Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/292

 

 

 

 

 

 

 

 

 

2026       06         03                                                2026/ШЦТ/292

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч О.Алтансүх,

Шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Чт холбогдох эрүүгийн 2634000000056 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймаг, Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бяс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Төв чандмань ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, тоотод оршин суух хаягтай, урьд авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т.Ч /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ч нь Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө иргэн Г.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнииг цохиж зодон биед нь баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн тухайн цаг үед иргэн Г.Дын куртканы халаасанд байсан бээлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч Г.Дт 30.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Т.Ч нь: “Би бээлийг нь санаатай авъя гэж бодоогүй. Хүйтэн байсан болохоор авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2634000000056 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Т.Ч нь Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө иргэн Г.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнииг цохиж зодон биед нь баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн цаг үед иргэн Г.Дын куртканы халаасанд байсан бээлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч Г.Дт 30.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 тал/,

-Хохирогч Г.Дын “...Би 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орой 23:50 цагийн үед найзуудын хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Nice нэртэй караокед орж дуулж байгаад 25-ны өдрийн 01 цагийн үед тухайн караокеноос гараад хойно нь байрлах Дип нэртэй баар руу орсон. Тэгээд тухайн газраа ууж сууж байгаад 03 цагийн үед манай найзуудыг танилууд нь авч яваад би ганцаараа гараад таксинд суухаар алхсан. Тэгээд тус баарнаас гараад Скай худалдааны төвийн хажууд байрлах GS25 дэлгүүрийн үүдэнд алхаж байх үед миний араас үл таних 2 залуу дуудхаар нь би зогстол нэг залуу нь тэврээд нөгөө залуу нь миний баруун нүд хэсэг рүү 2 удаа цохиод намайг цохисон залуу нь миний халаасыг нэгжээд миний өмдний баруун талын халаасанд байсан А32 маркийн гар утас, куртикны зүүн талын халаасанд байсан савхин бээлийг авсан харин би өөрийн өмсөж байсан малгайгаа тухайн газар унагаасан гэж санаж байна. Тэгээд би хажууд байсан GS25 руу гүйгээд орох үед миний араас хоёулаа орж ирээд би намайг тэврээд байсан залуутай маргалдаад байж байх үед нөгөө залуу нь худалдагчтай юм яриад байсан. Тэгээд би худалдагчаас цус арчих нойлын цаас авах үед гадна талд нь нэг портер зогсохоор нь би гар утас асууж цагдаа дуудах гэтэл нөгөө хүн утас байхгүй гэхээр нь би шууд таксины буудал руу гүйсэн. Тэгээд такси байхгүй болохоор нь талбайн баруун талын GS25 руу ороод гар утсаараа цагдаа дуудаад өгөөч гэж гуйгаад байж байх үед нөгөө намайг цохиж миний эд зүйлсийг авсан залуу орж ирчихээд гараад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон..., ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,

-Хохирогч Г.Дын дахин өгсөн “...Би тухайн үед бааранд орох үедээ өөрийн утсаа хамт ажилладаг н.Пгийн машинд үлдээгээд орсон бөгөөд буцаж гарч ирээд өөрийн гар утсаа машинаас нь аваад буусан. Би өөрийн А32 маркийн гар утсаа өөрийн өмдний баруун талын халаасанд хийсэн. Тэгээд GS-25 сүлжээ дэлгүүрийн үүдэнд намайг зодсон залуу миний халааснаас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

-Гэрч М.Пгийн “...Бид нар баарны гадна зогсоод орох үедээ Г.Д гар утсаа машинд үлдээгээд орсон. Тэгээд буцаад гарч ирээд машинд суугаад буухдаа машинаас гар утсаа авад буусан..., ...Бид нар баарны гаднаас салаад хөдлөх үед Г.Д хот руу такси олж явна гэж хэлээд салсан бөгөөд маргааш нь Сэргэлэн суманд зүчээн дээр уулзах байсан чинь ирэхгүй болохоор нь утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд маргааш нь өөр хүний утсаар ярьж байна гээд гар утас болон бээлийгээ алдчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-42 тал/,

-“Гарьд Гүрү Үнэлгээ” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №26/07/03 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 53-63 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №ТӨВ0726/60 дугаартай “...Г.Дын биед баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69 тал/,

-Шүүгдэгч Т.Чийн яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолтой танилцсан. Санал хүсэлт байхгүй..., ...Хүлээн зөвшөөрч байгаа..., ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 88 тал/ зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Чийг Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө иргэн Г.Дын куртканы халаасанд байсан бээлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч Г.Дт 30.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” байхаар зохицуулсан.

 

Хууль тогтоогч Эрүүгийн хуулиар гэмт хэргийг тодорхойлсон ч нийгмийн аюулын хэмжээ болон бодит хор уршгийг харгалзан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан шинжээс хамаарч хэт хатуу шийтгэлээс сэргийлэх зорилгоор бодит нөхцөл байдлыг үнэлж, уян хатан шийдвэр гаргах эрхийг шүүхэд олгосон.

 

Энэхүү заалтыг хэрэглэхдээ бодит үр дагавар, хуулийн зохицуулалтын утга хоёрыг ялган үзэх бөгөөд гэмт хэргийн шинж, бодит аюулын хоорондын ялгааг тодорхойлох замаар үйлдэл, эс үйлдэхүйн агуулга, түүний нийгмийн аюулын хэмжээ, учруулсан хохирол хор уршиг, бусдын эрхийг зөрчсөн хохирлын хэмжихүйц байдал, нийгэмд үзүүлэх үр дагавар, тухайн этгээдийн зан байдлын хэмжээ хязгаарыг ялгах шалгууртайгаар, үйлдэл, үр дагаврыг ялган шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилтод нийцэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх боловч гэм буруутай этгээдийн үйлдлийн шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт үйлдэл болон түүний үр дагаварт хандаж буй сэтгэхүйн хандлага нь бодит агуулгаар шийдвэр, үйлдэлд нөлөөлсөн байх ойлголт юм.

 

Шүүгдэгч Т.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Дтай үл ялих зүйлээр маргалдан түүний куртикний халаасанд байсан бээлийг гар нь даарсан гэх шалтгаанаар авсан гэж мэдүүлдэг.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Чийг гэм буруутайд тооцуулах үндэслэлээ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтдээ Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өмчлөгчийн халдашгүй байдлыг л тусгасан.

 

Хэрэгт авагдсан үйл баримтууд болон Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд авагдсанаар шүүгдэгч Т.Ч нь 2025 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө найз болох гэрч Н.Амарбаясгалангийн хамт 04 цаг 00 минут 26 секундийн орчим хохирогч Г.Дтай маргалдан ертөнцийн зүгээр баруун тийш явсан бөгөөд хэсэг хугацааны дараа хохирогчтой дахин тааралдаж маргалдан ноцолдсон бөгөөд үүний дараа автобусны буудлын сүүдрэвчний цаагуур орж хохирогчийн халааснаас бээлийг авч байгаа мэт харагдана /хэрэгт ирүүлсэн камерын бичлэг дуугүй, чанарын шаардлага хангагдаагүй/

Шүүгдэгч , хохирогч, гэрч нарын гадаа зодолдож байх хугацаанд GS 25 худалдагч гэрч Д.Хулан гарч ирж дотогшоо орж байгаа бичлэг хэрэгт авагдсан байна.

Хохирогч Г.Д нь Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч “...намайг цохисон залуу нь миний халаасыг нэгжээд миний өмдний баруун талын халаасанд байсан А32 маркийн гар утас, куртикны зүүн талын халаасанд байсан савхин бээлийг авсан харин би өөрийн өмсөж байсан малгайгаа тухайн газар унагаасан гэж санаж байна...” гэж мэдүүлсэнтэй нь холбогдуулан дахин мэдүүлэг авахад “...тухайн газарт явж байхдаа эсвэл машинаас бууж байхдаа гар утсаа хаясан гэж бодож байна.хаана хаяснаа санахгүй байна....камер шүүхэд утас харагдаагүй. Намайг зодож байх үедээ миний халаасанд байсан ганц бээлийг авсан.” гэж мэдүүлдэг.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Т.Ч хохирогч Г.Д нар нь хоорондоо маргалдан зодолдсоны улмаас хохирогч Г.Дын биед хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч Т.Ч нь хохирогч Г.Дын бээлийг авах гэсэн санаа зорилгогүй зодоон хийх явцдаа түүний халаасанд байсан бээлийг авч байгаа нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хувийн байдал, нийгмийн хэр хэмжээ нь хохирогчид учирсан хохирлын хэмжээ хүндээр учирсан гэж үзээгүй тул гэмт хэрэгт тооцохгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

 

Харин Шүүгдэгч Т.Ч нь Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө иргэн Г.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон биед нь баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Т.Ч нь иргэн Г.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон биед нь баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед “...баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Т.Чийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг.

 

Прокуророос шүүгдэгч Т.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч О.Алтансүх нь: “Шүүгдэгч Т.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Т.Ч нь энэ хэрэгтээ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа нь: “Шүүхээс шүүгдэгч Т.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Т.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 600.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Т.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Т.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чт оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Т.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.Чийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Дын эрүүл мэндэд “баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирчээ.

Шүүх хуралдааны товыг хохирогч Г.Дт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй,

Эрүүгийн 2634000000056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хавсаргаж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Д нь сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “ гэмт хэрэгт тооцохгүй” үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Чт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Т.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Т.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т.Чт шүүхээс оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн 2634000000056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хавсаргаж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА