Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Л.Соёмбо,

Шүүгдэгч Г , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г т холбогдох эрүүгийн 201301011417 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эсэн трейд ХХК-д харуул ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт суух, ял шийтгэлгүй, Г . Шүүгдэгч Г  нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутаас 19 цагийн хооромнд суух Б.Батхүүгийн гэрийн төмөр хаалгийг хөшиж онгойлгон жижиг гарын 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний монетон бөгж зэргийг хулгайлан 160,000 төгрөгийн, мөн давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 68 тоотод оршин суух О.Сандаг-Очирын гэрийн хаалганы цоожид түлхүүр тааруулан орж 2 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлан 305,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 465,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г  мэдүүлэхдээ: 2 Би 2013 оны хохирогч Батхүүд холбогдох хэргийг санахгүй байна. Гэхдээ хохирогч Батхүүгийн хохирлын 160,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Сандаг-Очирт учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ач зээ нараасаа ичиж байна гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г ын өгсөн: “... 2013 оны хэргийг би мэдэхгүй. 2016 оны хэрэг нь үнэн. Би 2016 оны 8 дугаар сард 10 дугаар хороололд 1 хүүхэнтэй уулзах гээд очиход байхгүй байсан. Тэгээд хаалгыг нь хүчтэй татсан чинь онгойчихсон. Тэгээд согтуу гэртээ унтаж байгаа юм болов уу гэж бодоод явж ортол шунал хөдлөөд ширээн дээр байсан 2 ширхэг мөнгөн аягыг нь авчихсан. Тэгээд гадна үүдэнд нь гэрийн эзэнтэй нь таарчихсан. Хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батхүүгийн өгсөн: “... 2013 оны 6 дугаар сарын 27-ны орой ажлаа тараад 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожинд эвдрэлгүй байсан. ... жижиг өрөөндөө ороход хувцасны шүүгээний өмнө газар хутга хэвтэж байхаар нь гайхаад шүүгээгээ онгойлгоод үзэхэд хувцасны шүүгээг онгичсон байдалтай шүүгээн дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Тэгэхээр нь би бусад өрөөг шалгаж үзэхэд том өрөөний шүүгээний тавиур дээр байсан эхнэрийн монетон бөгж байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч О.Сандаг-Очирын өгсөн: “... 2016 оны 8 дугаар сарын 17-ны орой ажлаа тараад 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожинд өдөр эхнэр Балжиннямын хамт 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо 2 дугаар байрны 68 тоотод гэртээ орохоор ирээд хаалгаа онгойлгох гээд түлхүүрээ гаргаад хаалганы цоожиндоо хийсэн чинь хаалга онгорхой байсан. Тэгээд яагаад онгорхой байгаа юм бол гэж бодоод гэр рүүгээ орсон чинь миний өөдөөс махлаг биетэй эрэгтэй хүн Батаа ах нь байна аа гэж хэлээд миний хажуугаар зөрөөд гарах гэхээр нь би тэр хүнийг барьж аваад газар унагаад та юун хүн бэ гэсэн чинь ахыгаа явуулчихаач гээд гуйгаад байсан. Тухайн үед тэр хүн гартаа хар тортой юм барьчихсан байсан чинь би түүнийг нь аваад үзэхэд манай гэрт байсан 2 ширхэг мөнгөн аяга, интернэтийн модемыг авч торонд хийсэн байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэр хүний авсан байсан 2 ширхэг мөнгөн аяга, интернэт модемийг тэр хүнээс буцааж авсан. Манай гэрийн хаалганы цоожийг түлхүүр тааруулсан байдалтай хаалганы цоожлогдох хэсэгт нь жаахан хонхойлгож гэмтээсэн байсан. ... мөнгөн аяганууд нийт үнэлгээ нь 370,000 төгрөг орчим, модем нь 35,000 төгрөгийн үнэлгээтэй. Мөн хаалганы цоожийг эвдэлсэн байсан. 35,000 төгрөгөөр засуулсан, үүнийг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/610 дугаар: 1. Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд тэнцэх гарын дардас нь: 3 “... 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2013-188-БГД кодоор санд орсон Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15-102 тоотод хулгай орсон гэх ...” эзэнгүй хэргийн мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-73 дугаар хуудас/ - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-6, 15-16, 37-41/, - эд зүйлийн үнэлгээ /хх-н 18, 50/, - Гэмт хэрэг зөрчлийн газрыг хамгаалсан тухай илтгэх хуудас /хх-н 48/ - Эргүүлийн офицер дэслэгч Г.Тэнгисийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-н 53/, - Хохирол төлсөн баримт, Шүүгдэгч Г ын хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн: “... Г  бид хоёр 1978 онд танилцаж гэр бүл болон өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Зан авирын хувьд зөөлөн, хүний үгэнд оромтгой, ажилдаа сайн, идвэхи чармайлттай, үр хүүхэд гэр бүлдээ халамжтай, хүнд их тусч сайн хүн байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-н 56/, Мөрдөн байцаалтад гэрч Г.Баттөмөрийн өгсөн: “... Манай аав намайг бага байхад цахилгаан станцад гагнуурчин, хүүхдийн хувцасны үйлдвэрт индүүчин ажилтай байсан. Манай аав архи дарс уудаггүй, их төлөв томоотой, ямар нэгэн муу ааш авир гаргаад байдаггүй, уур уцааргүй их тайван хүн байгаа юм. Сайн хань, эцэг байж чаддаг. Ажлын бус цагаар манай хүүхдүүдийг хичээл сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг ...” гэх мэдүүлэг /хх-н 57/, - ЭсэнТрейдинг ХХК-ийн тодорхойлолт /хх-н 88/, - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 87/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 84/ - Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 86/, - Жолооны үнэмлэхийн хуулбар /хх-н 85/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Г  нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 102 тоотод оршин суух Б.Батхүүгийн гэрийн төмөр хаалгийг хөшиж онгойлгон жижиг гарын 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний монетон бөгж зэргийг хулгайлан 160,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь: 4 мөрдөн байцаалтад хохирогч Б.Батхүүгийн өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/610 дугаар дүгнэлт зэрэг, мөн давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 68 тоотод оршин суух О.Сандаг-Очирын гэрийн хаалганы цоожид түлхүүр тааруулан орж 2 ширхэг мөнгөн аяга, модем зэргийг хулгайлан 305,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г ын мэдүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн хохирогч О.Сандаг- Очирын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн газрыг хамгаалсан тухай илтгэх хуудас, эргүүлийн офицер дэслэгч Г.Тэнгисийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Г ын 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 102 тоотод оршин суух Б.Батхүүгийн гэрийн төмөр хаалгийг хөшиж онгойлгон жижиг гарын 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний монетон бөгж зэргийг хулгайлан 160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн бол 02 жилээс 05 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр хуульчилсан. Харин шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол 02 жилээс 08 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.9.2.-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” заасан бөгөөд шүүгдэгч Г ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Г  нь хохирогч Б.Батхүүгийн хохирлын 160,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч О.Сандаг-Очирын хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 5 Шүүхээс шүүгдэгч Г т ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн шүүгдэгч Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Г ын 2013 оны 6 дугаар сарын 27- ны өдөр үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г ыг эд хөрөнгө хураахгүйгүйгээр 2 /хоёр/ жил 01 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

4. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г т оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г т оногдуулсан 2/хоёр/ жил 01 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны 6 шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ