Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/01081

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/01081

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ялалт плаза, 1407 тоот хаят байрлах, "Амар лизинг" ХХК РД:/6213057/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1305 тоот хаягт байрлах,*******РД:/2062089/-д холбогдох,

 

Тээврийн хэрэгслийн эрсдэлийн даатгалын гэрээний үүрэгт 9,508,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч "Амар лизинг" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "Амар лизинг" ХХК-ийн өмчлөлийн 0036УБӨ улсын дугаартай LEXUS LX570 маркийн тээврийн хэрэгсэл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож байхад сонато 6 маркийн автомашин мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 17,434,000 төгрөгний хохирол учирсан.*******нь 7,926,000 төгрөгийг талуудын хооронд байгууллагдсан "Тээврийн хэрэгслийн эрсдэлийн даатгалын гэрээ"-ний үүрэгт шилжүүлсэн. Харин учирсан хохирлын үнэлгээний тайланд баруун их гэрэл эвдрэлтэй солих гээд 9,508,000 төгрөгний үнэлгээ гарсан боловч гэрлийн үнийг төлөөгүй. Хариуцагч их гэрлийн мөнгийг өгөхгүй байгаа шалтгаанаа хуучин гэрлээ манай байгууллагад хүлээлгэн өгөөд даатгалын хохирлын үлдэгдэл төлбөр болох 9,508,000 төгрөгийг танай байгууллагад шилжүүлнэ гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээний харилцаанд хамаарч байгаа ба даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6- д/ "даатгалын нөхөн төлбөр" гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд Даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг;/ мөн хуулийн 10.1.1-т /даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;/ олгохоор хуульд заасан байхад олгохгүй байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд: Хариуцагч "Ард даатгал" ХК-аас Тээврийн хэрэгслийн эрсдэлийн даатгалын гэрээний үүрэгт 9,508,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ард даатгал ХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Амар лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Амар лизинг ХК-ийн өмчлөлийн 0036 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Батжаргалаас зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдол бий болсон гэсэн дуудлагын дагуу манай компанийн шуурхай албаны ажилтан ослын газарт очиж ажилласан.

Тухайн үед даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг бүртгэхэд 0036 УБӨ дугаартай тээврийн хэрэгслийн урд гупер болон урд нүүр хагарсан өөр эвдрэл, гэмтэлгүй байсан буюу их гэрэл эвдрэлгүй байсан байдаг.

Гэтэл хохирол үнэлгээний тайланд баруун их гэрэл эвдрэл их, солих шаардлагатай гээд 9,508,000 төгрөгийн үнэлгээ гарсанг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн тухайн их гэрлийг даатгуулагч нь шинээр сольж тавиагүй, харин засч янзалсан байдаг бөгөөд манай компанийн зүгээс даатгуулагчтай удаа дараа холбогдож үнэлгээгээр сольж тавих шаардлагатай байсан их гэрлийг засч янзуулсан байх тул засварын зардлын баримтыг ирүүлж өгөхийг хүссэн боловч манай компанид өгөөгүй.

Даатгалын үндсэн зарчмын дагуу даатгуулагч даатгалаас ашиг олох ёсгүй бөгөөд дээрх тохиолдолд даатгуулагч нь засварын баримтыг ирүүлэхгүй, их гэрлийг сольж биш засч янзлуулсан байгаа нь ашиг олох зорилготой гэж үзэж байна.

Иймд манай компанийн зүгээс хохирол үнэлгээний тайланд гарсан их гэрлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын бүргэлийн гэрчилгээний хуулбар /Хх3/, итгэмжлэл /Хх4/, Амар лизинг ХХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар/Хх5-9/, зээлийн гэрээний хуулбар/Хх10-12/, хөрөнгийн барьцааны гэрээ/Хх13-14/, баталгааны гэрээний хуулбар/Хх15-16/, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар/Хх17-18/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/Хх19/, даатгалын баталгаа/Хх20/, гүйлгээний баримт/Хх21/, техникийн үнэлгээний тайлан/Хх22-23/, зураг/Хх24/, техникийн гэрчилгээний хуулбар/Хх25/, санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг/Хх26/, сахүүгийн зохицуулах хороонд гаргасан тайлбар/Хх27/, сахүүгийн зохицуулах хорооны хариу тайлбар/Хх28/-ийг гаргасан.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: итгэмжлэл/Хх30/, улсын бүртгэлийн гэрчилгээ/Хх31/, тайлбар/Хх34/, итгэмжлэл/Хх53-54/, зураг/Хх55-57/, даатгалын тодорхойлолт/Хх58-59/, даатгалын гэрээ/Хх60/, даатгалын баталгаа/Хх61/-г шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч "Ард даатгал" ХК-тай байгуулсан Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний үүрэгт үнэлгээгээр тогтоогдсон, машины их гэрлийг солиулах төлбөр 9,508,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Компанийн шуурхай албаны ажилтан ослын газарт очиж, үзлэг хийж ажиллахад гэрэлд эвдрэл гэмтэл байгаагүй, мөн нэхэмжлэгч нь гэрлийг шинээр солиогүй, хуучин гэрлээ засч янзалсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.    Талууд даатгалын гэрээ байгуулагдсан гэдэгт, гэрээний хугацаанд тохиолдол гарсан гэдэгт, мөн даатгалын тохиолдол мөн эсэхэд маргадаггүй боловч үзлэг хийх үед гэрэлд эвдрэл байгаагүй учир үнэлгээгээр гарсан үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж, мөн гэрлийг солиулаагүй засаж, янзалж тавьсан гэж маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1.       Нэхэмжлэгч Амар лизинг ХХК нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 9/2815 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна.

 

5.2.       Нэхэмжлэгч Амар лизинг ХХК нь Ард даатгал ХК-тай 2212300012 баталгааны дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, даатгалын эрсдлийн төрлийг болон даатгалын хураамж төлөх нөхцөлийг тус тус тохиролцож, даатгуулагч нар нь даатгалын хураамжид 3,360,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

5.3.       Хариуцагч Ард даатгал ХХК-ийн шуурхай албаны ажилтан нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр осол болсон газар очиж үзлэг хийсэн болох нь хэрэгт авагдсан даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтаар тогтоогдож байна. Тус үзлэгээр хөрөнгөд учирсан хохирол буюу эвдрэл гэмтлийг Урд гупер хагарсан, урд нүүр хагарсан гэж тэмдэглэжээ. Мөн хариуцагч талаас хэрэгт өгсөн гэрэл зургаас тус авто машины гупер болон урд нүүр хагарсан байдалтай байна.

 

5.4.       Итгэлт эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 25238192 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан-аар Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед ямар байсан-урд буфер /урд буферын хөөсөнцөр зөөлөвч/, сетик нүүр, сетик нүүрний доод хаалт, кропны радиаторын урд хүрээ, улсын дугаарын суурь, баруун их гэрэл хагарсан байсан гэж, Үнэлгээгээр тогтоогдсон дүн-17,434,000 төгрөг, баруун их гэрэл 9,508,000 төгрөг гэж үнэлжээ.

 

5.5.       Тус үнэлгээг Санхүүгийн зохицуулах хорооны 233/01 тоот тусгай зөвшөөрөлтэй, ерөнхий захирал Э.Ганбаатар 10 жил, салбарын захирал М.Эрхэмбаяр 13 жил бүх төрлийн үнэлгээчнээр ажилласан туршлагатай үнэлгээчин үнэлгээг хийж, хуульд зааснаар шинжээчид холбогдох хуулийг сануулж ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

6.    Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.    Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, хуулийн 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор хуульд тодорхойлсон.

 

8.    Хэдийгээр хариуцагч Ард даатгал ХХК-ийн шуурхай албаны ажилтан ослын газарт дуудлагаар очиж ажиллахад үзлэгээр машины баруун их гэрэл эвдрээгүй байсан гэж хариуцагч талаас тайлбарладаг боловч гадна талаас нь, энгийн нүдээр хэн ч харсан эвдэрсэн нь мэдэгдэхээргүй, заавал мэргэжлийн үзлэг, оношилгоогоор тогтоогдох эвдрэл байсан байх боломжтой байна. Учир нь хариуцагч талаас даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягт үйлдэж, үзлэг хийхдээ гэмтлийн нүдээр харагдах байдлаар гэмтлийг тодорхойлсон болох нь баримтад тусгагдсан байна.

 

9.    Тус авто машинд даатгалын тохиолдол бий болж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагын шуурхай албаны ажилтан үзлэг хийж, түүний маргааш өдөр нь буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Итгэлт эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байх тул цаг хугацааны хувьд нэг ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэлд дүн шинжилгээ хийгдсэн гэж үзэхээр байна. Иймд ослын улмаас авто машины баруун их гэрэл хагарсан байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

10. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргуулсан дээрх үнэлгээний тайлан, дүгнэлттэй маргаагүй бөгөөд мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон их гэрлийн эвдрэл, түүнийг солиход гаргах зардал болох 9,508,000 төгрөгийг олгох нь зүйтэй байна.

 

11. Хариуцагчаас их гэрлийн эвдрэлийг нэхэмжлэгч нь засварласан, шинээр солиогүй учраас даатгалын нөхөн төлбөрийг төлөхгүй гэж маргадаг. Гэвч энэ нь даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэслэл болохгүйн дээр солиулаагүй, засаж янзалсан гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

12. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж заагаад 8.5.1-т даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; 8.5.2.даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон; 8.5.3. даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан; 8.5.4. гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн; 8.5.5.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл гэж тус тус заасан байх тул хариуцагчийн нэхэмжлэгч нь их гэрлийг бүрэн солиулаагүй, засаж янзлуулсан учраас даатгалын төлбөрийг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

13. Иймээс нэхэмжлэгч Амар лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 0036УБӨ улсын дугаартай, лексус-570 авто машины баруун их гэрлийн даатгалын нөхөн төлбөрт 9,508,000 төгрөгийг хариуцагч Ард даатгал ХХК-иас гаргуулж шийдвэрлэв.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар хариуцагч Ард даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөр 9,508,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Амар лизинг ХХК-д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ард даатгал ХК-иас 202,373 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ