| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2026/0130/Э |
| Дугаар | 2026/ЦШТ/146 |
| Огноо | 2026-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2026/ЦШТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,
Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************ дугаартай хэргийг 20** оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .......................................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: шүүгдэгч Т.Г нь 20** оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Э эзэмшлийн Х банкны виза картыг Д аймгийн С сумын * дугаар баг Н худалдааны төвийн үүдэнд байх АТМ машинд уншуулан 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
-Б.Э эзэмшлийн Х банкны ************* тоот дансны хуулга (хх-ийн 1-р тал),
-Хохирогч Б.Э “…Би 20** оны 08 дугаар сарын 30-ны өдөр айлд архи уугаад тэндээ хоноод маргааш нь нөгөө айлаасаа гарч яваад Н худалдааны төвийн зүүн хойд талын хошуун дээр очсон чинь Г, О, О тэгээд нэг танихгүй эмэгтэй хамт сууж байсан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад нөгөө эмэгтэйтэй танилцсан чинь өөрийгөө Г гэдэг гэж хэлсэн. Тэгээд би өөрийгөө Х сумынх гэж хэлсэн чинь би танай нутгийн бэр юм байна гэж хэлсэн. Нутгийн эгч ганц шил юм аваад өгчих гэхээр нь би Г өөрийн Х банкны виза картаа өгөөд дэлгүүрээс архи авчруулсан. Тэгээд бид нар авчирсан архийг нь хувааж уусан. Би тухайн үед нэлээн уугаад согтчихсон байсан хальт Х ороход г гэх хүүхэнтэй хамт АТМ-ээс мөнгө авч байсан. Тэгээд цаашаа юу болсон талаараа санахгүй байгаа. УХ ороод сэргэтэл Г байхгүй миний тортой зүйлс маань байхгүй байсан. Тэгээд би Г, О, О гурваас миний тортой юм Ха байна гэж асуухад бид нар мэдэхгүй та Г хамт үлдсэн гэж хэлсэн. Торон дотор жижиг хар өнгөтэй гар цүнх, миний Самсунг А51 маркийн гар утас, чихэвч, өвчин намдаах эм, улаан өнгийн ноосон цамц байсан. Би гар утсаа 2 жилийн өмнө 500,000 төгрөгөөр З авч байсан, чихэвчээ алга болохоос 2 хоногийн өмнө 20,000 төгрөгөөр авч байсан. Улаан цамцыг манай хүүхэд надад өгсөн. Гар цүнхийг нь БНХАУ-ын Эрээн хотоос манай хүүхэд 30,000 төгрөгөөр авсан гэж байсан. Цүнх дотор миний Х банкны виза карт байсан. Миний данснаас 20** оны 08 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг 33 минутад 500,000 төгрөгийн зарлага гарсан байсан тухайн мөнгийг хэн авсан гэдгийг мэдэхгүй байна. Бусад зарлагыг тухайн үед дэлгүүр лүү явуулж архи авхуулсан. Бусад гарсан зарлагыг би өөрөө хийсэн. Г дэлгүүр лүү архинд явуулахдаа өөрийн виза картын нууц үгийг хэлсэн. Тэр үед хамт байсан хүмүүс сонссон байх. Надаас өөр хүн ашигладаггүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 7-8-р тал),
-20** оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 9-р тал),
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 12-13-р тал),
-Гэрч Д.Н "...Би 20** оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэг найзтайгаа хамт гэртээ уусан. Маргааш өглөө нь би Г гэрт очиход гэрт нь Г, эхнэр нь, хойд айлын эгч нь гээд нэг хүүхэн байсан. Тэр гурав архи ууж байсан. Тэгээд би ороод бид дөрөв нэг шил архийг нь хувааж уусан. Ууж байсан архи дуусахаар нь бид дөрөв гараад С дэлгүүр орж архи авъя гээд гарцгаасан. Тэгээд дэлгүүр лүү явж байх замдаа гудамд нэг эгч тааралдсан. Тэгээд би тэр эгч дээр очиход тэр эгч бас архи уучихсан байсан. Тэгэхээр нь хамт шараа тайлах уу гэсэн чинь тэр эгч тэгье гэхээр нь дагуулаад нөгөө хэд дээр очсон. Тэгээд тэр эгч Г дэлгүүр лүү архи аваад ир гээд өөрийнхөө Х банкны виза картыг өгч явуулсан. Тэгээд удалгүй Г дэлгүүрээс архи аваад ирсэн. Бид нар Н худалдааны төвийн ард байх дугуй засварын зүүн талын гудамд архиа уусан. Тэгээд тэр эгчтэй ууж сууж байхдаа тэр эгч өөрийгөө Х сумынх гэхээр нь би бас Х бэр гэж хэлсэн. Тэгээд бид нар архиа ууж дуусаад Г, Г эхнэр, хажуу айлынх нь эгч гурав гэр лүүгээ явсан. Тэгээд эгч бид хоёр үлдээд сууж байхад нөгөө эгч надад барьж байсан цүнхээ эгчийн дүү бариад явж байгаарай гэж хэлээд өгсөн. Тэр эгч бид хоёр нөгөө гудамдаа юм яриад сууж байснаа санаж байна. Тэрнээс хойш яг юу болсон талаараа сайн санахгүй байна. Тэгээд ухаа ороод сэргэсэн чинь 6 баатрын урд талын гудамд ганцаараа явж байсан. Нөгөө эгч байхгүй, надад өгсөн цүнх нь бас байхгүй байсан. Тэгэхээр нь би тэр эгчийг цүнхээ аваад явсан юм байх гэж бодсон. Тэр эгч надад эгчийнхээ цүнхийг бариад явж байгаарай би хаячхаж магадгүй гэж хэлээд өгсөн. Тухайн үед эгч бид 2 нэлээд согтчихсон байсан. Би цүнхийг нь барьж байгаад яг яасан гэдгээ санахгүй байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р тал),
-Хөрөнгийн үнэлгээний А б ХХК-ийн 20** оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн *********** дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 20-26-р тал),
-Сэжигтэн Т.Гын "...нөгөө эгчийн картыг АТМ рүү хийж дансны үлдэгдлийг шалгахад 1 сая гаран төгрөг байсан. Тэгээд би данснаас нь бэлнээр 500,000 төгрөг авсан. Тухайн мөнгөнөөсөө С дэлгүүр орж 0,75 литрийн архи авч уусан... Архи дуусаад би эхнэртэйгээ, Отгоо эгчтэй бид 3 гэр лүүгээ явсан. Г нөгөө эгчтэй хамт ууж байсан газраа үлдсэн. ... Бид нарыг ууж байхад тэр эгчид цүнх нь байсан. Өөр хүн цүнхийг нь аваагүй...." гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г нь 20** оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Э эзэмшлийн Х банкны виза картыг Д аймгийн С сумын * дугаар баг Н худалдааны төвийн үүдэнд байх АТМ машинд уншуулан 500,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.
Т.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргийн шинжийг хангаж байх түүнийг тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Г нь хохирогч Б.Э хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зохицуулжээ.
Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.
Шүүгдэгч Т.Г нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А ш овогт Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ыг таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ