд охин Б.Маралмаа нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Б.М, Ц.Б нар 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах гэсэн боловч Ц.Б нь байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар тус шүүхэд түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд Ц.Б иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна.
Нэхэмжлэгчээс Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр Улаангом сумын 11 дүгээр багийн иргэн Ц овогтой Б нь тус багийн Гиваан-1 гудамжны ... тоот хаягт бүртгэлтэй боловч 2018 оноос хойш тухайн хаягтаа оршин суудаггүй болохыг тодорхойлолв гэх тодорхойлолтыг ирүүлсэн байна. Улмаар шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Б-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 9-17 тоот хаягт оршин суудаг талаарх лавлагааг ирүүлжээ. Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан Ц.Б-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл зөрүүтэй байх боловч тус багийн Засаг даргаас 11 дүгээр багийн 9-17 тоот хаяг нь 2019 оноос шинэчлэгдэж Гиваан 4 дүгээр гудамжны 415 тоот болж өөрчлөгдсөн болно гэх тодорхойлолтыг ирүүлсэн байх тул дээрх хаягуудыг нэг хаяг гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлдээ Ц.Б-ийн эх Ц-ын утасны дугаарыг бичсэн байсан ба Ц-аас хүү Ц.Б-ийн оршин суугаа хаягийг тодруулахад Ц.Б-ийн хаана байгааг мэдэхгүй, хааяа над руу нууцалсан дугаараас залгадаг гэсэн хариу өгчээ.
3. Ц.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх бөгөөд байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаар тодорхойлолт, Цэрэнбадамтай утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4. Иймд 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ......., С ургийн овогт Ц-ын Б-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ86052439, С ургийн овогт Ц-ын Б-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ийг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ