| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00325/И |
| Дугаар | 130/ШШ2024/00382 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2024/00382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н. Хаяг: Б аймаг, А сум 01 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Я нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 15-аас 1987 оны 10 дугаар сарын 17-ны хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н нь анх шүүхэд Б аймгийн А сумын Я нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлага гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хүсэлтийн шаардлагаа багасган тодруулж Б аймгийн А сумын Я нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 15-аас 1987 оны 10 дугаар сарын 17-ны хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч Н нь 55 нас хүрсэн өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон байгаа. Малчин анх шүүхэд Б аймгийн А сумын Я " нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан билээ.
1.2 Учир нь тухайн үед Н ыг тус нэгдэлд ажилд томилсон, тушаал шийдвэр гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.
1.3 Одоо хүсэлтийн шаардлагаа багсган тодруулж, Б аймгийн А сумын Я нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 15-аас 1987 оны 10 дугаар сарын 17-ны хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж байна гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн ЗДТГазрын архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “ ажилд томилох тухай” 30 дугаартай тушаал, хавсралт, 1986 оны цалингийн баримт, 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Н ын хөдөлмөрийн дэвтэр /эх хувь/, 2020 оны 10 дугаар сарын 08-ны Б архивын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9780 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, №000 дугаартай Н ын цэргийн батлах, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн НДД№0000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 2013 оны №0000 дугаартай Баталгаажилтын хуудас, Н ад 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд болон Хөдөлмөрийн сайдаас тус тус олгосон Малчны мэргэжлийн 0000 дугаартай үнэмлэх, Н , Х нарын II№8 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Е ийн IA№№113 дугаартай, Т ийн Г№17 дугаартай, О ийн Г№108 дугаартай төрсний гэрчилгээнүүд, Ө, Б, А нарын иргэний үнэмлэх, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олсгон 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 721 дугаартай архивын лавлагаа зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргагчаас С эд олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШЗ2024/01206 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус хэлтсийн даргын албан бичгээр тэтгэврийн байцаагч Ж т олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 474 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 475 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1352 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 401 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 24 дүгээр тушаал, мөн даргын 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “боловсон хүчнийг ажилд томилох тухай” 6 дугаартай тушаал, 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “ажилд томилох тухай” 30 дугаартай тушаал, хавсралт, 1986 оны цалин хөлсний баримт, тус аймгийн А сумын Я нэгдлийн ХОЭБ цэнхэр тасалбарын баталгаажуулсан хөрөнгийн товчоо, мөн нэгдлийн С хэсгийн нэгдлийн гишүүдэд бага хувьчлалаар олгосон мал хөрөнгийн товчоо зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний шаардлагын зарим хэсэг болох Б аймгийн А сумын Я нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 15-аас 1987 оны 10 дугаар сарын 17-ны хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоож, үлдсэн тус нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хүсэлт гаргаг Н ыг тус аймгийн А сумын Я нэгдэлд ажилд томилсон, тушаал нь архиваас гаргахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байгаа тул шүүхэд тус нэгдэлд ажилласан байдлаар тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан гэжээ.
6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамаарА , ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1. Ажил олгогч болох Б аймгийн А сумын Я нэгдлээс 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог К, нэр Н, 1969 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, нэгдлийн дарга гэдэг дээр С гэж бичиж, хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зургийг нааж Хөдөө аж ахуйн нэгдлийн Мал аж ахуйн гэх санхүүгийн тэмдгийг дарж баталгаажуулсан ба уг дэвтрийн 2-3 дугаар хуудсанд тус нэгдлийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 тоот тушаалаар 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс А сумын Я нэгдэлд малчнаар томилсон тухай бичилт хийгдсэн боловч тус нэгдлийн тамгыг дарж баталгаажуулаагүй, мөн дэвтрийн 6-14 дүгээр хуудас хүртэл 1985 оны 01 дүгээр сараас 1993 оны 6 дугаар сар хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдсэн атлаа тус нэгдлийн тэмдэг бус Хөдөө аж ахуйн нэгдлийн мал аж ахуйн гэх тэмдгийг дарж баталгаажуулсан нь тус тус эргэлзээтэй, мөн тус аймгийн архивын тасгийн сан хөмөгт хадгалагдаж буй 1986 оны Н ын авсан цалин хөлс хоног нь уг дэвтэрт бичигдсэн бичилттэй тус тус тохирохгүй байгаа тул шүүхээс хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийг хүсэлтийн шаардлагад нотлох баримтаар үнэлээгүй болно.
6.2 Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн
- Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “ажилд томилох тухай” 30 дугаартай тушаалын нэг дэх заалтад хугацаат цэргийн албыг хааж дуусгаж 1985 онд орон нутагтаа халагдаж ирсэн залуучууд болон орон нутагтаа тодорхой ажил эрхлээгүй байгаа зарим залуучуудыг тушаалын хавсралтад заагдсан үүрэгт нь тус тус 1985 оны 9 дүгээр сарын 15-аас хэлэн томилсны хавсралтын хүмүүсийн нэрсийн жагсаалтын 33-рт Н ыг Х бригадад, ”малчин”-аар, тайлбар гэх хэсэг дээр ажилгүй гэж бичсэн байна.
-тус нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 24 дүгээр тушаалын нэг дэх заалтад хугацаат цэргийн албанд явах болсон гэсэн үндэслэлээр нэр бүхий хүмүүсийг 1987 оны 10 дугаар сарын 17-аас эхлэн ажлаас нь чөлөөлсний дотор Н ын нэр байгаа ба энэ нь Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9780 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, №000 дугаартай Н ын цэргийн батлахын бичилттэй тус тус тохирч байна.
-нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1986 оны баримтад нэр бүхий хүмүүсийн нэр бичигдэж тухайн ондоо авсан цалин хөлс нь бичигдсэн ба Н нь 01 ба 02 дугаар сард 250 төгрөг, 5-р сард 101 төгрөг, 6-р сард 467төгрөг, 7-9 дүгээр сар хүртэл тус бүр 167 төгрөг, 10-р сард 646 төгрөг, 11-р сард 291 төгрөг цалин хөлс авсан байна.
6.3 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 401 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Н 1990 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүүхэд нь Е , 199 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүүхэд нь А нарын ХААТР-11 дүгээр маягтын эцгийн Хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр А сумын Я нэгдэлд хоньчин, малчин, барилгачин гэж тус тус бичигдсэн ба үүнээс үзэхэд тэрээр цэргийн албанаас халагдаж ирсний дараа 1990 оноос эхэлж тус нэгдэлд Хөдөлмөр эрхэлсэн байна гэж шүүх үзлээ.
6.4 Мөн тус аймгийн А сумын Я нэгдлийн ХОЭБ цэнхэр тасалбарын баталгаажуулсан хөрөнгийн товчооны хүмүүсийн нэрсийн жагсаалтад Н нь 02 дугаар серийн дугаартай, ХСЭБ-ийн 066966 дугаартай, нэрлэсэн үнэ 7000, ХСЭБ-ээр баталгаажуулсан хөрөнгө, төрөл гэдэг дээр мал, олгосон хөрөнгийн үнэ 7000 гэж, мөн нэгдлийн С хэсгийн нэгдлийн гишүүдэд бага хувьчлалаар олгосон мал хөрөнгийн товчоо гэсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтад Н нь авсан хөрөнгийн хэмжээ, толгой мянга төгрөг гэдэг дээр 3500 төгрөг гэж үүнээс хэдэн толгой мал авсан гэдэг дээр 7, үнээс мянган төгрөг гэдэг дээр 3500 гэж бичигдсэн байна.
6.5 Хүсэлт гаргагч Н нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 000 дугаартай Цэргийн батлахтай цэргийн албанаас халагдсан болох нь Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9780 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, №000 дугаартай цэргийн батлахаар нотлогдож байна.
6.7 Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2010 /2020/ оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 721 дүгээртэй архивын лавлагаагаар А сумын Я нэгдэлд” нь шимтгэл төлөлтийн тайланг /НД-16/-аар 1991, 1992 онд тус тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлсөн зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна.
7.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч Н цэргийн алба хаахаас өмнө Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар томилогдон, чөлөөлөгдсөн болох нь нотлогдон тогтоогдсон, харин цэргээс халагдаж ирсний дараа түүнийг тус нэгдэлд малчнаар ажилд томилж, чөлөөлсөн тушаал, цалин хөлсний баримтууд нь тус аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй А сумын Я нэгдлийн даргын тушаал, цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас гарахгүй байгаа боловч түүний 1990, 1992 онуудад төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтад эцгийн Хөдөлмөр эрхлэлтийн талаарх бичилт, мөн тэрээр нэгдлийн ХОЭБ цэнхэр тасалбарын баталгаажуулсан хөрөнгийн товчоо болон тус нэгдлийн С хэсгийн нэгдлийн гишүүдэд бага хувьчлалаар олгосон мал хөрөнгийн товчоогоор тус тус мал хөрөнгө авсан байдал, тус нэгдэл нь 1991, 1992 онд Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан байдлуудыг харьцуулан үнэлж хүсэлт гаргагчийг Б аймгийн А сумын Я нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 15-аас 1987 оны 10 дугаар сарын 17-ны хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.
8.Харин хүсэлт гаргагч Н нь 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 000 дугаартай Цэргийн батлахтай цэргийн албанаас халагдаж ирсний дараа буюу 1989 оны 11 дүгээр сарын 01-ээс эхэлж малчнаар томилогдон ажилласан эсэх нь хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
9.Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н нь Б аймгийн А сумын Я нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул уг хүсэлтийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Хүсэлт гаргагч Н нь тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын ажилд томилж, чөлөөлсөн тушаал болон тус нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас түүнийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал, цалин хөлсний баримт нь гаргахгүй байгаагийн улмаас тэрээр тус байгууллагуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н ын Б аймгийн А сумын Я нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 15-аас 1987 оны 10 дугаар сарын 17-ны хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ