| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00326/И |
| Дугаар | 130/ШШ2024/00381 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2024/00381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С. Хаяг:Б аймаг, С сум, 5 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У ын харьяа У ийн услалтын системд 1987 оны 3 дугаар сарын 10-аас 1989 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл мөн тус аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус бороожуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч С ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд аймгийн Н хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С нь анх шүүхэд Б аймгийн У ын С сум дахь У ийн Услалтын системд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бороожуулагч тракторчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан байна.
Гэтэл шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед хүсэлтийн шаардлагаа Б аймгийн У ын харьяа У ийн услалтын системд 1987 оны 3 дугаар сарын 10-аас 1989 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл, мөн тус аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус бороожуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Миний бие С 1964 онд Б аймгийн С суманд төрсөн. Би 1982 онд Н дахь эрчим хүч, уул уурайн Т-ийг хүнд механизмын машинистын мэргэжлээр төгсөөд, 1983 оноос 1986 онд хугацаат цэргийн алба хааж ирсэн.
1.2 ХА тус аймгийн У ын харьяа У ийн услалтын системд 1987 оны 3 дугаар сарын 10-аас 1989 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл бороожуулагч, тракторчоор томилогдон ажиллаж байгаад тус конторын даргын “ажлаас чөлөөлөх тухай” 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай тушаалаар Б сумын тэжээлийн аж ахуйн мэдэлд шилжин 1989 он дуустал хугацаанд ажиллаж ажлаас гарсан юм. Би анх ажилд томилогдоход бороожуулагч, тракторчиноор томилогдсон боловч тушаал дээр зөвхөн бороожуулагчаар гэж бичигдсэн тул тушаалын дагуу бороожуулагчаар ажилласан тогтоолгохоор тодруулж байна.
1.3 Тухайн үеийн надад тус аймгийн У ын харьяа У ийн услалтын системээс олгосон Хөдөлмөрийн дэвтрийг маань шилжин томилсон Б сумын тэжээлийн аж ахуйд байсан боловч алга болсон гэж өгөөгүй юм. Тус аймгийн архивын тасгаас лавлагаа гаргуулахад 1987 оны цалингийн карт болон 1989 онд ажлаас чөлөөлж, тэжээлийн аж ахуйн мэдэлд шилжүүлсэн тушаал хоёр гарсан болно
1.4 Миний бие энэ жил 60 нас хүрч байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.
1.2 Иймд миний Б аймгийн У ын харьяа У ийн услалтын системд 1987 оны 3 дугаар сарын 10-аас 1989 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл мөн тус аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус бороожуулагчаар ажиллаасныг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
2.Гуравдагч этгээд аймгийн Н хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хүсэлт гаргагч С нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ шаардлагад бороожуулагч, тракторчиноор ажиллаж байснаа тогтоож өгөх тухай хүсэлт гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бороожуулагчаар ажиллаж байсан нь тогтоогдож байгаа тул хүсэлт нь үндэслэлтэй байна гэв.
3.Хүсэлт гаргагчаас иргэний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М, Б аймгийн У ын даргын 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, 1987 оны цалин хөлсний баримт зэргийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд, иргэн Д , Е , С нарын бичсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШЗ2024/01207 дугаартай захирамжаар аймгийн Н газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 195 дугаартай албан бичгээр Санхүү бүртгэлийн тасгийн дарга Т т олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 476, 477 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 403 дугаартай албан бичгээр ирүүлсэн С болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн У ын даргын 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 172 тоот, 1987 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 48 тоот, 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5 тоот тушаал хавсралт зэргийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... Б аймгийн У ын С сум дахь У ийн услалтын системд бороожуулагчаар ажиллаж байгаад тус конторын даргын тушаалаар Б сумын тэжээлийн аж ахуйн мэдэлд шилжин 1989 он дуустал хугацаанд ажиллаж, ажлаас гарсан юм. Миний бие энэ жил 60 нас хүрч байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна гэсэн ба гуравдагч этгээд аймгийн Н хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг дэмжиж оролцжээ.
7.Хэдийгээр хүсэлт гаргагчид ажил олгогч болох Б аймгийн У ын харьяа У ийн услалтын систем болон Б сумын Тэжээлийн аж ахуйгаас тус тус нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй байгаа боловч түүний Б аймгийн У ын харьяа У ийн услалтын системд 1987 оны 3 дугаар сарын 10-аас 1989 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл, тус аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал бороожуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагатай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүсэлтийн шаардлагатай хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
7.1 Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дүгээр албан бичгээр ирүүлсэн:
7.1.1 МУ, Б аймгийн У ын даргын 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба шилжүүлэн томилох, ажилд томилох тухай” тушаалын 2 дахь заалтаар нэр бүхий хүмүүсийг ажилд томилсны дотор У ийн услалтын системд бороожуулагчаар С нарыг бүр 1987 оны 3 дугаар сарын 10-аас эхлэн томилон ажиллуулсан байна.
7.1.2 МУ , Б аймгийн У ын даргын 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаартай “Ээлжийн асралтын хуваарь батлах тухай” тушаалаар У Конторын захиргаа, Авто гарааш, бэлчээр усжуулалт, услалтын системийн отряд, услалтын систем, уст цэгийн засварын бригадын ажиллагчдын 1988 оны ээлжийн амралтын хуваарийг 1 дүгээр хавсралтаар, тариалалтад ажиллагсдын ээлжийн асралтын хуваарийг 2 дугаар хавсралтаар баталсан ба уг тушаалын 2 дугаар хавсралтын хүмүүсийн нэрсний жагсаалтын 14-рт С , албан тушаал бороожуулагч, 1987 онд амралт авсан хугацаа 1987.11.25, 1988 онд амралт авах хугацаа 1988.10.25, үндсэн амрах хоног 15, албан тушаалын нэмэгдэл 11, бүгд 26 гэж бичигдсэн байна.
7.1.3 МУ , Б аймгийн У ын даргын 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 01 дэх заалтад Тус конторын харьяа У , М ын услалтын системд байгаа ажиллагчдыг 5 дугаар сарын 01-ээс эхлэн хавсралтын дагуу ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулагдаж буй Б сумын Тэжээлийн аж ахуйн мэдэлд шилжүүлсэн ба уг тушаалын хавсралтын 14-рт С , албан тушаал бороожуулагч, амралтын зөрүү /хоногоор/ 6 гэж бичигдсэн мөн 1987 оны цалин хөлсний баримтаар 01-3 дугаар сар хүртэл цалин хөлс авч байсан байна.
8.Б аймгийн Улсын бүртгэлийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 403 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С ын 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөтлөгдсөн ХААТР маягтын 14-рт ажилладаг байгууллага УАА-н усжуулах систем, ажилд орсон 1980 он, эрхэлдэг ажил “бороожуулагч”, эрхэлж эхэлсэн он 1985 гэж, мөн түүний хүүхэд болох 1988 онд төрсөн А ийн ХААТР-11 (А) маягтын эцгийн Хөдөлмөр эрхлэлтийн байдал бичигдсэн хэсэгт ажилладаг байгууллага У ийн системд, эрхэлдэг ажил нормчин гэж, 1989 онд төрсөн хүүхэд нь болох Б ын ХААТР-11 (А) маягтын эцгийн Хөдөлмөр эрхлэлтийн байдал бичигдсэн хэсэгт ажилладаг байгууллага нэгдэлд, эрхэлдэг ажил нормчин гэж тус тус бичигдсэн байна.
9.Хамт ажилласан гэх Д , Е , С нарын бичсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт:
-С би 1984-1990 он хүртэл С сумын У ийн услалтын системд бороожуулагчаар ажиллаж байсан. 1990 онд тус услалтын систем нь тарах үед малчнаар ажиллаж, 1992 онд К улсад нүүж яваад 1994 онд эргэж ирсэн. Дараа нь хуваариа телевиз, радио засварчнаар 2019 он хүртэл ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан. С нь С сумын У ийн услалтын системд 1986 оноос 1990 он хүртэл бороожуулагчаар ажиллаж байсан. Өмнө нь аймгийн усны аж ахуйн харья байсан ба 1986 онд С сумын У ийн услалтын систем нь Тэжээлийн аж ахуйд шилжчихсэн. С нь 1983-1986 онд цэргийн алба хааж ирсэн. С сумын У ийн услалтын систем нь 1982-1986 он хүртэл С сумын харьяанд байсан ба даргаар А гэдэг хүн ажиллаж байсан. Дараа нь 1986 оноос тэжээлийн аж ахуйд шилжсэн ба тус гадрын даргаар А гэх хүн ажилласан. Надад өөрийнхөө хөдөлмөрийн дэвтэр байгаа. Тэжээлийн аж ахуйд шилсэн үед миний хөдөлмөрийн дэвтрийг миний эцэг тэндээс олж авсан байна. ХА С нь 1992 онд К улсад нүүж явахдаа хөдөлмөрийн дэвтрээ олоогүй тэжээлийн аж ахуйд алга болгосон байна. С сумын У ийн услалтын систем нь 1990-ээд онд татан буугдсан. Цалин мөнгийг бичиж олгодог нягтлан нь Н байсан. Тухайн үед тэжээлийн аж ахуйд шилжсэн байсан. Усны аж ахуйн материалууд чухам хаана байгаа тухай мэдэхгүй.
-Д Би 1983-1990 он хүртэл С сумын У ийн услалтын системд тракторчин, бороожуулагчаар ажиллаж байсан. Дараа нь хуваариа хар бор ажил хийж байгаад 2018 онд өндөр настны тэтгэвэрт гарсан. Бид хоёр С сумын У ийн услалтын системд хамт ажиллаж байсан нь үнэн тул тодорхойлолтоо бичиж өгсөн. С нь С сумын У ийн услалтын системд 1986 оноос 1990 он хүртэл тракторчин, бороожуулагчаар ажиллаж байсан. С нь 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд С сумын У ийн услалтын системд тракторчин, бороожуулагчаар ажилд орсон. С сумын У ийн услалтын системийн даргаар А , Б гэх хүмүүс даргаар ажиллаж байсан. Аймгийн Усны аж ахуйн удирдах газрын дарга нь С гэх хүн байсан. С сумын У ийн услалтын систем нь 1990 онд татан буугдсан. Нягтлан 1986-1990 он хүртэл С гэдэг хүн нягтлангаар ажиллаж байсан. С сумын У ийн услалтын системийн материалууд нь хаана байгаа талаар мэдэхгүй ч 1989-1990-ээд онд тус услалтын систем нь тэжээлийн аж ахуйд шилсэн байсан ба материалууд нь тэнд шилжсэн гэсэн. Тус тэжээлийн аж ахуйн материалууд нь аймгийн архивд шилжээгүй юм байна. Би өөрийн материалуудаа хайж очиход байхгүй гэж гараагүй. Тэжээлийн аж ахуйн дарга нь А гэх хүн байсан.
-Е Би 1986 онд С сумын тэжээлийн аж ахуйд тракторчноор ажилд орж, 1990 он хүртэл ажилласан. Тус тэжээлийн аж ахуй нь 1990 онд тараад малчнаар ажилласан. Би С сумын У ийн услалтын системд ажиллаагүй, тухайн үед цэргийн алба хааж байсан. 1982-1985 оны хооронд цэргийн албанд байсан. С нь 1986 оны 9 дүгээр сард тус тэжээлийн аж ахуйд ажилд орсон. С сумын У ийн услалтын систем нь 1986 онд тэжээлийн аж ахуйд шилсэн. Тэжээлийн аж ахуйн дарга нь тухайн үед А байсан. С нь С сумын тэжээлийн аж ахуйд 1986 оноос 1990 он хүртэл тракторчин, бороожуулагчаар ажиллаж байсан. 1990 онд тус тэжээлийн аж ахуй тараад С нь К улс руу нүүгээд явж, дараа нь дахин эргэж нүүж ирсэн. Хэзээ нүүж ирсэн талаар санахгүй байна. С нь 1986 онд цэргээс халагдаад ирсэн. С сумын У ийн услалтын систем нь 1986 онд Тэжээлийн аж ахуйд шилжсэн байсан ба даргаар А ажиллаж байсан. 1986 оноос өмнө С сумын Е нэгдлийн харьяанд байсан ба даргаар Н ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр 1986 онд тэжээлийн аж ахуйд шилжсэн үед алга болж тэжээлийн аж ахуйгаас нэг ч материалаа олж авч чадаагүй. Нярав Б байсан. Инженерээр М, Ж нар ажиллаж байсан. Нягтлан нь хэн байсан талаар сайн санахгүй байна. С сумын У ийн услалтын системийн материалууд нь хаана байгаа талаар мэдэхгүй, Тэжээлийн аж ахуйн архив байхгүй байсан гэх мэдүүлгүүдээр хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.
10.Хамт ажилласан гэх Д , Е , С нарын бичсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт хүсэлт гаргагч С ыг тракторчин, бороожуулагчаар ажилласан гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан түүнийг ажилд томилж, чөлөөлсөн тушаалд бороожуулагчаар томилж, чөлөөлсөн байх тул уг тушаалуудыг үндэслэсэн, мөн хүсэлт гаргагчийн тус аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд шилжүүлсэн боловч түүнийг чөлөөлсөн тухайн тушаал нь гаргахгүй байгаа боловч түүний 1988, 1989 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтуудад хөдөлмөр эрхлэлтийн талаар бичигдсэн байдал, хамт ажилласан хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг харьцуулан үнэлж, хүсэлт гаргагчийг 1989 онд дуустал хугацаанд тус тэжээлийн аж ахуйд тус тус бороожуулагчаар ажилласан байна гэж шүүх дүгнэлээ.
11.Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дүгээр албан бичгээр ирүүлсэн МУ , Усны аж ахуйн харьяа Б аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 172 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар бороожуулагчаар томилсон хүн нь хүсэлт гаргагч С бус С гэх өөр хүн байх тул уг тушаалыг хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
12.Хүсэлт гаргагч С нь Б аймгийн У ын харьяа У ийн услалтын системд болон Б сумын Тэжээлийн аж ахуйд бороожуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч С-ын Б аймгийн У ын харьяа У ийн услалтын системд 1987 оны 3 дугаар сарын 10-аас 1989 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл, тус аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус бороожуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ