Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2024/00200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр баг, Буянт хорооллын 5-22 тоотод оршин суух, регистрийн дугаар ....., Б ургийн овогт Л-ийн А-ийн,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1967 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 57 настай. Би цэргийн алба хааж ирээд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байгаад Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр тушаалаар нам даралтын зууханд машинистаар томилогдон ажиллах болсон. Тус үйлдвэр 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ус-Эрдэнэ ББХК руу шилжсэн тул тус компанид үргэлжлүүлэн машинистаар ажилласан юм. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаал, 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ээлжийн амралтын хуваарь батлагдсан хүмүүсийн нэрсэд миний нэр дурдагсан байгаа боловч 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тушаалаар ажил хүлээлцсэн нэрсийн жагсаалтад байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн нам даралтын зууханд машинистаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 120 дугаар тодорхойлолт, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08/993 дугаар лавлагаа, гэрч Б.Н, Э.М нарын иргэний үнэмлэхийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Б.Н, Э.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Л.Аийн паспорт авах өргөдөл, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 205 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн Үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 151 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаал, 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар Хөрөнгө хүлээлгэн өгч ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Л.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Л.А-ийн ажилд томилсон байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаар зөвлөмжийн хуудсанд: Л.А-ийг Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1991.10.01-ний өдөр томилсон боловч 1994.07.01-ний өдөр чөлөөлсөн тушаал дээр нэр нь байхгүй тул уг жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

 

4.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 205 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Л-ийн А-ийн 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 4 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.

 

4.3. Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргаанаас Л.А-д олгосон 345827 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нам даралтын зуухны машинистаар авч ажиллуулав, 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өмч хувьчлалын комиссын 1/681 тоот шийдвэрийг үндэслэн ажиллаж байсан зуух нь хувьд шилжсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ.

 

4.4. Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 151 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаал, 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар Хөрөнгө хүлээлгэн өгч ажлаас чөлөөлөх тухай тушаалууд нь нэхэмжлэгч Л.А-ийн 1991-1994 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул тухайн тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

 

4.5. Л.А-ийн паспорт авах өргөдөл: Овог, нэр Л-ийн А, ажилладаг байгууллага Тэжээлийн аж ахуй, эрхэлдэг ажил барилгачин, паспорт олгосон он, сар, өдөр 1988.11.26 гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн 1991-1994 онд ажиллаж байсан байдлаас өмнөх ажиллаж байсан байдлын талаар тусгагдсан байх тул баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн болно.

 

4.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Н, Э.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Н Миний бие 1982 оноос 1989 он хүртэл Нийтийн ахуй үйлчилгээний газарт гагнуурчнаар, 1989 оноос 2008 он хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан. Л.А 1991 онд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар /одоогийн Таван-Одын уурын зууханд/ ажилд эхэлсэн ба 1994 он хүртэл ажилласан. 1994 онд Л.А-ийн ажиллаж байсан уурын зуух хувьчлагдаж Ус-Эрдэнэ ББХК-д шилжсэн гэж, гэрч Э.М Миний бие 1991 оноос 1996 он хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан. Л.А нь 1991 оноос 1994 он хүртэл тус үйлдвэрт машинистаар /одоогийн Таван-Одын уурын зууханд/ ажиллаж байсан. 1995 онд Л.А бид хоёрын ажиллаж байсан уурын зуух хувьчлагдаж Ус-Эрдэнэ ББХК-д шилжсэн гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 205 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 151 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаал, 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар Хөрөнгө хүлээлгэн өгч ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн нам даралтын зууханд машинистаар ажиллаж байсан гэх боловч Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалаар Л.Аийг 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нам даралтын зууханд машинистаар томилсон байх тул түүнийг энэхүү хугацаанаас ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгчийн 345827 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ...1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өмч хувьчлалын комиссын 1/681 тоот шийдвэрийг үндэслэн ажиллаж байсан зуух нь хувьд шилжсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэсэн бичилт хийгдсэн байгаагаас гадна Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар Хөрөнгө хүлээлгэн өгч ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус үйлдвэрийн эд хөрөнгийг 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хувьчлан авсан иргэнд хүлээлгэн өгсөн байх тул Л.Аийг мөн өдрийг хүртэл ажилласан гэж үзэх нь зүйтэй.

 

5. Иймд Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 205 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 151 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаал, 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар Хөрөнгө хүлээлгэн өгч ажлаас чөлөөлөх тухай тушаал, 345827 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Н, Э.М нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Булгадар ургийн овогт Лэгцэгийн Аийн 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн нам даралтын зууханд машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Булгадар ургийн овогт Л-ийн А-ийн 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн нам даралтын зууханд машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ