Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2026/ЦШТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н,

улсын яллагч хяналтын прокурор С.О,

шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..............................................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Н.Ч нь 20** оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Д аймгийн М сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т Д” гэх нэртэй нүүрсний уурхайн авто машины зогсоол дээр “чи ажлаа шахаад хурдан яваад өгөөч” гэх шалтгаанаар хохирогч П.С маргалдаж, улмаар нүүрэн тус хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

           -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, (хх-ийн 2-р тал),


           -Хохирогч П.С 20** оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн "... би 23 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг **** дугаартай даампны жолооч Ч ажилаа хийхгүй машинтайгаа энэ тэнд очиж зогсоод утсаар яриад байсан учир би гар станцаар Ч ажилаа шахаад хурдан яваад өгөөч гэсэн хэлсэн. Тэгээд шөнийн ээлжийнхэн 00 цаг 30 минутад шөнийн хоолондоо ордог. Тэгээд шөнийн хоолны цаг болоод би тухайн жолоодож байсан *** дугаартай тээврийн хэрэгслээ паркийн талбай дээр машинаа байршуулаад хоолны гэрт орох үед жолооч Ч хоолны гэрт байсан. Тэгээд би Ч хандан чи жаахан ажилаа шахаад өгөлдөө доор экскээ сул зогсоод байна гэтэл, Ч над дээр ирж чамд ямар хамаатай юм гэж хэлэн миний хоолойг боож нүүрэн тус газар нэг удаа гараараа цохих үед би Ч хоолны савраараа мөр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд манай ажлын хүмүүс болон шөнийн ээлж ахалж гардаг мастер Б та хоёр салгаж та хоёр болио би та хоёр сануулга өглөө гадаа гараад иймээ тиймээ асуудал байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд хоолоо идэж дуусаад 01 цаг өнгөрөөгөөд ажилдаа гарч паркийн талбай дээр байсан **** дугаартай тээврийн хэрэгсэлдээ суугаа тухайн тээврийн хэрэгслээ асаах үед Ч хаалга нээгээд буугаад ир писан минь би чамайг алаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь чи бид хоёрт мастер Б сануулга өгсөн биз дээ гэж хэлсэн. Тэгтэл Ч нь миний тээврийн хэрэгсэл дотор орж ирж миний өвдгөн дээр гарч сууж миний нүүр хэсэгт гараа 5-6 удаа цохисон. Тухайн үед *** жолооч А ирж Чийг татан авч салгасан. Би Ч гэх хүнтэй хамт нэг дор ажилладаг, ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Ч бид хоёр урьд өмнө нь хувийн таарамжгүй асуудлаас болж маргалдаж муудалцсан зүйл байхгүй.... Миний ажилладаг “Т Д" ХХК-ийн паркийн зогсоол болон хоолны гэрт хяналтын камер байхгүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-12-р тал),

           Гэрч Б.А 20** оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “... 20** оны 03 дугаар сарын 22-ны шөнө 00:30 цагийн үед орой хоолондоо орох гээд машинаа манай ажилчид зогсоол дээр байрлуулаад хоолны зааланд орж ирэхэд хоорондоо маргалдсан гэж манай ажлынхан ярьж байсан тэгээд хоолоо идчихээд машин дээр очих гээд явж байтал С, Ч болон миний машин 3 л зогсоол дээр байж байсан ба би машин дээр очих гээд явж байтал Ч С машин дээр очиж байгааг хараад энэ 2 дахиж муудалцах гэж байгаа юм болов уу гээд очтол С машинд тэр 2 хоорондоо Ч дээд талд нь С дээд талд нь орсон муудалцаад цохилцож байхаар нь би машин дээр нь авирч гараад Ч-ийн араас нь татаад машинаас буулгасан тэгээд С машиных нь хаалгыг хаагаад машинд нь үлдээж станцаар мастерыг дуудаад нөгөө 2 чинь хоорондоо зодолдоод байна хурдан хүрээд ир гэж дуудаад мастер ирээд хоорондоо маргалдаж муудалцахгүй гэж мастер хэлээд маргааш дарга цэрэг нарт танилцуулаад асуудлын чинь шийдье гээд тус тусдаа машинаа бариад ажилдаа орсон... Тэр хоёрыг хоолны зааланд маргалдах үед нь бол би орж ирээгүй байсан болохоор хараагүй манай ажилчид намайг хоолоо идэх гээд орж ирэхэд тийм юм ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-51-р тал),

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Н 20** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ********** дугаартай "...П.С биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих механизмаар үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. П.С биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 41-42-р тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ч 20** оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Д аймгийн М сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т Д” гэх нэртэй нүүрсний уурхайн авто машины зогсоол дээр “чи ажлаа шахаад хурдан яваад өгөөч” гэх шалтгаанаар хохирогч П.С маргалдаж, улмаар нүүрэн тус хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Н.Ч-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.С биед хөнгөн хохирол учирсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” байхаар,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Н 20** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ********* дугаартай "...П.С биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих механизмаар үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. П.С биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэж дүгнэсэн.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.С 6,961,927 төгрөгийн хохирол нэхэмжилсэн шүүхээс 3,793,828 төгрөгийг гаргуулж хохирогч П.С олгох нь зүйтэй байна. Учир нь Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ********** дугаар дүгнэлтэд Хийгдсэн шинжилгээ хэсэгт Үзлэгт хэсэгт Шинжилгээнд: Зүүн талын ухархайн дотор хананы 0,8 см хэсэг этмоид хөндий рүү 0,3 см гүн цөмөрсөн хуучин хугаралтай. Хамар ясны баруун талд заадас дайрсан, зүүн талд зөрүү бүхий шинж хугаралтай. Хамрын эргэн тойрны зөөлөн эдэд баруун нүд духны хэсэг рүү үргэлжилсэн хавантай. Хамрын таславч зүүн тийш муруйлттай. Хамрын хөндийн салстууд хавагнаж зузаарсан...гэж Дүгнэлт хэсэгт 1.П.С биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэж дурджээ.

Хохирогч П.С хамрын гэмтэлд Бриллианс эмнэлэгт хагалгаа хийлгэхэд 6,275,000 төгрөг болох талаар баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч нь шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хуучин хугаралтай байсан болох нь тогтоогдож байх тул хамрын мэс заслын эмчилгээнд хуучин хугарал мөн адил хамаарч байх тул эмчилгээний зардлыг тал хув болох 3,137,500 төгрөгийг, үүнээс гадна хохирогч  бусад зардалд 656,328 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдож байх тул энэ дүнг нийт 3,793,828 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч П.С-т олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ч-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч Н.Ч нь эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршиг, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээгийн төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Н.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Ч-оос 3,793,828 төгрөг гаргуулж хохирогч П.С-т олгосугай. 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.АРИУНЗУЛ