| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00223/и |
| Дугаар | 152/ШШ2024/00205 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 152/ШШ2024/00205
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу, 6, 07 тоотод, хувийн хэргийн ..., регистрийн .... дугаартай, Хэрэглээний лизинг ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр баг, Харлаг бээс гудамж .... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Ж-гийн Л-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,483,553.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одгариг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Л манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр У-БЗГ/2022-56437 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,381,900 /Хоёр сая гурван зуун наян нэгэн мянга есөн зуун төгрөг/ төгрөгийг сарын 2.79 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зурагт, олон залгуур худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Ж.Л нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний Напа SМ-Hisепsе 65А7200Р, Еlко РS-16U зурагт, олон залгуур “Пи Си Молл” ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Ж.Л нь У-БЗГ/2022-56437 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 16-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,154,581.14 /Гурван сая нэг зуун тавин дөрвөн мянга таван зуун наян нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг төлөх байснаас 1.155.600 /Нэг сая нэг зуун тавин таван мянга зургаан зуун төгрөг/ төгрөг төлж 1,998,981.14 /Нэг сая есөн зуун ерэн найман мянга есөн зуун наян нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө / огт төлөөгүй 500 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Ж.Л нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг данпаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Ж.Л нь У-БЗГ/2022-56437 тоот барыдаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны байдлаар үндсэн зээл 2,091,139.45 /Хоёр сая ерэн нэгэн мянга нэг зуун гучин есөн төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг, зээлийн хүү 378,656.56 /Гурван зуун далан найман мянга зургаан зуун тавин зурган төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,757.84 /Арван гурван мянга долоон зуун тавин долоон төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг, нийт 2,483,553.85 /Хоёр сая дөрвөн зуун наян гурван мянга таван зуун тавин гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Ж.Л зээлийн гэрээний үүрэгт нийт 2,483,553.85 /Хоёр сая дөрвөн зуун наян гурван мянга таван зуун тавин гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт Хэрэглээний лизинг ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 2,483,553.85 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг 2,483,553.85 төгрөгийг 6 хувааж, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 413,925.64 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Л нэхэмжлэлийн шаардлага 2,483,553.85 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч Ж.Л-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,483,553.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,483,553.85 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба тухайн төлж барагдуулах хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Ж.Л нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ж.Л нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,687 төгрөгийн тал хувь болох 27,343.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,343.5 төгрөг, хариуцагч Ж.Лгээс 27,343.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,483,553.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Л хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,343.5 төгрөг, хариуцагч Ж.Л-гээс 27,343.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-д олгож, 27,343.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ